Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэр гаргасан. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Бямбасайханы асуудлыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Тэрбээр шүүх хуралд онлайнаар оролцсон юм.
Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Хугацаа дуусаж байгаа тул дахин хорих эсэхийг шийдэхээр өнөөдөр ийнхүү шүүх хурал зарлагдсан.
Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм. Тэдэнтэй хамт баривчлагдсан Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг энэ сарын 01-нд батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гаргасан билээ.