Categories
мэдээ цаг-үе

Н.Энхбаяр: МАХН-ын бүртгэлийн асуудалд Дээд шүүх хууль бусаар хандаж байна

МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Оюунбаатар, дэд дарга С.Ганбаатар, хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар оролцлоо. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Сүүлийн үед МАХН-ын бүртгэлийн асуудалд Дээд шүүх хууль бус шийдвэр гаргаж, улс төржиж,хийх ёсгүй үйлдлийг хийж байна. Хууль бус үйлдэл хийж байгаа шүүгчдийг хянахгүй бол болохгүй болж. Тиймээс энэ асуудлыг олон нийтийн хяналтад оруулахын тулд хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх нь чухал. Тавдугаар сарын 24-ний өдөр хэвлэлийн хурал хийхдээ дээд шүүх дээр болсон бусармаг үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгсөн. Бид улстөрийн өндөр соёлтой хүчний хувьд өнөөдрийн ойлгомжгүй байдлыг нэг мөр цэгцэлж янзлахын тулд өөрсдөө санаачлага гаргаж ажиллах арга хэмжээг авч байна. 2011 онд батлагдсан намын дүрмээрээ намын дарга ээлжит бус намын их чуулганыг зарлан хуралдуулах эрхтэй. 400-аад намын дүрмийн зохицуулалтын дагуу би МАХН-ын даргын хувьд тавдугаар сарын 24-ны өдөр, долоодугаар 7-ны өдөр ээлжит бус их чуулганаа зарлан хуралдуулах шийдвэрийг гаргасан. Намын даргын шийдвэрээр ээлжит бус чуулган хуралдуулах шийдвэр гарсан бол их чуулганы төлөөлөгчдийг баталж гаргах ёстой. Товыг тодорхой зарладаг. Тиймээс энэ зохицуулалтын дагуу МАХН-ын 20 дугаар бага чуулганыг өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр хуралдуулсан. 205 хүний бүрэлдэхүүнтэй бага чуулган 67 хувийн ирцтэйгээр хуралдсан. Бидний ирц 3/2-оор хуралддаг. Тиймээс асуудлыг шийдэж чаддаг. Энэ хурлаар их чуулганы төлөөлөгчдөө баталлаа. Мөн их чуулганы товыг дэмжиж, баталгаажуулж чадлаа” хэмээн ярив.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар ярихдаа “МАХН-ын 20 дугаар бага чуулган 27-ны өдөр амжилттай хуралдлаа. Монгол Улсын хэмжээнд анхаарал татахуйц, өндөр зохион байгуулалттай, сахилга баттай хурал болсон. Харамсалтай нь их чуулганаар батласан намын дүрэм, шинэчлэсэн найруулгыг Улсын дээд шүүхийн зарим шүүгчид улстөржин бүртгэх асуудал дээр хүнд суртал гаргаж, хоёр ч удаа бүртгэхээс татгалзсан. Бид улстөрийн гуравдагч том хүчний хувьд Дээд шүүхээс тавьж байгаа хууль бус шаардлагыг хүлээж авсан. 20 дугаар чуулганаараа МАХН-ын ээлжит бус их чуулганыг албан ёсоор зарлалаа” хэмээн ярив.

МАХН-ын хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням мэдэгдэхдээ “О.Баасанхүү Г.Бямбасүрэн нарын маргаан бол нам доторх асуудал. Үүнийг улсын дээд шүүх авч хэлэлцэх шаардлагагүй. Та бүхэн энэ асуудлыг авч хэлэлцэх нь эдгээр хүмүүсийг улам даамжруулсан, өөгшүүлсэн асуудал болно гэж би шүүхийн удаа дараагийн олон хурал дээр хэлж байсан. Гэвч миний үгийг анхааралдаа авч үзээгүй. Эдгээр хүмүүс нам төлөөлөх эрхгүй байхад хуралд оруулах, үг хэлүүлэх зүй зохисгүй үйлдлийг дэмжсээр ирсэн” гэв.

Мэдэгдлийн дараа МАХН-ын төлөөлөгчид Оюу толгойг Монголын талд авч үлдэхийн тулд сэтгүүлчид хамтран ажиллахыг уриалсан юм.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *