Төрийн ордонд багш нар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод салбарын сайд Ш.Цогзолмаа нарыг хэлэлцүүлэгтээ суухыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Өнөөдөр Төрийн ордонд “Төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийг бодитоор үнэлэх, үндсэн цалин нэмэгдүүлэх арга зам, гарц-шийдэл” хэлэлцүүлэг болсон юм. Энэхүү хэлэлцүүлэгт төрийн албан хаагч, багш нарын төлөөлөл болон 200 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн гол зорилго багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар арга зам байгаа эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, тодорхой үр дүн шийдвэр гаргах юм. Хэлэлцүүлгийг нээж Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайд Ш.Цогзолмаа үг хэлж, багш нарын асуултад хариулт өгсөн. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өөрийн байр суурь болоод хөдөлмөр эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Гэвч оролцогчдын байр суурь, хэлж буй санал Засгийн газрын гишүүдийг хэлэх үггүй болгож, уур амьсгал эрс ширүүссэн. Энэ үеэр салбарын сайдууд хэлэлцүүлгийг орхин гарснаар багш, төрийн албан хаагчдын бухимдлыг өдөөсөн хэрэг болсон юм. Хэлэлцүүлэгт оролцогчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх, салбарын сайдуудыг хэлэлцүүлэгт эргэн орж ирэхийг шаардаж, 10 минутын турш алга дашин эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Хэрэв Засгийн газрын тэргүүн, танхимын сайдууд хэлэлцүүлэгт орж ирэхгүй, уг хэлэлцүүлгээр шийдвэрт хүрэхгүй өндөрлөвөл Төрийн ордонд суулт зарлаж, танхимаас гарахгүй гэдгээ багш нар мэдэгдлээ.