БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 5-р сарын 23-27-ны хооронд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Дээд шүүхийн тэргүүн нарын 13-р хурал уулзалтад Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлог гүйцэтгэгч Д.Тулга нар амжилттай оролцлоо.
Олон Улсын хурлын хүрээнд 2018 оны 5-р сарын 24-ны өдөр БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн Дэд дарга Ноён Шен Деюон Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М. Батсуурийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэд дарга Шен Деюон хоёр орны шүүхийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйг цохон тэмдэглээд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн сургуульд Монгол улсын шүүхийн шүүгч нар бусад орны шүүхийн шүүгч нараас харьцангуй олон хамрагдсан бөгөөд цаашид ч тус сургалт хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллах болохоо мэдэгдэв.
Уулзалтын дараа хоёр талын төлөөлөгч нар шүүхийн хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
Нийт 9 зүйл бүхий тус санамж бичиг нь Талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд шүүхийн шинэчлэл, шүүхийн ил тод байдал, шүүхийн судалгаа мэдээлэл, шүүхийн захиргаа, шүүгчдийн сургалт, судалгаа, эрх зүйн харилцан туслалцаа болон бусад асуудал ялангуяа Монгол Улсын шүүхийн шүүгчдийн мэдлэг, чадварыг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын Ардын Дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн сургуульд Монголын шүүгч нарт зориулсан сургалт хөтөлбөр тогтмол хамруулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Дашрамд дурдахад энэ удаагийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Дээд шүүхийн тэргүүн нарын 13-р хуралд тус байгууллагын гишүүн 8 орон, ажиглагч 6 орны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон ба танхимын тэргүүн М.Батсуурь Монгол Улсын шүүхийн хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүллээ.