Хөхний эрүүл мэндийн төвийн төслийн удирдагч, анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Нийгэмд маш их хэрэгтэй төв үүдээ нээжээ?
-Миний хувьд 2010 оноос хойш хэд хэдэн төсөл дээр ажиллалаа. Хөхний эрүүл мэндийн төв бол хийж байгаа төслүүдийн минь нэг л дээ. Гурван жилийн өмнө энэ төслийг боловсруулж бичээд, судалгааг нь хийсэн. Монгол Улсын хэмжээнд хөхний эрүүл мэндийн асуудал орхигдчихоод байгаа салбар. Хөхөөр дагнасан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг байхгүй. Зөвхөн Хавдар судлалын эмнэлэг дээр хөхний асуудалтай хүмүүс хандаж ирдэг. Хортой хавдрын асуудлыг уг эмнэлэгт шийдчихэж байгаа юм. Гэтэл хөхний хувьд ганц хавдраас гадна өөр олон асуудал гардаг. Буглаа, бэрсүү, хоргүй хавдрууд, гормоны өөрчлөлтүүд, шалтгаангүй өвдөөд байдаг гэх мэт маш олон төрлийн эмгэг байдаг. Ингэж өвдөж байгаа хүмүүс хаана хандах вэ гэхээр очих, хандах газар байдаггүй. Боломжтой нэг нь гадагшаа явж үзүүлнэ. Гэтэл хүн болгон тэгж явж чадахгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэх гарц нь юу байх вэ гээд эхлээд төрд санал тавьсан юм. Төр үүнийг тодорхой хэмжээнд ач холбогдол өгч хүлээж аваагүй. Ингээд 2015 оноос хойш Солонгос, Япон гээд гадна, дотны хөрөнгө оруулагчидтай холбогдож явсаар эцэст нь монголчуудтайгаа хамтраад энэ эмнэлгийнхээ үйл ажиллагааг эхлүүлчихээд байна. Үйл ажиллагааг нь эхлүүлээд сар орчим болж байна.
-Одоогоор ямар үйлчилгээнүүд үзүүлж байна вэ?
-Манай төв оношилгоо болон зөвлөгөө өгөх түвшинд ажиллаж байна. Хөхний оношилгоонд өвөрмөц шинжилгээнүүд бий. Маммограф бол хамгийн чухал шинжилгээ. Хоёрдугаарт, хоёр төрлийн хэт авиа буюу эхо аппараттай. Эход харна, дараа нь маммографийн шинжилгээ хийнэ. Тэгээд эмчийн үзлэг, зөвлөгөө бий. Өдрийн эмчилгээ, туяаны хордлогыг тайлах эмчилгээ хийлгэх тохь тухтай орчинг бүрдүүлчихээд байна. Мөн хөхнөөс эд авдаг шинжилгээ, цусны бүх төрлийн шинжилгээг хийж байгаа. Хөхний толгойноос гардаг шингэнийг шинжилдэг цитологи буюу эсийн шинжилгээ бас авдаг. Хөхний эмгэгийн бүх оношлогоог хийж байна гэсэн үг. Манай төвийн хажууд “Бонавита” лаборатори бий. Тэнд бүхий л шинжилгээгээ хийлгэдэг.
-Үйлчлүүлэгч хэр их ирж байна?
-Хандалт байна. Түвэгтэй хэцүү нэг зүйл байна. Боловсон хүчний асуудал хүнд байна. Хөхний салбар Монголд хөгжөөгүй. Тэрнийгээ дагаад хөхний чиглэлийн эмч мэргэжилтнүүдийг боловсруулаагүй. Үүнийг цаашид бодлогоор хөгжүүлэх ёстой юм байна. Зөвхөн Хөхний эрүүл мэндийн төвд биш бусад эмнэлэгт хөхний чиглэлээр ажиллах шаардлагатай боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх хэрэгтэй байна.
Монголд хөхний чиглэлээр ажилладаг гарын таван хуруунд багтах цөөхөн хүний хоёр нь болох Монгол Улсын хүний гавьяат эмч Р.Асай, тэргүүлэх зэргийн эмч П.Төгсжаргал нар Хөхний эрүүл мэндийн төвийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа. Энэ хоёр хүн улсын хэмжээн дэх хөхний өвчний асуудлыг шийдэж чадахгүй учир цаашид энэ чиглэлийн эмч нарыг гадаадад сургая гэсэн бодол байдаг юм. Миний хувьд тус төвийн менежмент, удирдлагын багт нь ажиллаж байгаа.
-Хөхний эрүүл мэндийн төв байгуулагджээ гэх мэдээг дуулсан хүмүүс оношилгооны төлбөрийг нь ихэд сонирхож байна?
-Багцын үзлэг гэж тариф гаргачихсан байгаа. Эмч үзээд, зөвлөгөө өгөөд, маммограф, эхо оношилгоо хийлгэхэд багцаараа 50 мянган төгрөг. Энэ бол боломжийн үнэ. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиг олохгүйгээр хувийн байгууллага оршин тогтноход бэрх гэдгийг бодолцсон. Гэхдээ ашиг гэхээсээ илүүтэй энэ салбарт тулгараад байгаа асуудлыг шийдэхэд ямар гарц байна вэ гэдэгт анхаарч байгаа л даа. Түүнээс биш айхавтар өндөр өртөгтэй шинжилгээ авна гэвэл энэ салбар маань хөгжихгүй, урагш явахгүй. Аль болохоор хүртээмжтэй, хяналтыг олон удаа хийх зэргээр үйлчлүүлэгчдэдээ ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Одоогоор ачаалал хэр байгаа вэ. Өдөрт хичнээн хүнийг оношилж байна вэ?
-Хоёр зөвлөх эмч маань шаардлагатай үед очиж зөвлөгөө өгч байгаа. Үндсэн нэг эмч маань хамаг сэтгэл зүрхээ зориулан их л ачаалалтай ажиллаж байна даа. Өдөрт 8-10 орчим хүн үзэж байгаа. Нэг хүнд зарцуулах хугацаа урт шүү дээ, 30-40 гаруй минут.
-Танай төвтэй ямар утсаар холбогдох вэ?
-77550007, 70009096 дугаарын утсуудаар холбогдож болно.
-Хөхөө тэмтрэхэд ямар нэгэн юм гарт мэдрэгддэг ч тэр нь хүүхэд төрүүлэхээр алга болчихдог гээд тоохгүй байх нь бий. Бас горьдоно, эрнэ гэж бий. Горьдсон үед бариа хийлгэх, элдэв юмаар илж маажих, домнох зэргээр аргалцгаадаг. Энэ мэт ардын арга засал хэр зөв бэ?
-Хөх нь өвдөж зангирахад хаашаа очих вэ гээд арга нь мухардаад л хүмүүсийн сайн гэж хэлдэг бариач, домч дээр очоод байдаг. Үүнтэй би зарим талаар санал нийлдэг, зарим талаар нийлдэггүй. Хөхүүл эмэгтэйчүүд горьдчихлоо гэдэг. Хөхний сүү үйлдвэрлэдэг булчирхайнаас хөхний толгой хүртэл суваг бий. Тэр сувгаар сүү дамждаг. Тэр нь бөглөрчихдөг.
-Юунаас болж?
-Энгийн үгээр сүү нь гашилна гэсэн үг. Ээдмэг шиг болчихоор нарийхан сувгаараа гарч чаддаггүй. Сүүний булчирхай сүү үйлдвэрлээд байдаг. Суваг нь бөглөрчихсөн байвал сүү нь нэмэгдээд тэлэгдээд томроод зангирчихдаг. Зарим илээч, бариач хүмүүс бариад тэр бөглөрсөн сувгийг нь нээчихдэг. Тэгэхээр дотор нь байсан сүү нь гадагшилчихаар эдгэчихлээ гэж ярьдаг. Гэхдээ хөхний бүх асуудал дээр бариа, иллэг байх ёстой гэж ойлгож болохгүй. Жирэмсэн биш, хөхүүл биш эмэгтэйчүүдийн хөхөн дээр юм гарлаа гэхэд бариулаад зүгээр болно гэж байхгүй.
-Хөхөө юманд цохиулахад үед хөндүүрлэх, хатуу юм тэмтрэгдэх, бэрсүүтэх зэрэг шинж тэмдэг илрэхэд “Хүүхэд төрүүлэхээр алга болчихдог” гээд байдаг. Энэ нь ямар учиртай юм?
-Жирэмсэлсэн үед төрөхөд бэлтгэгдээд сүүний булчирхайнууд хөгжөөд эхэлдэг. Тэр үед заримдаа гормон, шүүрэл ялгардаг. Шүүрэл ялгарлын явцад зарим нэг бэрсүү хайлаад урсаад алга болох тохиолдол байдаг. Гэхдээ бүх бэрсүү тэгж алга болохгүй шүү. Сүүний булчирхайны эсийн гаралтай, холбогч эсийн гаралтай гээд бэрсүүнүүд маш олон янз.
-Ямар төрлийн бэрсүү байна вэ гэдгийг дээр дурдсан оношилгоонуудаар гаргаад ирнэ биз дээ?
-Зангилаа, бэрсүү байвал заавал мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ өгөх ёстой. Шинжилгээ нь ч шат дараалалтай. Шууд хатгаж эдийн шинжилгээ авна гэж байхгүй. Эхлээд хөхний зураг авахуулаад эход оношилно. Эхний хоёроор оношлогдохгүй бол эдийн шинжилгээ авна.
-Сүүлийн жилүүдэд хөхний хорт хавдрын тохиолдол ихсээд байгаа. Энэ нь юутай холбоотой вэ?
-Ихсээд байгаа шалтгаан нь хөгжингүй орнуудын соёл орж ирсэнтэй холбоотой. Европын холбооны улс ялангуяа Герман, Австри, Белгид эмэгтэйчүүдийн хувьд номер нэг өвчин нь хөхний хавдар болоод байна. Хөхний хавдрыг эмчилж дийлэхгүй байна шүү дээ. Би саяхан Европын холбооны улсад болсон олон улсын хуралд оролцоод ирлээ. Тэр хурал дээр хөхний хорт хавдрын тухай л ярьсан. Монголд элэгний хорт хавдар, элэгний өвчлөлийг хамгийн их ярьж тэмцэж байгаа бол тэнд хөхний хавдартай тэмцэхийн төлөө зүтгэж байна.
Яагаад энэ өвчин газар аваад байна вэ гэхээр тэнд төрөлт байхгүй болсон. Төрөлт орой болсон. Хөхний хавдрын гол шалтгаан бол хэт орой төрөх, сарын тэмдэг орой ирэх. Хоёрдугаар том шалтгаан бол хүүхдээ хөхөөр хооллохоо больсон. Сүү үйлдвэрлэдэг булчирхайнууд сүү үйлдвэрлэлээ ч тэрийгээ гадагшлуулахгүй болохоор дотроо буглаад, эсүүдийн бүтэц алдагдаад эхэлдэг. Зориулалт нь сүү үйлдвэрлэхээ болиод эхэлдэг. Тэр нь явсаар хавдар болчихдог.
-Тэгэхээр хугацаандаа төрөх ёстой, хүүхдээ аль болох хөхөөрөө удаан хооллох ёстой байх нь?
-Тийм. Аль болох хугацаандаа төрөх ёстой. Хүүхэд төрүүлэх идэвхтэй нас гэж байдаг шүү дээ. Тэр хугацаандаа төрөх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр хооллож байх ёстой.
-Ээжүүд хүүхдээ аль болох эрт хөхнөөс нь гаргаад бор хоолонд оруулах гээд байдаг болчихсон?
-Дээхнэ үед ээжүүд хүүхдээ гурав, дөрвөн нас хүртэл нь хөхүүлдэг байсан. Тэр нь муу юм биш байжээ. Хэт эрт хүүхдээ хөхнөөс нь гаргах нь нэг талаар ээжид өөрт нь, хөхөнд нь сөрөг нөлөөтэй. Тийм учраас үүнд хүмүүс мэдээлэл сайтай байх хэрэгтэй.
-Ямар давтамжтайгаар хөхний үзлэгт орох ёстой юм бэ?
-Олон улсын жишгээр 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал хөхний урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх ёстой гэж заадаг. Харин 40 хүртэл насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа үзлэгт орж байх ёстой. Энэ бол бүр тогтчихсон хугацаа. 40 нас хүрсэн л бол “Би эрсдэлтэй бүлэг рүү орлоо” гэж үзээд жил бүр хөхний үзлэгт орно.
-Эцэг эхчүүд охиныхоо хөх ургаж эхэлсэн үеэс л хөхний үзлэгт оруулж хэвших хэрэгтэй юм байна?
-Ер нь бол тийм шүү. Эхнээсээ л хөхний эрүүл ахуйн зөвлөгөө авах ёстой. Төрсөн эх тодорхой хугацааны дараа шалгуулж байх ёстой. Манай программд үйлчлүүлэгчийн мэдээлэл суучихдаг. 40 хүртэл насны үйлчлүүлэгч өнөөдөр манай төвөөр үйлчлүүллээ гэхэд гурван жилийн дараа энэ өдрөөс долоо хоногийн өмнө программ автоматаар тухайн үйлчлүүлэгчийн мэдээллийг гаргаж ирж сануулна. Тэр дагуу манай ажилтнууд үйлчлүүлэгч рүү утсаар холбогдож “Хөхний үзлэгт орох хугацаа тань болсон байна” гэж сануулна. Үүнтэй адил 40-өөс дээш насны үйлчлүүлэгч рүү яг жилийн дараа программын сануулсны дагуу холбогдож үзлэгтээ орохыг сануулах юм.
Мөн ажил дээрээ эсвэл гэртээ хүүхдээ хараад гарч чадахгүй байгаа үйлчлүүлэгч рүү төвийнхөө зориулалтын эмнэлгийн машиныг илгээж очиж авна. Төв дээрээ авчраад шинжилгээг нь хийлгэж эмчид үзүүлчихээд буцаагаад гэрт нь хүргэх delivery үйлчилгээг нэвтрүүлээд байна. Бусад оронд үйлчилгээний ийм соёл байна аа гэдгийг монголчууддаа тодорхой хэмжээгээр ойлгуулахсан гэхдээ л ийм ажлуудыг хийгээд байна.
-Танай төвөөр үйлчлүүлж шинжилгээ хийлгэсэн хүмүүс дунд хорт хавдар илэрсэн тохиолдол гарсан уу?
-Гурав, дөрвөн хортой хавдрыг илрүүлсэн. Энэ бол тохиолдлын хувьд өндөр үзүүлэлт. Ер нь нийгмээ дагаад хортой хавдар зөвхөн хөх гэлтгүй ихсээд байгаа. Дээрээс нь янз бүрийн сүлжээний бүтээгдэхүүн, гормон агуулсан бүтээгдэхүүнүүд булчирхайлаг эд эрхтэнийг гэмтээгээд байдаг. Нойр булчирхай хамгийн өртөмтгий, бөөрний дээд булчирхай, хөх зэрэг булчирхайлаг эрхтнүүд өртөж байна. Би одоо Хавдар судлалын эмнэлэгт эмчээр ажилладаг. 2010-2014 оны хооронд АҮШУИС-ийн Хавдар судлалын тэнхимд багшилж байсан болохоор энэ бүхнийг онолын талаас маш сайн мэдээд байна.
Цаашид бид 40-өөс дээш насны 100 бүлэг хүнийг урьдчилсан үзлэгт оруулаад явлаа гэхэд ямар нэг муу юм болоход эрт оношилно гэсэн үг шүү дээ. Эрт оношлох нь амьдралын чанарыг уртасгаж өгдөг. Хавдар судлалын зарчим гэж бий. Эрт оношилгоо бол урт наслалт. Энэ хоёр бол шууд хамааралтай. Орой оношилгоо-богино наслалт гэсэн урвуу хамааралтай байдаг.