Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо”-ны анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн даргалдаг “Тогтвортой хөгжлийн Үндэсний хороо”-ны анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар аргачлал батлуулах, ажлын хэсэг байгуулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл, тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хоёрдугаар хуралдааныг зохион байгуулах асуудлыг тус тус хэлэлцлээ.

1990 оноос хойш Улсын Их Хурал болон Засгийн газраас 500 орчим бодлогын баримт бичиг баталснаас 170 нь хугацааны хувьд хүчин төгөлдөр байна. Тэдгээрийн дийлэнхи нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” –аас өмнө батлагдсан тул нэршил, хэрэгжих хугацааны хувьд замбараагүй, зорилго, зорилтууд нь урт хугацааны бодлогын зорилго, зорилтод чиглээгүй, хоорондын уялдаа сул байна.

Иймд үндэсний хэмжээний болон салбар, салбар дундын хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийг “Монгол Улсын Тогтвортой хөжглийн үзэл баримтлал 2030”–д нийцүүлэх хоорондын уялдааг үнэлэх шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүчингүй болгох, шинэчлэн боловсруулах замаар бодлогын нэгдсэн уялдааг хангах шаардлага үүсээд байгааг хуралд оролцогчид санал нэгтэй дэмжив.

Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтот төвшинг тодорхойлох ажлыг бүх салбарын яамд, бусад холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулах шаардлага бий учир дэд хэсгүүдтэй ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *