“Монгол хурандаа нийгэмлэг”-ийн тэргүүн, Терроризмын эсрэг Монголын холбооны ерөнхийлөгч доктор, профессор Чойжавын Баатарынд өнжлөө. Алтайн хөх харчуудын нэгэн тэрээр хүмүүн гэгч чухамхүү хичнээн олон салбарт үр бүтээлтэй, нэр хүндтэй ажиллаж болдгийг харуулж чадсан эрхэм. Ажил амьдралын урт хугацаанд цэрэг арми, дипломатын алба, хууль сахиулах, улс төр эдийн засаг гээд улс ардын аж ахуйн бүхий л салбарт ажиллажээ. Тэрээр дурсахдаа хүн, мал эмнэлгийн салбарт л ажиллаагүй гэж бодсон чинь бас ч хоосонгүй ээ. Тэр жил манай улсад малын халдварт өвчин гараад олон сая вакцин ОХУ-аас захиалсан ч хэрэгцээ дараалал ихтэй тэгээд ч ганцхан газар Владимир хотод үйлдвэрлэдэг яаралтай явуулах талаар төвөөс шаардсаны дагуу ЭСЯ-д яриа хөөрөө болоход уул газрын удирдлагатай миний бие холбоотой байсан тул даруй шийдвэрлэж билээ. Эрүүл мэндийн талаар операцийн утас тасарч хүндхэн байх үед Монголоос Цанжид гэж эм зүйн мэргэжилтэн хүсэлт гаргаснаар хоёр шуудай утас онгоцоор авчирч өгсөн нь хичнээн хүний амь насанд тус дэм болсныг өгүүлэх юуны билээ гээд “Хүн аливаа ажилд сэтгэлээсээ хандвал заавал үр дүнд хүрдэг” гэснээр бидний яриа эхэлсэн юм.
Эдүгээгээс тавь гаруй жилийн өмнө буюу жаран долоон онд аравдугаар ангиа төгсөөд Цэргийн ерөнхий дээд сургуульд элсэж, улмаар онц дүнтэй төгссөн түүнийг хотод үлдээсэн хүн нь Монголын хүчит бөх, дархан аварга Шаравын Батсуурь. Баатар хурандаа, аварга хоёр Хасагт хайрхан, Хаяа, Цахирын уул, Говь-Алтайн Жаргалангийн садан төрөл хүмүүс. Төрөлх сургуульдаа олон жил багш, тэнхимийн эрхлэгч, орлогч захирлын алба хашсан тэрээр “Монголын цэрэг армийн алдартай генерал, сайдуудын удирдлагад байсан би мөн ч азтай хүн шүү” гэж сэтгэл дүүрэн хэлсэн. Батлан хамгаалахын сайд армийн генерал Батын Дорж, хурандаа генерал Жамсрангийн Ёндон, дэслэгч генерал Шагалын Жадамбаа нарыг нэрлээд “Ач буяныг нь энэхэн насандаа мартамгүй” гэсэн нь учиртай. Залуу насанд алдаж онож явахад, ажил албаны үзүүлэлтийг нь хараад холбогдох хууль хяналтын байгууллагад хандан уучлал үзүүлсэн хүн нь Дорж гуай. Ёндон генералын саналаар ерөнхий сургууль төгсөгчдөөс анх удаа тактикийн багш хэмээх хариуцлагатай албанд томилогдож, цаашлаад ЗХУ-д Фрунзийн академид суралцах боломж нээгдэх нь тэр. Жадамбаа генерал офицеруудын мэргэжил дээшлүүлэх төвийн захирлаар томилон нэг жилийн хугацаанд тус төвийг шаардлагын хэмжээнд хүргэсэн учир сайдын зөвлөл хугацааны өмнө “Хурандаа” цол олгож, Москва хот дахь Элчин сайдын яаманд атташейн аппаратад сонгож явуулсан түүхтэй аж. Элчинд очоод удаагүй байтал Оросын “Оборон-эксперт” нэгдэл Монголын Батлан хамгаалах яам хоорондын гэрээгээр хийгдсэн хуягт танкийн сэлбэгийн асуудал сөхөгдлөө. Төлбөр тооцооны талаар Монголын Засгийн газарт хоёр ч удаа хандахад “Бидэнд төлбөр хийх ямар ч боломж алга. Наанаа зохицуул” гэсэн хариу өгөв.
Оросын Батлан хамгаалах яамны зүгээс цэргийн сургуульд шинээр оюутан элсүүлэхгүй байсан нь мөн л төлбөртэй холбоотой. Хоёр улсын Засгийн газар хоорондын энэ бүх асуудлыг Монголынхоо “Чингис” архийг тавьж байгаад сайхан сэтгэлт орос нөхөдтэйгээ нүүр тулан эрсхэн ярилцаж сургалтын асуудлыгдээдтүвшинд шийдэж байлаа гэх хурандаагийн яриа одоогийн залууст үлгэр домог мэт санагдах биз ээ.Түүний ажлын үр дүн, зангарагийн хүчинд БХЯ-ны 500 мянга, мөн хууль сахиулахын чиглэлийн нэг сая шахам ам.долларын сургалтын өр тэглэгдэж, ерэн зургаан оноос цэргийн академи, дээд сургуулиудад Монголоос хүмүүс суралцах нь хэвийн болжээ. Алдарт Фрунзийн академи, нисэхийнболон танк, инженерийн академи, ДХЯ-ны сургуулиудад суралцах боломж нээгдэж, гал, цагдаагийн чиглэлийн төлбөрийн улмаас буцаж ирээд байсан суралцагчид дахин очиж суралцаж төгссөн байна.
Баатар хурандаа Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудыг төлөөлж гадаадад хамгийн олон жил ажилласан хүн. Энэ хугацаанд сайдын хэмжээний айлчлал тав, яам, агентлаг тусгай газрын айлчлал 10 гаруй удаа зохион байгуулж, 300 гаруй хүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж хууль, цагдаагийн чиглэлээр суралцагчдын зардлыг ОХУ бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан нь ядмаг эдийн засагтай манай улсад олон арван сая долларын хэмнэлт өгч байгаа төдийгүй өндөр мэргэжлийн боловсон хүчинг дэлхийн хэмжээнд бэлтгэж байгаа нь юугаар ч үнэлэшгүй ач тус юм. “Хүмүүсийн арга эвийг олж, болохоос болохгүйг нь хүртэл хөөцөлдөж, уйлах дуулахаас наахнуур гүйж байж энэ бүхнийг улс эх орныхоо төлөө сэтгэл гарган бүтээж байлаа” гэсэн нь энэ хүнээс гарах үг ч мөн дөө гэх бодлыг төрүүлэв. Нэр устай, баримт сэлттэй жишээ ганц нэгийг дурдаач гэхүйд өндөр соёлтой хүний дөлгөөн төрхөөр хүлээн авч, Ц.Нямдорж сайдын 2-3 удаагийн айлчлалыг төрийн өндөр дээд хэмжээнд, Ш.Жадамба сайдыг С.Шойгутай, тэр болгон яамдын сайдууд элчин сайдтай уулздаггүй нөхцөлд элчин сайд С.Баярыг долоо хоногийн дотор ДХЯ-ны сайд В.Рушайло, ХЗЯ-ны сайд Ю.Чайка нартай, ХЗЯ-ны сайд асан Ж.Амарсанааг Москвад очиход нь ОХУ-ын ХЗЯ-ны сайд Степашинтай тус тус уулзалт зохион байгуулж байснаа цаг нартай нь дурссан юм. Тэртээ ерээд оны алтан Москвагийн өдрүүд түүний сэтгэлд одоо ч тод хэвээрээ байгаа ажгуу.
Тэднийх гарын таван хуруу шиг таван охинтой аж. Гэргий Д.Оюунбилэг нь даруу дөлгөөн, цэргийн хүний, дипломат хүний ар гэрийг хариуцаж ирсэн түшигтэй хань. Баатар хурандаа ЦЕДС-ийн сонсогч байхдаа ханьтайгаа танилцаж, халуун залуу насандаа учирчээ. “Би чинь курсын нөхдөдөө 30 дөхөж байж л гэр бүлтэй болох юм шүү гэж хэлж сургадаг байв. Тэгтэл өөрөө сургуулиа төгсөнгүүт хамгийн түрүүнд эхнэр авсан даа” гээд сүрхий инээд алдан арван зээтэй өнөр өтгөн айл болсноо өгүүлсэн. Бүх хүүхдүүд нь орос школтой, хоёр охин нь Орост докторын зэрэг хамгаалжээ. Хоёр дахь охин Солонго нь хэл шинжлэл, сэтгүүл зүйн, гурав дахь охин Гэрэлтуяа эдийн засгийн ухааны доктор. Дөрөв дэх охин Ариунаа арван жилийн сургуулиа Америкт төгсөж Москвагийн дотоод яамны их сургуулийг олон улсын интерполын чиглэлээр дүүргэсэн Монголын анхны төгсөгч бол бага охин Энхмаа нь Парисын их сургуулийг дүүргэсэн байна. “Москвад арван хэдэн жил болохдоо хүүхдийнхээ боловсролд дээд зэргээр анхаарсан. Манай элчингийнхэн сайн муугаар хэлж л байсан. Хүүхдүүдээ гадаа ч тоглуулахгүй, дандаа хорьж цагдан гэрийн багшаар хичээлийг нь давтуулдаг гээд л. Түүний хүчээр хэнээс ч дутахгүй өндөр боловсрол эзэмшсэн” гэсэн нь бахархалтай сайхан. “Хүүхдүүдийнхээ тухай би тэр бүр яриад байдаггүй, хүргэчүүд маань цөм л төрийн албанд зүтгэдэг, боловсрол мэдлэгээр хаана ч гологдохгүй бүгд л гадаадад сургууль соёл төгссөн” гэж гэргий Оюунбилэг нь өгүүлсэн.
Олон талтай бөх гэдэг шиг өнжиж буй айлын эзэн салбар бүрт нэртэй, мөртэй, туулсан гавьяа замналтай нэгэн. Москвагийн Баатар, “Монгол хурандаа”-гийн, “террорист”, зөвлөх, доктор, профессор гээд олон нэршил түүнийг дагалдана. Эл бүхний нэрийн хуудас болсон нь “Монгол хурандаа нийгэмлэг” яалт ч үгүй мөн. “Дэлхийд ноёлсон хурандаа цолыг Монголд хэн дуртай нь авдаг болсон. Хурандаа болохын тулд албан тушаалын наймаа хэрээс хэтэрч, нэр хүндээ алдан үнэ цэнэгүй болсон. Мөрдөс зүүсэн цэрэг армийнхныгаа нэгтэх, нэр хүндийг нь өсгөх, залуучуудыг эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийг байгуулсан”-аа хэлж байна. Найман боть ном гаргалаа. Танхим байгуулж бүх хурандаагийн нэрийг мөнхжүүллээ хэмээн эхлүүлсэн хийгээд хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. “Бүх салбарын хурандаа нарыг нэг дор зангидна гэдэг амаргүй. Хоёр хурандаа явахад л хоорондоо таардаггүй зовлонтой шүү дээ” гэж тэрээр наргиан болгож байсан ч нөгөөтэйгүүр бас үнэн билээ. “Чадалгүй, амиа аргацаасан хүн бусдыг муулдаг, бүр атаархаад сүйд болно, дэмжээд хамтраад амжилтанд хүрэх талаар тийм хүмүүсийн ухаан дутдаг гээд“Бусдын атаархлыг төрүүлдэггүй хүн ямар ч үнэгүй байдаг” гэсэн үгийг залуус та нар бас л бодох л зүйл гэж биднийгээ “хатгаад” авахаа мартсангүй.
Бидний яриа Туул голын хөвөөн дэх зуслангийн байранд нь ийн үргэлжилсээр. Хурандаа нийгэмлэгийн яриа аясаараа терроризмын холбоо руу шилжлээ. “Намайг чинь түүгээр яваа гайг нааш нь дуудлаа. Монголоос хамаагүй хол байгаа зүйл чамд хамаагүй. Ер нь тэгээд терроризмтай тэмцээд байгаа чинь хаана байгаа юм гэж зарим хүмүүс шүүмжилдэг, бас зарим нэг нь магтаж урамшуулдаг гэдгээ шударга хэлээд холбооныхоо түүхээс сөхсөн юм. Мань хүн Москвагийн Норд-Ост соёлын төв, Тулскийн метро, Тушинскийн нисэх буудлын талбай зэрэгт болсон террорист халдлагын хор уршиг хийгээд сэргээн босголтын явцтай газар дээр нь танилцжээ. Олон улсын терроризм зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх форумын ерөнхийлөгч, армийн генерал А.С.Куликовтой холбоотой байсны хувьд олон давхар бүслэлттэй халуун цэгт нэвтэрч байсан гэдэг. Терроризм бол хүн төрөлхтний хэдэн мянган жилд бүтээсэн соёлын түүхт өвийг хэдхэн минутын дотор үнсэн нурам болгох ийм л аюул. 2020 онд оргил үе нь гэж дэлхийн судлаачид хэлээд байгаа. Гол нөлөө нь шашин хоорондын болоод үндэстэн хоорондын мөргөлдөөн. Тэрхүү аюулаас Монгол Улс урьдчилан сэргийлэх учиртайг дуулгасныг уламжилъя. Терроризмын тухай олон ном бүтээл бичжээ. Дэлхийн 50 шахам оронд хөл алхсанаас терроризмын асуудлаар 20 гаруй оронд очиж, илтгэл тавьж хурал зөвлөгөөнд оролцсон байна.
Баатар хурандаа Хууль зүйн таван сайдын зөвлөх байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Цэндийн Нямдорж сайдын үед зөвлөх болоход цэргийн хүрээнийхэн “Ар өврийн хаалгаар болчихов уу” хэмээн жиг жуг хийцгээж байж. Гэвч таван сайдын үед нэр төртэй ажилласнаар хэн бүхэн хэлэх үггүй болсон гэнэ. Элчин сайдын яам, цэргийн сургууль, хууль зүй, батлан хамгаалах салбар, Засгийн газрын хэмжээнд бүхий л насаараа шаргуу зүтгэсэн тэрээр улс орныхоо хөгжил дэвшил, нийгэм эдийн засагт ихээхэн санаа зовниж явдгаа дуулгаж, тодорхой зүйлүүд дээр өөрийн бодлыг хэлсэн юм. “Монголд өнөөдөр “зөвлөх” гэдэг туйлын хариуцлагатай алба байр сууриа олж чадаагүй. Тухайн салбартаа хамгийн нэр хүндтэй, мэдлэг чадвар, дадлага туршлагатай хүнийг зөвлөхөөр авах ёстой юм. Гэвч манай дарга сайдууд танил тал, нам эвсэл, садан төрлөө зөвлөхөөр авч, тэд нь зөөлөн сэнтийд заларсан хариуцлага хүлээдэггүй, нэг л том эрх мэдэлтэй хүмүүс байдаг. Хийдэг ажил нь даргадаа зөвлөх биш, даргынхаа аяыг дагаж толгой дохих. Гаргаж байгаа шийдвэр нь дандаа төгс биш. Уг нь зөвлөх хүн салбарынхаа хэмжээнд болж буй аливаа асуудлыг даргаасаа өмнө урьдчилан мэдэж, шалтаг шалтгааныг нь судлаад засаж залруулах арга замыг судалж, ажил хэрэгчээр санал дэвшүүлэх учиртай. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлыг харахад улс орны хөгжил байдал яаж урагшлах нь бүрхэг байна” гэх нь аргагүй л туршлагатай хүний үг. Таван сайдын зөвлөх байсан хүн зөвлөхийн тухай ингэж хэлээд төр засгийн өнөөгийн өнгө төрхийг тэр чигээр нь тодорхойлчихов. Их эзэн хаан маань “Өвгөд, өтгөс ч хувийн төлөө бус төрийн төлөө байнга зөвлөж байхтун” гэснийг сануулахад илүүдэхгүй биз гэлээ. Мөн эдийн засгийн форумыг ямар ч үр дүнгүйд нь харамсдагаа илэрхийлсэн. “Эдийн засгийн хамгийн гол зүйлээ форумын үед оновчтой бэлтгэл сайтай судалгаа тооцоотой авч хэлэлцэхгүй зүгээр л алба өнгөрөөсөн маягтай хийх юм. Гарсан шийдэл гэж байхгүй. Жил бүр хийдэг хэрнээ өмнөх жилүүдийнхээ алдаа оноог хэлэлцдэггүй. Нөгөө л өмнөх байдлаараа ёс юм шиг төрийн өндөрлөгүүд ээлж дараалан үг хэлж бас л байнга оролцдог хэдэн нөхөд зовлон жаргалаа улиг болтол ярина. Гадны хөрөнгө оруулалтыг татна гэх. Ямар салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй нь тодорхойгүй, нэгдсэн бодлогогүй” гэж үнэнийг хэлэхэд шүүмжлэл байгаа оновол засаж залруулж болно доо гэсэн бодол тээж суулаа. Түүний шавь нараас УИХ-ын гишүүн долоо, яам агентлагийн дарга, сайдууд арав, генерал цолтон найм, эрдэмтэд 20 гаруй төрөн гарчээ.
“Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай та бас байр сууриа илэрхийлдэг хүн дээ” гэж сүрхий ёворч асуусан нь дарин дээр давс нэмэв гэгчээр болов. “Чөлөөт бүс байгуулна гэж 15 жил ярьсан. Захиргааны зардал, дэд бүтцэд өнгөрсөн хугацаанд 170 тэрбум төгрөг зарсан. Гэвч үр дүн нь гурван хоосон хашаа, 100 гаруй хүн ажлаа хүлээсэн байдалтай байна. Алтанбулагийн чөлөөт бүс ашиглалтад орсон гэхээр нь би саяхан очиж үзээд харамслаа. Тэнд тав, зургаан ТҮЦ архи л зарж байна. “Архи зарах чөлөөт худалдааны бүс” гэж хэлж болохоор. Гэхдээ тэдний буруу биш. Алтанбулагийн чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь явуулъя гэвэл тухайн иргэдээс төр засаг газрыг нь дахин худалдан авах шаардлага гарна. Тэр хүмүүс санаанд орсон үнээ хэлэх нь мэдээж. Ийм л дампуу байдал үүсчихээд байна” гэж бухимдлаа. “Чөлөөт бүсийг гадны хөрөнгө оруулагчид дотоодын хөрөнгө оруулагчидтай хоршиж байгуулдаг. Миний бие чөлөөт бүсийг хариуцсан дарга нь байгаагүй ч асуудалд эхнээс нь санаа тавьж оролцсон. Америк, Канад, Япон, Солонгосын мэргэжилтнүүдийг авчирч Замын-Үүдийн чөлөөт бүс дээр ажиллуулж байсан. Гэвч төр засаг миний саналыг дэмжээгүй. Харин саяхан ажлын хэсэг хуралдахад оролцлоо. “Чөлөөт бүсийг бид одоо л байгуулахгүй бол хэзээ ч байгуулж чадахгүй. Энэ Засгийн өнгөн дээр байгуулъя” гэсэн маш зүйтэй саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин гаргасан. Замын-Үүдийг нээе гэвэл зүгээр л хоосон хашаа нээх үү. Чөлөөт бүс гэдэгт үйлдвэр, үйлчилгээ, худалдаа, соёл шинжлэх ухааны төв гээд бүх зүйл цогцоороо товчхон хэлэхэд тэр улсын нүүр царай байх ёстой. Улсын хил чөлөөт бүсийн хооронд завсрын бүс үлдээж коридор гаргах тухай яригдана билээ. Миний бодлоор тэр ёстой болохгүй, хожим бас нэг хэрүүлийн бай болно. Хил дамнасан чөлөөт бүс гэдэг чинь хилдээ шууд тулгах тэгээд ч олон улсын шинж чанартай бүтээн байгуулалт. Монгол Улс дэлхийд данстай тусгаар улс атлаа яагаад урд хойд хил, хаалга үүдээ өөд нь татаж чадахгүй байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг, одоо анхаарах цаг болсон. Манай улсын нүүр царай энэ хоёр газраас л эхэлнэ. Өнгөрсөн оны сүүлчээр чөлөөт бүсийг хэрхэн байгуулж болох талаар саналаа Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцаа, Барилга хот байгуулалт, Зам тээврийн сайдууд, нэр бүхий 10 гишүүнд хүргүүлсэн ч Ш.Раднаасэд, Н.Учрал нар л ач холбогдол өгсөн. Би өмнө нь 2009-2010 онуудад авто зам, төмөр замыг хоёр урсгалтай болгоё, Ази Европ тивийг холбосон асар том боломж нээгдэнэ гэж хэлээд тухайн үеийн засгийн хуралдаанаас “Чи ямар илүү юм ярьдаг нөхөр вэ, ганцыгаа барьж байгуулж дөнгөхгүй байхад” гэж загнуулж байсан удаатай. Гэтэл өнөөдөр эдийн засагчид авто зам, төмөр замыг хоёр урсгалтай болгох талаар ярьж байна” хэмээн жинхэнэ судалгаа тооцоог нь нарийн нягт хийсэн хүний үгээр тодорхой гэгч хариулт өглөө.
Хурандаагийн номын өрөө, бэлэг дурсгалын зүйл ханаар нь дүүрсэн гоёмсог танхимд бидний яриа ийм л албаны маягтай үргэлжилсэн. Номын тавиур дээрх өөрийнх нь бичсэн бүтээлтэй танилцахад, мэргэжлийн болон дурсамж дурдатгал хэлбэрээр арав гаруй бүтээл мөн “Заяа төөрөг” гэж хоёр ангит кино хүртэл бичээд шуугиулжээ. Мэргэжлийн чиглэлийн ном, гарын авлага нь их дээд сургуулиудад сурах бичгийн журмаар хэрэглэгддэгийг дуулгаад “За баахан ярилаа. Одоо хоол унд иднэ байгаа. Би чинь нэг сэдэв хөндөхөөрөө олон талаас нь ярьж, үр дүн гаргаж байж санаа амардаг хүн” гэж инээвхийлээд гал тогоондоо урьсан юм. Хоол болохын өмнө тэрээр нэг давхрын зочны өрөөн дэх төгөлдөр хуурын ард суугаад төрийн шагналт Цэгмидийн Намсрайжавын зууны манлай “Халуун элгэн нутаг”-ийн аялгууг дарж үзүүлэв. Тэгснээ “Алтан наран хэвийх зүгт Алтай сайхан нутаг минь бий” гэх Гэрэлт-Одын дуулдаг “Элс цас”-ын Шажинбат гуайн шүлэг сайхан дууг тоглолоо. Мөн “Ус мөрөн олон чиг”гээд хүчирхэг дуунуудын эзэн Пүрэвжавын Ганбат гавьяатыг Нямдорж сайдын захиснаар Свердловскийн театрт байхад нь Маринскийн театрт оруулах ажлыг хийжээ. Нутгийнхаа том Жагаа, Энхбат, дөчин хэдэн жил нөхөрлөж байгаа Нанзадын Чулуунхүү гээд урлагийнхантай найзууд ажээ. Гэргийнх нь хоолыг амтархан идэнгээ “Гэр бүлийн найзууд гэвэл хэн хэн байна аа” гэхэд бодлогошироод “Тэр чинь хэцүү дээ. Хичнээн олон хүний нэр хэлэх болно. Заримыг нь үлдээж гомдоож ч мэднэ” гээд Москвад ажиллаж амьдарч байсан нөхөд гээд Батдорж, Цэнд-Аюуш, Лүндэн, Цээсүрэн, Аюуш гээд хөврүүллээ. Ардын эмч Б.Батчулуун, “Их засаг”-ийн Н.Ням-Осор, ардын багш Ж.Дүгэр, Л.Ариунболд, Ч.Амарбаатар нарын дотно нөхдөө хэлснээ Хууль зүйн фракцийнхан гэж тодотгоод Д.Одбаяр, Г.Баясгалан, Д.Батжаргал, Ш.Сүхбаатар, С.Алтанхишиг болон А.Дамбадаржаа хурандаа нарыг нэрлэсэн. Би чинь шавь нартайгаа ч найз хүн гээд Я.Чойжамц генерал, Д.Баярхүү, С.Баясгалан, Х.Батсайхан, Б.Даваахүү, С.Хүрэлбаатар гээд хичнээн ч хүний нэр дурдсан гэж санана.
Олон зүйл дээр анхдагчийн алдрыг хүртсэн тэр ерээд оны эхээр өндөр их Алтайгаа зорьж ирээд “Алтай сан”-г байгуулж хөх харчуудаа нэгтсэн гавьяатай. Монголд нутгийн зөвлөлийг Баатар байгуулсан гэдэг нь ийм учиртай. Мөн “Алтайн оюуны хөгжил” ассоциацийг олон жил удирдсан.
Монголын хөгжил дорой буурай байгаагийн нэг гол үзүүлэлт нь ахмадуудаа үл хүндэтгэснээс болсон. Гадаадынхан ахмадуудтайгаа хэрхэн харилцаж байгаад суралцах л хэрэгтэй. Хуучин цагт партизанууд, 1939, 1945 оны дайчид, баатрууд, хөдөлмөрийн сайчууд хичнээн нэр хүндтэй, тэдний үг сургаал үнэтэй байв. Ардчиллын энэ нийгэмд ахмад залуу үеийн алтан холбоо тасарсан. Аймаг сум, нам эвслээрээ талцсан энэ хуваагдал улс орны хөгжлийг улам хойш чангаана, бид нэг тугийн дор жагсаж байхдаа мандсан түүхтэй. Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг далбаан дор нэгдмээр байна. Чингис хаан шиг хүн энэ орныг удирдахад босоод ирнэ.“Нутгархах, элдэв бүлгэрхэх байдал гаргах нь эв эеийг сарниулахад хүргэдэг аюулд дагуулдаг” гэж эзэн хаан хэлснийг санууштай гэв. Х.Баттулга Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх сайд болон Ж.Энхбаяр, Н.Учрал, Н.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Саранчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдийг нэр цохож ирээд “Ард түмэн ам сайтай байгаа” хүмүүс гэж тодотгоно билээ. Ярилцаж суухад хичнээн ч хүнтэй утсаар ярив. Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөл, Улаанбаатар Дулаан түгээх сүлжээ, Багануурын цахилгаан түгээх компаниудын ТУЗ-ийн гишүүн. “Их засаг” олон улсын их сургуулийн ректорын зөвлөх.Саяхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээчээр томилогджээ. Энэтхэгийн суут их Махатама Гандийн “Өчигдөр бол сургамж, өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг” гэдэг сургаалийг ямагт санаж аливаад өөдрөгөөр ханддаг тэрээр эдүгээ далан насны босго руу дөхөж яваа ч цэргийн хүмүүний цог жавхаа төгс нэгэн. “Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ” хэмээдэг нь үүнтэй холбоотой биз ээ. АНУ-ын Кентуки мужийн “Хүндэт хурандаа” өргөмжлөлт эл эрхмийг “Ерөнхий цэргийн мэргэжлийн загалмайлсан эцэг” гэгддэг. Энэхүү тодорхойлолт хүндэтгэл нь зүгээр нэг хоосон магтаал төдий биш гэдгийг түүний он жилүүд ажил амьдралын түүх гэрчилнэм буюу.