Categories
мэдээ нийгэм

Хоёр хотын цадиг үзэсгэлэнг иргэдийн оролцоотойгоор бүтээжээ

Уур амьсгалын өөрчлөлт хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухай, Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн эмзэг байдал, Улаанбаатар хотын агаарын бохирдол, хотын засаглал ба хотын үйлчилгээг сайжруулах дөрвөн сэдвийн хүрээнд хийгдсэн газрын зураг, инфографик, гэрэл зургийн үзэсгэлэн UB Art галлерейд гарч байна.Үзэсгэлэнгийн зохион байгуулагч нь“Гэр” иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв юм. Энэхүү байгууллага 2005 оноос хойш иргэдийн оролцоотойгоор тэдний эргэн тойронд тулгамдаж буй асуудлыг шийдвэхээр ажилладаг аж.Энэ удаагийн үзэсгэлэн нь гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилж байна. Эхний удаа бүтээлүүдээ гэр хороолол дунд гаргасан бол сүүлийн хоёр долоо хоногт хотын төвд гаргаж байгаа аж. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг хийхэд иргэд гар бие оролцсон хэмээн уг төвийн тэргүүн Г.Батдорж ярьсан юм.

Тэрээр “Агаарын чанарын индексийг харуулах зорилготой зургийг бүтээхэд хүүхэд оролцсон. Тэр хичээлдээ явдаг замаараа агаарын чанарын үзүүлэлт тодорхойлдог багажийг байршил тогтоогчийн хамт авч явсан. Үүнээс бид хүүхэд хичээлдээ явахдаа ямар агаараар амьсгалан, ямар замаар явж байгааг харж болно. Мөнтүймэрт шатсан ой мод, ширгэсэн нуур цөөрөм зэргээр газрын зураг хийхэд нутгийн иргэд, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлагууд оролцсон. Энэ мэтчилэн иргэдийн өөрсдийн хийсэн зүйлийг манай байгууллага боловсруулаад, хэлбэрийг нь өөрчилсөн л төдий. Ингэж өөрсдөөр нь хийлгэснээр тулгамдаад буй асуудлын талаар илүү сонирхдог болж, оролцоо нэмэгддэг. Хүмүүс тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлт гэхээр өөрсдөөс нь хол, гадаадад л байдаг зүйл шиг бодоод байдаг. Үнэн хэрэгтээ хаяанд нь л байгаа зүйл. Тиймээс үүнийг энгийн ойлгомжтой байдлаар иргэдэд ойлгуулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. Хотын маань нэг хэсэгт утаатай, аюултай орчин, нөгөө хэсэгт хүмүүс өөр оронд байгаа юм шиг аж төрж байна. Угтаа бид нэг л газар амьдарч байгаа. Тиймээс үзэсгэлэнгээ Хоёр хотын цадиг гэж нэрлэсэн” гэв.

Үзэсгэлэнд хэд хэдэн сонирхол татахуйц гэрэл зураг, газрын зургууд байсан юм. Тухайлбал орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийгдсэн ажлуудыг зураглаж хорооны иргэдийн тоотой харьцуулан гаргасан байлаа. Үүнээс үзэхэд 1910 хүн амтай хороо нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авсан байхад 17 мянга гаруй хүн амтай хороондавсан санхүүжилт нь 86 сая байх жишээтэй. Орон нутгийн хөгжлийн сан нь бидний төлсөн татварын нэг хэсэг юм. Үүнийг шууд захиран зарцуулах, орчин тойрондоо тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх, төсвийг хянах эрх нь иргэн бүрт бий гэнэ. Цаашлаад өрх толгойлсон эмэгтэйчүүд их амьдарч буй хороог бүлэглэсэн байлаа. Үүнээс үзэхэд өрх толгойлсон эмэгтэйчүүд ихтэй хороонд ядуурал их байна. Хотжилт, агаарын бохирдол, ядуурал гээд олон асуудлыг энэ үзэсгэлэнгээс хялбар харж болно.Үзэсгэлэн долдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Энэ хугацаанд дээрх сэдвүүдээр салбарын судлаачид, панелистууд ирж мэдээллээ хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Л.АНУДАРЬ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *