Categories
мэдээ улс-төр

Дагуул хотуудад ажлын байр бий болговол албан татвараас 50 хувь чөлөөлнө

Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот, дэд төвүүдээ хөгжүүлэхийн тулд татварын хөшүүрэг ашиглах санал боловсруулжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үл хөдлөх хөрөнгө, ААНОАТ, ХХОАТ, НӨАТ болон төсөв, гааль, өрийн удирдлагын тухай хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Эдгээр төслийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьжээ. Нийслэлийн дагуул хот, дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцэж байна. Тэгэхдээ дагуул хотод шилжин суурьшсан ааН-ийг орлогын албан татвараас 20 жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөх бол, дэд төвүүдийнх 10 жилийн хугацаанд хэрэгжих аж. харин тус аж ахуйн нэгжүүдэд ажиллаж буй хүмүүст ХХОАТ-ын хөнгөлөлт мөн үзүүлэх юм. Түүнээс гадна дээрх газруудад шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас тодорхой хугацаагаар чөлөөлөх, жуулчны худалдан авсан бараанд ногдох НӨАТ-ыг буцаан олгох аж. НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр мөн төсөлд тусгажээ.

Нийслэлийн дагуул хотоор Багануур, Налайх дүүргийг зарлаж, нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дамба, Яармаг гэх мэт найман дэд төвийг байгуулах юм байна. Энэ хуулийн төслийг боловсруулаад 1.6 жил болсон бөгөөд, Засгийн газар өргөн барихгүй байсаар өнөөдрийг хүргэсэн гэж хотын дарга Су.Батболд байнгын хорооны хуралдаан дээр хэллээ. Гэвч Сангийн яам энэхүү төслийг дэмжихгүй байлаа. Татварын асуудал нэг бодлогоор Сангийн яаман дээр төвлөрөх ёстойгоос бус салбар салбараар тусдаа асуудал ярьж болохгүй гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Мөн ОУВС-тай байгуулсан гэрээнд дахиад л өөрчлөлт оруулах шаардлага үүснэ хэмээн тэрбээр бухимдав. “Хөнгөлөлт чөлөөлөлтөөр хамаг орлого арилж байна. Цагаан будааны чинээ нүх үлдээхэд түүгээр чинь тэмээн жингийн цуваа тэр чигээрээ гарчихаад байна. Хамгийн том татвар бүрдүүлэгч болох нийслэл дээр ийм том хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлээд байвал орлого биелэхгүй. Орлого биелэхгүй бол цалин, тэтгэвэр нэмэх зэрэг олон асуудлаа шийдэж чадахгүй” гэж Сангийн сайд тайлбарласан юм. Харин ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “татварын шинэчлэлд нийслэлийн татвар гэж тустай суух ёстой. Зөвхөн хөнгөлөлт өгснөөр асуудал шийдэгдэхгүй. Зах зээл нь өөрөө хүн амын төвлөрлөө дагадаг юм.

Төслийг Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьжээ

Дагуул хотод 50 хувь хөнгөлөх нь гоё сонсогдож байгаа ч тэнд хүн ам төвлөрч, дэд бүтэц бий болохгүй бол энэ ажил хоосон цаас болж үлдэнэ” гэсэн юм. Ийн Засгийн газар саналаа нэгтгээгүй төслийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн төсвийн байнгын хорооны дарга Б. Чойжилсүрэнг буруутгах гишүүд ч байв. Эцэст нь татварын хувь болон хэрэгжих хугацаан дээр нь Засгийн газартай саналаа нэгтгэх үүргийг өгөөд, уг төслүүдийг дэмжлээ. Нийслэлийн татварын дийлэнх нь ХХОАТ-аас бүрддэг бөгөөд зочид буудал, баар ресторан зэрэг үйлчилгээний салбар бусдыг нь бүрдүүлдэг аж. Хотын дарга “дэлхийн бусад хотууд баян байдгийн учир нь тус бүртээ өөрсдийн татвартай байдаг. гэвч манайх шинэ төрлийн татвар бий болгохгүй гээд сонгуулиар амлачихсан. Улаанбаатарт амьдрах, сумын төвд амьдрах хоёр яг адилхан байгаа нь нийслэл мөнгөтэй байх боломжгүй болгож байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *