Categories
мэдээ цаг-үе

Хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан аавыг торгоод өнгөрчээ

-ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМГААЛСАН ХУУЛЬТАЙ БОЛЪЁ-

“Миний хүүхэд унана гэж байхгүй. Эмээлийг нь даруулж уяад явуулчихна. Өөрөө морь унахын бөөн хүслэн. Зүгээр ээ, унаган мориноосоо унадаг эр хүн гэж хаана байсан юм бэ”гэж Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Н.Батсайхан гэх залуу хашхирсан байна. Ингээд хоёр настай нялх үрээ олигтой ч цагааширч, хөлийнх нь ээдрээ гүйцэд гараагүй эмнэг шахуу хээр даагандаа мордуулсан гэнэ. Дараа нь хоёр настай хүүгийн хоёр гуяыг эмээлтэй нь уячихсан байна. Хэлд дөнгөж орж байгаа нялх хүүгийнхээ амь насыг дээсэн дөрөөн дээр дэнчигнүүлж, адгуусны хөлд чиргүүлж амь насаа алдах эрсдэл дунд бөх зүрхтэй аав нь явуулжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 18-нд Баянтүмэн сумын алдарт уяач зээ хүүгийнхээ даахийг үргээжээ. Ингээд бэсрэг наадамд даага уралдуулж байлсан гэнэ. Хүүгийн үсний найранд ирсэн зочид хээр дааган дээр толгойгоо даахгүй шахам явж буй хүүг хараад “Ямар хөөрхөн юм бэ. Ёстой өхөөрдмөөр хөөрхөн байна. Монгол эр хүн чинь ийм л багаасаа морь унадаг юм. Би ч гэсэн энэ хүүхдийн насан дээр л морь унаж байлаа” гээд л онгирсон байна. Сумын алдарт уяачийн зээ хүүгийн даахь үргээх бэсрэг наадамд ирсэн 100 орчим хүмүүсийн хэн нь ч хоёр настай хүүхдээр даага унуулаад уралдаанд оруулж байгааг хориглоогүй байна. Хөөрхий нялх хүү ирж очихын найман километр газарт юу болж байгааг мэдэх сөхөөгүй сэгсчүүлж явсан биз. Хоёр настай хүүхдийг зэрлэг цэнгэлийнхээ золиос болгожээ. Бодохоос ч сэтгэл сэрдхийлгэм, хүний санаанд багтамгүй зүйл болжээ. Хэрэв тэр даага замдаа бүдэрсэн бол, эмээл нь хажуу тийшээ холбирсон л бол тэр хүү хурдан дааганы хөлд хүлээтэй чирэгдэж явсаар амь насаа алдах байсан нь тодорхой байв. Азаар тэр хүү мориноосоо уналгүй барианд орсон байна лээ.

Энэ хэрэг дуулиан шуугиан тарьж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийнхөн дээрх асуудлыг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дарга Э.Жавхлан “Манай аймгийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан хэрэг гарсан. Төвд дээрх мэдээлэл ирсэн даруйд ажлын хэсэг гарч, юу болсон бэ гэдгийг шалгасан байгаа. Нэгдүгээрт, Дорнод аймгийн Засаг даргын хурдан морь уралдуулахгүй байх захирамжийг зөрчиж, даага уралдуулсан нь тогтоогдсон. Үүний дараа хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, өөрийгөө хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан байна лээ. Бид хуулийн дагуу хоёр настай хүүхдийг морь унуулсан Б болон наадам зохион байгуулсан иргэнд арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар “Эрүүл мэнд, амь насанд аюултай тоглоом наадгайнд хүүхдийг татан оролцуулсан” гэх үндэслэлээр шийтгэсэн байгаа” гэв.

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДЭД ХУРДАН МОРЬ УНУУЛСАН АСУУДАЛД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО БУРУУТАЙ

Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхээлтэй болох, амь насаа алдах нь ихэссэн. Таван жилийн хугацаанд 25 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан байна. Унаач хүүхдүүдийг амь насны даатгалтай болгох, хамгаалалтын хувцас хэрэглэлтэй морь унуулах гээд олон асуудал яригддаг. Харамсалтай нь үүнийг биелүүлдэг уяач, хурдан морины холбоод ховорхон. Уяачид жалга жалгандаа морь уралдуулж дүрэм журамгүй юм шиг л эрх дураараа аашилдаг. Хурдан морины уралдаанд хяналт тавих дүрэм журам батлуулж, түүнийг нь даган мөрдүүлэх ёстой газар нь Монголын морин спорт, уяачдын холбоо. Дээрх холбоонд аймаг сум, баг бүрийн уяачид бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь, Монголын морин спорт, уяачдын холбоо ажлаа огт хийхгүй байгаагаас үүдэн олон хүүхэд харамсалтайгаар нартаас буцаж байна. Мөн мориноос унаад хүнд бэртэл авсан олон хүүхэд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан хэвтэж байна. Бүр сүүлдээ зэрлэг цэнгэлдээ хоёр настай хүүхдийг ашиглаж эх захгүй аашилж эхэлжээ. Үүнийг таслан зогсоох цаг хэдийнэ болсон. Хэдий болтол уяачид хүүхдүүдийн амь насаар наадах вэ. Мөн Эрүүгийн тухай хуульд арван нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хуулийн хариуцлага хүлээлгэдэг заалт оруулж өгөх шаардлагатай. Нэлээд чанга заалтаар шийтгэдэг хуультай болж байж хүүхдийн амь, эрүүл мэндээр дэнчин тавьж наадам хийдэг уяачдын хэнэггүй занг номхруулна. Хүүхдийн амь насыг санаатайгаар хохироохыг завдсан гэх үндэслэлийг хуульчилж өгөх шаардлага нэгэнт бий болоод байгаа нь хоёр настай хүүхдээ хурдан морь унуулж аархсан аав, шөнө морь уралдуулсан “Дүнжингарав 2018” зэрэг наадмаас тод харагдаж байна.

Э.Баатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *