Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэгэнт зохиосон амьдралаараа энэ орчлонг туулаарай

Үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах байтугай ганхах нь бараг үгүй. Ийн адил улсын үндэс бол гэр бүл юм. Өнөөдөр “Олон улсын гэр бүлийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид Гэрлэх ёслолын ордонд тэмдэглэн өнгөрүүлэв. Тэд уг ордонтой хамтран зургаан албан хаагчийнхаа хуримыг хийлээ.

Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж буй хосуудын нүдэнд баясал тодорч байв. Хүрэлцэн ирсэн зочид нь ч баярлан хөөрчээ. Гэрлэх ёслолын ордон гэдэг аз жаргал, инээд баяслын их өргөө билээ. Үрсийнхээ дуу хайрын илчээр өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаж буй хосуудын хуримын өдөр нижгэр болж байна.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Галт түймэр унтраах аврах 34-р ангийн жолооч Ц.Намсраймолом болон түүнтэй 15 жил ханилж буй гэргий Д.Оюунчимэг нар хуримаа хийв. Ц.Намсраймолом нь НОБЕГ-т 20 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Тэрээр “Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийнэ гэж төсөөлж ч байсангүй. НОБЕГ энэхүү хуримд миний гэр бүлийг урьж оролцуулж байгаад талархаж байна. Би найзынхаа гэрийг барьж өгч байхдаа анх ханийгаа харж байсан. Хань минь миний найзын эхнэрийнх нь ангийн хүүхэд байсан. Ингээд бид хоёр талаасаа уулзалдаж байлаа. Тэр үед миний насны хань мөн байна гэсэн мэдрэмж төрж байсан даа. Залуу хосууддаа хэлэхэд “Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийгээрэй, үнэхээр сайхан байдаг юм байна. Хайрын хурим хүний амьдралд ганц л тохиодог” гэв.

Түүний гэргий Д.Оюунчимэг “Би химич мэргэжилтэй хүн. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын Үндэсний лавлагаа, лабораторид ажилладаг. Нөхрөөрөө маш их бахархаж байна. Ханийнхаа хамт олонд маш их талархлаа. Хурим гэдэг хүний амьдралд тохиолдох хамгийн аз жаргалтай мөч. Бид хоёрт гэнэтийн бэлэг боллоо. Гэнэтийн зүйл бүр сонин. Санаандгүй тохиолдлоор ханьтайгаа танилцаж байлаа. Үнэхээр сэтгэлээсээ хандаж намайг баярлуулж байсан. Энэ бүхнийг нь хараад л миний заяаны хань гэдгийг ойлгосон доо. Залуу хосууддаа захихад “Ханьдаа итгэнэ гэдэг хамгийн чухал. Хамгийн гол нь бие биенээсээ юм нуухгүй байх хэрэгтэй” миний хань намайг хэзээ ч хуурч байгаагүй. Бүх үнэнээ хэлдэг” гэлээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хуримд хүрэлцэн ирсэн Ц.Мягмаррэнцэн, Д.Өлзийханд нараас сэтгэгдлийг нь сонслоо. Тэд Хатгал сумын дунд сургуулийг хамт төгсөж, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газарт хамт ажиллан тэтгэвэртээ гарсан аж. Ханьтайгаа 33 жилийг хамт өнгөрөөж буй гэргий Д.Өлзийханд “Гэр бүлийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж буй НОБЕГ-ын хамт олонд талархаж байна. Нөхөр бид хоёр 1985 онд Хөвсгөл аймгийн “Аз жаргал”-ын танхимд хуримаа хийж байсан. Би Хөвсгөл нуурын эрэг дээр төрж өссөн. 1979 онд Хатгал сумын дунд сургуулийг ханьтайгаа хамт төгсөж байлаа. Залуу хосууд минь хорвоо уудам учраас муудаж, сайдсан ямар ч үед хоёр биендээ түшиг тулгуур болж яваарай” гэв.

Түүний нөхөр Ц.Мягмаррэнцэн залуу хосуудад зориулан “Хорвоод нэгэнт ханилан сууснаас хойш үр хүүхдээ харж баясан гэр дүүрэн жаргалтай явах хэрэгтэй. Нэг зохиосон амьдралаараа энэ орчлонг туулаарай. Сүүлийн үед гэр бүл салалт их болсон. Хөнгөн хуумгай шийддэг юм болов уу гэж боддог. Ер нь сэтгэлийн хөөрлөөр гэрлээд сүүлд нь таарч тохирохгүй холддог болов уу гэж боддог юм” гэв.

g7

Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд өөдөө цоролзсон галаа өрдөж өрхөн дээр цугласан Долоон бурханд өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор айл болж буй хосууд гэрлэх ёслолоо яруу төгөлдөр тэмдэглэлээ. Насанд энхжин, жарган дэлгэрэхийн хишиг буян, ерөөлийг айлтган наран хотолсон халуун голомтдоо хүндэт зочдоо өөдөө залахаар тэд буцацгаалаа.

Б.АМАРТҮВШИН


g2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *