Categories
мэдээ цаг-үе

Т.Төрбат: Хурдан моринд хамааралтай 400 мянга орчим хүн бий, том салбар биш юм уу

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны үйл ажиллагааны талаар болоод саяхан болж өнгөрсөн “Дүнжингаравын хурд-2018” хурдан морины уралдааны талаар залуу уяач Тогмидийн Төрбаттай ярилцлаа.


-Жил бүрийн хавар болдог “Дүнжингаравын хурд” уралдаан нийгэм даяар сөрөг талаараа шүүмжлүүлдэг. Энэ жил ч гэсэн шүүмжлэлд их өртлөө. Энэхүү уралдааны талаар яриагаа эхлэх үү?

-Манай өнөөгийн нийгэмд яагаад морин уралдаанаас өөр тулгамдсан асуудал байхгүй юм шиг хүн бүр, янз бүрийн үзэл бодлоор тайлбарлаж яриад байгаа юм бэ. Үүний гол шалтгаан нь ердөө улстөртэй л холбоотой байх. Монголын Морин Спорт Уяачдын Холбоо (ММСУХ)-ны удирдлагууд нь төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон намын нөлөө бүхий улстөрчид байдаг. Жил бүрийн хавар болдог энэхүү уралдаан дөхөөд ирэхээр нийгэм даяар унаач хүүхдийн асуудлыг сөхөж, хэт нэг талыг барьсан мэдээллүүдийг цацаж, хурдан морины уралдааныг харлуулж ирсэн. Урд хөршид болон дундад Азийн улс орнуудын ижил төстэй морин уралдааны үеэр гарсан осол, гэмтэл, бэртлүүдийн бичлэгийг манайхан хольж хутган өөрийн оронд болсон мэтээр харагдуулдаг. Санаатайгаар гуйвуулан олон нийтэд цацдаг. Маш олон хүүхэд гэмтэж бэртсэн, тэр бүү хэл амь нас эрсдсэн гэх мэтээр тоо баримтыг бодит байдлаас ташаагаар мэдээлдэг. Энэ мэт худал мэдээллүүдийг манай уяачид болон уяачдын холбооны зохион байгуулсан уралдаан мэт ард түмэнд ойлгуулсаар ирлээ. Сүүлийн жилүүдэд бүр ч ихэссэн. Улстөржсөн гэдэг нь холбооны удирдлагуудыг гол “бай”-гаа болгож байгаагаар цаад зорилго нь ойлгомжтой харагддаг. Энэ нь ММСУХ өөрөө нийт уяачдыг улс төрийн зорилгоор маш их ашиглаж ирсний үр дагавар гэж би харж байгаа. Ер нь монголчууд морь, бөх хоёртоо үнэхээр хайртай, сэтгэл зүрхэнд нь уяатай байдаг ард түмэн. Энэ сайхан цагаан сэтгэл дээр дөрөөлж улс төр хийж байгаа хэсэг бүлэг хүмүүсийн харалган үйлдэл даамжирсаар байгаа энэ байдалд хүрлээ гэж харж байна.

-Саяын уралдаанаас болж улс даяар хурдан морины уралдаан зохион байгуулахыг зургадугаар 1 хүртэл хориглолоо. Бүр хүүхдээр морь унуулахгүй асуудлыг нийгэмд тавьж байна. Үүнийг зарим уяачид өв уламжлалыг устгах бодлого гэж харж байгаа бололтой. Таны хувьд ямар бодолтой байна?

-Нэг талаасаа хүүхдүүд эрсдэлтэй нөхцөл байдалд орж байгаа нь зарим нэг тоо баримтаас харагдаж байна. Гэхдээ тоо баримт бүр яг үнэн бодит байдаггүй. “Дүнжингарав-2018” уралдааны үеэр гурван хүүхэд бэртэж, хагалгаанд орлоо гэсэн. Би хурдан морины орчинд явдаг хүн мэдпэлгүй яахав дээ. Энэ бол худлаа мэдээлэл. Нэг хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авсан. Хэдийгээр хөнгөн бэртэл ч гэлээ уяач нь биеийн байдлыг нь харзнах зорилгоор эмнэлэгт хэвтүүлсэн нь “Эмнэлэгт нэг хүүхэд маш муу байна” гэсэн шуугиан тараах үндэслэл болчихсон. Хүү тархиндаа 2 см орчим няцралтай гэж оношилогдсон нь хэдийгээр мэргэжлийн хэллэг нь “няцралт” гэдэг ч энэ нь хүүхэд орноосоо унаад ч авч болохоор хөнгөн бэртэл юм байна лээ. Эмнэлэгт байхад нь уяачдын холбооны зүгээс эмчилгээнд нь мөнгөн тусламж үзүүлсэн байхад эсрэгээрээ хүүгийн ээжтэй манай Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүмүүс ирж уулзан хүүгийн бие муу байгаа мэтээр ярилцлага өгөх, хүүдээ энэ тухай зааварчлах талаар ятгасан байдаг. Мөн тус газрын хуулийн хэлтсийн дарга гэх хүн уяач руу нь залгаж өдөр, цаг тулган албан өрөөндөө ирэхийг “даалган”, шаардлагатай тохиолдолд албадан ирүүлнэ хэмээн сүрдүүлсэн гэсэн. Энэ мэтчилэн төрийн болоод, төрийн бус байгууллагуудын зүгээс хамтран ажиллах биш шантаажлах, дарамтлах байдлаар ханддаг нь өөрөө уралдаанч хүүхдийн талаарх асуудалд хоёр өөр байр суурь илэрхийлдэг болгож байгаа буруу хандлага юм.

-Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын хурдан морины уралдааныг эргэж санахад эрлийз гэх нэрээр олон хурдан адууг хассан. Үүнийг нэг хэсэг нь их дэмжсэн. Гэтэл эрлийз гэх нэрийн дор олон монгол адууг хассан гэдэг. Энэ талаар ярьвал…

-Тухайн үеийн Шадар сайдын шийдвэр. “Монгол наадамд монгол адуу уралдах ёстой” гэсэн түүний тунхагийн шинжтэй шаардлагыг дахин дахин давтаад байсан нь цаанаа ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улстөр явагдсан нь хожим бүгдэд ил болсон. Гэтэл бодит байдал дээр жирийн уяачдын монгол адуунууд их хэлмэгдсэн. Үүнээс болж жирийн олон уяачдын хөдөлмөр талаар болсон. Баяр наадмын зохион байгуулах хорооны шийдвэрээр 1,2 дахь үеийн эрлийз адууг хассан боловч үүнтэй зэрэгцээд олон сайхан монгол адуу бас хасагдсан. Гэхдээ өнөөдөр эрлийз, монгол адууны асуудал дараагийн удаад тавигдах зүйл. Үүнийг мэргэжлийн холбоо бие даагаад шийдвэрлэчих боломжтой. Ер нь уяачдын холбоо төрийн наадмыг зохион байгуулах асуудалд оролцож чаддаггүй. Хуулиараа ч оролцох боломжгүй байдаг. Цаашилбал хуулинд “эрлийз 3 насны уралдаан” гэсэн томьёолол байхгүй. Баяр наадмын зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэрээр эрлийз насыг уралдуулж, түүний амжилтаар нь улсын цол олгож байгаа нь мэдээж хууль бус үйлдэл. Ямар нэгэн шийдэл байхгүй, гарцыг нь олоогүй зүгээр л тунхагийн шинжтэй, хуулиас дээгүүр журам гаргасны үр дүн нь энэ юм. Иймэрхүү маргаанаас болж, энэ өв соёлыг улстөржүүлснээс болж сүүлийн үед ММСУХ-ны нэр хүнд ихээр унасан. Уяачид дотроо маш их маргадаг болсон. Тэрнээс болоод ямар ч уралдаан их сунжирдаг болсон. Ингэж сунжирдаг болсны үр дүн нь саяын “Дүнжингарав-2018” уралдаан юм. Цаашид холбоо өөрийн үйл ажиллагаагаа хууль эрх зүйтэй уялдуулах, морин уралдаанаа, уяачидаа, уралдаанч хүүхдүүдээ зөв томьёолж, тодорхойлох зэрэг өөрсдийн дүрэм журамтай холбоотой, морин уралдааны орчин дахь эрх зүйн актуудтай холбоотой шинэчлэлийг яаралтай эхлүүлэх шаардлагатай.

-Нийгэмд уяачдын холбооны нэр хүнд уначихсан энэ үед саяны Дүнжингаравын уралдааныг үлгэр жишээ зохион байгуулчихаж болоогүй юм болов уу?

-Хэсэг уяачдын зүгээс энэхүү уралдааныг хоёр өдөр зохион байгуулбал зүгээр юм биш үү гэсэн саналыг холбогдох хүмүүст нь хүргүүлсэн. Ер нь манай мэргэжлийн холбоо уяачдынхаа үзэл бодлыг сонсдоггүй л дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь уяачдыг хүлээн авч уулзаж, нааштай хандан асуудлыг цааш нь хүргүүлье гэдэг. Гэтэл уяачдын холбооны удирдах зөвлөл буюу тэргүүлэгч 45 гишүүн гол шийдвэрийг гаргадаг. Эдгээр хүмүүс энэ холбоонд буглачихсан, уяачдын санаа оноог сонсдоггүй, бусдыгаа хүндэлдэггүй, дор бүрнээ өөр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л шийдвэр гаргаж морь уралдуулдаг болоод удаж байна. Энэ нь ч саяын Дүнжингаравын уралдаанаас харагдаж байна. Харин эдгээр хүмүүс алдаагаа ойлгож ирэх сард болох их хурлаараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг гаргаж байх шиг байна. Үүнийг залуучууд, залуу уяачид ялангуяа сайшааж хүлээн авч байгаа.

-Хурдан морь, унаач хүүхэд, уяач гэж юу болохыг мэдэхгүй байж хүүхдийн асуудлыг өлгөн авч, нийгэм даяар шуугиан тарьж ардын баатар болох гэдэг хэсэг хүн байна гэж уяачид ярьдаг?

-Хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг олж илрүүлэх, хариуцлага хүлээлгэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зайлшгүй байх ёстой зүйл. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Энэ үүргийг уяачид маш сайн биелүүлж явдаг хүмүүс л дээ. Зарим нэг хариуцлагагүй, хойрго ханддаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй л дээ. Ер нь манай хүүхдийн эрхийн төлөө гэж явдаг төрийн болон төрийн бус байгууллагууд цаг үеийн шинжтэй асуудалд ханддаг. Тухайлбал, “Дүнжингарав” уралдаан дөхөөд ирэхээр ч юм уу, эсвэл хаврын уралдаанууд эхлэхээр нөгөө уралдаанч хүүхдийн асуудлыг ярьж эхэлдэг. За тэгээд зун, намрын цагаар нөгөө хүмүүс маань таг чиг болчихно. Дараа жил нь тэс өөр хүмүүс гэнэт гараад ирнэ. Яг үнэндээ зохион байгуулалтгүй наадамд бол улирал харгалзахгүйгээр хүүхдүүд мориноос унах магадлалтай. Унасан болгон нь бэртээд байдаг ч юм биш л дээ бас. Хальтиргаа гэдэг зүйл бороотой, шавартайд ч байдаг. Бас хаврын уралдаанд хүүхдүүд даардаг гэдэг бол ташаа мэдээлэл. Гэх мэтчилэн нөхцөл байдлыг бодитой судалж тууштай үйл ажиллагаа явуулж байгаа субъект одоогоор алга байна. Өнгөрсөн жил энэ асуудлыг нийгэмд гарган ирж тавьсан хүмүүс энэ жил чимээгүй болчихож байна. Энэ жил өмнө энэ асуудлыг ярьж байгаагүй өөр шинэ хүмүүс гараад ирж байгаа юм. Энэ хүмүүс ирэх жил бас таг чиг алга болно. Нэг иймэрхүү сонин үзэгдэл бий болчихоод байгаа. Жил болгон ийм байдал ажиглагддаг. Тэгэхээр уяачид энэ хүмүүсийг ямар нэгэн зорилгоо биелүүлчихээд алга болоод байна гэж харддаг. Эндээс харахад хүүхдийн эрх ашгийн төлөө энэ хүмүүс үнэхээр дуугарч байна уу гэдэг дээр эргэлзээ төрдөг. Ямар нэг эрх ашгийн төлөө энэ цаг үеийг далимдуулж нийгэмд тодорч гарч ирчихээд ирэх жил нь алга болдог, өөрсдөө ийм тууштай биш байгаа нь олон нийтэд сэжиг төрүүлж байна. Ийм хүмүүс хүүхдийн эрхийн төлөө үнэн тэмцэгчид байж чадах уу. Бас л хүүхэд гэсэн нэрээр улстөрийн эсвэл хувийн эрх ашгийн тоглолт хийж байна уу. Ер нь хүүхдийн эрх унаач хүүхдийн асуудал дээр ч яригдах зүйл биш. Бид гэрээсээ гараад л хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгааг өнөөгийн нийгмээс харж болно. Тэр бүрийг энэ хүмүүс ерөөсөө ярьдаггүй шүү дээ. Морины хүүхэд бол хамгийн амархан бөгөөд тэдний хувьд их үр дүнтэй сэдэв нь бололтой. Тэд энэ асуудлыг ярьснаараа нийгэмд өөрийгөө таниулдаг гол аргатай.

-Зам тээврийн ослоор ч гэх үү, бусад хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хурдан морь унаач хүүхдийн асуудлаас хэр бага байдаг юм бол…?

-Наад зах нь нэг жилд хүүхдүүд ахуйн хүрээний түлэгдэлт буюу халуун тогоонд түлэгдэж амь насаа алдсан хорь гаруй тохиолдол байдаг юм билээ. Үүний эсрэг энэ хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллагууд ямар нэгэн ухуулга, сурталчилгааны ажлыг хийснийг би лав санахгүй байна. Унаач хүүхдийн асуудлаар дуугардаг шигээ энэ мэт бусад асуудал дээр хүчтэй, идэвхтэй оролц л доо. Гэтэл саяын тэр эмнэлэгт хэвтсэн хүүхдийн сургаар ямар ч их шуугиан дэгдээв. Тэр хүү манай хөрш айлын жаал. Өмнө нь улс, бүсийн наадмуудаас айраг, түрүү авч байсан туршлагатай хүүхэд. Тухайн үед морь дагаж явсан олон машины тоос, шахалтаас болж мориноосоо унасан байна лээ. Энэ хурдан морийг машинаар дагадаг үзэгдлийг хориглох л ёстой. Гэхдээ энэ бол уяачид тогоон дотроо ярих ёстой асуудал. Үүнийг мэргэжлийн холбоо хийх ёстой.

-Хурдан морины уралдааныг уламжлалаас гадна том эдийн засаг гэдэг талаас нь манайхан ерөөсөө хардаггүй. Та цөөнгүй жил морь уяж, уралдуулсан, басчиг эдийн засгийн эргэлтэд оруулдаг хүн. Наадмаас наадмын хооронд нэг адуунд хичнээн хэмжээний хөрөнгө зарж байна. Үүнд эдийн засгийн тооцоо гаргаж болох уу?

-Эдийн засгийн тооцоо гаргаж болно. Уяачдын хувьд намар хадлан тэжээл бэлдэх, уяа морьдоо унаж эдлэх, арваннэгдүгээр сард тэжээлд оруулах гэх мэт жилийн турш байнгын хөдөлмөрлөж байдаг. Тэр үеэс зуны наадам хүртэл нэг бага насны адууг, тухайлбал даагыг уяж, уралдуулахын тулд 2-3 орчим сая төгрөг зарцуулдаг. Мэдээж уяан дээрээ ганцхан адуутай уяач гэж бараг үгүй. Ер нь бол морин уралдаан сүүлийн үед маш сайн мэргэшиж байгаа. Морь уяна гэдэг ерөөсөө багийн ажиллагаа болчихсон. Уяач, унаач хүүхэд, туслах ажилтан гэх мэт. Эдгээр хүмүүс жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилтай, орлоготой болсон. Сүүлийн үед зөвхөн зун улсын баяраар л ганцхан уралдаж байя гэж хэсэг хүмүүс яриад байх болж. Хэдийгээр баяр цэнгэл, наадам ч гэлээ манай уламжлалт морин уралдаан спортын шинжийг агуулдаг. Хол зайд боломжит өндөр хурд, тэсвэрийг зэрэг шаардсан зорилготой. Нэгэнт уралдаан л юм чинь нэг ёсны спортын өрсөлдөөн шүү дээ. Бүгд л амжилт үзүүлэх, түрүүлгэж айрагдуулах зорилготой, Наадмаар ямар морь айрагдаж, түрүүлэх магадлалтай вэ гэхээр жилийн турш байнгын бэлтгэлтэй байсан адуу л өндөр амжилт үзүүлэх тодорхой. Тэгэхээр энэ хаврын уралдааныг үгүйсгэх ямар ч боломжгүй юм. Дахин хэлэхэд морины уралдаан гэдэг өв уламжлалаас гадна спортлог шинжтэй зүйл. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй, уяатай байхыг шаардана. Тэгэхээр тэрхүү хурдан морьдыг нь уях, тэжээж арчлах, дасгал сургуулилт хийх, эрүүл мэндийг нь анхааарах зэрэг олон ажлыг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хийх ажиллах хүчин хэрэгтэй. Ингэснээрээ байнгын ажлын байр бий болчихно. Энэ талаараа ярих юм бол үндэсний морин уралдаан гэдэг эдийн засгийн, худалдааны эргэлтийн, жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд том салбар болж байгаа юм. Үүнийг манайхан ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Ийм том эдийн засаг, хдалдааны эргэлт яригдаж байхад аль болох л үүнийг устгана, хориглоно гэсэн шийдвэр гаргадаг. Үүнийг дагаад маш олон хүн ажилгүй, орлогогүй болно. Ер нь аливаа зүйлийг хориглоно гэдэг нийгэмд буруу жишиг тогтоодог. Хориглохоосоо илүүтэйгээр гарц, шийдлийг нь олох нь чухал. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйл хаагдмал, нуугдмал болох тусмаа эрсдэл их гардаг. Тийм болохоор аливаа зүйлийг маш тодорхой, олон нийтэд ил болгох учиртай. Жилд тэдэн уралдаан тийм тийм газар зохион байгуулагдана. Уяачид ийм ийм шалгуур, зохион байгуулалтаар ингэж оролцоно гээд тодорхой заагаад өндөр зохион байгуулалтай болгочих юм бол хаа хаанаа эрсдэл дагуулахгүй уламжлал, өв соёлоо хадгалсаар л байна гэдгийг холбогдох эрх мэдэлтнүүд ойлгох хэрэгтэй. Энэ ажлыг мэргэжлийн холбоо удирдлагаар хангаад, санаачилж зохион байгуулах ёстой. Төр засгийн зүгээс иймэрхүү зүйлд оролцоод байх хэрэггүй. Харин хяналт, нөхцөлийг нь бүрдүүлж, хамгаалалтай явуулахад л оролцох ёстой. Ийм л энгийн зарчимаар болчих зүйлийг улстөржүүлээд, асуудлыг өөр дээрээ авчирч наах шаардлага манай төр засгийнханд ерөөсөө байхгүй шүү дээ. Засгийн газар уралдааны тов баталдаг, хүмүүсийг цолоор хуурдаг, түүний араас улайрах нөхцөлийг бүрдүүлдэг нь өөрөө буруу тогтолцоо. Морины уралдаан гэдгийг төр засгийн түвшинд ярьж, нийгмийн тулгамдсан асуудал мэтээр ойлгох хэрэггүй юм. Мэргэжлийн холбоо нь зөв удирдаад, уяачид нь ёс зүйтэй, боловсролтой, сахилга баттай оролцоод явахад л болох зүйл.

-Хурдан морины уралдааныг эдийн засаг талаас нь ойлгоосой гэсэн бодолтой хүмүүсийн нэг нь бий л дээ. Сүхбаатар аймгийн Асгат сумынхан нэг жилд зөвхөн хурдан морины наймаагаар 500 сая төгрөгийн орлого олжээ гэсэн тоо бий?

-Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны дэд тэргүүн надад хэлж байсан юм. “Жавхлант шарга” уралдааны үеэр нэг тэрбум орчим төгрөгийн наймаа жил бүр л явагддаг гэж. Сүхбаатар аймгийнхны амьдрал ахуйд эерэг нөлөөтэй нэг хүчин зүйл нь хурдан морины наймаа л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд хурд бол хаана ч төрдөг болсон байна. Үүнийг дагаад хурдан морины наймаа Сүхбаатар ч гэлтгүй хаа сайгүй л хийгдэж байна. Орон нутгийн иргэдийн амьдрал, амьжиргаанд маш том боломж болж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Энэхүү худалдаанаас жирийн малчдын амьдрал эрс сайжирсан, эдийн засгийн хувьд биеэ даасан жишээ олон байдаг. Тэр ч бүү хэл унаач хүүхдээ урамшуулах замаар ар гэрт нь дэмжлэг болсон, байр орон сууц өгсөн гэх хүртэл адууны буянаар үйлдэгдсэн сайхан жишээ их. Тэр бүрийг уяачид зарлаад яриад байдаггүй. Би хувьдаа морины хүүхдүүдийг хөдөлмөр эрхэлж байна гэж үздэггүй. Тэд өөрсдийн дур сонирхлоороо хурдан морь унадаг. Хэрвээ дургүй бол унуулдаггүй учир энэ хөдөлмөр биш юм. Уяачдын зүгээс харин хүүхдүүдээ сайн урамшуулдаг болсон нь жил ирэх бүр л мэдрэгдэж байна. Нэг ийм үзэгдэл сүүлийн үед их харагдах болсон. Өвөрмонголд морин уралдаан их явагддаг. Бүр төр засгаас нь уяачдадаа урамшуулдаг, уралдаан тэмцээнүүдийн бай шагналыг нь даадаг. Тэр ч утгаараа Өвөрмонголын жирийн уяачид нь адууны соёлыг түгээж, хувьдаа морин тойруулгатай, хурдан адууны аж ахуйг утгаар нь эрхэлдэг болтлоо хөгжчихөөд байна. Үржлийн сайн азарга авахад ч хүртэл төр засгаас нь дэмжиж, зээл олгож, хөрөнгө мөнгө өгч байна. Хурдан морины уралдаан нь эрчимтэй хөгжиж буй тэр газарт ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нь ар монголчууд буюу манайхан байх нь элбэг болсон. Солонгост очиж ажиллана гэдэг шиг. Моринд дуртай, адуунд хайртай манай залуучууд урд хөрш рүү их явж байна. Мөн хурдан морины уралдаанч хүүхдүүд очиж морь унах нь элбэг болсон. Тэдэнд сард 1,5 сая орчим төгрөгийн цалин өгдөг гэж сонссон. Ийм нөхцөлд манайхан уралдаанаа хорьсноор манай адуучид, унаач хүүхдүүд урд зүг рүү хошуурах нэг шалтгаан бүрэлдэж байна. Энэ утгаараа нөгөө л нэг өв соёлыг устгах бодлого бас яваад байна уу гэсэн хардлага төрдөг. Манай оронд үндэсний их өв болсон энэхүү спортыг устгах бодлого явагдаад байдаг, гэтэл өвөрмонголд энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх бодлого явагдаж байна. Энэ маягаараа тэд манай эрийн гурван наадмыг өмчлөөд, соёлын өвөөр бүртгүүлээд явж байхыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Нөгөө талаас манай хурдан морины уралдаан нь том эдийн засаг, нийгмийн нэгэн том салбар гэдгийг хүмүүс ойлгохгүй байна. Хурдан моринд ямар нэгэн байдлаар хамааралтай 400 мянга орчим хүн байна гэсэн статистик гарсан. Монголын нийт хүн ам гурван сая гаруй шүү дээ. Энэ нэг томоохон салбар биш үү. Том эдийн засаг биш юм уу. Монголчууд бидэнд юуны өмнө эдийн засгаа сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх л хамгийн чухал байна шүү дээ. Гэтэл болж бүтэж яваа эдийн засгийн нэг том салбараа яагаад унагах гээд, устгах гээд байгаа юм бэ.

-Ирэх тавдугаар сард Уяачдын холбооны их хурал хуралдана. Та оролцоно биз дээ?

-Хуралд төлөөлөгчөөр оролцоно. Миний хувьд холбооны хуучин удирдлагуудыг учиргүй зүхдэг хүн биш л дээ. Харин ч тэдний хийсэн бүхэнд талархаж явдаг. Бид нэгнийхээ хийсэн ажлыг шүүмжлэх, үгүйсгэх, муулах бус хойшдын ажилдаа анхаарч, тэдний туршлагыг ашиглах ёстой. Энэ холбоог авч явах залуус нь өнөөдөр байгаа түвшнээс нь илүү өндөрт гаргаж, морин уралдааныг хөгжүүлээсэй гэж боддог. Хурдан морины орчинд өндөр боловсролтой маш олон залуус бий. Барууны том сургуулиудад боловсрол эзэмшсэн, санхүүгийн хувьд аль эрт бие даачихсан, гадагшаа харилцаа холбоо сайтай, өөрийн бодолтой, зорилготой. Шинэ удирдлагууд нь тэднийгээ зөв зохион байгуулах хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд ах нар маань бас дүү нартаа зөв үлгэр дууриал болж яваасай гэж боддог. Зарим талаар маш буруу үлгэр дууриал болчихсон ах нар морины орчинд бий шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *