Өнөөдөр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнуудад зориулсан “Хүний эрх ба Манлайлал” сургалт болов.
Сургалтаар “Хүний эрх ба жендэр”, “Манлайлал ба тэгш оролцоо”, “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн салбар” гэсэн сэдвүүдээр хичээл заасан юм. Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МЭМАҮЭХ/-ны 60 орчим үйлдвэрчний эвлэлийн дарга, сонгуульт ажилтан тус сургалтанд оролцлоо.
Сургалтын багийн гишүүн, Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөрийн оролцогч Э.Пүрэвсүрэн: “Жендэр бол нийгэм дэх хүйсийн тэгш эрх, хүний эрхийн асуудал юм. Тиймээс жендэрийн тэгш байдлыг хангах бодлого барьж ажиллахыг салбар бүр анхаарахаас гадна олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд жендэрийн дүн шинжилгээ хийх шалгуурыг тавьдаг болоод байна. Эрүүл мэндийн салбарт ч энэ асуудал нь чухал юм. Тухайлбал, манай улсын дундаж насжилтын зөрүү 10 нас руу дөхөж эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг анхаарч үзэж халдварт бус өвчнөөс сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жендэрийн мэдрэмжтэй сургалт, мэдээллийг зохион байгуулах хэрэгцээ байна. Хүн амын насжилт явагдах тусам настан хүн амд ганц бие, эрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал ч давхар гарч ирдэг тул сургалт, мэдээллийн ажлыг нас, боловсрол, амьдран суугаа газрын ялгаатай байдлыг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай болдог. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тухайн салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо мөн энэ хэмжээний байгаа эсэх нь эргэлзээтэй юм. Сувилагчдын хүйсийн байдал бас л эмэгтэйчүүд давамгайлсан байдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг эмэгтэйчүүдийн салбар мэт авч үзэх хэвшмэл байдал байхыг ч үгүйсгэхгүй юм” гэж хэллээ.
Тэрбээр Конрад-Аденаурын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр”-ийн дөрөв дэх жилийн оролцогч юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-аас хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд жил бүрийн оролцогчид ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш байдал гэхчилэн сэдвийн хүрээнд сургалт, уулзалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.
Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн тулгамдсан асуудлууд бий. Жишээлбэл, зарим эмнэлэгт цолтой ажилчид, энгийн ажилчид гэсэн ойлголт бий. Энэ нь эрх мэдлийн ялгааг бий болгодог. Манай салбарын хувьд 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг, тэдний хөдөлмөрлөх эрх, тэгш байдалд бид анхаарал хандуулж ажиллахыг зорьдог юм. Сургалтанд үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нараас гадна залуучуудын хэсгийн ахлагч, тэргүүлэгч нарыг оролцуулж байна. Манай залуучуудын хороо хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө ажиллах үйлсэд нэгдэж байгаа” гэлээ.
“Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” хөтөлбөрийн энэ жилийн оролцогчид МЭМАҮЭХ-той хамтран тус сургалтыг зохион байгуулж байна.