Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой” төслийг эргэлтэд оруулна

Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комиссын ээлжит 18 дахь удаагийн хурал Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааг өрнүүлэх сэдвээр Улаанбаатар хотноо чуулж байна.

Уулзалтад орон орны Сангийн яам, Худалдаа, эдийн засгийн яам, Эксим банкнуудын удирдах албан тушаалтнуудын төлөөлөл бүхий 100 гаруй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын Хөгжлийн Банкны санаачилгаар үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийн салбар болох ХАА, уул уурхайн салбарын санхүүжилтийн боломжуудын талаар хэлэлцсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

Тэрээр “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгааг онцлоод Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангаж буйг дуулгав. Мөн “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрээр, “Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны түвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Тиймээс энэ давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг та бүхэндээ сонордуулъя” гэв.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомтод Чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа үгийнхээ төгсгөлд хэлж, энэ ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар салбар тус бүрийн хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхай, хүнс хөдөө аж ахуй салбарыг онцолж “Эрдэнэс Монгол” ХХК, ХХААЯ, МҮХГ-аас тус тус илтгэл тавьлаа.

“Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал” илтгэлд “2017 онд төсвийн алдагдал хоёр дахин буурч, төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар Монгол улсын зээлжих зэрэглэл өссөн. Мөн өнгөрсөн оны экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл 1,8 тэрбум ам.долларын ашигтай гарсан үзүүлэлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Засгийн газрын бонд, өр төлбөр цаг хугацаандаа эргэн төлөгдсөн. Түүнчлэн иргэдийн хадгаламж 2,5 их наяд төгрөгөөр, нийт ачаа эргэлт 15 хувиар тус тус нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан” хэмээн дурдлаа. Эдийн засгийн эдгээр эерэг үзүүлэлт цаашид ч мөн өсөх хандлагатай байгаа ажээ. МҮХГ-аас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэрэгжүүлэхээр болсноо илтгэлийн үеэр танилцууллаа. Энэхүү бодлогын гол зорилго нь хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн бодлогогүй, тогтвортой, төлөвлөлтгүй байдлаас үүссэн эдийн засаг, нийгмийн хямралыг арилгах явдал аж. Дээрх бодлогод тулгуурлан 2018-2021 он хүртэлх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ. Хөтөлбөрт нийтдээ 16,1 тэрбум ам.долларын төсөв бүхий 113 төсөл тусгагдсан байна.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *