ОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсээс усны нөөцийн нэгдсэн менежментийн хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх, идэвхжүүлэх зорилгоор 2030 Water Resources group /Усны нөөцийн бүлэг 2030/ хамтран энэ сарын 19-20-ны өдөр “Сав газрын талуудын анхдугаар уулзалт, олон талт оролцоог идэвхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна.
Монгол улсын Усны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу усны сав газрын зөвлөл тухайн сав газрын нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтэд талуудын оролцоог хангах, сав газрын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллах харилцааг зохицуулах “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ыг БОАЖ-ын сайдын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/57 тоот тушаалаар шинэчлэн баталсан.Энэхүү журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд уг сургалтыг зохион байгуулж буй аж. Сургалтад БОАЖЯ, түүний харъяа газрууд 21 аймгийн сав газрын захиргаад, мөн 17 сав газрын зөвлөл, эрдэмтэн судлаачид, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Усны үндэсний хорооны төлөөллөөс бүрдсэн 200 төлөөлөгч оролцож байна.
Сургалтаас шинэчлэн баталсан “Сав газрын талуудын оролцооны зөвлөл байгуулах, ажиллах журам”-ыг сав газрын ажилтан, албан хаагчдад танилцуулах, талуудын оролцоотой үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад ач холбогдолтой юм. Мөн Сав газарт тулгамдаж буй асуудлууд, түүний шийдлийг тодорхойлох, Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн хамтран ажиллах үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэр гаргах түвшний байгууллагад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү арга хэмжээний зохион байгуулалтын ажлыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хариуцан ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар Монгол орны усны сав газрыг батлан, Засгийн газрын 2012 оны 254 дүгээр тогтоолоор Сав газрын захиргаадыг байгуулан ажиллах шийдвэр тус тус гарсны дагуу усны сав газрын захиргаад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор орон нутагт усны 21 сав газрын захиргаа, 17 сав газрын зөвлөл ажиллаж байна.