Дэлхийн цөмийн энергийн салбарын хамгийн том үйл ажиллагаа болох АТОМЭКСПО олон улсын форум, үзэсгэлэн 10 дахь удаагаа ОХУ-ын Сочи хотод энэ сарын 14-16-ны хооронд болж байна. АТОМЭКСПО арга хэмжээг ОХУ-ын “Росатом”корпорациас 2009 оноос санаачлан зохион байгуулсаар иржээ.
“Олон улсын түншлэл – Хамтын амжилт” сэдвийн дор зохион байгуулж буй 10 жилийн ойн энэхүү арга хэмжээнд 60 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Харин 2009 оноос хойш нийт 83 орны 38.000 гаруй зочид уг хурал, үзэсгэлэнд оролцжээ.
АТОМЭКСПО-д Засгийн газар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, олон улсын шинжээчдээс гадна дэлхийн цөмийн энергийн салбарын гол тоглогч компаниудын төлөөлөл оролцож, салбарын хөгжил, ололт амжилт, саад бэрхшээлээ хэлэлцэхээс гадна хамгийн сүүлийн үеийн цөмийн технологийг танилцуулдаг.
“Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёв үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Бид энэ жилийн форумыг “Олон улсын Түншлэл- Хамтын амжилт” сэдвийн дор зохиож байна. Учир нь урт хугацааны хамтын ажиллагаа, түншлэлийн хүчээр бид хамтдаа хөгжиж, урагшилж чадах бөгөөд энэ нь цөмийн энергийн салшгүй нэг хэсэг болсон ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих ач холбогдолтой” гэсэн юм.
Харин Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкияа Амано дэлхийн цөмийн энергийн салбарын хөгжилд оруулж буй АТОМЭКСПО форумын хувь нэмрийг тэмдэглэв. Тэрбээр “Олон улсын атомын энергийн агентлагийн хувьд цөмийн эрчим хүчний салбарын хөгжлийг, тухайлбал шинэ тоглогчдын хүчин чармайлтыг дэмжих нь чухал. Тиймээс бид АТОМЭКСПО-той хамтран ажилладаг” гэсэн юм.
Цөмийн эрчим хүчний салбар 2050 он гэхэд дэлхийн бүх цахилгаан эрчим хүчний 25 хувийг хангах зорилт тавьжээ. Үүнд хүрэхэд олон улсын хамтын ажиллагаа, түншлэл чухлыг Дэлхийн цөмийн энергийн холбооны ерөнхий захирал Агнета Ризинг онцолсон юм. Тэрбээр хэлэхдээ, “Эх дэлхий, хүн төрөлхтнийг эрүүл агаар, тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах, түүгээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд бидэнд хийх зүйл их байна” гэсэн юм. АТОМЭКСПО форумын хүрээнд “Дижитал ирээдүй болон Аж үйлдвэр 4.0”, “Шинэ эрчим хүчний инженерчлэл” болон “Цөмийн энергийн салбарынхан” гэсэн 3 гол сэдвийн хүрээнд 20 гаруй дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Эдгээр сэдэвчилсэн хэлэлцүүлэгт 200 гаруй шинжээч оролцож, цөмийн технологийн хэрэглээний бүх чиглэлээрх олон талт хамтын ажиллагааны тухай санал бодлоо солилцож байна.
“Росатом” корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачёвийн урилгаар АТОМЭКСПО олон улсын форум, үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав, төрийн өмчит “Мон-атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал нар оролцож байна.
Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлагт 1973 онд элссэн.
Төрийн өмчит “Мон-атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалын хувьд хоёр дахь удаагаа АТОМЭКСПО-д оролцож байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “АТОМЭКСПО бол цөмийн эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүхий л компани оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулдаг томоохон арга хэмжээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн арга хэмжээ хамрах хүрээ, хэлэлцэх сэдвийн хувьд илүү өргөн дэлгэр байгаа нь ажиглагдаж байна. Миний хувьд эдгээр компанийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, холбоо тогтоох, олон улсын түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор оролцож байна” гэсэн юм.
2009 онд байгуулагдсан “Мон-атом” компани нь цацраг идэвхит ашигт малтмалын судалгаа хийх, олборлолт явуулахад Монгол Улсын засгийн газрын оролцоог хангах үүрэгтэй. “Мон-атом” компани байгуулагдсанаас хойш Франц, Чех, Орос, Хятад улсын цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран ажиллаж иржээ. Эдгээр түншүүдтэйгээ нэг дор уулзаж, хамтын ажиллагаагаа ахиулах боломжийг АТОМЭКСПО олгож буйг Д.Далайжаргал тэмдэглэв.