Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунбаатар: О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн

Улсын дээд шүүх МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэр өнгөрсөн даваа гаригт гаргасан. Шүүх хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн МАХН-ын зарим гишүүдтэй зодолдсон, ам зөрсөн гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ асуудлаар Монгол Улсын Шадар сайд асан, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Улсын дээд шүүхээс танай намын дүрмийн өөрчлөлтийг хоёр ч удаа бүртгэхээс татгалзлаа. Яагаад танай намын дүрмийг бүртгэхгүй байгаа юм бэ?

-Манай нам хоёрдугаар их чуулганаа энэ хаврын эхээр хийсэн. Энэхүү хуралдаанаар намын дүрэм, мөрийн хөтөлбөртөө тодорхой өөрчлөлтийг оруулсан. Энэхүү өөрчлөлт бусад улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөртэй адилхан. Үүнийгээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд өргөн барьсан юм. Гэтэл Улсын Дээд шүүх удаа дараа О.Баасанхүүгийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг гаргалаа. Цаашид энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий шүүгчид хандана. Өөрөөр хэлбэл “МАНАН”-гийн улс төр, бизнесийн бүлэглэл шийдвэр гаргагчдыг санхүүжүүлж, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэхгүй байх үйл ажиллагааг явуулаад удаж байна. Улсын дээд шүүхээс манай намын зарим гишүүд хоорондоо маргаантай байгаа учраас бүртгэх боломжгүй гээд буцаадаг. Ямар нэгэн улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг л шүүхийн байгууллага хянах үүрэгтэй. Харамсалтай нь Улсын дээд шүүх энэхүү хэм хэмжээгээ зөрчиж, намын дотоод асуудалд оролцож байна. Үүнд манай нам шүүмжлэлтэй хандаж байгаа. Мөн Улсын дээд шүүхийн хуралдаанд О.Баасанхүү гэх хүнийг зориуд ирүүлж, нэг тал мэтээр харуулан, хооронд нь зөрчилдүүлсэн нь шүүхийн байгууллагын үйл ажиллагааны алдаа. Монголын шүүх ялзарч байна. Бид энэ ёс зүйгүй шүүгчдийн асуудлыг олон нийтэд гаргаж тавина. Мөн ойрын хугацаанд намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд дахин хандана.

-Өмнө Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрт танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн зарим заалт, материал дутуу байна гэж буцаасан. Энэ удаад О.Баасанхүү гишүүнээс болсон гэж ойлгох уу?

-Энэ удаагийн манай дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөд ямар ч хаягдсан, орхигдсон, дутуу зүйл байхгүй. Өнгөрсөн удаад гарсан тэр дутуу гээд байгаа материал, баримт, заалтуудыг нь хуулийн хүрээнд бүгдийг нэмсэн. Ингээд шүүхээр бүртгүүлэхээр очдог. Гэтэл шүүхээс “Дутуу, орхигдуулсан зүйл заалтаа нэмсэн байна. Гэхдээ өмнө гарч байсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” гэж үзээд буцаасан. О.Баасанхүү гэдэг хүн манай намын жирийн нэг гишүүн. Бүртгүүлэх үйл ажиллагаанд жирийн гишүүн ч байна уу, УИХ-ын гишүүн ч байна уу хамаагүй байдаг. Энэ бол аж, ахуйн нэгжийн бүртгэлийн ажил. Гэтэл энэ хүнийг шүүх хуралдаанд ажиглагчаар оруулж ирүүлсэн нь асуудал үүсгэсэн. Үүнээс болж маргаан үүсч, О.Баасанхүү гишүүн шүүхийн танхимд салаавч гаргаж, бүдүүлэг авир гаргасан. Би шүүх, хуулийн байгууллагад насаараа ажилласан хүн. Өнөөдөр Монголын шүүх ийм нэр хүндгүй, дорд орсныг бид харлаа. Шүүхийн байгууллага ингэж бусдаар доромжлуулчихаад улс төр, бизнесийн бүлэглэлийн даалгавраар үйлчилж, тэдэнд ая тал засаж байгаа нь харамсалтай.

-Маргаан үүсгээд байгаа хүмүүст танай намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэхгүй байх ашиг сонирхол нь юунд байна?

-Хувьсгалт нам улам бүр өргөн тэлж байна. Олон нийтийн дэмжлэгийг авч байна. Бид Шинэ Үндсэн хуулийг хийлээ. Оюу толгой, Таван толгойн орд газрын баялгийг монголчуудад өгөхөөр шийдвэр гаргасан. Энэхүү баялгийн сангаас боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ард түмэндээ үнэ төлбөргүй болгох асуудлыг шийдлээ. Өөрөөр хэлбэл, манай нам шинэ Үндсэн хуулиа боловсруулчихаад ард түмнээсээ дэмжлэг аваад явж байгаа болохоор олигарх бүлэглэлүүд бидний энэхүү үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого юм.

-О.Баасанхүү гишүүн Гурван шүүгчийн өмнө намайг зодсон гэж ярьсан. Энэ үнэн үү. Шүүх хурлын үеэр юу болсон талаар тодруулахгүй юу?

-Шүүгч бол аливаа ашиг сонирхлын нөлөөллөөс ангид шийдвэр гаргах ёстой. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгчид бусдын нөлөөнд автагдсан үйл ажиллагаа явуулж байна. Намын дотоод асуудалд оролцож байна, бусдын захиалгаар ажиллаж байна. Монголын ард түмэн авлигын сүлжээний хөлд үрэгдэж байгаа. Тиймээс Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах ёстой. Улсын Дээд шүүх дээр болсон үйл явдлын талаар ташаа мэдээлэл тарсан. О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Бусдыг өдөөн хатгасан. Тэр нөхрийн талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Нөгөө талаар, О.Баасанхүү МАХН-ынханд зодууллаа гэдэг мэдээллийг сошиалд тараасан. Энэ бол ор үндэслэлгүй мэдээ юм. О.Баасанхүү шүүх хуралдааны дараа зүгээр л гараад явсан. Гарч явсныхаа дараа бусдад зодуулсан эсэхийг бид мэдэхгүй. Ийм ичих нүүргүй худлаа ярьдагаа болих хэрэгтэй. Улсын дээд шүүхийн гурван шүүгчээс юу болсон талаар лавласан ч болно. Хэн нь түрүүлж бүдүүлэг авир гаргасан бэ, хэн нь Монгол Улсын дээд шүүхийн танхимд ёс бус үйлдэл гаргасан бэ гэдгийг асуух хэрэгтэй. О.Баасанхүүг зодоогүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүхийн танхимд салаавч гаргасан. Шүүгч удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүй. Энэ бүх үйлдэл нь камерт бичигдсэн. Тиймээс би ёс зүйгүй гишүүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-2020 оны сонгууль дөхөж байна. Үүнээс өмнө намын дотоод асуудлаа хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ. Байнгын ийм хагаралтай, бутралтай байх уу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Юуны өмнө намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд дахин өгнө. Шүүхээс хэдэн удаа буцаах нь уу гэдгийг бид харна. Хоёрдугаарт, манай нам дотор ямар нэгэн хүндрэлтэй, зөрчилтэй асуудал байхгүй. Харин ганц нэг хүнийг хөлслөөд Төрийн ордныг шөнийн дөрвөн цаг хүртэл ажиллуулж, хурал цуглаан хийдэг хууль бус бүлэглэл бий. Үүнийг бид ард түмэндээ ил болгож байгаа. Түүнээс биш нам дотор ямар ч хүндрэл, зөрчил байхгүй. Үүнд ард түмэн маань санаа зовох хэрэггүй ээ.

-Танай намаас УИХ-д суудалтай ганцхан хүн бий. Энэ хүнтэйгээ цаашид учраа олоод, хамтраад ажиллахад ямар саад бэрхшээл үүсчихээд байна вэ?

-Энэхүү зөрчилдүүлж буй үйл ажиллагааг цаанаас нь улс төр, бизнесийн бүлэглэл зориуд санхүүжүүлж хийж байгаа. Сая намын дүрмэндээ бид жигүүртэй байх асуудлыг оруулсан. Тийм болохоор О.Баасанхүү гишүүн бидэнтэй хамтраад ажиллаж болно. Үүнийг бид өөрт нь шууд хэлдэг. О.Баасанхүү бол улс төрийн хүнд байдалд орчихсон хүн. Тийм болохоор цаашдаа шинээр нам байгуулаад явах уу, бусад улс төрийн нам, хүчнийхэнтэй нэгдэх үү гэдэг нь өөрийнх нь шийдэх асуудал. Бид бол хамтраад ажиллаж болно гэдгээ хэлдэг.

-Танай намын гишүүн З.Баянсэлэнгийг сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж түрээсийн орон сууцанд хамаатнуудаа оруулсан, ашиг сонирхлын зөрчил байсан гэх асуудлаар АТГ-аас шалгасан. Энэхүү асуудалд танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын тогтоолыг гүйцэтгэснийхээ төлөө энэ хүн шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл “Бэрэн” компаниас 223 орон сууц түрээсээр авч өг гэсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүллээ гэх үндэслэлээр З.Баянсэлэнгийг яллаж байгаа. Одоо энэхүү хэрэг Сонгинохайрхан дүүргийн шүүх дээр явж байна. Ийм ёс бус үйл ажиллагаагаа эрх баригчид зогсоогооч. Монголчуудыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварладгаа болиоч ээ. Энэ талаарх шаардлагыг төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж буй байгууллагуудад бид албан ёсоор өгсөн. Энэ талаараа удахгүй олон нийтэд мэдээлэх болно. Ер нь “Бэрэн”-ээс өөр компаниас авсан байвал энэ бол гэмт хэрэг шүү дээ. Мөн 223-аас илүү айл орчихсон бол асуудал ярьж болно. Гэтэл ийм асуудлууд байхгүй. Энэ бол МАНАН бүлэглэлээс зориуд зохион байгуулж буй ажил юм. Ийм хийсвэр хэргээр монголчуудыг бүгдийг нь гэмт хэрэгтэн болгож болно.

-Танай намын дарга сүүлийн үед үүсээд байгаа асуудалд ямар байр суурьтай байгаа бол?

-Намын даргын байр суурь биднээс хол зөрөхгүй байх гэж бодож байна. Намын даргын өдөр тутмын үйл ажиллагаагаа хийгээд л явж байгаа. Саяхан бид Хан-Уул, Багануур, Багахангайд ажиллаад ирсэн. Манай намын удирдлагууд Монголынхоо жирийн иргэдийн гэрээр орж, намынхаа дүрэм, мөрийн хөтөлбөрийг танилцуулж байгаа. Үүнд хамгийн чухал нь бидний боловсруулсан шинэ Үндсэн хууль юм. Энэ хууль батлагдсанаар төрийн эрх мэдэл шууд утгаараа ард түмний гарт очно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дээд танхим нам бус иргэдээс сонгогдоно. Харин Улсын бага хуралдай буюу хууль тогтоох байгууллага нь улс төрийн намын гаргасан саналын дагуу байгуулагдаж, тэр нь байнгын ажиллагаатай парламент байж, хуулиа гаргана. Ингэх юм бол улс орны өмнө тулгамдаж байгаа бүх асуудлууд амархан шийдэгдэх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *