Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын намын генсекийн үүдэнд дугаарлаж зогсдоггүй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ хуралдаж, бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийхээр хэлэлцсэн. Энэ дагуу мөнгө төлөөд дарга болох хүсэлтэй хүмүүс МАН-ын генсекийн өрөөний үүдэнд дугаарлаж байна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.


-“Эрдэнэт”-ийн хууль бус ТУЗ хуралдаж, бүтцийн өөрчлөлт хийхээр ярьсан. Танай намаас томилох 60 гаруй хүн бий гэсэн мэдээлэл гарсан. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу?

-Энэ мэдээллийг би бусадтай адил хэвлэлээс авсан. Ер нь “Эрдэнэт”-ийн асуудлыг нэг талдаа шийдэх ёстой. Монгол Улсын хуулийг олон зөрчсөн, луйврын шинжтэй үйл ажиллагааг, улс төрийн нөлөө бүхий нөхдүүд хууль хяналтынхныг оролцуулаад хийчихсэн асуудал явж байгаа. Үндсэндээ монголчуудыг олон жилийн турш тэжээж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг булааж авах үйл ажиллагаа явсан гэж үздэг. Уг ажиллагаа анх хувьчлах процессоосоо эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсныг буруутгаж байгаа юм биш. Төрийн өмчийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ түүнийгээ худалдаалахдаа Монголын Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авах ёстой байсныг орхигдуулсан нь асуудал дагуулсан. Нөгөөтэйгүүр Худалдаа хөгжлийн банк гэж том банк байна. Монгол Улсын банкны тухай хуулиар зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг банк. Тэр утгаараа хэд хэдэн зүйлийг хөндөх ёстой. Тухайлбал, энэ банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд тэр зээлийг олгосон эсэх, нэг арилжааны банк ямар ч барьцаагүйгээр 29 настай залууд хэдэн зуун сая ам.доллар зээлж байгаа нь Банкны тухай хуульд нийцэж буй эсэхийн судлах ёстой. Засгийн газраас ард түмний эрх ашгийг хангах, аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс “Эрдэнэт”-ийн асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг барьж ажиллаж байгаа. УИХ-аас энэ чиглэлд шийдвэр гаргасан. Харамсалтай нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очихоор Засгийн газрын шийдвэрийг цуцалчихдаг. Гэтэл ҮХЦ хуралдаад “Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох эрх, хэм хэмжээ байхгүй” гэх дүгнэлтийг гаргачихаад байхад дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүх хуралдаад анхан шатны шүүхийнхээ гаргасан шийдвэрийг баталгаажуулчих жишээтэй. Энд нэг зүйл харагдаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, УИХ, ард түмний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгож байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг хардахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон ҮХЦ хуралдаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх ийм шийдвэр гаргах эрх зүйн боломж байхгүй гэдгийг дүгнэчихсэн байхад дахиад дараагийн шатны шүүх дээр аваачиж шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ бүх процесс үндсэндээ луйврын шинжтэй явж байна гэж хэлж болно. Энэ луйврыг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоохын тулд манай нам бүх түвшинд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Маш олон янзын саад бэрхшээлтэй ч тулгарч байна. “Эрдэнэт”-ийн асуудлыг хөндөж, ярьж буй хүмүүсийг няцаах, мохоох тодорхой улс төрийн зорилго агуулсан, хууль хяналтын зарим байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа хүртэл идэвхжиж байгаа. Үүнд бид няцаж зогсох юм бол цаашдаа Монгол Улсын хувь заяа, ирээдүй хойч үеийнхний маань ажиллах амьдрах эх орон хаашаа, юу руу явах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Сүүлийн үед маш цөөхөн гэр бүл Монгол Улсыг эдийн засаг, улс төр, хууль хяналтын түвшинд нь хянадаг болсныг улс төрийн хүрээнд ярьж байна. Арай ч тийм биш гэж боддог байсан. Одоо үүнтэй санал нэгдэх тал руу ойртлоо.

-Эрх баригч намын хүрээнд “Эрдэнэт”-ийн ТУЗ-өөр дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийе гэсэн асуудал яригдсан уу. Тухайлбал, таныг “албан тушаалуудыг 500, 300, 200 саяар зарж байна. Өрөөний чинь үүдэнд олон хүн дугаарлаад зогсож байна” гэсэн мэддээллүүд гараад байгаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэтийн асуудал анхнаасаа л луйврын шинжтэй явчихсан. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдчихсэн гэж Ц.Нямдорж сайд хэлж байсан. Үүнийг нь шийдэж байж дараагийн 49 хувийг эзэмшинэ гэж бусад нөхөд ярих ёстой. Энэ асуудал шийдэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг нөхөд очиж суучихаад “Эрдэнэт”-ийн ханган нийлүүлэлтээс эхлээд борлуулдаг зэсийн баяжмал гээд бүх зүйлийг нь давуу эрхтэйгээр өөрсдийн охин компаниудаар хийлгээд, “Эрдэнэт”-ээс улсад орж ирдэг байсан орлогыг бүгдийг нь өөрийн өмч болгочихсон. Үндсэндээ “Эрдэнэт”-ийг худалдаж авсан 400 сая ам.доллароо хоёрхон жилийн дотор нөхөж олох нөхцөлөө бүрдүүлчихсэн ажиллаж байгааг Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Төр өмчөө мэднэ. Төр 51 хувиа эзэмшиж байгаа бол 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой гэдэг чиглэлийг барьж ажиллаж байгаа. Харамсалтай нь Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг намтай, миний албан тушаалтай холбож “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл “Эрдэнэт”-ийн томилгоог хийж албан тушаалыг нь худалдаж байна” гэх мэтээр мэдээлж Засгийн газрын шийдвэрийг хүчгүйдүүлэх оролдлого хийж байна. Бид хэзээ ч өмнөх жишгээр явахгүй, давтахгүй, албан тушаал наймаалцахгүй. Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарлаж зогсдоггүй юм. Тухайн албан тушаалд томилогдох шалгуурыг хангасан хүнийг мэргэжлийн байгууллага томилоод явдаг. Харин тэр эрх мэдлээсээ буух гэж буй нөхдүүд юу ч хийж магадгүй байна. Хүнийг яаж ч гүтгэж магадгүй гэдгийг эндээс харах ёстой.

-“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгочихсон учраас хурал болвол хууль бус гэх мэдэгдэл гаргасан байсан. Энэ талаар тодруулбал?

-Энэ талаар Төрийн өмчийн хорооноос асуух хэрэгтэй байх. Би тэр талын тайлбарыг өгөх албан тушаалтан биш. Өнөөдөр зөвхөн улс төр талаасаа “Эрдэнэт”-ийн асуудалд тайлбар өгч чадна. Ер нь цаашдаа “Эрдэнэт”-ийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг авч ажиллана. Ард түмэнтэйгээ хамт үүний эсрэг тэмцэнэ гэж бодож байгаа. Мөн түрүүн хэлсэнчлэн хууль хяналт, улс төр, бизнесийн энэ нийлчихсэн бүлэглэлийн эсрэг бид шулуухан тэмцэх цаг нөхцөл нь бүрджээ. Ардчилсан нам, Ардын намыг ч тэр Засгийн эрх барьж байхад төрд шургалчихаад албан тушаал, авлигын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг цэвэрлэхийн төлөө бид ажиллана. Үүний төлөө зорьж ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *