Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Өмгөөлөгчийн хараат бус байдал, өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага” олон улсын бага хурлыг энэ сарын 25-нд зохион байгуулсан. Энэ үеэр Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцлаа.
-Өмгөөллийн тухай хуулийг дахин батлуулах үйл явцын талаар яриагаа эхэлье?
-Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан өмгөөллийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн 2017 оны аравдугаар сард байгуулагдсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа нэлээн эрчимтэй явуулж байна. Хуулийн төсөл үндсэндээ боловсруулагдсан. Энэ хуулиар өмгөөлөгчийн эрх зүйн байдлын өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Өмгөөлөгчдийн холбооны эрх зүйн байдлыг хуульд тодорхой тусгаж өгч байгаа. Шинээр боловсруулагдсан хуулийн төслийн бас нэг онцлог нь 1990 онд НҮБ-аас баталж, гишүүн улс, орнууддаа санал болгосон “Өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим”-д бүрэн нийцүүлэхийг зорьж, боловсруулагдсан байгаа.
-Ямар зохицуулалтууд орсон бэ?
-Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг илүү тодорхой болгосон. Үүнийг дагаад өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авдаг иргэдийн эрхийг хангахад чиглэгдсэн маш чухал зохицуулалтууд орсон. Нэгдүгээрх нь өмгөөлөгчийн эрх үүргээс гадна өмгөөлөгчийн хариуцлагын асуудлыг нэлээн тодорхой тусгаж өгч байна. Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоо зохион байгуулалтыг өөрөө удирдах ёсны удирдлагынх нь зарчимд нийцүүлсэн зохицуулалттай хуулийн төсөл боловсруулагдаад байгаа. Мөн гол асуудал болох өмгөөлөгчийн мэдлэг, ур чадвар, ёс зүйн асуудалд тавигдах шаардлагууд үүнийг хянах шалгах шийдвэрлэх тогтолцоог илүү боловсронгуй, тодорхой болгоход чиглэгдсэн зохих зохицуулалтуудыг төсөлд хийсэн.
-Өмгөөлөгчийн ёс зүй гэж яригдаад байгаа. Олон нийтийн дунд өмгөөлөгчид мөнгө авч, өмгөөлж буй хүн нь шоронд орох нь хамаагүй гэх мэт зүйлс яригдаж байна. Энэ асуудал дээр зохицуулалт хийгдсэн үү?
-Энэ асуудлыг шийддэг зүйл нь өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын асуудал. Сүүлийн үед өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, хариуцлагатай холбоотой олон янзын санал шүүмжлэл гомдлууд гарах болсон. Энэ нь нэг талдаа хуулийн боловсронгуй бус зохицуулалт, эрх зүйн хийдэлтэй холбоотой гэж үзэж байгаа. 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 15-нд хүчингүй болгосон. Үүнийг дагаад өмгөөлөгчийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагын тогтолцоо зарчим алдагдсан, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ёс зүй хариуцлагын асуудал суларсан. Тухайн үеийн хууль тогтоомжоор өмгөөлөгчийн сонгон шалгаруулалтад ороод тэнцдэггүй байсан маш олон хуульчид ямар ч шалгуур, цензургүйгээр өмгөөлөгч болсон. Үүнтэй холбоотой ашиг сонирхлын, мэдлэг ур чадварын, ёс зүй, хариуцлагын зөрчилтэй байдлаас үүдэн иргэдийг хохироох үйлдлүүд ихээр гарах болсон.
-Үүнийг хэрхэн залруулах вэ?
-Хуулиа боловсронгуй болгох өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй. Одоогийн үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Улсын дээд шүүхэд бүртгүүлээд өмгөөлөгч болдог болсон. Гэтэл тэр дунд ёс зүй, хариуцлага, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй ажил албан тушаал эрхэлж байгаа эсэх гээд олон асуудал ямар ч хяналтгүй болсон. Улсын дээд шүүх хуулиараа саяны яригдсан асуудалд хяналт тавих, шалгалт хийх чиг үүрэг байхгүй, зөвхөн бүртгэл хийх чиг үүрэг л өгөгдчихсөн. Энэ дунд хийдэгдэл гарч зарим талаараа эрүүгийн гэмт хэрэгт буруутгагдчихсан, шийтгэгдчихсэн хүмүүс өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бий болчихсон байгаатай холбоотой.
-Өмгөөлөгчдөд ямар асуудал тулгамдаж байна вэ?
– Өмгөөлөгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад хууль, хэрэглээний асуудал дээр асар их хүндрэл, бэрхшээлтэй асуудлууд байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 1-ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд эрүүгийн багц хуулиуд буюу Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Зөрчил хянан шийдвэрлэх хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Шинэ хуулиар өмгөөлөгчийн эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин зохих хэмжээнд дээшилсэн. Гэхдээ хуулийг хэрэглэх явцад гарч байгаа алдаа нь эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт, үр дүнг харлуулах байдалтай байна.
-Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байна? Хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна вэ?
-Эдгээр хүмүүсийг цагдан хорихтой холбоотой асуудлыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтойгоор зөрчин шийдвэрлэж байна гэж хөндлөнгөөс харж байна. Би энэ хэргүүд дээр ажиллаагүй. Гэхдээ шүүх тэдгээр хүмүүст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлууд нь илт хууль бус байдлаар шийдвэрлэгдэж байна гэж үзэхээр байгаа. Шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хуульч (шүүгч, прокурор, өмгөөлөгч)-д өөрсдөө алдаа их гаргаж байна гэж харагдаж байна.
-Тухайлбал?
-Шинэ хуулиар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг маш тодорхой заасан. Үүнд: оргон зайлахыг завдсан эсхүл оргон зайлсан, хэргийн оролцогчдыг дарамталсан, сүрдүүлсэн, өөрийн болон хэргийн бусад оролцогчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэх талаар үндэслэл бүхий, баримт мэдээлэл бий, урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эсхүл шүүх, прокурорыг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлүүд хамаарахаар хуульчлагдсан. Гэтэл тэдгээр хүмүүс өөрсдөө АТГ-т хүрэлцэн очсон, зарим нь бүр гадаад улсаас хүрэлцэн ирсэн гэдэг. Мөн тэднийг дахин гэмт хэрэг үйлдэх хүмүүс мөн үү, биш үү гэдгийг нийгэм бүхэлдээ мэдэж байгаа. Тэгэхээр хуульд заасан үндэслэлийг зориудаар мушгин гуйвуулж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч байна. Цагдан хорих гэдэг бол таслан сэргийлэх арга хэмжээний хамгийн хүнд төрөл. Учир нь энэ арга хэмжээний хүрээнд хүнийг нийгмээс тусгаарладгаараа хүний эрхийн маш хүнд хэлбэрийн хязгаарлалт болдог. Иймээс энэ төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг хуульд нийцүүлж зөв хэрэглэхгүй бол энэ нь эрүүдэн шүүх арга хэрэгсэл болж хувирдаг. Би хуульч, өмгөөлөгч хүний хувьд эдгээр хүмүүст цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа зорилго нь тэр чиглэл рүүгээ хазайгаад байна уу даа гэж эмзэглэж байгаа. Учир нь сүүлд С.Баяр, С.Баярцогт нарт авагдсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийнх нь захирамж гараад уг захирамж бичгээр үйлдэгдэж гараагүй, албан ёсны болоогүй байхад байхад нь прокурор гомдол гаргасныг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэсэн гэдгийг сонсоод үнэхээр шоконд орсон. Шүүгч цагдан хорих хугацааг сунгах саналыг яагаад хүлээн авахгүй гэж үзсэн үндэслэл, ямар нотлох баримтыг үндэслэж, ямар хууль зүйл, заалт хэрэглэж асуудлыг шийдвэрлэснээ бичгээр гаргаж байгаа шийдвэрт л тодорхой тусгаж өгдөг. Гэтэл шийдвэр гараагүй байхад тэр шүүгчийн захирамжид гаргаж байгаа гомдлыг тэр доор нь шийдэж байгаа үзэгдэл нь “шүүх хэнээс ч хараат бус байх байр суурин дээр байж чадаж байна уу?” гэдэгт асар том эргэлзээг төрүүлээд байна.
-Тэгэхээр хуулийн шийдвэрийг хууль бус гэж үзэж болох уу?
-Мэдээж ийм шийдвэрийг хууль ёсны гэж хэлж болохгүй шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг хүний эрхийг хөндөх, халдах эрхийг шүүгч, прокурор, мөрдөгчид олгож байгаа эрх зүйн баримт бичиг гэж үзэж болно. Энэ эрхээ зөв эдэлж байна уу гэдгээс хамаараад эрх бүхий албан тушаалтнуудыг хүний эрхийн зөрчил үү, гаргаж байгаа шийдвэр нь хуульд нийцэж байна уу гэдэг асуудалд хариулт өгөх үндэслэл болно гэж үздэг.
-Энэ хуралд ирсэн Гадаадын илтгэгчдийн илтгэлүүдэд Монголын хууль эрх зүйд нийцэх нутагших боломжтой санаа оноо байна уу?
-Хүний эрхийг хамгаалах ажил мэргэжил дэлхийн улс оронд адилхан агуулга, хэмжээнд тавигддаг. Үүнийг 1990 онд НҮБ-аас баталж гаргасан өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчмаар зохицуулдаг. Дэлхийн улс орнууд өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хуулиа боловсруулах зарчмыг үндэслэн нийцүүлж хуулиа боловсруулдаг. Өнөөдрийн илтгэгч нарын гаргаж байгаа үндэслэлүүдийг зарчимд нь нийцүүлээд аваад хэрэглэх олон сайн туршлагууд байна. Бид энэ олон улсын бага хурлаас гарсан хэлэлцүүлсэн илтгэлүүдээ ном товхимол болгож гаргана. Гэхдээ энэ ном товхимлоос судалгааны сургалтын өшөө хууль тогтоомжийн хэрэглэхдээ авч ашиглах олон санаа гарна. Ашиглаж болох зохицуулалтуудыг манай хуулийн төсөлд орох байх гэж бодож байна.
-Жишээ нь?
-Өмгөөлөгчдийн байгууллагын зохион байгуулалтын асуудлууд байна. Өнөөдрийн илтгэлд оролцож байгаа хүмүүс бүгд өмгөөлөгчдийн өөрөө удирдах байгууллагын гишүүд нь зөвхөн өмгөөлөгч байна гэдэг зүйлийг ярьж байна лээ. Харин манайд өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны гэдэг байгууллага байхгүй болчихсон. Оронд нь шүүгч прокурор бусад өмгөөлөгч гэсэн гишүүнчлэлтэй хуульчдын холбоо гэдэг байгууллага бие болгочихсон нь НҮБ-ын зарчим болоод дэлхийн бусад орнуудын жишигт нийцэхгүй бүтэц зохион байгуулалтыг бие болгочихсон байна гэж үзэж байна.