2001 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Дэлхийн сүүний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ. Одоогоор дэлхийн 80 орон нэгдээд буй энэ өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэхээр бэлтгэл ажлаа базаагаад байна. Анх 2016 онд Глобал Коммунитс олон улсын байгууллага, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн санаачилгаар ХХААХҮЯ, Нийслэлийн ХХААГ, Монголын сүүний нэгдсэн холбоо, Монголын скаутын холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгуулж эхэлсэн.
Энэ жилийн тухайд Сүхбаатарын талбайд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр болох арга хэмжээг нээж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зэрэг албаны хүмүүс үг хэлнэ. Энэ үеэр тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан 50 хүүхдэд бэлэг гардуулах бөгөөд 10 мянган ширхэг сүү, тараг хүүхдүүдэд бэлэглэнэ. Сүү, таргийг зөвхөн Сүхбаатарын талбайд ирсэн хүүхэд, багачуудад бэлэглэхээс гадна яг энэ арга хэмжээг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд зохион байгуулж байгаагаараа онцлог.
Дэлхий нийт шинэ, эрүүл сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэхийг зорьж байна. Сүүнд хүний биед хэрэгцээтэй 10 гаруй төрлийн амин дэмүүд агуулагддаг. Тухайлбал, Кальци, Д, В-гийн төрлийн амин дэм, фосфороор баялаг. Мөн хүнд металлын хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. Хүүхдийн өсөлт хөгжилт, яс шүдний бэхжилтэд эерэг нөлөөтэй. Хүн өдөрт нэг аяга сүү уувал хоногт шаардлагатай кальцийн 30 хувь, Д аминдэмийн 30 хувь, В12, B2 витамины 20-24 хувийг авдаг байна. Тиймээс эрүүл амьдрах нэн тустай сүүг тогтмол хэрэглэж заншихыг уриалъя.
Сүүг хүн амын хүнсний өдөр тутмын хэрэгцээнд оруулахын тулд “Та сүүгээ уусан уу?” сүүний салбарын мэдээллийн индэр-уулзалтыг өнөөдөр (2018.05.30) зохион байгууллаа. Уулзалтад сүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 70 гаруй төлөөлөл оролцож, шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцан, Дэлхийн сүүний өдөр, Азийн сүүний холбооны хурлын зохион байгуулалтын талаар ярилцаж, талууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцсон. Тодруулбал,
ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох төрөөс хүнсний салбар тэр дундаа сүүний салбарыг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан бол яамны мэргэжилтэн Н.Сарандагина сүүний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, хамтын ажиллагааны тухай мэдээлэл өглөө. Мөн Глобал коммунитс ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Т.Туул, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн гишүүн С.Цэцгээ нар “Та сүүгээ уусан уу” уулзалтын ач холбогдол, Монголын сүүний салбарын гадаад хамтын ажиллагааны талаар танилцуулж, ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн С.Ганзориг малын өвчингүй эрүүл бүсээс эрүүл, аюулгүй сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх тал дээр хийж буй ажлаа дурдлаа.