Монголчуудын өв соёл болох сур харвааг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн мэдлэг оюун, ур чадвар, арга туршлагаа харамгүй зориулж ирсэн эрхэм бол Хүндэт мэргэн, спортын мастер, нум урлаач, судлаач Төмөрхүүгийн Батмөнх гуай юм. Түүнийг анх нум сум сонирхож эхэлж байхад улсын хэмжээнд хүүхэд, томчууд нийлсэн ердөө 70 хүрэхгүй харваачтай байжээ. Харин өнөөдөр энэ тоо 500 гаруй болж өссөн нь яах аргагүй Ч.Батмөнх гуайн хүчин зүтгэлийн үр шим билээ. Эх орондоо төдийгүй, тив алгасан дэлхий дахинд үндэснийхээ сурыг сурталчилан таниулж яваа түүний ертөнцийг уншигч та бүхэндээ толилуулж байна. Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань хүндэт зочин Ч.Батмөнх гуайнх аравдугаар хороололд амьдардаг юм билээ. Биднийг очиход хүүхдүүдийн цалгилсан инээд хөөр, баяр баясгалан угтав. Гэрийн эзэгтэй Ч.Батням гуай “Манай хүүхдүүд ирчихсэн ёстой нэг бужигнацгааж байна аа” гэж инээсээр хоймор өөдөө урилаа. Т.Батмөнх, Ч.Батням гуай хоёр ханилаад хагас зуун жилтэйгээ золгож буй ажээ. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөж, арваад ач зээгээ тойруулан суух энэ буурлууд үнэхээр жаргалтай харагдав.
Үр ач, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсон тэд Баянгол дүүргийн “Шилдэг гэр бүл”-ээр шалгарсан байна. Т.Батмөнх гуайн бага хүү Б.Баясгалан “Өнөөдөр манай гэр бүлд олон баярт үйл явдал тохиож байна аа. Ээжийн маань төрсөн өдөр. Бас аав, ээж хоёр маань дөнгөж сая дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаас “Шилдэг гэр бүл” өргөмжлөлөө авчихаад ирсэн юм” гэлээ. Тийм болохоор Т.Батмөнх гуайнх хөл хөдөлгөөн ихтэй байсан нь энэ ажээ.
Эднийх яг л урлан шиг. Модлог цэцэгс тасалгаа бүрийг чимэх нь ой модыг санагдуулахын сацуу амар амгаланг мэдрүүлнэ. Хойморь дахь хананд нь гэрийн эзний сур харваанд гаргасан амжилтуудыг илтгэх медалиуд ярайна. Бас орон орны онцлог хийцтэй нум, сумны цуглуулга нүд хужирлана. Эртний болон сүүлийн үеийн хийцүүд харагдах аж. Хамгийн он удаан нь 500 жилийн настай. Архиологийн хайгуулаар агуйгаас олдсон эд гэнэ. Мөн “Мандухай хатан” кинонд зориулж урласан нум ч байна лээ. Үүнийг Т.Батмөнх гуай багштайгаа хамтран урлаж байсан юм байна. Түүний цуглуулгад буриад, хятад, унгар, япон, англи, индинчуудын нум, баруун монголын урианхай нарын модон хавчаахай зэрэг сонин содон хийцтэй олон нум, сум байв. Зочны өрөөний тэргүүнд хадаг яндар болсон нэгэн нум, сумыг хүндэтгэлтэйгээр залсан нь содон тусав. Энэ нь 2002 онд үндэсний сур харвааг хөгжүүлэх Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигийг хүлээж авсан нум аж. Т.Батмөнх гуайн өөрийнх нь урласан тэрхүү нум Төрийн тэргүүний зарлигийг хүлээж авсан болохоор ийнхүү хүндэтгэлтэйгээр шүтэн дээдэлдэг байна. Эднийх гурван өрөөтэй. Гэрийн эзэн биднийг өөрийнхөө өрөөг сонирхуулахдаа “Багшийн дээд сургуулиас хайрласан гал голомт минь байгаа юм” гээд хаалгаа нээв. Энэ өрөөгөөр дүүрэн нум байлаа. Энэ үед гэргий Ч.Батням гуай “Манайх нэг бодлын ажлын байр ч юм шиг байна уу” гэж инээснээ “Хүүхдүүд бүгд тусдаа гарсан болохоор хөгшин бид хоёрт болоод л байдаг” гэв. Энэ өрөөнд Т.Батмөнх гуай өөрийнхөө урласан нумуудаа хатаадаг юм байна. Нэг нумыг бэлэн болгоход бүтэн жилийн хөдөлмөр ордог аж. Учир нь үндэсний нумын онцлог нь урдаа эвэртэй, дундаа хус модон хавчуургатай, ард нь малын шөрмөсийг нэг бүрчлэн салган зулж цавуудаад хатаахад ийм хугацаа зарцуулдаг гэнэ. Ингэж байж нум уян шинж чанартай, бат бөх болдог юм байна. Гэрийн эзний энэ хобби гэр бүлийн бизнес болон өргөжихийн зэрэгцээ олон хүнд сур харвааны ач холбогдлыг мэдрүүлж, үндэсний өв соёлоо хүндлэн дээдлэх ухамсрыг төлөвшүүлж байгаа нь сайшаалтай. Түүнийг сурынхан “Батмөнх багш аа” гэж ихэд хүндэлдэг. Хаалганы хонх дуугарч эрэгтэй, эмэгтэй хоёр “Багш байна уу” гэсээр орж ирэв. Тэд Завхан аймгаас зорьж ирсэн шавь нар нь ажээ. Бүсгүй нь турьхан биетэй ч сур харваанд хурдацтай өсч яваа гэнэ. Түүнийг Ч.Эрдэнэчимэг гэдэг бөгөөд аймагтаа дээд сургуульд сурдаг оюутан юм байна. Өнгөрсөн жилийн наадмаар аймгийнхаа наадамд хоёрдугаар байрт шалгарсан боловч сургалтын нумаар харвасан гээд шагналт байраас мултарчээ. Ингээд багшаасаа мэргэжлийн нум, сум авахаар холоос зорьж ирсэн нь энэ гэнэ. Т.Батмөнх багш түүний таталтын хүчийг хэмжигч багажаар тодорхойлоод өөрт нь тохирсон сайхан нум бэлдсэн гээд гаргаж ирээд “Эзэн Чингэс хааныхаа ертөнцийн талыг эзэлсэн эвэр элэгтэй шөрмөсөн артай монгол нум авсанд баярлалаа. Ажил үйлс нь нум шиг хүчтэй, сум шиг хурдан бүтэж байх болтугай. Мэргэн болоорой” гэж ерөөгөөд өгөхөд бүсгүйн нүд гэрэлтэж, хачин их баярлаж байлаа. Ч.Батмөнх гуай “Завхан, Говь-Алтай аймаг мянган харваачтай болох зорилт тавьсан байгаа. Үндэсний сур харваа маань улам өргөжин тэлж байгаад туйлын баярладаг даа” гэв. Энэ мэтчилэн Т.Батмөнх багшийг зорин ирэх сурынхны хөл тасардаггүй бололтой. Түүнээс зөвлөгөө авахаар, нумаа засуулж, янзлуулах гэсэн өөр багш нарын шавь нар ч зорьж ирдэг юм билээ.
БАГА АНГИЙН БАГШААС ХАРВААЧ БОЛСОН ТҮҮХ
Т.Батмөнх багш 1946 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төржээ. Инженер юм уу, математикийн багш болох зорилготой байсан ч Архангай аймгийн багшийн дээд сургуульд 1963-1966 онд суралцаж төгссөн байна. Ингээд сургуулиа дүүргээд Говь-Алтай аймгийн Халиун суманд нэгдүгээр анги дааж авчээ. Сумын хэмжээнд нэгдүгээр ангийн хоёр бүлэгт нийт 60 гаруй хүүхэд элсэх ёстой байсан ч тэн хагасдаа ч хүрээгүй байна. Хоёр ангийг нэгтгээд байхад хүүхэд нь цуглахгүй байсан болохоор Т.Батмөнх багшийг аймгийн төв рүү буцаажээ. Тэрбээр аймагтаа ирээд дөрөвдүгээр анги төгсгөөд дараа жил нь нэгдүгээр анги дааж авсан байна. Тэр үед Рэнцэндорж багшийн мундаг тайлбартай “Дасгалын арга” гэдэг толийг барьж ажилладаг байсан шинэхэн залуу багш яамны орлогч сайдад ихэд тоогджээ. Түүний хичээл дээр суусан тухайн үеийн орлогч сайд Шагдарсүрэн гуай “Танай аймаг мастер” багштай юм байна” гээд цол олгож, мандаж явж байсан удаатай. Улмаар дааж авсан анги нь монгол бичгийн олимпиадад ангиараа улсад хоёрдугаар байрт шалгарч байжээ. “Шавь нар маань тун ч сайхан бичдэг хүүхдүүд байсан даа” гээд Т.Батмөнх гуай сурагчдаа дурсан ярив. Ингээд тэрбээр 1966 онд Багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид урилгаар ирж суралцжээ. 1975 онд сургуулиа төгсөөд Газар зүйн тэнхимдээ багшаар үлдсэн байна. Ардын багш Батсүх гэдэг хүнийг залгамжлан физик, газар зүй хичээлийг заажээ. Тэрбээр энэ мэргэжлээрээ Багшийн дээд сургуульд 20 гаруй жил багшлахдаа “Ус чандмань эрдэнэ” гэсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Туулын сав дагуу их судалгаа хийж байжээ. Т.Батмөнх гуай 1965 оноос нум эвшээлгэж эхэлсэн түүхтэй аж. Харин 40 гаруй жилийн турш нум урласан байна. Тэрбээр газар зүйн боловсрол олгодог багшийнхаа ажлын хажуугаар сур харвах, нум урлах, соёлын энэхүү үнэт өвийг судлах ажлыг орхиогүй байна. Тухайн үед нэг хүн хоёр ажил зэрэг явуулж болохгүй гэсэн болохоор сонирхлоо дагаж, сур харваагаа сонгожээ.
Нум урлана гэдэг бол хэн бүхний хийчихдэг ч ажил биш. Т.Батмөнх гуай энэхүү нямбай чимхлүүр ажилд 1973 оноос суралцаж эхэлжээ. Улсын мэргэн Ядамсүрэн, Дашцэрэн гэж хоёр мундаг уран багшийгаа дагаж анхандаа нум засч сэлбэдэг байж. Яван чангарсаар багш нараасаа урмын үг их сонсдог болжээ. Тэрбээр 100 гаруй хүнд нум урлах арга, ухааныг заасан гэнэ. Тэднээс одоо 30 орчим нь л тууштай ажиллаж байгаа юм байна. Ингээд бодохоор нум урлана гэдэг тийм ч амар хялбар ажил биш бололтой. Түүхий эд, материалын олдоц тааруу болохоор яалт ч үгүй эдийн засгийн чадал шаарддаг биз.
Т.Батмөнх багш шавиар баян хүн. Газар зүйн мэдлэг олгосон олон, олон шавь нар нь Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, эхнээсээ тэтгэвэртээ суужээ. Тэгвэл сур харвааны шавь нарын нас жил ирэх тусам залуужиж байгаагаараа онцлогтой. “Ер нь би багш байхын заяатай шүү” гээд Т.Батмөнх гуай шавь нараараа ихэд бахархах юм билээ. Тэрбээр сум, дүүрэг, аймаг хотыг баг тамирчидтай болгож, сур харвааг хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ зүтгэж байгаа нэгэн. Хотод бол өвөлдөө зааланд, зундаа сурын талбайд л өнждөг аж. Тэрбээр Говь-Алтай аймагтаа сур харвааг хөгжүүлэхийн тулд “Засагт хаан” клубийг үүсгэн байгуулсан бол нийслэлд “Дөрвөн уулын мэргэчүүд” дугуйланг хичээллэдэг юм. Энэ оны хүүхдийн сур харвааны нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд болоход Т.Батмөнх гуайн олон шавь нар цэц мэргэнээрээ уралдацгааж, нэлээд амжилт гаргасанд тэрбээр туйлын баяртай сууна лээ. Сонирхуулахад, “Засагт хаан клуб”-д жил хичээллэсэн Анхбаяр хүү алтан медалийн эзэн болсон бол охидоос Гэрэлмаа хүрэл медаль хүртжээ. Харин насанд хүрэгчдийн харвааны нээлтэд түүний хоёр шавь мастер болон дэд мастер болсон байна.
ГАДААДАД ҮНЭЛЭГДСЭН ГАВЬЯАТ
Т.Батмөнх гуай дэлхийн олон оронд үндэсний нумаа сурталчилж, үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Мөн жил бүр болдог Дэлхийн үндэсний сурын холбооны чуулганд хэдэнтээ илтгэл тавьж, олон улсынханд монгол нум, сум, өв соёлынхоо талаарх судалгааны ажлуудаа танилцуулж байсан юм. Тэрбээр жуулчдыг татахад сур харвааг том түлхэц болтол нь хөгжүүлж чадсан эрхэм юм. Түүний урласан нум сум дэлхийн 50 гаруй оронд түгсэн байна. Тухайлбал, АНУ-аас манай улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд сур харвааг ихэд сонирхож, Т.Батмөнх багшид хүүхдээ шавь оруулж, уралдаан тэмцээнд сойж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа ч үлдсэн байдаг. Ер нь Т.Батмөнх багш монгол тулгатны үндэсний сур харвааг хөгжүүлэхэд ч нэлээд хүчин зүтгэсэн хүн билээ. Буриадууд үндэсний нумтай болчихлоо. Халимаг, Тува, Өмнөд монголчууд нум сумаа заалгаж, шавь орж, харвадаг болсон байна. Бас Т.Батмөнх багшийн буянаар нум сумаа урладаг болсон улсууд ч бий. ОХУ-ын Буриад улс гэхэд сүүлийн арваад жилд 300 гаруй нум авсан гэнэ. Буриадууд үндэсний нумтай болгосон Т.Батмөнх гуайн гавьяаг үнэлж, 2006 онд Чингэс хааны мэндэлсний 800 жилийн ойгоор Улаан-Үүдэд болсон Алтаргана наадам дээр Биеийн тамир, соёлын гавьяат цол хүртээжээ.
Сур харваа бол эрүүл мэндэд чухал ач холбогдолтой спорт болохыг гэрийн эзэгтэй онцлов. Тэрбээр анхандаа нөхрийнхөө сонирхлыг тийм ч их ойшоодоггүй байсан бол яваандаа ойлгож, улам дурлах болсон гэнэ. Энэ тухайгаа Ч.Батням гуай ярихдаа “Сур харваагаар хичээллэсэн өндөр настай хүмүүсийн нуруу нь цэх, хараа нь хурц байдаг юм. Манай хөгшиний нүдний хараа хүртэл залуугийнхаараа шүү. Бас эрүүл мэндэд тун тустай, хүнд тэвчээр хатуужил олгодог спорт. Ер нь өөрийгөө ялан дийлж чадсан хүн амжилтад хүрдэг. Бусад спортыг бодвол өөрөө өөртэйгээ өрсөлддөг онцлогтой” гэв. “Алтны дэргэд гууль шарлана” гэгчээр Ч.Батням гуай чамгүй мэргэн. Гэхдээ ямарваа нэгэн тэмцээн уралдаанд оролцдоггүй, сонирхлоороо энэ спортоор хичээллэдэг гэсэн. Т.Батмөнх гуай сурынхаа талаар ярихдаа “Манай нэгэн ахмад мэргэн шавьдаа хэлж байсан гэдэг. “Сур харвана гэдэг бол өргөөшөө бяр, уртаашаа ухаан байдаг юм шүү. Үүнийг чадвал харваач болно” гэж хэлж байсан нь үнэн юм. Хамгийн гол нь нум сум галт зэвсэг гарах хүртэл яагаад гайхамшигтай байсныг мэдэх гэж гадаадынхан их ирж байна. Нэг үеэ бодвол манай улс сур харвааг хөгжүүлэх тал дээр бодлогоор ажиллаж, анхаарал хандуулж байна. Сүүлийн жилүүдэд сур харваанд залуус их идэвхтэй нэгдэж байгаад хөгшин би баярладаг даа” гэв.
Т.Батмөнх гуайн удамд нум урладаг хүн хараахан байхгүй ажээ. Гэхдээ шар сүүнээс хуванцар гаргах нээлтийг хийж Төрийн шагнал хүртэж байсан Ж.Сандаг гуай түүний нагац ах нь байсан гэнэ. Нутгийнхандаа “Уран Сандаг” хэмээн нэрлэгддэг тэрбээр тун ч гарын ур дүйтэй нэгэн байсан тухай тэд дурсан ярина лээ. Одоо Т.Батмөнх гуай 12 жилийн сийлбэртэй нум урлаж байгаа ажээ. Улсын баяр наадмаас өмнө ард түмэндээ дэлгэж, үзэсгэлэнгээ гаргахаар зэхэж байгаа гэсэн. Түүний урласан нум төрийн бүхий л хүндэтгэлд хамгийн дээд бэлэг болдог. Төрийн ордонд байдаг Ерөнхийлөгчийн өргөөний хоймор дахь хоргонд заларсан есөн төрлийн зэвтэй сум бүхий нум бол түүний бүтээл юм. Сонирхуулахад, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчлахдаа Ж.Бушид бэлэглэсэн нум сумаа мөн л эднийхээр урлуулж байжээ. Энэ тухай гэрийн эзэгтэй ярихдаа “Тэр үед нумыг танай хийж чадсан юм чинь хайрцгийг нь бэлд гэдэг байгаа. Анх удаа гоёлын хайрцаг хийж билээ. Нум урлахаас ч хэцүү байсан шүү. Дахиж ийм хайрцаг хийгээгүй” гээд инээв. Т.Батмөнх гуайн энэ үйл хэргийг төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаасан юм билээ. Түүний баримталдаг зарчим бол “Нум урлахад тоо чухал биш. Хамгийн гол нь чанарыг эрхэмлэх ёстой” гэж байв.
НУМ УРЛАХ ЭРДМЭЭ ТОМ ХҮҮДЭЭ ӨВЛҮҮЛЖЭЭ
Т.Бөтмөнх гуай гэргий мөн л Говь-Алтай аймгийн Шарга сумынх ажээ. Эхээсээ гурвуулаа бөгөөд бүгд элэг бүтэн энх тунх амьдарч байгаа гэнэ. Гэхдээ Ч.Батням гуай багадаа хамаатныдаа өргүүлжээ. Тэрбээр “Би өсгөсөн болон төрүүлсэн аав ээжийнхээ хайранд өссөн азтай хүн. Өргөсөн аав, ээжээсээ хоёулаа. Дээрээ нэг ахтай байсан. Аав, ээж хоёр маань сум орондоо сайн малчин депутат хүмүүс байсан. Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдлийг үүсгэн байгуулсан анхны гишүүн Э.Чойжилжав гэж хүн байлаа даа. Анх нэгдэл байгуулагдахад манайх 276 үхэр нийгэмчилж байсан юм. Харин ах маань малын эмч Шагдар гэж хүн байсан юм” гэв. Т.Батмөнх гуай эхнэртэйгээ танилцсан түүх нь сонин. Тэд нэг сумынх хэрнээ бие биенээ таньдаггүй байжээ. Архангай аймгийн Багшийн дээд сургуулийн буянаар учирсан түүхтэй юм билээ. Т.Батмөнх гуайг төгсөөд явахад нь эхнэр нь нэгдүгээр курсийн оюутан болж иржээ. Тэртээх он цагийн дурсамжаа сөхөхдөө “Тухайн үед цэргийн алба хаахад гурван жил болдог байв. Эхнэрүүд нөхрөө халагдаж ирэхийг гурван жил хүлээдэг байсан. Үүнтэй адил би эхнэрээ гурван жил хүлээсэн дээ гэж хөгшинөө цаашлуулдаг юм” гээд Т.Батмөнх гуай инээж билээ. Ч.Батням гуай сургуулиа төгсөөд таван жил бага ангийн багшаар ажиллажээ. Ингээд 1975 онд конкурсдэж, Багшийн дээдийн Түүх газар зүйн багшийн ангид суралцаж төгссөнөөсөө хойш ерөнхий боловсролын сургуульд багшилсан байна. Говь-Алтай аймгийн хоёрдугаар арван жилд ажиллаж байгаад хотод ирээд 72, 47 дугаар сургуульд тус тус багшилжээ. Олон хүүхдийг газар зүйн мэргэжилтэн болоход үндсэн суурийг сайн тавихын төлөө ажиллаж байсан дүүргийн нэрийн хуудас болсон багш юм. Тэрбээр Баянгол дүүргийн мэргэжлийн ба ур чадварын аваргыг 13 жил хамгаалжээ. Ч.Батням гуай “Багш гэдэг хүн шавь нараараа бахархаж, омогшиж явдаг онцлогтой.Олон олон мундаг шавь төрүүлсэн дээ. Одоо зарим нь Их дээд сургуульд багшилж, Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж байна” гэв. Одоо тэрбээр МУБИС-ийн Клиник пропессор, үндэсний сургагч, зөвлөх багшаар ажилладаг байна. Тэдний том хүү дулааны инженер мэргэжилтэй ч аавынхаа эрдмийг өвлөж, нум урладаг болжээ. Дунд охин нь менежер хийдэг бол бага хүү нь эдийн засагч мэргэжилтэй юм байна. Ач, зээ нар нь бүгд сур харваагаар хичээллэдэг ажээ. Т.Батмөнх гуй сур харвааг зааж сургахдаа огтхон ч цааргалж, түвэгшээдэггүй. Бас үнэрхдэггүй. Нум эвшээлгэж суръя гэсэн хэн бүхнийг уриалгахнаар угтаж авдаг байна.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН