Улс орныг хөгжүүлэхэд Шинжлэх ухааны салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын Шинжлэх ухааны академи холбогдох бүх талын ажлыг бэхжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулж, эрдэмтдийн хүч чармайлтыг үндэсний эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж, академийн хүрээлэнгүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байгаа юм. Мөн Шинжлэх ухааны академи нь 1961 оноос хойш нэрт эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлж, нийт 126 эрдэмтэн академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. Эдүгээ салбар салбарын тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн 59 гишүүн буюу академичтай болжээ. Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа тус академийн Физик технологийн хүрээлэнгийн Аналитик лабораторийн эрхлэгч Э.Уянгыг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн залуу эрдэмтэн юм.
Түүний нээлтийг тодруулбал, уг нэгдлийн бүтэц нь цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй зэрэг шинж чанарыг агуулсан байна. Уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулсан нь шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид олгодог шагналыг авах үндэс нь болжээ. Тэрбээр нөхөртэйгөө хамт Физик технологийн хүрээлэнд ажилладаг юм билээ. Түүний гэр бүлийн хүнийг Н.Жаргалан гэдэг бөгөөд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан. Биднийг тэнд очиход Э.Уянга туршилт хийдэг лабораторио танилцууллаа. Ажил нь өглөөний 08.30-аас эхэлдэг гэнэ. Тэрээр “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа”-ны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэв. Аналитик лабораторид өндөр температурт шатаалт хийж байгаа бөгөөд 27 цагийн турш үргэлжилдэг байна. Одоогоор хүрээлэн дээрээ материалын судалгааны ажлуудаа хийсээр байгаа аж. Түүнийг материал судлаач гэж хэлж болно. Нобелийн шагналыг хүртсэн Графен гэсэн өвөрмөц шинж чанартай материал гэж бий. Үүний адил, тэрхүү материалын шинж чанарыг сайжруулж, хэрэглэх боломжтой гэсэн судалгааг явуулж байна лээ. Наноматериалын лабораторид Лити-ион батарейн анод, катодын материал, түлшний элементийн катализаторын материалыг химийн аргаар гарган авдаг юм. Хамгийн сүүлд Графенийг оксиджуулах туршилт хийсэн гэнэ. Үүний дараа зуухан дээр хатаагаад, шатааж, цэвэршүүлж өндөр цэвэршилттэй материалыг гаргадаг ажээ. Наноматериалын лаборатори нь одоогийн байдлаар дээрх гурван чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг Э.Уянга ярилаа. Түүний оролцон ажиллаж байгаа хэсэг нь катодын материал бөгөөд удирдан ажиллаж байгаа аж. Түлшний элементийн катализатор гэдэг материалын туршилт, судалгааны ажлаар тэрээр докторын зэргийг хамгаалсан байна. Манай улсад батарей үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Гэхдээ тус хүрээлэн дээр батарей үйлдвэрлэх технологийг лабораторид нутагшуулж, товчон батарейг гаргаж авдаг юм байна. Батарейнд хасах, нэмэх гэж цэнэг бий. Үүнийг тус тусад нь химийн туршилтаар гаргаж авдаг гэнэ. Аналитик лаборатори нь тухайн материалын шинж чанарыг судалж, багаж, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийх зэрэг нарийн нандин ажлыг гүйцэтгэдэг юм билээ.
Тус лаборатори шинжлэх ухааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн хийж буй материалуудыг тодорхой үнэ тарифтай хэмжиж өгдөг байна. Тухайлбал, саяхан ШУТИС-ийн докторант усны талаарх шинжилгээг хийлгэхээр иржээ. Увсаас төрөл бүрийн нуур, рашаанаас авчирсан уснуудыг тус бүрт нь шинжлүүлэхээр авчирчээ. Эдний хүрээлэн Их энергийн салбар, Онолын физикийн салбар, Биофизикийн салбар, Техник технологийн салбар, Материал судлалын салбар гэж хуваагдан ажилладаг аж.
Наноматериалын лабораторид
Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ НОМЫН САНГААС САЛАХАА БАЙСАН ҮЕЭ ДУРСАВ
Э.Уянга Хэнтийн аймгийн Батширээт суманд 1987 онд төржээ. Батширээт суманд бага насаа ээж, эмээтэйгээ өнгөрүүлсэн байна. Ээжийн амин хайртай ганц охин нь гэнэ. Долдугаар ангиа төгсөөд Өмнөдэлгэр сумын сургуульд шилжин сууж, аравдугаар ангиа төгссөн байна. Ингээд МУИС-ийн Физик-электроникийн ангид 2004 онд элсэн оржээ. Тэрээр дунд сургуульд байхдаа багш, эмч, хуульч болно гээд л янз бүрээр төсөөлөн боддог байж. Есдүгээр ангийн багш нь Физикийн хичээлийг гүнзгийрүүлэн сургаж, хичээлээр шахаж, сонирхлыг нь нээж өгчээ. Оюутан болсон анхны жилдээ хамгийн хатуу, чанга багшийнхаа хичээлд тааруу дүн авдаг байснаа нуусангүй. Үүнээс хойш, хичээлдээ маш сайн чармайж, хичээх ёстой юм байна гэдгийг ойлгож, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаас салахаа больсон гэнэ. Ингээд л тэрээр МУИС-ийн босго ийм өндөр болохыг ойлгож байсан гэнэ. Сүүлдээ Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн ажилчид түүнийг андахаа байж. Ажлын цаг тарах хүртэл суудаг байсан бөгөөд амралтын өдрийг алгасдаггүй байсан аж. МУИС-д суралцаж байх хугацаанд Физикийн тэнхимийн ахмад мундаг профессоруудын номын дууг сонссон азтай нэгэн. Эдний оюутан ангийнхан сурлага, хүмүүжил болон бүхий л зүйлээрээ чадварлаг байж. Э.Уянга 2015 онд ангийнхаа гурав дахь доктор нь болжээ.
Э.Уянга нөхрийн хамт
ОХУ-ЫН ДУБНА ХОТОД ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЖЭЭ
Түүний гэр бүлийн хүн Н.Жаргалан 1987 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төржээ. Дөрөвдүгээр анги хүртлээ аймгийн төв дээр суралцсан байна. Улаанбаатар хот руу шилжиж ирээд Нийслэлийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 77 дугаар сургуульд оржээ. Тэрээр багаасаа математик, физикийн хичээлдээ сайн сурагч байж. Аравдугаар анги төгсөх жилдээ физикийн олимпиадад оролцож, хотод тусгай байр эзэлсэн байна. Ингээд улсын олимпиадад оролцох эрх авчээ. Тиймээс 2004 онд МУИС-ийн Физикийн ангид урилгатай элсэж байсан аж. Дөрвөн жил уйгагүй хичээлээ хийж, бакалаврын дипломын ажлыг Шинжлэх ухааны доктор О.Лхагва багшийн удирдлага дор хамгаалжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд ШУА-ийн Физикийн хүрээлэнд оржээ. Физикийн хүрээлэнд ирж, академич Д.Сангаа багшийн удирдлагаар, чиглэлээрээ үргэлжлүүлээд суралцсан байна. Мөн ШУТИС-ийн Л.Хэнмэдэх профессор багш удирдаж, онолын чиглэлээр жил гаруй ажиллаж байгаад 2009 оноос гурван сараар ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт ажиллахаар томилогджээ. Ийнхүү тэнд ажиллаж байгаа удирдагч нартайгаа тохиролцоод Улаанбаатарт ирж судалгааны ажлаа үргэлжлүүлж, буцаж яваад гурван жилийн хугацаатай Дубна хотод ажиллахаар явжээ. Тус хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт нь 1956 онд байгуулагджээ. Уг институт 17 гишүүн орнуудаас бүрдсэн байна. Үүний нэг гишүүн орон нь манай улс аж. Уг хотод ажиллаж байх хугацаандаа Фуллерен гэдэг молекулын уусмал дахь физикийн шинж чанарын судалгааг хийжээ. Судалгааныхаа дагуу МУИС-ийн магистрт элсэж, 2011 онд амжилттай хамгаалсан байна. Үргэлжлүүлэн Дубнад “горилогч” гэж явдаг байж. Энэ нь ажил хийж явах хугацаандаа тухайн салбар, мэргэжил судалж байгаа сэдвийнхээ хүрээнд “удирдагч” болсон гэж үзвэл “Доктор” хамгаалах эрх авдаг байна. Н.Жаргалан тэрхүү болзол, шалгуур давж гарч чаджээ. Тэнд горилогчийн статустай явж, шалгалтууд өгснөөр эрх нь нээгдсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард докторын зэрэг хамгаалсан гэнэ. Гэр бүлийн хоёр хоёулаа Орос, Англи хэлтэй юм байна. Гэрийн эзэгтэй нэг, хоёрдугаар хоолоор дайлж, аливаа зүйл эрэмбэ дараагаар явах сайхан шүү дээ гэж инээмсэглэн ярина. Харин гэрийн эзэн түрүү жил Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу” шагнал авсан гэнэ. Мөн хүрээлэнгийнхээ шилдэг ажилтнаар тодорчээ. Гадаадад явж байсан зургаа үзүүлж, сонин сайхнаас хуучилсаар байлаа. Өнгөрсөн он эдний гэр бүлд шагналын хур буусан жил байсан гэж онцлов.
Н.Жаргалангийн аав нь Техникийн их сургуулийн Усны геологич мэргэжилтэй, ээж нь химич хүн. Ер нь шинжлэх ухааны чиглэлийн хүмүүс юм байна. 1990 оноос шилжилтийн үе байсан учраас хувиараа бизнес эрхэлж иржээ. Тэрээр хоёр дүүтэй юм байна. Эрэгтэй дүү нь барилгын инженер бол бага дүү Орост хуулийн чиглэлээр хавар суралцаж, одоо төгсөх гэж байгаа аж. Н.Жаргалан өвөө эмээгийнхээ алтан сургааль дунд өсчээ. Соёл, өв уламжлалыг сайтар зааж өгдөг байсан гэнэ.
Аналитик лабораторид
ДУБНА ХОТОД АНХНЫ ХҮҮГЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
Дубна хот маш тайван, тогтуун гэнэ. Улаанбаатар хотоос тийшээ яваад очиход эхэндээ уйдах хандлагатай байж. Харин таван жил гэр бүлээрээ Дубна хотод байсан учраас Улаанбаатар хотдоо ирэхэд давчуухан санагдсан байна. Тус хот ерөнхийдөө цөмийн эрдэм шинжилгээнийхэнд зориулагдан баригдсан гэнэ. Э.Уянга докторын зэргээ МУИС-ийн Францын Ле Манны их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамгаалсан бөгөөд Франц, ОХУ-д судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байсан аж. Ийш, тийш хоёр өөр газар руу явдаг байсан учраас хамтдаа зугаалах цаг ховор байж. Э.Уянга хот хот дамжин явахдаа жирэмсэн байсан гэнэ. Ингээд хүүгээ ОХУ-ын Дубна хотод төрүүлжээ. Хүүгээ төрүүлсэн өдөр хотын баяр болж, салют буудаж байсан тухай гэгээн сайхан дурсамжаа хуваалцав. Тус газарт тайван, хүүгээ цэцэрлэгт өгчихөөд гадуур алхаж, судалгаа хийх үедээ институт дээр очно. Эсвэл спортоор хичээллэж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Тэдний хүүг нь Тэмүүлэн гэдэг бөгөөд одоо гэрийнхээ хажууд 32 дугаар цэцэрлэгт явж байгаа ажээ. Сониноос, Н.Жаргалан Дубна хотод байхдаа спортын уралдаан, тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль авч байжээ.
ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ГАРНА
Э.Уянга “Манай улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэн олон улсын түвшнээс аль болох хоцрохгүйг хичээж, чармайж, хөдөлмөрлөж яваа гэдгийг ярив. Орчин үеийн олон улсад явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажлыг лабораторид хийж байгаа гэнэ. Мөн олон улсын томоохон физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн сэтгүүлд материалынхаа эрдэм шинжилгээний ажлыг өгүүлэл болгож хэвлүүлсэн байна. Шинжлэх ухаанч хүн сониуч байх ёстой. Тэр дундаас физикч хүн аливаа зүйлийг харж, ажиглаж, тууштай, хариулагатай байх зарчмыг баримталдаг байна. Физикийн шинжлэх ухаан хүний амьдралд холбоотой бүх л зүйлсийг судалдаг өргөн агуулгатай салбар. Инженер хүн улс орныг бүтээдэг. Математик, физик хоёр салшгүй холбоотой. Физикийн шинжлэх ухааны судалгаа одоо дэлхийд орчлон руу хүн орж амьдарч болох уу гэдгийг судалж байгаа гэнэ. Манай Шинжлэх ухааны академийн залуучууд нийлээд шинэ бүтээл, хэв маяг, загвар гаргасаар байгаа ажээ.
Э.Уянгын ээж дизелийн механикийн чиглэлээр Дарханы Политехникийг төгссөн байна. Цахилгаан станцад ажиллаж байсан гэнэ. Э.Уянга эмээ дээрээ өсчээ. Эмээ нь ном унших ёстойг сайн ойлгуулж, соёл уламжлал, аливаа ажлыг хариуцлагатай хийх ёстой гэдгийг ч сургасан аж. Э.Уянга докторын дараахь судалгааны ажлаа илүү чанартай гүйцэтгэж, өөрийгөө давуулж хөгжүүлэх ёстой гэдэг зарчим баримталдаг нэгэн. Тиймээс цаашид өөрийгөө илүү их хөгжүүлж, гадаадад сурах зорилго тэмүүлэлтэй. Залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлж, байр сууриар бэхэлж авах нь чухал гэдгийг санаж, бодож явдаг байна. Улмаар улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэж байлаа. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийнхэн Анагаахын сургуулийн холбогдох эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй нийлж, хавдрын эсийг устгадаг материалыг бий болгох гэж байгаа аж. Судлаад, зургадугаар сард Япон явж ажиллана гэдгийг ч сонирхуулсан юм.
Э.Уянга ээж, эмээгийн хамт
Э.Уянга багаасаа ном унших дуртай хүүхэд байж. Тухайлбал, Александр Дюма Монте Кристо гүн, Арбатын хүүхдүүд зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг дуусгажээ. Түүний номын санд арвин ном өрөөстэй байна лээ. Дунд сургуулийн багш нь “Оролдлого сайт оройд нь гарна” гэдэг зүйр үгийг байнга хэлж, аливаа зүйлийн цаад ухагдахууныг сайтар тайлбарлаж өгдөг байжээ. Тиймээс тэр энэ зарчмаар их сургуулийн босгыг давсан цагаасаа зарчимч, хичээнгүй болж, шантрахгүй хөдөлмөрлөдөг байсан гэнэ. ОХУ-ын Дубна, Франц улсаар явахдаа амьдралын зөв хэвшлийг өөртөө бий болгохыг өдөр бүр суралцсанаар зөв арга барилтай болж, суралцсаар байжээ. Гадаадад гэр бүлээрээ сурахад хүндрэлтэй, шантарчихмаар үе байсан ч бие биедээ урам зоригтой, хичээх хэрэгтэй “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэдэг үгийг байнга сануулж ирсэн гэдгийг ч тэр хоёр дуу нэгтэйгээр хэллээ. Хүн аливаа зүйлийг барьж авсан л бол заавал цаана нь гарч, сэтгэлээсээ, үр дүнтэй сайн хийж, чадна гэдгийг өөртөө байнга сануулж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэцгээж байв. Э.Уянга үйлэнд уран болохыг нөхөр нь хэллээ. Хувцас болон гоё сонирхолтой зургийг кодолсноор оёх сонирхолтой гэнэ. Мөн гэрт нь нэг кодолчихсон ваартай цэцгийн зураг харагдав. Түүнийгээ ажлынхаа зав чөлөөгөөр будаж, зурдаг ажээ.
Хосууд оюутан байхдаа танилцаж, хамт номын санд сууж, хичээлээ давтаж үерхдэг байж. Ингээд хоёр жил гаруй үерхэж, жил хамт амьдраад хөөрхөн хүүтэй болжээ. Аав нь Орост байхдаа хүүгийнхээ зургийг их авдаг, мөн анхны хүүхэд байсан учраас юм бүхэн дурсамжтай санагддаг байсан гэдгийг ч яриад авлаа. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдсэн гэсэн. Залуучууд бие биенийгээ сайтар ойлгож, таньж мэдсэний үндсэн дээр гэр бүл болох ёстой. Мөн аль аль нь бие дааж амьдрах чадвартай болж, боловсрол эзэмшчихээд гэрлэх хэрэгтэй юм болов уу гэдэг талаар ярьсан юм. Энэ үед Э.Уянга нөхрийгөө хариуцлагатай болохыг тодотгов. Учир нь хүүгээ нялх байхад маш сайн асарч, тууштай байсан гэдгийг онцоллоо. Хүүгээ сайн хүмүүжилтэй хүн болгохыг зорьж байгаа гэнэ. Хичээл номыг нь сайн сургаж, төрөл бүрийн дугуйлан секцэнд хамруулж, хөгжим, зураг, баримал гэх зэргээр хичээллүүлж, спортыг ч орхигдуулахгүй гэж байв.
Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА