“Хүсэл бүхэн мухардах цагт
Хүрээд очих андуудтайгаа сана
Хүний амь дэнслэх цагт
Хүслээ шивнэсэн тангарагтайгаа сана” хэмээх мөртийг уншаад ямар хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцлох гэж байгааг уншигчид маань гадарласан байх. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 2002-2008 онд амжилттай сурч төгссөн, арван охины зүрхийг хайлуулагч залуу Ч.Буджавын ангийнхныг онцолсон юм. Дээрх мөртүүд эдний ангийн төгсөлтийн цомогт сувдан шигтгээ мэт бичигдэн орсон нь онцгой харагдах аж. Анагаахын их сургуулийн Ерөнхий мэргэжлийн ангийнхан зургаан хавар, зургаан намрыг инээд хөөр, баяр, гунигийн дурсамжтай арваннэгүүлээ хамт төгсжээ. Мэдээж тэдний арав нь охин, нэг хөвгүүн. Мэргэжил мэргэжлийн дундаас эмчийн мэргэжил хамгийн хэцүү хэр нь хамгийн буянтай сайхан ажил байдаг аа гэж хүний дээд болсон ахмад эмч, сувилагчид ярьдаг. Өмссөн халаат шигээ цагаахан үйлстэй, хүний эрүүл мэндийн дархан хилийг хамгаалдаг эмч хүмүүн ертөнцийн сод болсон буянтай мэргэжлийн эзэд ээ хэмээн нэрт зохиолч Л.Дагвадорж гуай хэлсэн байдаг. Ч.Буджавын ангийнхныг албан ёсны нэршлээр А-626 дугаар хэсэг хэмээн нэрлэдэг байна. Энэхүү хэсгийн ахлагч буюу ангийн дарга нь П.Болормаа ажээ. Оюутан насны дурсамж гэдэг насан туршид анд, нөхдийнх нь сэтгэлд залуу насных нь баяр жаргал болон үлддэг билээ. П.Болормаа дарга угийн тослог бор арьстай охин байж. Нэг өдөр анги дотор ийм нэгэн хөгжилтэй яриа болсон гэнэ. Ангийн ганц хөвгүүн П.Буджав “Болороо, чи яагаад ийм бор юм бэ” гэж асууж л дээ. Тэгтэл дарга “Намайг жоохон байхад манай ээж тарваганы тосоор биеийг минь тосолж, наранд хатаасаар байгаад ийм бор болсон юм гэдэг” хэмээн хэлтэл, ангийнхан нь пирхийтэл инээлдсэн гэнэ. Тэр явдлаас хойш энэхүү онигоо уулзалт бүрт яригдаж, нэгэн хөгжилтэй дурсамж ийн үлджээ. П.Болормаа дарга өдгөө АНУ-ын Калифорниа мужын Сан Франциско хотод сэтгэцийн эмчийн нарийн мэргэжлэлээр сурч байгаа ажээ. Оюутан байхын л сэргэлэн цовоо, нийгмийн идэвх зүтгэлтэй тэрбээр анги хамт олноо зургаан жил нэр төртэй удирдаж төгсгөсөн гавьяатан гэнэ. Анагаахын шинжлэх ухааныг судалж, таньж мэднэ гэдэг арван жилийнхээ ширээнээс дөнгөж салсан нэгдүгээр дамжааны оюутнуудад эхнээсээ л сонирхолтой, адал явдалтай санагддаг байна. Бүр ламд очиж, сүнсээ дуудуулж үзээгүй нэг ч оюутан байдаггүй гэж эдний сургуулийнхан хэлэлцдэг. Ингэж бодохоор үнэхээр аймшигтай, адал явдалтай ажээ. Энэхүү адал явдал 626 дугаар хэсгийг ч тойрсонгүй. Гуравдугаар дамжааны оюутнууд гэдэг угтаа дөнгөж л сургуультайгаа танилцаж, хичээл ордог багш нарынхаа зан аашийг мэдэхтэйгээ болдог гэнэ. Тэр хавар эдний сургуульд анатомийн олимпиад болсон байна. Анатоми гэдэг нь хүний эд эрхтэнг судалж, дадлага хийдэг хичээл. Энэхүү олимпиад болохоос сарын өмнө ангийнхан морфологийн тэнхимд олимпиадад оролцох баг, багаараа орж, нас барсан хүний биеэс эд эрхтүүдийг нь ангилан авч, үзүүлэн бэлтгэх ёстой байжээ. Ингээд Ч.Буджав ангийнхаа дотнын найз Д.Уранчимэгтэй хамт нэг баг болж. Энэ хоёрын олимпиадад оролцох сэдэв нь хүний биеийн яс угсрах үзүүлэн аж. Иймд тэр хоёр нөгөө анатомийн тэнхимд байх өөд болсон хүний мөчийг салган авч, түүнийгээ ясыг нь цэвэрлэж авах шаардлагатай болжээ. Махыг нь яснаас салгаж, цэвэрлэх ажил гэдэг өмхий, сэжиг хүрмээр ажил байх нь ойлгомжтой. Мөн ажиллагаа их ордог байна. Тийм болохоор оройжин тэрхүү тэнхимд дээрх ажлаа мань хоёр нөхөр хийдэг байжээ. Анатомийн тэнхим нь спортын заал шиг том гэнэ. Ингээд нэг орой Ч.Буджав, Д.Уранчимэг хоёр тэнхимдээ яс цэвэрлэх ажлаа хийсээр оройтсон байна. Оюутан нас учир дуу, хөгжим сонсож, тэрүүхэн зуураа хөгжилтэйгөөр яс цэвэрлэх ажлаа үргэлжлүүлж байж л дээ. Гэтэл гэнэтхэн хүний алхаж буй хөлийн чимээ тог, тог хийгээд сонсогджээ. Ямар ч хүн байхгүй үед яагаад хөлийн чимээ сонсогддог билээ гэж эхэндээ тэр хоёр гайхаж, нэгэн рүүгээ айсан царайтай харж. Тэр үед дахиад л нөгөөх хөлийн чимээ мань хоёр нөхөрт сонсогдсон байна. Бүр хойгуур нь хүн алхах шиг мэдрэгджээ. Ч.Буджав, Д.Уранчимэг хоёрын нуруугаар нь хүйт дааж, айдсаа тэвчихээ байгаад тэр тэнхимээс хар хурдаараа гүйн гарсан гэнэ. Ингэхдээ Ч.Буджав хамгийн түрүүнд тэнхимээс гүйн гарчээ. Гэтэл нөгөө сонсогдоод байсан хөлийн чимээний дууг ангийн дүрсгүй охид болох Р.Намуунсүрэн, С.Оюунханд нар нуугдчихаад санаатайгаар гаргаад байжээ. Царай зүс нь хувхай цайсан ангийнхаа нөхдийг хараад татаж, унатлаа инээлдсэн гэнэ. Арваад жилийн өмнө айлгах төлөвлөгөөг ийн зохион байгуулагч ангийн охин Р. Намуунсүрэн нь өдгөө Амгалан төрхийн амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний их эмч болжээ. Тэрээр их эршүүд, зүггүй охин байсан гэнэ. Тийм ч болохоор айлгах төлөвлөгөөг сэдэж, зохион байгуулсан болов уу. Гэхдээ хичээлдээ их мундаг, ерөөсөө тасалж байгаагүй аж. Ч.Буджавын ангийнхан нэгдүгээр дамжаандаа анх удаагаа Нэгдүгээр эмнэлгийн моргт орж үзжээ. Анагаахын оюутнуудын хамгийн анхны айдсаа давах даваа нь энэ аж. Морг гэдэг нас барсан хүн хадгалдаг, түүнийг судалж, бие эрхтэн дээр нь шууд дадлага хийдэг газар билээ. Ингээд эр зоригт ганц хөвүүнээрээ манлайлуулсан арван охинтой ангийнхан морг руу орж. Гэтэл хаалганы цаана эр зоригтой байсан ангийхан орж ирэнгүүт айх нь айж, бөөлжих нь бөөлжиж, уйлах нэгэн нь уйлж, зарим нь мэл гайхсан гэнэ. Тэр дундаа тэргүүн эгнээд алхсан эр зоригтон Ч.Буджавын дотор нь муухайрч, гэдэс, дотор эрхтнийг нь гаргачихсан цогцсыг харах бүртээ муужирч унах шахсан ажээ. Ингээд тэрхүү хичээлээ арайхийж дуусгасны дараа Ч.Буджав долоо хоног мах идээгүй гэнэ. Шөнө болгон хар дарж зүүдлээд, дотор нь муухай оргисноос болж бие нь хүртэл тавгүйтэж эхэлжээ. Улмаар түүний ээж нь лам хард үзүүлж, сүнсийг нь дуудаж байж сая нэг зүгээр болсон байна. Иймэрхүү хөгтэй, хөгжилтэй дурсамж их бий гэдгээ ангийн ноён нуруу болох Ч.Буджав бидэнд ярьсан юм. Нэг сургуулийн дээвэр дор зургаан жил тохой нийлүүлэн хамт сууна гэдэг бие биеэ дэндүү сайн мэдэж, хамт хийж, бүтээсэн зүйл, дурсамж түүх их байх нь ойлгомжтой. Нэгнийхээ айсан үед хажууд нь нөмөр болж, аашилсан үед нь буулт хийж, анагаах эрдэмдээ хамтдаа мэрийж, хамт дэрвэн, зугаацаж явсан оюутан нас гэдэг юутай сайхан байсныг ангийнх нь нөхөд дурсан ярьж байв. Айлын ганц хүүхэд эрх гэдэг шиг эдний ангийн ганц хөвгүүн Ч.Буджав нь зургаан жил цэцэг шиг сайхан арван охиныхоо цагаахан хайр, халамжин дунд сурч, төгссөн гэнэ.
А-626-ГИЙНХАН ТӨГСӨӨД АРВАН ЖИЛ БОЛЖЭЭ
Анагаахын их сургуулийг төгсөөд арваад жил болж буй эдний ангийнхан өдгөө мэргэжлээрээ ажиллаж, улс нийгэм, хүн зоныхоо төлөө хоёргүй сэтгэл зүрхээр ажиллаж яваа ажээ. Ангийн ганц хөвгүүндээ нууцхан дурлан, шохоорхож явсан Өмнөговийн бүсгүй Ө.Солонго нь өдгөө аймгийнхаа бүсийн оношилгооны төвд их эмчээр ажиллаж яваа гэнэ. Ө.Солонгод говийн бүсгүйн даруухан ааль, хүлээцтэй зан байдаг ч цаанаа л нэг адтай, сэргэлэн, нийтэч оюутан байсан гэнэ. Хааяа толгой нь өвдөхөөрөө хичээлээ тасалчихдаг хэнэггүй зантай ч сурлага сайтай охин байсан аж. Мөн эрэгтэй хүүхдээс дутахааргүй дүрсгүйтдэг, хэнэггүй явсан оюутан найз нь Д.Заяа. Ангийнхаа ганц залууг юм бүхнээрээ л дийлчих гээд байдаг гэв. Р.Намуунсүрэн, Д.Заяа хоёр ааш авир адилхан, рок стилиэр хувцасладаг дүрсгүй, гэхдээ хичээлдээ сайн охид байж. Ангийн даруухан, жижигхэн биетэй, “авсаархан” охидын нэг С.Алтанчимэг нь өдгөө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт их эмчээр ажиллаж байгаа. Тэрбээр Сэлэнгийнх ба хичээл, сурлагадаа онцгой нэгэн гэнэ. А-626-гийнхан төгсөөд зарим нь гадаадад мэргэжил дээшлүүлэн сурч, ажиллаж байгаа бол зарим нь хөдөө, орон нутагт ажлаа хийсээр байгаа юм байна. Тэдний нэг болох С.Оюунханд нь Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвийн халдвартын эмчээр ажилладаг аж. Оюутан байхдаа хааяа хэнэгүй зан гаргаж, хичээлээ тасалдаг байсан ч бусдын л адил сургуулиа нэр төртэй суралцан төгссөн байна. Тэрээр уруулынхаа орчим том мэнгэтэй гэнэ. Ангийн анд Ч.Буджав нь түүнийг одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой адилтгаж шоолдог байжээ. Оюутан насны гэгээхэн, хиргүй цагаахан зан чанараа өдий хүртэл хадгалсаар яваа гэнэ. Л.Мандалсүрэн нь Цэргийн госпиталийн эмчээр ажилладаг. Оюутан байхдаа хүн бүртэй үг сөрчих гээд байдаг ч гэмгүй цагаахан, цайлган сэтгэлтэй охин байсан гэдгийг ангийн найз Ч.Буджав нь онцлон хэлсэн юм. Харин С.Нямжав нь Өргөө амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмчээр амжилттай сайн ажиллаж байна. Ангийн хамгийн урт нэртэй охин нь Д.Нямсүрэндэжид гэв. Тэрбээр өдгөө төрөлх сургуульдаа Анатомийн тэнхимийн багшаар ажилладаг. Монгол Улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ гуайн охин Д.Уранчимэг эдний ангийнх. Тэрээр Ч.Буджавтай оюутан насандаа найз нөхдийн хүрээнд их дотно нөхөрлөж, ангийнхаа андууд дунд эгч, дүү хоёр хэмээн яригдаж явсан байна. Ч.Буджав нь өдгөө Залуучуудын эрүүл мэндийн корпорацийн захирал, хүний их эмч болжээ. Тэрбээр Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан “Алтан гарт эмч-Шилдэг 100 залуу” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг удахгүй зохион байгуулах гэж буйгаа энэ үеэр хэлсэн юм. Энэхүү ёслолын ажиллагаанд дотоод, гадаадын шилдэг эмч нар оролцож байгаагаараа онцлогтой аж. Мөн шалгарсан шилдэг залуу эмчид Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу эмч алтан медаль, батламж, ивээн тэтгэгч байгууллагын шагнал зэргийг олгохоос гадна телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхээр зорин ажиллаж байгаа юм байна. Монгол Улсын эрүүл энхийн манаанд бат зогсох дайчдыг бэлтгэн гаргадаг хүндэт профессор, доктор, багш нараа дурсахгүй байхын аргагүй гэдгээ Ч.Буджав шавь нь хэлж байв. Эдний ангийнхны суралцаж байх үед сургуулийн захирлаар нь Анагаах ухааны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн ажиллаж байжээ. Мөн буруу зүйлд хатуу байж, зөв зүйлийг нь дэмжин, урмын үг, ухаан, сэтгэлээ зориулсан Оюутны албаны дарга, Биологийн ухааны доктор А.Гүрбадам багшдаа талархаж буйгаа уламжилж байлаа. Монгол Улсын гавьяат эмч С.Бямбасүрэн, Ж.Баасанхүү, Х.Гэлэгжамц, Г.Цагаанхүү нарын төр, нийгэмдээ танигдсан эрдэмтэн багш нар хичээл заадаг байсан гэдгээрээ энэ ангийнхан үеийн үед бахархаж явдаг гэв.