“Яг түүн шиг” шоуны бүжгийн бэлтгэлийн үеэр
“Яг түүн шиг” шоуны бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Т.Саруултөгстэй ярилцлаа.
-“Яг түүн шиг” шоу ид дундаа орж, оролцогчид нь яван чангарч байна шүү. Тайзны ард ч ажил мөн ялгаагүй бужигнаж байгаа даа?
-Үзэгчдэд сайн мэдрэгдэхгүй байж магадгүй. Энэ удаагийн шоунд өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс оролцож байна. Ихэнх нь залуу уран бүтээлчид. Эхний шатны ялагч тодронгуут л оролцогчдын хандлага өөр болоод, бэлтгэлээ улам шаргуу хийж эхэлсэн. Тэр нь бүжигчдэд маш хүчтэй мэдрэгдэж байсан л даа. Бүгд хичээж байгаа. Одоо цаана нь дахиад таван шат байна.
-Нэвтрүүлгийн үеэр таны бүжиг зааж байгаа хэсэг харагдаад л өнгөрдөг?
-Тайзан дээрх дэглэлт, тайзны найруулга дээр бас ажиллаж байгаа. Бүжигчид, хөгжимчид хаана байрлах вэ гэдэг бүжигтэй холбоотой бүхий л найруулгыг хийж байна. Мөн дуучны хөдөлгөөнийг найруулж байгаа. Ерөнхий найруулагч Дамдинсүрэнтэй хамтдаа тайзан дээр байнга хамтарч ажилладаг. Оролцогчидтой бүгдтэй нь шударга байхын тулд нэг оролцогчдын бүжгийг зургаан цаг л бэлддэг. Хоёр цагаар гурван удаа бүжгийг нь хамтарч бэлтгэдэг. Үүн дээр хувьчилсан хоёр цагийн зөвлөгөө нэмэгдэхээр долоо хоногт нэг оролцогчтой найман цаг ажиллаж байна. Гэхдээ тэрний цаана дэглэлтээ гаргах, тусад нь бүжигчдээ бэлтгэх, жигдлэх ажил бий. Тэр бүхнийг нэмэхээр нэг оролцогчийн нэг үзүүлбэрт 15-16 цаг зарцуулдаг гэсэн үг.
-Нэг шатанд оролцогч нэг л үзүүлбэр бэлддэг бол таны хувьд найман бүжиг дээр ажиллана гэхээр ачаалалтай байх нь тодорхой?
-Оролцогчдын дуурайх хүмүүсийг судлахад их цаг зарцуулна. Оролцогч надтай бүжгээ давтах гээд ороод ирэхэд би аль хэдийнэ дуурайх уран бүтээлчийг нь судалчихсан, тэр дүр рүү шилжихэд бэлэн байж байх ёстой. Ингэхээр хувийн зохион байгуулалтыг надаас их шаардаж байгаа. Өмнө нь бүжгийн продакшн, байгууллагуудтай хамтран “Яг түүн шиг” шоун дээр ажиллаж байсан. Гэхдээ ганц, хоёр бүжгийн дэглэлтийг дааж авч тэрийгээ хийж өгчихөөд л явчихдаг байлаа. Харин энэ удаад “Яг түүн шиг” шоу гарахаас өмнө АНУ-д дэлхийн шилдэг бүжигчид, бүжиг дэглээчдийн гар дор бэлтгэгдэж байгаад ирсэн болохоор “Би илүү хариуцлага үүрч үзмээр байна” гээд энэ шоуны бүх бүжгийг дааж авсан л даа. Энэ шоугаар дамжуулж би асар их юм сурч байна. Шоу, олон төрлийн бүжиг, олон төрлийн дэглэлт, найруулга нь эргээд оролцогчид болоод ард нь ажиллаж байгаа хүмүүсийг асар их туршлагажуулж байна.
-Оролцогчдын онцлогоос яривал?
-Наки (Оролцогч Б.Нацагдоржийг хэлэв.сурв) ах маш хичээнгүй. Би продюсер хүн, энэ дууг чинь би зохиодог юм, миний хоолойн өнгө дээшээ, доошоо ингэж дуугардаг юм гэсэн ямар ч онгироо зан байхгүй. Яг л суралцагч шиг байдаг. Бэлтгэлдээ орж ирээд л бэлдээд байдаг, бэлдээд л байдаг. Наки ах бага зэрэг махлаг. Миний ажигласнаар тиймэрхүү жинтэй хүмүүс “Би тарган учир муухай харагдана. Би яаж залуу хүүхдүүдийг барах вэ дээ” гэсэн хандлагатай байдаг. Гэтэл Наки ах тийм биш. “Би үзүүлээд өгнө. Чадна. Алив заагаад өг” гэсэн дайчин чанартай. “Танд амархан дэглэлт тавиад өгье” гэхээр “Үгүй. Та нар хийдгээ хий. Би сурмаар байна” гэдэг. Тайзан дээр гарахаараа зааланд бэлдэж байснаасаа илүүг үзүүлдэг. Тайзнаа гарахын өмнөх орой нь бараг унтдаггүй юм шиг байгаа юм. Хөдөлмөрч зан нь надад их нөлөөлж байгаа. Тэр хүнээс сурах юм их байна. Тэмка (О.Тэмүүжин) ахад бурхнаас өгсөн авьяасыг би л лав үгүйсгэж чадахгүй юм байна билээ. Орж ирэнгүүт нь 16 тоотыг үзүүлэхэд л “Аяа тавь” гэдэг. Нэг хараад л сурчихдаг. Бүжигчин, дуучин, жүжигчин хүн. Өөрийнхөө продакшны бүхий л найруулга, маркетинг хийгээд явчихдаг, бүх тал руу төгс хөгжчихсөн. Яалт ч үгүй ард түмний дунд өөрийгөө тамгалах хэмжээнд танигдсан хөдөлмөрч хүн болохоор огт өөр.
Харин Г.Сүндэрмаа эгчийн хувьд “Sweetymotion” хамтлагтайгаа АНУ-д удчихсан туршлагатай уран бүтээлч. Сэтгэл хөдлөлийн хувьд их гадагшаа. Бүжгийн ямар ч тавилтыг маш их сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээн авдаг. Их эрч хүчтэй. Тэр нь ч бидэнд нөлөөлж бүжиг зааж байхдаа түүнийг дагаж баярлаж, огшдог. Энэ мэтээр оролцогч болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Ц.Тэмүүлэн ах бусад үед чимээгүй. Бүжиглэх дургүй байгаа ч юм уу, эсвэл бидэнд дургүй байгаа юм болов уу гэж бодогдохоор. Гэхдээ огт тийм биш. Тэр хүний байгаа нь л тэр. Бэлтгэл нь дуусаад хоёр, гурван цаг өнгөрч байхад ч Ц.Тэмүүлэн яваагүй, толины өмнө ганцаараа бүжгээ давтаад зогсч байдаг.
-Та АНУ-д гурваас ч илүү сар байсан биш билүү?
-Тийм тийм. Сүүлийн нэг жилийн дотор долоо, найман сарын хугацаанд АНУ-д ирэн, очин байсан л даа.
-Өнгөрсөн өвөл залууст зориулсан лекц уншсан. Ямар сэдэвтэй лекц байсан юм?
-“Сэтгэлийн гал” гэдэг нэртэй лекц. Залуусыг илүү хүсэл мөрөөдөлтэй амьдраасай. “Барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр” гэдэг үгэн дээр битгий суугаасай гэж боддог. Зүйрлэж хэлбэл, сумын төв дээрээ амьдардаг бол “Би сумын төвийнхөө л атаман нь байя” гэх биш. Би аймаг руу явъя, хотод очоод улам хөгжье гэсэн бодолтой, холыг харсан мөрөөдөлтэй байгаасай. Монголдоо л болж байвал боллоо шүү дээ. Монголдоо л олны танил болчихвол боллоо. Эндээ л нэг лангуу ажиллуулчихвал боллоо гэх жижигхэн хүсэл мөрөөдөлтэй биш. Гадны залуус шиг дэлхийд би том иноваци хиймээр байна, хөгжил хиймээр байна, соёл урлагийн бизнес рүү нь орж дэлхийн ододтой хамтарч ажилламаар байна гэсэн тийм мөрөөдөлтэй байгаасай гэсэндээ лекц тавьдаг. Олон ч жил энэ лекцээ тавьж байгаа л даа. Анх “TEDxUlaanbaatar” цуврал арга хэмжээн дээр “Сэтгэлийн гал-1” лекцээ тавихад нэлээд өндөр үнэлгээ авч байсан. Ирэх наймдугаар сард, Америк явахаасаа өмнө амжвал “Сэтгэлийн гал-3” лекцээ уншина аа.
-Та өмнө нь “Авьяаслаг монголчууд ” шоунд оролцож байсан. Хэддүгээр шат хүртэл нь явлаа?
-Шилдэг 32 хүртэл явсан.
-Таны нэг онцлог бол тайзан дээр хэлье гэснээ шууд хэлчихдэг өөртөө итгэлтэй зантай. Энэ зан таны унаган зан байх. Мөн гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой юм болов уу гэж харагддаг?
-Аав маань 1990 оны үед Солонгос, Монголын харилцааг маш их хөгжүүлж байсан хүн байдаг байхгүй юу, оюутнаар очоод. Залуугаасаа л барууны сэтгэлгээтэй болчихсон. Надад гадаад дууны үгийг орчуулж өгдөг байсан. “Миний хүү энэ ийм утгатай дуу шүү” гээд тайлбарлана. Монгол дуунаас огт өөр санагдсан. Эх орон, аав, ээж гэхээс ондоо амьдралын утга учир, хүсэл мөрөөдлөө дага гээд өөр юм ярингуут надад гоё сэтгэгдэл төрж эхэлсэн. Миний сэтгэлгээ барууны талаас хөгжчихсөн, гэр бүлээсээ. “Авьяаслаг монголчууд”-д ороод олны өмнө гараад ирсэн чинь энэ зан маань хүмүүст их л өөр харагдсан юм шиг байгаа юм. Барууны соёлыг үзүүлэлт талын соёл гэх юм уу даа. Гадагшаа соёл. Мэдэрч байгаагаа шууд хэлдэг. Олны өмнө гарч ирвэл “Надад боломж олгооч”, “Би чадна”, “Би харуулаад өгье”, “Би өөрчлөлтийг хийе” гэдэг сэтгэлгээтэй. Харин Азийн соёл эсрэгээрээ, дотогшоогоо. “Ээ яах вэ, би ингэсгээд болно. Би яах вэ” эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг юм гэсэн байртай. Чимээгүй байвал илүү хүндэтгэдэг. Тийм болохоор шоу дуусахад хүмүүжсэн тэр хүмүүжлээрээ “Надад боломж олгосонд баярлалаа. Би цаашид өөрийгөө чадна гэдгээ харуулна аа, улам хичээнэ ээ. Үүгээр бүх юм дуусахгүй” гэж хэлсэн чинь “Өө, энэ яасан омголон залуу вэ” гэж дургүйцэцгээсэн.
-Тэгж хэлсний тань дараа маш их сөрөг коммент явсан шүү?
-Тэр гэлтгүй олон юм болсон доо. Энэ болгонд би юуг анзаардаг вэ гэхээр миний үйлдэл ярьж байгаагаасаа илүү чанга дуугардаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. “Яг түүн шиг” шоунд ажиллаж, АНУ-д суралцаад байгааг минь хараад “Энэ нөгөө муулуулаад байсан залуу байна ш дээ” гэхээсээ илүүтэй “Энэ залуу үнэхээр тууштай явж байна, мохсонгүй шүү” гэж хараасай. Үүгээрээ л залуус нэг нэгэндээ үлгэр дуурайлал болох ёстой юм болов уу.
-Бүжиг танд ямар үнэт зүйлийг бий болгосон юм бол?
-Өөртөө итгэлтэй байдал, хариуцлагатай байх чанарыг өгсөн. Хариуцлагын үнэ цэнэ. Бүжиг тайзан дээр харуулчихаад алга болчихдог зүйл биш. Хэн нэгэнд заагаад, хүмүүсийн өмнө зогсоод багшлаад, студи байгуулаад явдаг зүйл. Миний туулж гарах ёстой ганц зүйл юу байсан бэ гэхээр асар олон залуустай хувьчилж уулзаад бүжиг заахаас өөр арга байгаагүй. Би сүүлийн 12 жилийн хугацаанд 10 мянга гаруй залууст бүжиг заачихаад байна. Энд тэнд ганц хоёр, арав, хорин хүнд зааж явсаар байгаа төдий тоонд хүрчихээд байгаа юм. Тэр залуустай харьцахад бүгдэд нь нэг л адилхан шинж байсан.
-Ямар шинж?
-Бүгдээрээ өөрийнхөө бодож байгаагаа хэлэхээс айдаг. Магадгүй дотроо бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй ч тэрийг нь эцэг эх нь няцааж “За чи битгий галзуураад бай. Тийм юм байхгүй шүү. Чи ийм мэргэжилтэй бол” гэж эрс хориглож өмнөөс нь шийдвэр гаргадаг. Хүүхэд тэрнээс болоод хийж байгаа алхам болгоноо буруу байх вий гэсэн айдсаар хүрээлэгдэж амьдарч байдаг. “Чи чадна ш дээ. Чи дуртай бол бүжиглэх хэрэгтэй” гэхээр анх удаа тийм үгс сонсч байгаа юм болов уу гэмээр мэдрэмж нүднээс нь харагддаг. Тэр нь намайг лекц тавихад хүргээд, өөрийнхөө үгийг итгэлтэй хэлэхэд түлхэж өгсөн. Энэ бүхнээс залуучуудын дуу хоолой болж, тэдэнд урам зориг өгдөг хүн байдаг юм болов уу гэсэн эргэлзээ төрсөн шүү. Миний хувьд интернэтээр барууны хүмүүсийг сонсоод тэднээс урам зориг аваад явчихсан. Тэгвэл хэл усгүй монгол залуус хэнээс урам зориг авч байгаа юм. Аав ээж нь тэгдэг юм байж. Эргэн тойрны найз нөхөд нь ингэдэг юм байж. Хүсэл мөрөөдөл нь хаана яваа юм бол гэж их бодогдсон шүү.
-Та өдөрт бүжгийн бэлтгэлдээ хэдэн цаг зарцуулдаг вэ?
-4-8 цаг зарцуулдаг, тогтмол. Бэлтгэлээ хийхгүй болоод ирвэл жин нэмэгдээд булчингийн контролоо алдаад сэтгэлгээ минь бүжгээс холдоод, хөгжмийн мэдрэмж минь ч өөр болоод ирдэг. Фитнессийн тамирчинтай адилхан. Дасгалаа хийхгүй бол формоо алддаг. Тэрэн шиг. “Авьяаслаг монголчууд”-аас хойш телевизээр гараагүй ч гэсэн ажлаа хийгээд л, бүжгээ бэлдээд л явсан.
Б.АЛТАНТУЯА