Categories
мэдээ нийгэм

Түц машины үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Улсын хэмжээнд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд орон даяар жигд хүртээмжтэй, ил тод, авилгал хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийт 110 ширхэг Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг байршуулсан.

ТҮЦ машинаар анх 7 төрийн үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 28 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, энэ оны хагас жилийн байдлаар иргэд нийт 845,536 удаа үйлчилгээ авсан нь иргэдэд хүртээмжтэй үйлчилгээний нэг болсоныг илтгэж байна.

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан.

Энэхүү хууль батлагдсанаар суурь бүртгэлийн лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр олгох, цахим лавлагаа нь цаасан лавлагаатай нэгэн адил хүчинтэй байх, иргэн байгууллага өөрт хамаарах мэдээлэлтэй цахим хэлбэрээр танилцах, иргэн хуулийн этгээдийн зөвшөөрлийн дагуу цахим хэлбэрээр ашиглуулж болох, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг иргэний өөрийн зөвшөөрлөөр таних, баталгаажуулах хэлбэрээр ашиглах, иргэн, хуулийн этгээд бүртгэлийн үйлчилгээ авахдаа биеэр эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргах, хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг нээлттэй ашиглуулах зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар тусгагдсан.

Уг хуулийг энэ оны 11 дүгээр сарын 01-нээс өдрөөс мөрдөж эхлэхээр болсон нь ТҮЦ машиныг хэрэглээнээс гаргах талаар ташаа ойлголт нийгмийн мэдээллийн сүлжээнд тархахад нөлөөлсөн байна.

Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 27 байгууллага холбогдож, 49 төрлийн сервисийг төрийн 17 байгууллагад, хувийн хэвшлийн 10 байгууллагад нийт 822,112 удаагийн хандалтаар цахим үйлчилгээг үзүүлжээ.

Цаашид төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаарддаг байдлыг болих, төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглан цахимаар хүргэх үйлчилгээний тоог нэмэгдүүлж иргэнд төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрээр хаанаас ч хэдийд ч авах нөхцөл боломжийг бүрдүүлэн иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Дашрамд дурдахад ТҮЦ машинтай холбоотой санал, гомдлыг 70180094 дугаараар хүлээн авч, тухай бүрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд ТҮЦ машины үйл ажиллагаа жигдэрч, иргэд уг машиныг хэрэглэж хэвшиж санал гомдлын тоо тогтмол буурч байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 77, хөдөө орон нутагт 33 ширхэг ТҮЦ машин хэвийн, тогтвортой ажиллаж байгаа ба Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр ТҮЦ машинаар хүргэх үйлчилгээний тоо ч мөн нэмэгдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *