Categories
мэдээ спорт

Герман нутаг буцаж, Солонгос шуугиан тарьсан шөнө

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий “Е” хэсгийн Швейцарь – Коста-Рикагийн тоглолт энэ шөнө болж, 2:2-оор тэнцлээ.

Нижний Новгород хотноо болсон энэ тоглолтын 31 дэх минутад Швейцарийн Блерим Джемаили анхны гоолыг оруулсан юм. Харин хоёр дугаар хагасын 56 дахь минутад Коста-Рикагийн Кенделл Уотсон тэнцээний гоолыг хийсэн юм.

Харин Йосип Дрмич 88 дахь минутад гоол оруулж швейцарьчууд 2:1-ээр тэргүүлж эхэлсэн ч хаалгач Ян Зоммер 90+3 минутад өөрийн хаалганд санамсаргүйгээр штангнаас биед нь бөмбөг ойж авто гоол хийснээр хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “Е” хэсгийн Бразил-Сербийн шигшээ багийн халз тулаан болж, бразилчууд 2:0-ээр ялалт байгууллаа.

Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтын анхны гоолыг Бразилын хагас хамгаалагч Паулинью 36 дахь минутад Коутиньюгийн дамжуулалтаар оруулсан бол 68 дахь минутад Неймарын дамжуулалтаар хамгаалагч Т.Силва хоёр дахь гоолыг хийж, Бразилын шигшээ баг 2:0-ээр хожиж дархан аварга хүчирхэг баг гэдгээ дахин нотоллоо.
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “F” хэсгийн хоёр тоглолт энэ шөнө /2018.06.27/ болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр багаар БНСУ болон Швед улсын шигшээ багууд тодорч Германы шигшээ багийг гэрт нь буцааж энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг дэгдээлээ.

Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт болж, “Герман машин”-ыг Өмнөд солонгосчууд 2:0-ээр хожиж германчууд нутаг буцахаар боллоо.

Энэ хоёр багийн тоглолтод германууд 90 минутын турш олон удаа оролдлогууд хийж өрсөлдөгчийнхөө хаалга руу цөөнгүй цохилт хийсэн солонгосын хаалгач маш сайн хамгаалж гоол оруулах боломж олгосонгүй.

Харин нэмэлт 6 минутад БНСУ-ын Ким Юнь Гван болон Сун Хин Мин нар дараалан гоол оруулж /90+6/ энэ ДАШТ-ий хамгийн том дуулианы эзэд боллоо. ОХУ-д аваргаа хамгаалахаар ирсэн Германы шигшээ баг тун муу тоглож, анх удаагаа шөвгийн 16-д үлдэж чадалгүй нутаг буцахаар боллоо.

Харин энэ тоглолттой зэрэгцэн Швед, Мексик улсын шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт энэ үдэш Екатеринбург хотод болж Шведын шигшээ баг 3:0-ээр хожиж, хасагдах шатанд үлдлээ.

Энэ тоглолтын 50 дахь минутад Людвиг Аугустинссон /Классон Викторын дамжуулалтаар/ анхны гоолыг оруулсан бол 62 дахь минутад Гранквист Андреас хоёр дахь гоолыг хийсэн. Харин 74 дэх минутад Мексикийн Альварес Эдсон авто гоол хийж шведчүүд 3:0-ээр ялалт байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *