Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: Агаарын тээврийн салбарыг либералчилснаар гадаад валют орж ирэх суваг нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Засгийн газраас оруулж ирсэн хувьчлагдах төрийн өмчийн жагсаалт олон хүнд хардлага дагуулсан асуудал болоод байгаа. Өмч хувьчлалыг ухаалгаар зохион байгуулж чадсан улс орнуудын ядуу иргэд нь дундаж давхаргатан болж, амьжиргааных нь түвшин дээшилсэн сайн жишээ байдаг. Тэгвэл манай орон төрийн өмчийг ард түмэндээ хүртээмжтэй байдлаар яаж хувьчлах ёстой вэ?

-Манай улсын иргэд хувийн өмчтэй байх эрх үүссэн цагаас хойш 30-аад жил болох гэж байна. Төрийн өмчийн томоохон объектуудыг хувьчилсан процессыг түүхэн үүднээс авч үзэх юм бол холын дурсамж биш. Тухайн үед улсын үйлдвэрүүдийг хувьчлахад мэдээлэлд ойрхон хүмүүс нь давуу талтай байсан. Одоо ингээд харахаар өмч хувьчлалыг явуулахдаа хууль зөрчөөгүй юм шиг боловч шударга бус байжээ.

Иргэд ягаан, цэнхэр тасалбараа худалдаж байх үедээ өмч хувьчлах эрхээ зарж байгаа гэдгээ ойлгоогүй байх л даа. Тиймээс иргэд хууртагдсан юм шиг хандлага нийгэмд байна гэж хардаг. Магадгүй өмч хувьчлал зөв зүйтэй явагдаагүйгээс нийгэмд баян, хоосны ялгаа их байгаагийн суурь болж өгсөн байх талтай. Харин өнөөдөр хувьчлал яригдангуут тэдгээр төрийн өмчүүдийн үнэлгээний асуудал, худалдаж авч болзошгүй байгаа эздийн тухай гээд ихэнхдээ хардсан өнцгөөр харж байгаа хүн олон байна. Одоо яригдаж байгаа обьектуудаас авто замын арчилалттай холбоотой үйлчилгээг хувьчилж, эзэнжүүлэх нь чухал. Мөн агаарын тээврийн либералчлал аялал болоод үйлчилгээний салбарт гадаад валют орж ирэх суваг нээгдэхэд том үүрэг гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн үр өгөөжийг нь бодох юм бол өмч хувьчлалыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Төрийн банк болон Хөрөнгийн биржийн үнэлгээг доогуур оруулж ирсэн нь эргэлзээ төрүүлээд байгаа юм.

Манайх ашигт малтмал, байгалийн баялаг дээр тулгуурласан эдийн засагтай улсын хувьд шууд бусаар иргэдэдээ ашгийг нь өгөх нь зөв арга гэж боддог. Норвеги улсын хувьд газрын тосны хийн компаниуд байна. Тэдгээрийн дийлэнх хувь нь төрийн өмчид байдаг. Гол нь ашигт малтмалаас олж байгаа орлогоороо баялгийн сан үүсгэсэн. Баялгийн сангаараа дэлхий нийтэд хамгийн ашигтай гэсэн компаниудад хөрөнгө оруулж, тэндээсээ буцаж ашиг орлого олох замаар ард түмэндээ хүртээдэг. Тэгэхэээр баялгийн сангийн хуримтлал нь банкин дахь хадгаламжийнхаа хүүг хэрэглээд явдагтай адил зарчмаар олон нийтэд хамгийн хүртээмжтэй зөв менежмэнт хийж байгаа жишээ юм. Манай улсын хувьд хөрөнгийн биржээрээ дамжуулаад томоохон компаниудын хувьцааг гаргах ёстой. Эхний ээлжинд хувьцааг үнэ төлбөргүй олгодог ч юм уу. Тэр хувьцаагаа иргэд шууд өнөөдрийн жижиг хэрэгцээндээ зарцуулаад ашиглахгүй, тэндээс орж ирэх ногдол ашгаа хүртээд явах тэр сэтгэлгээг суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

-Иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг хомс болохоор орж ирэх үр өгөөжийг нь тэр бүр мэддэггүй. Төрийн өмчүүдийг иргэдэд хүртээмжтэй болгохын тулд хувьчлалыг зөв явуулж чадвал баян хоосны ялгаа арилах том хөшүүрэг болно биз дээ. Энэ үүднээс авч үзвэл Хөрөнгийн биржийн хувьчлал дээр та ямар саналтай байна вэ?

-Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чухал үүрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Тэнд арилжаалагдаж байгаа компаниудын хувьд зарим үед идэвхждэг. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компани Монголын хөрөнгийн биржээр зарим хувьцаагаа арилжаалж эхэллээ гэж байна. Өөр хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд манайхаар хувьцаагаа арилжаалж эхлэх юм бол иргэдэд тухайн компанийн хөрөнгийг эзэмших боломж бүрдэнэ. Тэр үүднээс иргэд хөрөнгийн зах зээл дээр оролцоотой байх маш чухал суваг нь юм. Хөрөнгийн биржийн бүртгэлийн системийн программыг тодорхой өртөгтэй авсан. Энэ нь хөрөнгийн биржийн үнэлгээнд ороод явах ёстой. Манайх Лондон, Хонконгийн хөрөнгийн биржтэй хос бүртгэл гаргах гэрээ хэлэлцээ хийгдсэн байгаа. Бас төрийн өмчийн Хөрөнгийн биржээс гадна хувийн бирж бий болсон. Аль бирж дээр нь хувьцаагаа гаргавал олон хүнд хүрэх үү, арилжаа сайн хийгдэх үү, хувьцаа үнэд хүрэх үү гэдэгт компани болгон өөрийн гэсэн бодлоготой, байр суурьтай байдаг. Тэгэхээр Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжрах тусам манайхаар хувьцаагаа арилжаалах сонирхолтой компаниудын тоо ч нэмэгдэнэ. Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ ресурс”-ын арилжаа сайн хийгдсэн байна лээ. Худалдаж авах санал гаргаж байгаа хувьцаанаасаа давж ирнэ гэдэг бол хүмүүсийн сонирхол төдий чинээ өндөр байна гэсэн үг. Бас дотоодын IT компанийн хувьцаа арилжаалагдсан. Ер нь Хөрөнгийн бирж нэлээд хөдөлгөөнтэй байгаа. Тэгэхээр үнэ цэнэ нь дээшилнэ.

Дараагийн хүлээгдэж байгаа том хувьцаа бол Таван толгой байна. Охин компаниудынх нь хувьцааг гаргавал Хөрөнгийн биржийн гүйцэтгэх үүрэг их болно. Тиймээс Хөрөнгийн биржийнхээ хувьчлалын асуудлыг хариуцлагатай хийх хэрэгтэй.

-Төрийн банкны хувьчлалын асуудал нэлээд хэл ам дагуулж байна. Жишээлбэл, Б.Пүрэвдорж гишүүн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү энэ банкийг авах уу гээд чуулганы танхимд ширүүхэн дуугарсан. Зарим гишүүд Төрийн банкийг хувьчлах шаардлагагүй, тусгай зориулалтын банк болгох ёстой гэх юм. Уг нь ард түмэн банкинд хувьцаа эзэмшвэл ногдол ашиг хүртэхээс гадна өөрийнхөө хөрөнгийг хянаж, үйл ажиллагааг нь сайжрах механизм бүрдэх юм биш үү?

-Банкны салбар анхаарлын төвд байгаа. ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хугацаанд манай банкны салбарт чанарын үнэлгээ хийгдсэн. Зарим банкийг эрсдэлтэй байх магадлалтай. Активаа нэмэгдүүлэх ёстой гэх зэрэг зөвлөмжүүд өгөгдсөн. Ерөнхийдөө банкны салбарын нийт чадамж аажим аажмаар сайжирч байгаа гэж харагдаж байна. Өмнө санхүүгийн зах зээл хямрахад хэд хэдэн банк дампуурч байсан. Тэр болгонд төр аварч, босгосон шүү дээ. Энэ утгаараа төр сайн менежмэнт хийж Төрийн банкыг ашигтай ажиллуулж чадсан гэж харагдаж байгаа. Үнэлгээний тухайд орон нутагт олон салбартай. Наад зах нь тэдгээр салбаруудын иргэдэд хүрч ажиллаж чадаж байгаа байдал, олон харилцагчийн итгэлийг даагаад явж буй нь үнэ цэнтэй. Гэтэл сая хувьчлах жагсаалтад оруулахдаа үнэлгээ нь бага хийгдсэн гэж санагдсан. Хангалттай мэдээлэл өгөөгүйгээс гишүүд бухимдаж байгаа байх.

-Та ярилцлагынхаа эхэнд агаарын тээврийн салбарыг либералчлах ёстой гэж онцолсон. МИАТ компанийн хувьд дандаа алдагдалтай ажилладаг гээд байнга хувьчлалын асуудал нь хөндөгдсөөр ирсэн. Энэ үйлчилгээ хувьд очвол ямар боломжууд харагдаж байна вэ?

-МИАТ-ийн үйлчилгээ болон санхүүг нь эрүүл явж чаддаг уу гэдэгт асар их маргаантай байдаг. Ялангуяа онгоцны түлшний нийлүүлэлт, үнэ нь зах зээлийн зарчмаар явж ирж байна уу гэдгийг олон хүн хөнддөг. Хоёрдугаарт, дотоод менежмэнт нь асуудалтай. Барууны томоохон авиа компаниудын ажиллагсад нь жилд нэг удаа үнэгүй аялах эрхтэй байдаг. Эсвэл гэр бүлийнх нь бусад хүмүүст хямдралтай үнээр билет авах эрх олгодог. Гэтэл МИАТ компани тухайд гэр бүлийнхнээсээ гадна бусад хүмүүсийг үнэ төлбөргүй зорчуулах эрх өгсөн гэхчилэн мэдээлэл явж байна л даа. Хэрэв энэ үнэн бол МИАТ ашигггүй ажиллаад байгаагийн бас нэг пакт юм биш үү. Гуравдугаарт, энэ компанийн худалдан авалтуудад аудит нягталж үзэх ёстой байх. Бид МИАТ компаниар зорчиж байхад билет байхгүй гэсэн мөртлөө онгоцонд орохоор сул суудал олон байх жишээтэй. Яагаад ийм олон сул суудалтай байж билет олддоггүй юм гэхээр “Зарим тохиолдолд өөр газар очоод буучихаад буцахдаа түлш дүүргэдэг учраас даац хэтэрнэ гээд хүн авдаггүй” гэх тайлбар өгч байгаа. Энэ байдлыг хувьчилж байж л засч, залруулна. “МИАТ-ийг хувьчилбал авах эзэн нь тодорхой” гэх яриа бий. Үнэндээ хэн гэдгийг нь мэдэхгүй. Ер нь агаарын тээврийн компани маань либералчлагдаад зах зээл нь өөрөө эрүүл, олон оролцогчтой байж үүнийг дагаад энэ салбар сайн хөгжих ёстой. Гадаадын жуулчдын хувьд Монгол орон бол очихыг хүссэн хамгийн сонирхолтой газрын нэг. МИАТ компанийн үйлчилгээний хамгийн чухал нь орц, гарц. Цаашлаад бусад үйлчилгээний салбаруудаа тэтгэнэ. Тиймээс агаарын тээврийн салбараа либералчлах нь эерэг нөлөөтэй.

-Монгол шуудан, харилцаа холбоо зэрэг бусад төрийн өмчүүдийг хувьчлал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Шуудангийн харилцааг аваад үзье л дээ. Тойргийнхоо бүх иргэдэд мэндчилгээ явуулахдаа айл болгоны хаалгыг тог-шихоосоо илүү шуудангийн үйлчилгээг сонгосон юм. Төрийн үйлчилгээний нэг хэлбэр иргэдэд хүрч чадаж байна уу гэдгийг мэдэхийг хүссэн. Гэтэл олон хүн мэндчилгээ хүлээж аваагүй гэсэн. Тиймээс Монгол шуудангийн үйлчилгээ миний туршилтад дүнгээ авсан. Шуудангийн компани ашигтай ажиллах үндэс нь сайн үйлчилгээ шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *