Парисын Опера дүүрэгт өчигдөр буюу орон нутгийн цагаар 21.00 цагт хутгаар зэвсэглэсэн этгээд гудамжинд явж байсан хүмүүс рүү халдсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ.
Хутгаар зэвсэглэсэн этгээдийн гарт нэг хүн амиа алдаж, долоон хүн шархадсаны хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Цагдаа нар халдлага үйлдэгч этгээдийг газар дээр нь буудан хөнөөсөн байна. Уг халдлага болсон газрын ойролцоох баарны зөөгч хутгаар зэвсэглэсэн этгээд буудуулан унахдаа “Аллах Акбар” хэмээн хэлсэн талаар дурджээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон халдлагад өртөн амиа алдсан залуугийн хойноос эмгэнэн гашуудаж, террорист үйлдлийг зогсоосон цагдаагийн албан хаагчид талархлаа илэрхийлжээ.
Хэргийн дараа Исламын улс бүлэглэлийн мэдээллийн суваг халдлага үйлдэгчийг өөрийн цэрэг байсан гээд Ирак, Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа АНУ тэргүүтэй орнуудын эсрэг хийж буй тэмцлийнх нь нэг хэсэг байсныг мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд гарсан олон удаагийн террорист халдлагын улмаас Франц улс байнгын онц байдалд байгаа билээ.