Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр тус үйлдвэрт үүсээд буй асуудлын талаар мэдэгдэл хийлээ.Эрдэнэт үйлдвэр нь хоногт 5.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төлдөг. Энэ баялагийг үйлдвэрийн 6000 гаруй уурхайчид, ажилчид бүтээдэг. Эрдэнэт үйлдвэрийн ажилчны дундаж цалин нь нэг сая гаруй төгрөг байдаг бол “Оюу Толгой” ХХК-ийн ажилчны цалин дөрвөөс таван сая байдаг аж. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмж жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн онд уурхайчид улсын төсөвт 600 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж 320.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдын хамтын гэрээ дуусгавар болж, шинээр гэрээ байгуулах ажил явагдаж байна. Үүнтэй холбогдуулан уурхайчид цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлээд байгаа аж.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга П.Баттөрөөс энэ талаар тодруулахад “Бид үйлдвэрийн ажилчдын цалинг шатлалтайгаар 40 хувь хүртэл нэмэгдүүлье, жилиийн эцсийн ноогдол ашгийг хоёр сараар олгоё, орон сууцны хөнгөлөлт найман сая төгрөгийг нэмэгдүүлье гэсэн шаардлагыг тавьсан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаа энэ шаардлагыг биелүүлэхгүй, ҮЭ-ийн холбооны ажилчдыг ажлын байр руу нэвтрүүлэхгүй гэсэн. “Үндсэн хууль”, “Үйлдвэрчний эрхийн тухай хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль” зэргийг зөрчсөн ноцтой шийдвэрийг үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Бадамсүрэн гаргаж, ажилчдын эсрэг турхирч байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь цалин нэмж болох хангалттай үндэслэл тооцоо бий. Энэ тооцоог ҮЭ-ийн зүгээс гаргасан. Гэвч энэ тооцоог үл хойшоосон. ҮЭ-ийн холбоог дотор нь хагаралдуулах, өөрсдийн хүмүүсийг хууль бусаар томилох үйл ажиллагааг явуулж байна.Төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, захирал зэрэг албан тушаалыг албан ёсны томилгоогүйгээр солихыг шүүхийн шийдвэрээр хориглосон. Гэтэл энэ үйлдвэрт олон жил ажилласан 60 ажилчдыг бүтцийн өөрчлөлт нэрийдлээр халах оролдлого хийсэн ч бүтэлгүй болсон. Ажилчдын хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр цуцалсанг мэдэх эрх үүрэг ҮЭ-ийн байгууллагад бий” гэв. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа:
“Цалин хөлсийг нэмэгдүүлэх, Стандарт банкны өрийг төлөхгүй хэмээн ҮЭ-ийн хорооноос ажилчидтай хамтарсан цуглаан зохион байгуулсан. Гэвч зохион байгуулсан ҮЭ-ийн байгууллагын ажлын байрыг битүүмжлэх, сейф, түгжээг эвдэх, тамга тэмдгийг авахыг оролдох зэргээр хууль бус үйл ажиллагаа хийж эхэлсэн гэнэ. Үйлдвэрийн ажилчид энэ өр бол луйварчдын тарьсан хэрэг. Тиймээс тэр хүмүүс өөрсдөө үүрэх ёстой гэсэн байр суурийг ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан илэрхийлж байгаа аж. Эрдэнэт үйлдвэр 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн барьцаалсан зээлтэй ажиллаж байна. 40 жил ажилласан учраас тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлагатай. Стандарт банкны өрийг төлөх юм бол тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжгүй болно. Энэ нь үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулна. Эрдэнэт үйлдвэрийн хууль бус томилгооны албан тушаалтнуудын тансаглал хэрээс хэтэрч байна” гэв.
Л.АНУДАРЬ