Таван толгойг хөдөлгөх том яриа Засгийн түвшинд өрнөх үеэр төгрөгийн ханш унаж шатахууны үнийн дуулиан дэгдээд байна. Шатахууны үнэ нэмэгдлээ гэсэн мэдээлэл өчигдрийн гол сэдэв, шуугиан боллоо. Сошиал ертөнцөд шуугьсан шиг бензиний үнэ нэмэгдээгүй ч энэ удаагийн дуулиан оргүй биш. Наадмын өмнө шатахууны үнэ нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн гэж эдийн засагчид онцолж байна. “Шатахуун импортлогчид засгийг рекетлэж үнээ нэмэхээр болжээ. Шунал нь дийлдэхгүй улс юм аа” гэсэн шүүмжлэл иргэдийн дунд өрнөж буй. Харин энэ мэдээлэл яагаад цацагдах болсон цаад шалтгааныг ухаж харж суугаа нь цөөхөн байна. Манай сонины сурвалжлах баг шатахууны үнэ өслөө гэсэн мэдээлэл яагаад цацагдах болсон цаад шалтгаанд хариу хайлаа. Хэд хэдэн эдийн засагчид хандахад шатахууны үнэ өснө гэсэн шуугианы шалтгааныг Төв банкны шийдвэртэй холбоотой гэсэн тайлбар өгч байна. Төв банк сүүлд гурван ч удаа гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй нь энэ шуугианд нөлөөлжээ.
МОНГОЛБАНКНЫ ГЭДИЙЛТ ШАТАХУУНЫ ШУУГИАНЫ ШАЛТГААН БОЛЖЭЭ
Монголбанкнаас зарладаг гадаад валютын дуудлага худалдааг анхааралтай ажиглаж суудаг хэсэг бүлэг хүмүүс бий. Валютын ченжүүд, гадаадаас доллараар бараа бүтээгдэхүүн худалдан авч, дотоодын зах зээлд нийлүүлдэг бизнес эрхлэгчид дуудлага худалдаа болох өдрийг хуанли дээрээ тэмдэглэж байгаад цаг тоолон хүлээдэг. Тодруулж хэлбэл тэдний дунд шатахуун импортлогчид зүй ёсоор ордог юм. Монгол Улсын гадагш нь урсгадаг долларын дийлэнх хэсэг нь шатахуун худалдан авахад зарцуулагддаг учраас шатахуун импортлогчдод гадаад валютын дуудлага худалдаа шиг чухал зүйл байхгүй. Ингээд харахаар иргэдийн төдийлөн анзаардаггүй гадаад валютын дуудлага худалдаа харин ч халаасан дахь хэдэн бор төгрөгтэй маань холбоотой болж таарч байна.
Төв банк энэ сарын 14-нд зарласан гадаад валютын дуудлага худалдаандаа оролцоогүй юм байна. Дараа нь буюу энэ сарын 19-нд зарласан худалдаанд ч оролцолгүй өнжжээ. Ингээд зогсоогүй, энэ сарын 21-нд товлосон арилжаанаасаа татгалзсан аж. Шил дараалсан энэ үйл явдлууд иргэдийн анхааралд төдийлөн өртөөгүй байж мэднэ. Гэхдээ Монголбанкны энэ үйлдэл импортлогчид болон валютын ченжүүдэд “Доллар өсөх нь” гэсэн дохио өгсөн байна. Ийм шалтгаанаар бензиний үнэ өслөө гэсэн шуугиан дэгджээ.
Төв банкийг гадаад валютын худалдаанд оролцохгүй гэж шийдсэн эхний өдөр банкууд 2414.48 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 64.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол хоёр дахь удаад нь 2424.08 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 91.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна.
Монголбанкийг гурав дахь удаагаа валютын худалдаанд оролцохгүй “гэдийхэд” банкууд 2443.90 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 132.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцохгүй гэсэн шийдвэр гаргахаасаа өмнө буюу энэ сарын 12-нд дуудлага худалдаанд оролцжээ. Тэр өдөр банкууд 44.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк 2414.30 төгрөгийн ханштайгаар 16.5 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн байна. Гурван ч удаа дуудлага худалдаанд оролцохгүй гэдийснийхээ дараа Төв банк энэ сарын 22-нд ээлжит бус дуудлага худалдаа зарлажээ. Ээлжит бус гадаад валютын дуудлага худалдааныхаа үеэр нэг долларыг 2451 төгрөгөөр зах зээлд нийлүүлсэн байна. Нийтдээ 88.7 сая ам.доллар нийлүүлсэн гэсэн тоог Төв банкны цахим хуудаснаас харж болно. Монголбанкийг дуудлага худалдаанд оролцохгүй, зах зээлд доллар нийлүүлэхгүй гэж гэдийхээс өмнө 2414 төгрөг байсан ногоон валют гурван ч удаа дуудлага худалдаанаас татгалзсаных нь эцэст 2451 төгрөг болоод нэмэгдчихэж. Бүр тодруулж хэлбэл энэ зуур ам.долларын ханш 37 төгрөгөөр өсчээ. Монголбанк хэдхэн өдрийн өмнө 2414 төгрөгөөр зарж байсан доллараа 37 төгрөгөөр өсгөж зарах нь хэнд ашигтай вэ? Төв банкинд л ашигтай болохоос энгийн олонд өгөөжөө өгөхгүй эд гэдгийг өчигдөр өглөө иргэдийг сандаргасан шатахууны ханшийн мэдээ баталж байна.
Төв банкны одоогийн ерөнхийлөгч томилогдоод удаагүй үед УИХ-ын байнгын хорооноос Монголбанкийг шалгаад “Төв банк алдагдалтай ажилласан байна” гэсэн дүгнэлт гаргаж байв. Тухайн үед манай сонин голлох нийтлэлдээ “Монголбанкны алдагдал эдийн засаг, нийгэмд өгөөж болж очдог том давуу талтай. Төв банк ашигтай ажиллаад байвал эдийн засагт бий болох эерэг өөрчлөлтөөс татгалзаж байна гэсэн үг. Төв банкны алдагдлыг бууруулах хамгийн амархан арга нь төгрөгийн ханшийг суллах. Үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчгүйдүүлж, иргэдийнхээ халаасан дахь хэдэн бор төгрөгийн үнэ цэнийг унагах хэрээр төв банкны алдагдал багасаад байдаг. Чехийн төв банкны баланс маш олон жил алдагдалтай явсаар өнөөг хүрсэн ч, алдагдлыг нь хэн ч тоодоггүй. Эдийн засагтаа мэдрэгдэхээр реформууд хийсэн учраас иргэд нь, шийдвэр гаргагчид нь төв банкаа хүндэтгэж хардаг. Тэгэхээр төв банк их хэмжээний алдагдалтай ажилласан гэвэл их л өгөөжтэй ажиллаж, өчнөөн бодлого хэрэгжүүлсэн гэсэн үг” хэмээн онцлон бичиж байсныг уншигчдадаа эргэн сануулъя.
ДОЛЛАРЫН ХАНШ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 503 ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
Долларын ханшид нөлөө үзүүлдэг хамгийн том газар бол Монголбанк гэдгийг дээр дурдсан жишээнүүдээс төвөггүй харчихаж болно. Төв банк долларын ханшид хэрхэн нөлөөлсөөр өнөөдрийг хүрсэн бэ гэдэг шалтгааныг өөрсдийнх нь цахим хуудаснаас хайя. Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр нэг ам.доллар 1962 төгрөгтэй дүйж байж. Тухайн үед Монголбанкинд 1.3 тэрбум ам.долларын валютын нөөц хадгалагдаж байжээ. Яг тэр үед Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэл B2 байсан юм. Өнөөдрийн тухайд Монгол банкны валютын нөөц гурван тэрбум доллар болж өсөөд буй. Хоёр жилийн өмнөхөө бодвол ханшид санаа зовж сэтгэлээ чилээхгүй аятайхан амьдрах боломж бүрдсэн гэсэн үг. Тийм атал өнөөдөр зээлжих зэрэглэл B3 болж доошилж, долларын ханш 2465 буюу 503 төгрөгөөр өсчихсөн цойлж явна. Хар ухаанаар бодоход валютын нөөц өсч, эдийн засаг сайжрах тусам зээлжих зэрэглэл буурч, төгрөгийн ханш чангармаар. Гэтэл эсрэгээрээ явж байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол? Энэ асуултын хариуг холоос хайх хэрэггүй. Өмнө дурдсанчлан Монгол банкны мөнгөний бодлого бүх асуудлын суурь шалтгаан болж байна.
ТӨГРӨГӨӨ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ ӨӨР ШАЛТГААН ТӨРДБАЙГАА ЮМ БИШ БИЗ
Зарим эдийн засагч ингэж хардаж байна. Төв банк яаран сандран ээлжит бус дуудлага худалдаа зарлан байж зах зээлд доллар нийлүүлдэг өдөр буюу зургадугаар сарын 22-нд ногоон валютын ханш “Найман шарга” дээр 2480 төгрөг болж огцом дээшилсэн юм. Дуудлага худалдаанд оролцохгүй гэж гэдийхээсээ өмнө зургадугаар сарын 12-нд Төв банкнаас зах зээлд доллар нийлүүлсэн талаар өмнө онцолсон. Тэр өдөр “Найман шарга” зах дээр ам.долларыг 2417 төгрөгөөр зарж байж. Монголбанкыг доллар зарахгүй гэж толгой сэгсэрснээс болж ам.долларын ханш аравхан өдрийн дотор 63 төгрөгөөр өсчээ. Гурван тэрбум доллар нөөцөлчихсөн, эдийн засаг дажгүй өсөлттэй, нүүрсний ханш гялалзтал цойлж яваа ийм үед “Доллар өсөхөөс аргагүй байсан” гэсэн дүгнэлтэд лав хэн ч итгэхгүй. Гадаад худалдаа ашигтай, валютын нөөц огцом нэмэгдсэн гэдгийг Монголбанк удаа дараа мэдэгдсээр байгаа. “Ноён ногооны ханш өсөх биш, харин ч уруудах орчин бүрдсэн” гэж эдийн засагчид хэлж байна.
МӨНГӨНИЙ БОДЛОГО ХЭР ЗӨВ ЯВЖ БАЙНА ВЭ?
Төв банк одоогоор бодлогын хүүг арван хувьд барьж байна. Хүүг цаашид буулгая гэвэл инфляци өгсөхгүй тогтворжих зураг бий. Инфляцийн тухайд Н.Баяртсайханыг ажлаа хүлээж авах үед 1-2 хувийн түвшинд хэлбэлзэж байсан юм. Харин өдгөө инфляцийн хувьд 6-7 гэсэн тооны хооронд яригдаж байна. Товчхондоо Монголбанкинд инфляцийг ганцхан хувиар өсгөх боломж орон зай үлдсэн гэсэн үг. Төв банк инфляцийг найман хувьд барина гээд бодлогоо батлуулчихсан гэдгийг энэ дашрамд онцолъё. Хэрвээ инфляци найм гэсэн тооноос хэтэрвэл Монголбанкинд бодлогын хүүг бууруулах боломж үлдэхгүй. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг өсгөхөөс өөр замгүй болно.
Инфляци хяналтаас гарч өсөхгүй байх орчин бүрдэх хэрээр иргэдэд өгөөжтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Эсрэгээрээ инфляци цойлвол шатахууны үнэ өснө. Шатахууны үнэ өсвөл тээвэр, хүнс, мах, гурил, оюутны төлбөр дагаад өгсдөг жамтай. Монголбанкны хувьд зөвхөн уламжлалт мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай ажиллаж байна. Уламжлалт бус бодлогоос татгалзана гэсэн агуулгатай яриа хөөрөө, мэдэгдэл Төв банкны зүгээс давтамжтай дуулдсаар өнөөг хүрсэн. Энэ байр сууринаас нь анзаарахад нэг л зүйл ойлгомжтой байна. Монголбанк мөнгөний бодлогын хүүг өөрчлөх, хаа нэгхэн валютын интервенц хийхээс хэтрэхгүй нь хэнд ч тодорхой асуудал болчихсон. Төв банк эдийн засаг руу чиглэсэн далайцтай, жинтэй бодлого, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Ирэх өдрүүдэд ч эдийн засгаа ингэж харахгүй гэж байгаа. Ийм бодолтой ажиллаж байгаа нь Төв банкны ерөнхийлөгч болон захирлуудынх нь төдийгөөс өдий хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагаас тод харагддаг.
Төв банкны мөнгөний бодлогын талаар Бизнесийн сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэг “Монголбанк мөнгөний бодлого явуулж чадахгүй байгаа. Наад зах нь л инфляциа онилж чаддаггүй. Инфляцийг прогнозолж байгаа юм алга. Бодлогын хүүг ашиглахгүй байна. Өнөөдөр бодлогын хүү ямар ч нөлөөгүй байна шүү дээ. Бодлогын хүүг буурууллаа гээд зээлийн хүү буураагүй. Зээлийн хүүгээ тодорхойлж чаддаггүй. Ер нь Төв банкинд прагматик бодлого алга. Өөр нэг онцлох зүйл гэвэл Төв банк ханшийн бодлого явуулж чадахгүй байгаа. Төгрөгөө үнэгүйдүүлж байна. Засгийн газраас хамааралгүй болгож, том боломж өгчихөөд байхад инфляциа барьж хүчрэхгүй яваа газар гээд бодохоор хэлэх үг алга даа. Сүүлд гэхэд бодлогын хүүг хэвээр үлдээх нь буруу шийдвэр болсон” хэмээн байр сууриа илэрхийллээ.
ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ГАР ХООСОН, ХӨЛ НҮЦГЭН ЗОГСЧ БАЙНА
Мөнгөний бодлого буруу хэрэгжсэнээс үүдсэн сөрөг талыг юуны түрүүнд иргэд, компани аж ахуйн нэгжүүд үүрдэг гэж эдийн засагчид хэлж байна. Мөнгөний буруу бодлогын хамгийн том эрсдэл нь түлш шатахууны үнийн өсөлт аж. Ингээд ч зогсохгүй ган гачгаас болж ургац алдвал сөрөг нөлөө нь бүр хүчтэй илэрдэг байна. Мөнгөний буруу бодлогын энэ сөрөг нөлөөг зөвхөн эдийн засагчид ч биш, энгийн хэн ч бодоод хэлчихнэ. Ган зуд гэх мэт байгалийн давагдашгүй эрсдлээс болж мах, гурилын үнэ хяналтгүй өсөх зайлшгүй эрсдэл манай улсад байдаг. Төв банк бодлогоо зөв явуулбал ийм эрсдлийг хөнгөхөн даваад гарчихдаг. Тийм жишээнүүд өнгөрсөн түүхэнд бий. Харин Төв банк нь өнөөдрийнх шиг эдийн засгийн онцлогтой салбаруудаа хайхрахгүй, валютын ханшин дээр мэдрэмжгүй тоглолт хийсэн шигээ аж төрвөл хамгийн түрүүнд шатахууны үнэ өснө, шатахууны үнийн өсөлтийг дагаад бүх юмны ханш хаданд гарах эрсдэлтэй. Наад зах нь ирэх сард халуу шатаж ган боллоо гэхэд гурил, махны үнэ цойлох нь тов тодорхой асуудал. Өнөөдөр ч өгссөн зурагтай яваа махны үнэ ган зудаас болоод тэнгэрт хадвал долларын ханш одоогийнхоосоо ч өсч мэдэхээр байна. Бүр цаашлуулаад ухвал өнөөдөр найм дээр байгаа инфляци өснө. Тэр цагт Монголбанк мөнгөний бодлогоо суллах биш, чангалахаас аргагүйд хүрнэ. Хэрвээ ийм байдалд хүрвэл ОУВС зүгээр хараад суухгүй. Мөнгөний бодлогоо чангаруул гэж шахна. Валютын сан ингээд шахчихвал хөтөлбөрт нь гуйж байж хамрагдсан Монгол Улсад үгүй гэх эрх байхгүй. Мэдээж энэ бол ирээдүйд гарч мэдэх эрсдэл.
Мөнгөний буруу бодлогын гай шатахууны үнийн өсөлтөөр эхэлдэг тухай өмнө дурдсан. Тэгвэл шатахууны үнийн өсөлтийн эрсдэл дөнгөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын сөрөг нөлөө эхлэл төдийхөн байна. Өдгөө 75 ам.доллар байгаа нефтийн үнэ өсөх хэрээр Азийн Монголд А92, А95, дизель түлшний үнэ өсч таарна. Учир нь гүйцэтгэх засаглал, төв банкнаас шатахууны үнийг өсгөхгүй байлгах зэвсгүүдээ аль хэдийнэ хэрэглээд дуусчихсан. Зарим зэвсгээ бүр ад үзсээр байгаад устгачихсан гашуун үнэн бий. Хар үгээр зүйрлэвэл Засгийн газар шатахууны үнийн эсрэг гар хоосон, хөл нүцгэн зогсч байна. Эдийн засагчдын ярьдаг хэлээр бол нийлүүлэлтийн гаралтай инфляцийн хөлд дахиад үрэгдэж мэдэх аюул энгийн иргэдийн өмнө байна.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10-р хороо, Биокомбинат ШТС-123
НЕФТИЙН КОМПАНИУД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ ТУРШИЛТ ХИЙВ
Өчигдөр өглөө нийслэлчүүдийг түгшээсэн мэдээ бол шатахууны үнийн “өсөлт”. Өнгөрсөн зунаас хойш утаа, тоосонд дарагдсан нийслэлчүүдийн тархиа амрааж, таргаа уудаг газар нь хөдөө нутаг. Хэр хугацаагаар, хаана амрахыг “хөнжлийн хэрээр хөлөө жийнэ” гэдэг шиг үнэн хэрэгтээ худалдан авч чадах шатахууны хэмжээ л мэднэ. Ихэнх хөдөөг зоригсдод хоол, байрны мөнгө гэх мэт сүйдтэй зардал гарахгүй. Ямар түвшинд амрах, хэр олон газар үзэх боломжийг мөн л ноён шатахуун тодорхойлно. Нийслэлчүүд эхнээсээ амарч эхэлсэн энэ үед шатахууны үнэ нэмэгдсэн мэдээ нь аянга л гэсэн үг.
Зарим цахим хуудсуудаар бензиний үнэ нэмэгдсэн зураг нийтлэгдэж, 20-100 төгрөгөөр нэмсэн тухай тайлбар гарч байв. Яг энэ үеэр 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд шатахууны үнийн талаар мэдээлэл хийх тухай зар түгсэн байв. Хэн хийх нь мэдэгдэхгүй байсан ч шатахууны өсөлтийн тухай албан ёсны мэдээлэл байх болов уу гэсэн горьдлого тээн манай сурвалжлах баг тус хуралд очсон юм. Сэтгүүлчид энэ хуралд ач холбогдол өгсөн боловч “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны хуурамч шатахууны талаарх мэдээлэл байсан юм. Хурлыг зохион байгуулагчид төгсгөлд нь “Шатахууны үнийг нэмсэн тухай мэдээлэл бий. Энэ тохиолдолд бид хатуу тэмцэнэ” гэж хэлэв. Гэхдээ тэдний мэдээлэл ноцтой бөгөөд цаашдаа шатахууны үнэд нөлөөлж болзошгүй асуудал байсан юм.
Улмаар 14 цагт УУЯ-нд очиход хэвлэлийн төлөөлөгч нь Ашигт, малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзахыг зөвлөв. Бид Ц.Эрдэнэбаяр даргатай уулзахаас өмнө Монголын нефть импортлогчдын холбоотой уулзахын тулд 19001950 лавлахаас асуусан боловч ямар ч хаяг, утас байхгүй нь тодорхой болов. Харин Петровис компанийн төв байрны хүлээн авагчаас Монголын нефть импортлогчдын холбооны тухай асуухад “мэдэхгүй” гэж хариулав. Компанийн мэдээллийн албаны хүнтэйгээ уулзуулж өгөхийг хүсэхэд бас л “тийм албан тушаалтан байдаггүй” гэв. Эцэст нь Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай холбогдоход “Яаманд хуралтай байна. Удахгүй ажил дээрээ мэдээлэл өгнө” гэв. Ингэснээр сэтгүүлчид Ашигт малтмал, газрын тосны газарт даргыг 20-иод минут хүлээн суув. Биднийг ороход дарга ирээгүй байх зуур өнөөгийн төрийн албаны зураг болсон “Дарга байхгүй, ирэхгүй байх, хуралтай байгаа” гэх мэдээллийг ажилтнууд тасралтгүй өгөх юм. Бид даргатай утсаар ярьж уулзахаар болсон гэдгээ хэлэхгүй тэднийг сонсож суусан юм. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын туслах гэсэн хаягтай өрөөнд байгаа залуугаас “Дарга чинь хаана яваа юм бэ” гэвэл “Дарга томилолттой байгаа” гэв. “Гадаадад уу” гэвэл яаран “Албан ажлын томилолтоор” гэж хариулав. Мөн Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн гэсэн хаягтай өрөөнд байгаа залуугаас “Бензин борлуулагч компаниуд өөрсдөө дур мэдэн үнэ нэмэх эрхтэй юу” гэж асуувал “Үгүй байх. Яаманд үнийн зөвлөл гэж байдаг. Ер нь даргаас асуусан дээр байх” гэв.
Ц.Эрдэнэбаяр дарга ирснээр бензиний үнэ нэмсэн талаарх мэдээлэл авах төрийн ганц хүнтэй таарснаар ажил дээрээ очих нүүртэй болох нь тэр. Бидэнтэй уулзахдаа тэрээр тус тусдаа уулзсан ч болно гэсэн юм.
-Өнөө өглөө зарим компани шатахууны үнэ нэмсэн мэдээлэл байна. Энэ тухай та мэдэж байна уу?
-Өглөө бидэнд зарим шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн тухай гомдол орж ирсэн. Гэхдээ хотын захаар юм шиг байгаа юм. Манай байгууллага долоо хоног бүр улс даяар үнийн мэдээ авдаг. Одоогоор бидэнд үнэ нэмэгдсэн мэдээ орж ирээгүй байна. Гэхдээ бид гомдлын дагуу шалгах ажлыг эхлүүлсэн.
-Ямар нэгэн хариу өгсөн аж ахуйн нэгж байна уу?
-Бид аж ахуйн нэгжүүдтэй холбогдож байна. Одоогоор үнэ нэмсэн тухай мэдээ алга.
-Компаниуд дур мэдэн үнэ нэмэх эрхтэй юу?
– Тийм эрх байхгүй. Манайд Үнийн зөвлөлийн хамтарсан зөвлөгөөн гэж байдаг. Энэ хамтарсан зөвлөгөөн хамгийн сүүлд энэ зургадугаар сарын 7-ны өдөр хуралдсан.
Энэ үеэр нефть импортлогчдод шатахууны нийлүүлэлт болон жижиглэнгийн үнийг тогтвортой барих зөвлөмж өгсөн. Бид сар бүр ОХУ-аас дараа сарын үнийн мэдээ авдаг. Зургадугаар сарын үнийн мэдээг тавдугаар сарын сүүлээр авдаг. Зургадугаар сард тонн бензиний үнэ 60, дизелийн түлш 46 доллараар нэмэгдэж орж ирсэн.
-Нэмэгдсэн үнэтэй шатахуун хэзээ орж ирсэн бэ?
-Зургадугаар сарын дундаас орж ирсэн. Энэ үеэр жаахан хилийн үнийн өсөлт гарсан.
-Та нар үнэ өсөх тухай мэдэж байсан уу?
– Мэдэж байсан. Тийм учраас бид долдугаар сарын 3-нд Үнийн зөвлөлийг хуралдуулж, шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах үүрэг өгсөн.
-Одоо та нарт шатахууны үнэ нэмсэн баримт байхгүй юу?
-Байхгүй. Бид шалгаж байна.
-Хэрэв үнэ нэмсэн нь тогтоогдвол ямар арга хэмжээ авах вэ?
-Тогтоогдвол эргэж та нарт мэдээлнэ. Зохих байгууллагад нь шилжүүлнэ. Арга хэмжээ авахын тулд ажиллана.
-Цаашдаа зах зээлийн үнэ нэмэгдвэл жижиглэн-гийн үнэ нэмээд л байх уу?
-Манайхан шинэ бодлого хэрэгжүүлнэ. Зах зээлд нефтийн үнэ буурахад шатахууны үнэ буурдаг болно.
-Хэрэгжих үү?
-Хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.
15 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын өрөөнд болсон энэ ярианаас харахад шатахууны компаниуд хааяа нэг энд тэнд үнээ нэмээд, буулгаад байх боломжтой бололтой юм. Учир нь өмнөх шөнөөс яригдсан шатахууны үнэ өссөн эсэхэд 15 цагт баталсан эсвэл эсэргүүцсэн ямар нэгэн хариу өгч чадсангүй. Энэ хооронд компаниуд хэд бол хэдэн тонн шатахуун зарж амжина. Хэдийгээр бид үнэ нэмсэн шатахуун түгээх станц олоогүй ч нэмэгдсэн үнээр бензин авсан иргэн баримтаа ирүүлж туслав. Эндээс харвал нефтийн компаниуд үнэ нэмээд үзвэл юу болохыг урьдчилан туршсан байж магадгүй аж.
Ц.Баасансүрэн
Х.Баттөгс
Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА