Categories
мэдээ нийгэм

Цэл залуу тэрбумтан эрхэм

Холбоотой ЗурагДэлхийн хамгийн залуу тэрбумтан Марк Элиот Цукерберг 1984 оны тавдугаар сарын 14-нд Нью-Йорк хотын ойролцоох Уайт-Плейнс хотод сэхээтэн жүүд гэр бүлд мэндэлжээ. Аав нь шүдний эмч, ээж нь сэтгэл судлаач мэргэжилтэй байв. Тэд дөрвөн хүүхэдтэй байсныхоёр дахь нь Цукерберг бөгөөд айлын ганц хүү юм. Дунд сургуульд компьютерийн “Эрсдэл” тоглоомын программ зохиож байв. Тэрээр 2002 онд Харвардын сэтгэл судлалын ангид элсэн орж хичээлийнхээ хажуугаар программын хичээлд суудаг байжээ. Гэвч 2004 онд их сургуулиа орхиж, ангийн нөхөд болох Дастин Московиц, Эдуардо Саверин, Крис Хьюз нарын хамт Фэйсбүүк компаниа байгуулж 2008 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон. Түүний хувийн хөрөнгө 2017 оны 12 сарын байдлаар 72.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хожим нь түүнд Харвардын их сургуулийн дипломыг нөхөж олгосон юм. Марк Эллиот Цукерберг (англ. Mark Elliot Zuckerberg) нь Америкийн тооцоолон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, програм хангамж хөгжүүлэгч, буяны үйлстэн билээ.

Цукерберг Харвардын их сургуулийн диплом авахдаа төгсөгчдөд зориулан хэлсэн үгийн оргил нь “Өөрчлөлт өөрөөс чинь эхэлдэг, Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс хийдэг юм” гэсэн үг юм.

Харвардын их сургуультай холбоотой миний хамгийн гайхалтай дурсамж нь эхнэр Присциллатай танилцсан явдал. Би “Facemash хэмээх веб сайтаа дөнгөж ажиллуулж эхлээд байлаа. Ингээд удалгүй тэр сайтаас болоод сургуулийн удирдах зөвлөл намайг дуудаж уулзсан юм. Хүн бүр л намайг сургуулиас хөөгдөх нь гэж бодож, эцэг эх хоёр маань ачаагаа баглахад туслахаар ирлээ. Найзууд маань надад зориулж үдэлтийн үдэшлэг хүртэл зохиосон. Харин азаар яг энэ үед би найзуудтайгаа хамт үдэшлэгт орохоор ирсэн Присциллатай танилцсан юм. Харвардын дотуур байрны ариун цэврийн өрөөнд байхдаа би бүх цаг үеийн хамгийн романтик үгийг түүндээ хэлсэн гэж боддог. “Би гурав хоногийн дараа сургуулиас хөөгдөнө. Тиймээс хоёулаа эртхэн болзож эхлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Гэхдээ Facemash байгаагүй бол би Присциллатай танилцахгүй байх байсан биз. Тэр минь миний амьдралд хамгийн чухал хүн болохоор та бүхэн Facemash-ийг миний энд сурч байхдаа хийсэн хамгийн чухал зүйл гэж ойлгож болно.

Жонн Кеннеди НАСА-ийн сансрын төвд зочилсон тухай түүхэнд би хамгийн дуртай. Ерөнхийлөгч Кеннеди шүүр барьсан цэвэрлэгч явж байхыг харж л дээ. Тэгээд явж очоод, юу хийж байгааг нь асуухад цэвэрлэгч “Эрхэм Ерөнхийлөгч өө, би саран дээр хүн буухад тусалж байна” гэж хариулсан гэдэг.

Тэгэхээр зорилго гэдэг бид өөрсдөөсөө илүү том зүйлийн нэг хэсэг болж, түүнд хэрэг болж байгаа гэдгээ мэдсэнээр шаргуу ажиллахыг хэлнэ. Зорилго л биднийг аз жаргалтай болгодог.

Би Кирклэндийн жижигхэн өрөөндөө Facebookийг нээсэн шөнийг санаж байна. Тэр шөнө би найз Кан Шин Жиндээ “Харвардынхныг бүгдийг нь холбож чадахаар болсондоо баяртай байна, гэхдээ нэг л өдөр хэн нэгэн бүх дэлхийг холбохыг хүснэ” гэж хэлж байв. Асуудлын гол нь тэр хэн нэгэн нь бид өөрсдөө байж болно гэдгийг би ойлгоогүй явдал юм. Бид зүгээр л оюутнууд байлаа шүү дээ. Юу ч мэдэхгүй, харин асар их нөөц боломжтой технологийн том компаниуд тэр үед байсан. Би тэр компаниуд л энэ ажлыг хийх байх гэж бодож байлаа. Дэлхийг өөрчлөх аргыг нь мэдэж байгаа хэдий ч өөр хэн нэгэн хийнэ гэж та нар бодно. Гэхдээ тийм биш. Харин тэр өөрчлөлтийг хийх хүн нь чи өөрөө. Анх би компани байгуулах тухай огтхон ч бодож байгаагүй. Зөвхөн нөлөөлөхийг л хүссэн юм. Тухайн үед надтай хамт ажиллахаар ирсэн хүмүүсийг би мөн тэгж л бодож байсан болохоор өөрийн зорилгын талаар ярьдаггүй байв. Хэдэн жилийн дараа том компаниуд биднийг худалдаж авахыг хүсэх болсон. Харин бии илүү олон хүнийг холбож чадах эсэхээ мэдэхийг хүссэн. Анх бид News Feedийг нэвтрүүлж байхад дэлхий ертөнцийг таних арга өөрчлөгдөнө гэж бодсон юм. Гэвч бараг бүх хүн л зарахыг хүсэж байлаа. Илүү том зорилго байгаагүй бол гарааны бизнесийн хувьд мөрөөдөл биелсэн л хэрэг энэ байсан. Харамсалтай нь энэ явдал манай компанийг олон хэсэгт хувааж, зөвлөхүүд намайг компаниа зарахгүй бол бүх л амьдралынхаа туршид харамсах болно гэдэг байв. Facebookийг удирдаж явахад хамгийн хэцүү үе энэ үе байсан юм. Би өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байсан боловч, ганцаардаж байв. Харин энэ олон жилийн дараа би илүү том зорилгогүйгээр юмс ингэж явдаг болохыг ойлгосон. Утга учиртай төсөл хэрэгжүүлж, хүн бүр зорилгынхоо төлөө явж чадах тэгш эрхийг бүтээх тухай, мөн дэлхийг хэрсэн том нийгмийг бүтээх.

Үе үеийн хүмүүст өөрсдийг нь илэрхийлэх тодорхой ажил байдаг. Жишээлбэл саран дээр хүн буулгахын тулд өнөөх цэвэрлэгч тэргүүтэй 300 мянган хүн оролцсон бол олон сая сайн дурынхан дэлхийг саа өвчнөөс салгахын тулд хамтран ажиллажээ.Энэ мэт төсөл зөвхөн тухайн ажлыг хийж байгаа хүнд зорилго болоод зогсохгүй, дэлхий нийтэд бид хамтдаа агуу зүйлсийг бүтээж чадна гэдгийг харуулсан юм. Одоо ийм зүйлийг бүтээх бидний үе ирсэн. Гайхалтай санаа цогцоороо гарч ирнэ гэж байхгүй. Зөвхөн байнга ажиллаж, хичээж байж л илүү ойлгомжтой болдог. Зүгээр эхлэх л хэрэгтэй. Гэнэт л Эврика бий болно гэсэн ойлголт хамгийн аюултай. Бид Эврикагаа олоогүй учраас өөрсдийгөө голж эхэлдэг. Үүнээс болоод л тун гайхалтай санааны учгаас атгасан хүмүүс эхлэхээс айгаад байдаг. Том зорилгын төлөө явж байгаа хүнийг бүгд л солиотой гэж боддог. Зорилгодоо хүрсэн ч гэсэн тэгж бодсон хэвээр л байдаг. Бүгдийг нь мэдэх боломжгүй байхад л чухал асуудал шийдэх гэж байгаа хүнийг юу ч ойлгоогүй байж гэж хүмүүс хараадаг. Шинэ юм санаачилж байгаа хүнийг хэтэрхий эрт байна гэж буруутгах хүмүүс хүртэл бий. Учир нь чамд саад болохыг хүсэгчид үргэлж байдаг. Манай нийгэмд бид алдаа гаргахаас айгаад том асуудлыг шийдэхийг хүсдэггүй. Үнэн хэрэгтээ бидний хийсэн бүхэн ирээдүйд үр дүнгээ өгнө. Юу ч биднийг зогсоож чадахгүй. Тэгвэл, юугаа хүлээгээд байгаа хэрэг вэ? Бидний үеийнхэн нийтийн ажлыг тодорхойлох цаг нь ирсэн. Дэлхийгээ сөнөөж дуусахаас нь өмнө цаг уурын өөрчлөлтийг зогсоож, нарны хавтан үйлдвэрлэх ажилд олон сая хүнийг хамруулж яагаад болохгүй гэж? Бүх өвчнийг эдгээж, сайн дурынхнаас өөрсдийнхөө эрүүл мэндийн тухай мэдээллийг, геномын мэдээллийг хуваалцахыг хүсэж яагаад болохгүй гэж? Бид өнөөдөр хүмүүсийг өвчин тусахаас нь сэргийлж, эдгээх аргыг нь олохын оронд өвчтэй хүмүүсийг эмчлэх гэж 50 дахин илүү их хугацаа зарцуулж байна. Ямар ч утгагүй юм. Харин бид өөрчилж чадна. Ардчиллыг орчин үетэй нийцүүлж, хүн бүр онлайнаар сонгууль өгч, боловсролын системийг хувь хүнд чиглүүлбэл яаж байна? Үр дүн гаргахын тулд биш, зорилго бүтээхийн төлөө том зүйлсийг эхлүүлье. Дэлхийн хүн бүхэн зорилготой болох тийм төслийг бид эхлүүлж чадна. Хүн бүр өөрийн зорилго руу тэмүүлэх боломжтой тэгш эрхт нийгмийг цогцлооё. Бидний эцэг эхчүүд насаараа тогтвортой ажил хийж байж. Харин одоо бид бүгд л шинийг эхлүүлэгсэд болсон байна. Үүний ачаар их үр дүн гарах боллоо. Шинийг эхлүүлэх болсноор бид олон шинэ санаагаа турших боломжтой болсон.

Миний бүтээсэн ганц зүйл Facebook байгаагүй юм. Би тоглоом, чат, сургалтын программ, хөгжим тоглуулагч хүртэл хийж байсан. Зөвхөн би ч биш. Роулинг Харри Поттер зохиолоо хэвлүүлэхээс өмнө 12 удаа татгалзсан хариу сонсож байв. Бейонсе хүртэл Halo дуугаа гаргах гэж өчнөөн олон дуу дуулж байсан. Амжилтад хүрэх түлхүүр нь алдаа гаргах эрх чөлөө юм.

Гэвч өнөөдөр эд хөрөнгө гэдэг хүмүүсийг ангилж ялгаж байна. Хэрвээ чамд өөрийнхөө санааг үйл хэрэг болгох эрх чөлөө байхгүй бол бид бүгд ялагдана. Өнөөдрийн нийгэм амжилтыг урамшуулдаг мөртлөө хүн бүрт амжилтад хүрэх боломж олгохгүй байна. Би сургуулиа хаяад 10 жилийн дотор олон тэрбум доллартой болох боломж байхад, өөр олон сая залуус сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй, ганц бизнес ч эхлүүлэх боломжгүй амьдарч байгаа нь энэ систем буруу байна гэдгийг илтгэнэ. Би шинийг эхлүүлдэг олон хүнийг мэднэ. Хэзээ ч бизнес нь хангалттай ашиг олохгүй байх гэсэн айдсаас болоод бууж өгдөг хүнийг би мэдэхгүй. Харин алдаа гаргавал дэрлэж хэвтэх дэргүй учраас мөрөөдлийнхөө араас явдаггүй олон хүнийг мэднэ.

Зөвхөн сайхан санаа, шаргуу хөдөлмөр биднийг амжилтад хүргэдэггүй. Азтай байж гэмээнэ бид амжилтад хүрдэг. Хэрвээ би код бичиж суухын оронд гэр бүлээ тэжээх ёстой байсан бол, хэрвээ би Facebook амжилтад хүрэхгүй ч гэсэн асуудалгүй амьдралтай гэдгээ мэдээгүй бол, өнөөдөр энд зогсож байхгүй байлаа. Үе үеийнхэн тэгш эрхийг сайжруулсаар ирсэн. Бидний өмнөх үеийнхэн санал өгөх, иргэний эрхийн төлөө тэмцэж байв. Харин одоо бид шинэ үеийнхэнд шинэ тэгш эрхийг өгөх цаг нь ирсэн. Бид зөвхөн Дотоодын нийт бүтээгдэхүүнээр биш харин хэр олон хүн өөрийн байгаадаа сэтгэл ханамжтай нийгмийг бүтээснээрээ үр дүнг хэмжих ёстой. Бид хүн бүрийг шинэ зүйл турших боломжийг бүрдүүлэх хэмжээний орлоготой болгох ёстой. Технологи үргэлж хувьсан, өөрчлөгдөж байх учраас бид цаг тутам суралцаж байх ёстой.

Мэдээж хэрэг бусдад зорилгынхоо төлөө зовлонгүй тэмүүлэх боломжийг бүрдүүлэхэд мөнгө хэрэгтэй. Над шиг хүмүүс тэр төлбөрийг нь гаргах ёстой. Та нарын олонх нь тэгнэ, тэгэх ч ёстой. Тиймээс л Присцилла бид хоёр Чан, Цукерберг санг байгуулж, өөрсдийн эд хөрөнгийг тэгш боломжийг бүрдүүлэхэд зориулж байгаа юм. Энэ бол бидний үе тэнгийнхний үнэ цэнэ. Асуудлын гол нь бид хийх үү, үгүй юу биш харин хэзээ хийх вэ, гэдэг л байсан юм.

Шинэ мянганыхан хамгийн өглөгч үеийнхэн болжээ. Дөрвөн залуу тутмын гурав нь бусдад өглөг өгч, арван залуу тутмын долоо нь сайн үйлсэд зориулан мөнгө босгож байна. Гэхдээ зөвхөн мөнгө биш юм. Та бүхэн цаг хугацаагаа зориулж чадна. Бусдад туслахад, тэднийг боломжоосоо атгахад туслахын тулд чи долоо хоногт ганц, хоёрхон цагийг л зарцуулахад хангалттай гэдгийг би баталж байна. Магадгүй их хугацаа юм шиг санагдаж болно. Би ч гэсэн тэгж боддог байлаа. Присцилла анх Харвардыг төгсөөд багш болсны дараа намайг нэг ангид багшлахыг хүссэн. Харин би хариуд нь “Би завгүй байгаа. Энэ компанийг авч явах ёстой” гэж зөрүүдлэсэн хэдий ч Присцилла намайг ятгаснаар би дунд сургуульд Гарааны бизнесийн тухай хичээл орох болсон. Би хүүхдүүдэд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн талаар зааж, тэд харин хариуд нь арьсны өнгөнөөсөө болж бусдад дээрэлхүүлэх, гэр бүлийнх нь нэг гишүүн шоронд байдаг амьдрал ямар хэцүү болохыг ойлгуулсан юм.

Би тэр хүүхдүүдтэй сургуульд байсан үеэ хуваалцаж, тэд харин хэзээ нэг өдөр их сургуульд орох тухай мөрөөдлөө надад ярьж өгдөг байлаа. Тэгэхээр бид бүгдээрээ бусдад тусалж чадна. Хүн бүрт мөрөөдөлдөө хүрэх эрх чөлөөг нь өгөхийн төлөө хичээе. Зөвхөн зөв зүйл хийхийн тулд биш харин тэр хүмүүсийн мөрөөдөл биелсэн цагт бид ч гэсэн үр дүнг нь хүртэх учраас тэр юм. Зорилго зөвхөн ажил хийснээр бий болохгүй. Гурав дахь арга нь бид бүх хүн зорилготой гэдгээ мэддэг нийгмийг байгуулах юм. Бидний үеийнхэн “бүх хүн гэж хэлж байгаа нь дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрийг хэлж байгаа хэрэг. Дэлхий даяар шинэ мянганыхнаас өөрийгөө илэрхийлэхийг хүсэхэд тэд өөрийн гарал угсаа, шашин шүтлэг бус харин “Дэлхийн иргэн” гэж тодорхойлохыг илүүд үзэж байв. Үеийн үед хүн төрөлхтөн “Бидний нэг” гэдэг тодорхойлолтыг тойрсон тойргийг томруулсаар байжээ. Харин бидний хувьд энэ ойлголт дэлхийг тэр чигт нь илэрхийлнэ. Омог отгоос, хот суурин, хот суурингаас үндэстэн рүү нэмэгдсэн хүн төрөлхтний түүхийн явцад бид өөрсдөө хэзээ ч хүрч чадахгүй зүйлийг бусадтай хамт бүтээдэг болжээ. Бидний үеийнхэн ядуурлыг, өвчин шаналлыг зогсоож чадах хүчтэй. Тиймээс бүх дэлхийг хөдөлгөх нь бидний даалгавар. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг ганц улс хүчрэхгүй. Учир нь үр дүн гарахад ганц хот, ганц үндэстэн хангалтгүй, харин бүх дэлхийгээрээ хөдлөх цаг ирсэн юм. Гэвч бид тун тогтворгүй цаг үед амьдарч байна. Даяаршиж буй дэлхийгээс хоцорч үлдсэн хүмүүс бий. Хэрвээ бид гэрээ засаж чадаагүй бол бусдын гэрийг засахын тухай бодох ч үгүй. Дотроо байгаа дарамтыг давах хэрэгтэй. Бидний цаг үеийн нэг том асуудал нь энэ. Эрх чөлөөтэй, нээлттэй, глобалчлагдсан нийгэм эрх мэдэл, тусгаарлах үзэл, үндсэрхэг үзлийн эсрэг зогсож байна. Мэдээлэл, худалдааны урсгал, дүрвэгсэд өөрсдийг нь удаашруулах хэн бүхний эсрэг зогсох боллоо. Энэ тулаан нь зүгээр нэг үндэстэн хоорондын мөргөлдөөн биш юм. Харин үзэл санааны тэмцэл. Улс бүхэнд бүх хүнийг холбохыг хүсдэг хүн бий. Харин тэдний эсрэг зогсох нэгэн ч бас байна. Асуудлыг НҮБ ч шийдэж чадахгүй. Харин дотооддоо, хэрвээ өөрсдийн амьдралд зорилго, тэмүүлэл, тогтвортой байдал байхыг хүссэн хангалттай олон хүн байгаад бусдын төлөө энэ үйлийг эхлүүлж чадвал тэр л амжилтад хүрнэ.Сонирхлын бүлэг гэдэг их чухал. Зүгээр хөршүүд ч бай, спортын баг, нэг сүмд явдаг хүмүүс, хөгжим сонирхогчид гээд бүлэг үүсгэснээр бид ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг гэдгээ ойлгож, ганцаараа биш гэдгээ мэдэрдэг. Үүний ачаар цар хүрээгээ тэлэх чадалтай болдог. Гэвч сүүлийн жилүүдэд энэ бүхэнд ан цав гарч, олон хүн хаа нэгтээгээс зорилго хайх болжээ. Гэхдээ би тэр л бүлгүүдийг дахин бүтээж, цоо шинийг санаачилж чадах боломж бидэнд бий гэдгийг мэдэж байна. Харин миний түүх гэвэл. Оюутны дотуур байранд амьдарч байсан тэр л залуу сонирхлын бүлгүүдийг нэгтгэж явсаар байгаа бөгөөд нэг л өдөр бүх дэлхийг холбох зорилготой. Өөрчлөлт өөрөөс чинь эхэлнэ. Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс л эхлүүлдэг. Бусдыг холбож, өөрсдийн хамгийн том боломжоосоо атгах эсэхэд эргэлзэж буй бидний үеийнхэн бүлгүүдийг бүтээж, хүн нэг бүр нь зорилго тэмүүлэлтэй дэлхийг бий болгож чадна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *