Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Оюу толгойн гэрээг олон талаас нь шалгах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та Оюу толгойн ажлын хэсэгт багтсан ганц хуульч гишүүн. ТУЗ-өөс мэдээлэл авч чадаж байна уу. Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайдад хаягласан гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан. Хариугаа авсан уу?

-Ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Эхний хоёр дахь уулзалтад Оюу толгойн ТУЗ-ийн хүмүүс ирж мэдээлэл өгсөн. Харамсалтай нь Н.Багабанди гуай ирээгүй. Монгол Төрийн тэргүүн байсан хүнийг “Тэг, ингэ” гээд байх нь нэг талаасаа ёс зүйд нийцэхгүй. Нөгөө талаас Оюу толгойн ТУЗ том үүрэгтэй байх ёстой. Улстөрчид “Оюу толгойн 34 хувийг бид ядаж үнэгүй авах ёстой” гэж хэлдэг шүү дээ. Үнэндээ бол 66 хувь нь ч үнэгүй. Хамгийн гол нь анхны төслөө хэрэгжүүлэхдээ нийлээд гэрээ хийчихсэн байгаа юм. Тэгэхээр тэр гэрээнд 34 хувьтай холбоотой ямар асуудал орсон юм, энэ нь Дубайн гэрээнд яаж орсон юм гэдэг нь тун хариуцлагатай асуудал. Гэтэл Төрийн тэргүүн байсан хүн гадаадын хамтарсан компанид ТУЗ-ийн гишүүн хийх нь зохимжгүй юм. Түүний оронд мэдлэг боловсролтой, ур чадвартай мундаг залуусыг оруулаад тууштай ажиллах хэрэгтэй гэдэг хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилсан. Засгийн газар ТУЗ томилох асуудлыг шийддэг. Оюу толгойн гэрээг олон талаас нь шалгах ёстой.

-Зарим хүмүүс Оюу толгойг хааж, бооно, татан буулгана гээд байх юм. Хэрэв төслийг зогсоохдоо тулбал манай улс бүтээн байгуулалтад зориулсан тэр их хөрөнгийг төлөх болно. Тиймээс гэрээнд засвар оруулаад цааш явуулах ёстой биз дээ?

-Бид нэг зүйлийг бодох ёстой. 2012 онд намайг УИХ-ын гишүүн болоход тухайн үеийн манай намын гишүүн байсан Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэсэн гурван сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон байдаг. Тэд тухайн үедээ санхүүгийн зөрчил зэргийг шалгаад илрүүлсэн. Тэгэхэд Дубайн гэрээг хийсэнтэй холбоотойгоор санхүүгийн маргаанаа нэг талдаа гаргаад баталъя гээд шийдчихсэн. Тэр үед би С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барьсан шүү дээ. Бас Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд дуудсан. Тэр үед асуултад хариулт өгөхдөө “Та нарын наадах чинь нэг өдөр хүчингүй болоход магадгүй арбитрын шүүхэд дуудагдах вий дээ” гэж хэлж байсан. “Яагаад гэвэл та нар өөрсдөө гүйж очоод санхүүгийн ямар нэг зөрчилгүй байна.

Энийг ярихгүй байя. Үүнээс цаашаа явъя” гэсэн маягтайгаар шийдсэн байсан учраас том асуудал болсон. Энэ парламент байгуулагдаж Засгийн газар нь ажлаа авангуутаа “100 гаруй сая ам.долларын татварын зөрчлийг ойлголцлоороо шийддэг гэдэг юу гэсэн үг вэ. Энэ бол албан тушаал хэтрүүлсэн юм биш үү” гэдэг асуудал одоо тавиад явж байна. Иймд нэгдүгээрт, Оюу толгойтой холбоотой санхүүгийн асудлыг ярих ёстой. Хоёрдугаарт, Оюу толгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг тав хуваагдаж байгаа. Миний хувьд ажилчдын нөхцөл байдал, цалин мөнгө, нийгмийн даатгал зэрэг асуудлыг шалгах дэд ажлын хэсгийг ахалж хариуцаж байгаа. Зарим хүн “Оюу толгой бол гурван сая хүний эрх ашиг болохоос тэнд ажиллаж байгаа 14 мянган хүн ямар хамаатай юм бэ” гэж дураараа яриад байгаа. Би хувьдаа үүнийг буруу гэж үзэж байна. Ямартай ч Оюу толгойн ажилчдын нөхцөл байдлын талаар ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргаж, Байнгын хороонд оруулна. Ер нь Рио тинто гэрээгээ засах ёстой.

-Оюу толгойгоос гадна оффшор бүстэй холбоотой ноцтой асуудлууд байгаа гэж та ярьж байсан. Тэр нь юу юм бэ?

-Саяхан би Швейцарь яваад ирсэн. Тэгэхдээ тэнд манай 72 сая ам.доллар байж магадгүй гэсэн мэдээлэл ирсэн. Яалт ч үгүй “Альфа энержи” гэсэн компанийн нэр хэлээд байсан болохоор энэ асуудлыг шалгуулахаар АТГ, УЕПГ-т бичиг өгсөн. Одоо хариугаа нэхнэ. Швейцарийн Гадаад хэргийн сайд саяхан Монголд айлчилсан. Тэрбээр “Манайхыг битгий оффшор гэж хэлээч ээ. Оффшор гэдэг чинь татвараас чөлөөлдөг бүс. Манай улс бол оффшор биш. Манайх 2013 оноос өмнө хуулиндаа аль нэг улсын иргэнтэй холбоотой мэдээллийг нэхвэл “Танай улсын дотоод асуудалд орохгүй. Төвийг сахисан учраас мэдээлэл өгөхгүй” гэдэг байсан. Одоо бол тэгэхээ больсон. Швейцарийн иргэний асуудлыг өгөхгүй. Харин өөр улстай холбоотой мэдээллийг өгнө” гэсэн. Тэдний хуулиар гэм буруутай нь тогтоогдчих юм бол манайх өөрийнхөө иргэнийг “Авлига авсан байж” гээд шоронд хийчихнэ. Харин тэр мөнгийг нь Швейцарь 15 жил хадгалсны дараа манайх орлого болгож авах юм билээ. Тэгэхээр 72 ам.доллар гэдэг бол их мөнгө. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгөхөөр хэмжээний хөрөнгө шүү дээ. Тиймээс хуулийн байгууллагынхныг энэ мөнгийг очиж шалга гээд байгаа юм.

-Ер нь та Үндсэн хуулийн цэцийг шүүмжилдэг хүний нэг. Яагаад шүүмжлэлтэй ханддаг юм бэ?

-Үндсэн хуулийн цэц дандаа шүүмжилдэг. Одоо Цэц чадамжгүй болчихсон байна. Өнөөдөр есөн гишүүн байх ёстой. Гэтэл Цэцийн дарга байсан Ж.Амарсанаагийн оронд хэн очив. Дараа нь Д.Наранчимэг, Н.Жанцан гээд тэтгэвэрт гарчихсан хүмүүс байна. Ирэх тавдугаар сард Д.Сугарын хугацаа дуусна. Бас Н.Чинбат гуайн нас 60 гарчихсан. Энэ мэтчилэн Үндсэн хуулийн цэц чадамжгүй болчихсон. Тиймээс гишүүдээ солих хэрэгтэй.

Өмнө нэг гишүүн сайдыг огцруулах өргөдөл өгч болдог байсан. Тэгээд “нэг гишүүн” гэдгийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд хүчээр болиулчихсан. Гэтэл одоо огцрох ёстой өчнөөн л сайд байна. Жишээлбэл, гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Хүчингийн хэрэг өдөр бүр гарч байна. Орон нутагт алга болсон охиныг олохгүй байна. Том хүмүүсийн тухай л яриад байдаг. С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар том л юм байгаа биз. Харин ядарсан ард түмнээ яах вэ. Өдөр болгон гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи, гэмт хэрэг цахиур хагалж байна. Дээрээс нь манай зарим нэг ордыг Солонгосын төрийн өмчит компани болгочихсон юм билээ. Энэ асуудлыг шалгаад явж байгаа ноцтой асуудлууд бий. Тиймээс сайдуудад хяналт тавих ёстой. Эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбаруудаа анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайд одоо попорхоо болиод улс орноо бодмоор юм. Шийдэх өчнөөн асуудал байна. Монгол Улс дундаж давхаргатай, ажлын байртай болмоор байна шүү дээ. Энэ болгоныг яриад, бодлогын асуудал тавья гэхээр хяналт тавих хууль нь байхгүй болчихсон. Тэгэхээр иймэрхүү улс төрийн байгууллага байх хэрэгтэй ч юм уу. Өнөөдөр ард түмэн төр засгаас татвар, тэтгэвэр, Эрүүгийн хуулийн асуудал гээд их зүйлийг харж байна. Үндсэн хуулиа өөрчлөөд ч хамаагүй Монгол Улсаа сайхан болгохыг хүссэн.

-Цаазын ялыг сэргээх асуудлыг нийгэм янз бүрээр хүлээж авч байгаа. Харин та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Ерөнхийлөгч ажлаа хийгээсэй гэж хүсч байна. Цаазын ял яагаад зөв юм бэ гэдгээ өөрөө гарч ирээд ард түмэндээ ярих ёстой. Улс орноо хөгжүүлье гэж байгаа бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр сонгуулийн штабаа буулгаач ээ. Бодлого гаргаж, ширээнийхээ ард суугаад хуулиа батлаад ажлаа хийх хэрэгтэй. Ард түмэнд буруу зөрүү ойлголт төрүүлсэн мэдээллийг пиарын баг нь цацаад л байх юм. Одоо бүр Г.Баасан АТГ-ын дарга болно гэж байх юм. Нийгэмд үүссэн нэг асуудлыг дарахын тулд зохиомлоор мэдээлэл цацаад байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр одоо пиарын багаа буулгаад ажлаа хиймээр юм. Дээрээс нь Ардын намын залуу гишүүд өдөр бүр нэг юм ярьдаг. Тэд ямар ч шийдэлгүй, шүүмжилдэг. Оюу толгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудлыг шүүмжилж болно. Шийдлээ гаргаад ир.

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрдөө авч болно. Гэхдээ бид 450 сая ам.долларыг төлөхгүй. Яагаад гэвэл “Хууль бусаар авсан” гэж байгаа юм бол яагаад мөнгө төлөх ёстой гэж. Тэгтэл Цэц мөнгийг нь өгөөрэй гэж шийдвэрлэсэн. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь адилхан. Одоо бидэнд хоёр зам байгаа. “Эрдэнэт” дээр менежментийн баг очиж суугаад ашгаас нь хүртэх. Эсвэл 450 сая ам.доллараа аваад явах. Хууль бус юм бол тэгж болно гэж үү. Харин “Эрдэнэт”-ийн 51 хувь дээр Стандарт банкинд барьцаалсан гарын үсэг хуурамч гэж байна. Хуурамч юм бол банк ядаж өмчөө очиж харах ёстой юм байгаа биз дээ. Өнөөдөр Ш.Батхүү шоронд байгаа. Түүнийг гаргаж ирээд бусдыг нь шалгах хэрэгтэй. Хуурамч гэж үзэж байгаа бол Стандарт банкийг, жинхэнэ гэвэл Ганзориг нарыг шалгах ёстой.

Адилхан хуйвалдаан шүү дээ. Шалгаж байгаа тохиолдолд арбитор руу хандвал түдгэлзчихнэ. Яаралтай цааш нь хандахгүй бол зээлийн хүү өссөөр байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *