Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн ням гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Н.Батсуурь арслан долоо давж түрүүллээ.
Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн аваргуудад хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн тавдугаар сард МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохиодог уламжлалтай. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга нарын 128 хүчит бөхчүүд барилдсан юм.
Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдсан. Ингээд арслан давж түрүүлэв. Харин шөвгийн дөрөвт улсын начин Б.Чимэдвандан шалгарсан юм.
Энэхүү барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, нэг хүн 500,000 төгрөг, хоёр хүн 250,000 төгрөг, таван хүн 100,000 төгрөгийн шагналын эздээр тодров. Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохиосон нь үзэгч олны талархлыг хүлээсэн юм.