2017 оны гуравдугаар сарын 27-оос эхлэн Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Ханс Майкл Вайссын гэрээг дахин нэг жилээр сунгалаа.
МХБХ-ны Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 20-ны хурал дээр Ханс Майкл Вайссын гэрээг сунгах талаар хэлэлцэж, өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурлаа. 2018 оны есдүгээр сард манай улсад болох зүүн Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатнаас шалгарах, ОУХБХ-ны чанартай бусад тоглолтуудад амжилттай оролцох нөхцөлтэйгөөр гэрээг сунгасан юм. Үндэсний шигшээ баг 2019 оны зургаа дугаар сараас эхлэх 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээнд амжилт гаргах зорилготой байгаа учраас шигшээгийн дасгалжуулагчаас их зүйл шалтгаалах нь дамжиггүй.