Боксын өсвөр үеийн тамирчидтай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Он гарсаар хөдөө, орон нутагт зохиогдсон боксын хоёр ч тэмцээний үеэр өсвөр насны хоёр хүүхэд нас барлаа. Иймд тэмцээн зохион байгуулагдах журам, дүрмийн талаар Монгол Улсын боксын спортын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Намжилын Баярсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө боксын спорт гэж яг юуг хэлээд байгаа талаар яриагаа эхлэх үү?
-Орчин үеийн бокс 1900-аад оны үед Англид хөгжсөн байдаг. Орчин үе гэдэг нь тухайн үед тамирчид дүрэмтэй, хамгаалалтын хувцастай, бээлийтэй ринг дээр гарч тулалдах болсон гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл боксын спортын анхны дүрэм зохиогдож тулалддаг болсноос хойш энэ спортын орчин үеийн хөгжил бичигдэх болсон. Тэгэхээр бокс гэдэг нь дүрэмтэй, оноотой, шүүгчтэй, техниктэй тулаан юм. Харин эдгээр зүйлгүй тулааныг зодоон гэж ярьдаг. Харин Монголд боксын спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэгч нь Н.Лувсандорж агсан юм. Тэрээр 1947 онд хуучнаар Зөвлөлт холбоот улсад Нисэхийн сургуулийг төгсөж ирээд 1948 онд Монголын хамгийн анхны боксын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан хүн юм. Анх боксын тэмцээнийг их болхи зохион байгуулж байлаа. Одооных шиг ийм ринг байхгүй. Тухайн үед рингний оронд дөрвөн хүн олс барьж зогсдог байв. Дотор нь шүүгч, хоёр тамирчин тулалддаг, ийм л байсан. Тэр үед тамирчдын жин, насыг харгалздаггүй байлаа шүү дээ. Ер нь монголчуудад хамгийн их тохирох спорт бол бокс юм.
-Монголчуудад хичнээн тохирдог спорт ч гэлээ саяхан боксын спортоор хичээллэдэг хоёр ч хүүхэд тэмцээний үеэр амиа алдлаа. Яагаад өсвөрийн тамирчид ийн харамсалтай байдлаар амиа алдаад байна вэ. Энэ юунаас болов гэдэг талаас нь та тайлбарлахгүй юу?
-Яг тухайн тэмцээнүүдэд өөрийн биеэр байгаагүй болохоор юунаас болж хүүхдүүд амиа алдсаныг нарийн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол цэвэр дасгалжуулагч, эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал болно. Мөн холбооны зүгээс дасгалжуулагч нарт зөв шаардлага тавьж, сургалтад хамруулж байх ёстойг хэлээд байгаа юм. Энэ ажил хийгдэхгүй байгаа болохоор тамирчидтайгаа тулж ажиллах, хэрхэн бэлтгэл хийлгэх үү гэдгээ ойлгодоггүй дасгалжуулагчид их болж байна. Ямар ч тэмцээн уралдаанд дасгалжуулагчид хүүхдүүдийг хариуцан авч явдаг шүү дээ. Тэмцээнд оролцохоос өмнө тамирчдынхаа биеийн эрүүл мэндийн байдал, сэтгэл санаа ямар байгааг байнга асууж, харилцах, түүнийг мэдрэх ёстой байдаг. Бүр эцэг, эхтэй нь холбоотой байж, хүүхдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байх шаардлагыг дасгалжуулагч хүнд тавьдаг. Тэр утгаараа саяын тэмцээнүүдэд амиа алдсан тамирчдыг бүрэн хариуцах хүн нь дасгалжуулагч юм. Тамирчид амиа алдсан нь олон шалтгаанаас болно л доо. Тухайн үед тэрхүү тамирчдын сэтгэл санааны байдал, бэлтгэл сургуулилт ямар байсан эсэх, бэлтгэлийн ачаалал их байсан уу гэх мэт. Бокс гэдэг маш хүнд бэлтгэл сургуулилтыг зөв хийж байж, амжилт гаргадаг спортын төрөл. Тамирчин хоол хүнсээ бэлтгэлтэйгээ хэр нийцүүлэх үү, хэдийд нь биеэ амраах уу гэдгээ ч хүртэл тооцох ёстой болдог. Сүүлийн үед манай өсвөр үеийн тамирчид өдөржингөө хүнд бэлтгэл хийчихээд гэртээ очоод шууд амрах ёстой байтал шөнөжин гар утсаараа ч юм уу, компьютер, телевизийн дэлгэц ширтээд суучихаад байна. Ингэхээр нөгөө амрах ёстой бие организм маргааш өглөө нь шууд тэмцээнд орохоор ачааллаа дийлэлгүй ялагддаг. Зарим нь хүчтэй цохилт дааж чадалгүй ухаан алдах тохиолдол ч байдаг. Тийм болохоор тамирчин хүн тэр дундаа боксоор хичээллэдэг хүүхдүүд зөв бэлтгэл хийж, сайн амрах ёстой. Мөн боксын тамирчид жин хасна гэж айхтар зүйл бий. Жингээ хасах гэж хоолоо сойх ч юм уу, буруу аргаар жингээ хасах гэж оролдох тохиолдол цөөнгүй. Буруу аргаар жингээ хасаж, бэлтгэл хийсэн, амарч чадаагүй тамирчин тэмцээнд шууд орно гэдэг их хэцүү. Хүүхдүүд чинь юмаа нуудаг. Тархи, толгой нь өвдсөн ч гэсэн “Намайг тэмцээнээс хасчихна” гэсэн айдсаасаа болоод дасгалжуулагчдаа хэлдэггүй тохиолдол ч байна. Зарим нь хол газраас мөнгө төгрөг зарлагадаж ирсэн болохоор тэмцээнд орохоос өөр аргагүй байдалд орно. Үүнийг дасгалжуулагчид мэдэрч, тамирчинтайгаа зөв харилцах ёстой юм. Энэ мэт их олон нөхцөл шалтгаан хэлж болохоор. Тэгэхээр энэ бүгдийг зохицуулж, дасгалжуулагчдыг чадавхжуулах ажил бол Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангийн хийх ёстой ажил. Ер нь холбооны зүгээс жилд нэг удаа ч гэсэн мэргэжлийн хүмүүсийг цуглуулж, дасгалжуулагч, тамирчдад сургалт явуулах хэрэгтэй.
-Зарим тамирчид бэлтгэл сургуулилт хийхээс гадна биеийн хөгжлийг нэмэх нэмэлт хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх болж. Харин зарим нь дан ганц бэлтгэлээ л хийдэг. Хэдий нас, жин тэнцүүхэн ч хүч тамир, булчин шөрмөсний эрс ялгаатай хоёр тамирчин ринг дээр тулалдуулснаас болж нэг нь амиа алдах хэмжээнд хүрээд байна уу. Ийм зүйл байж болох уу?
-Ийм зүйл байхгүй болов уу. Өөрөөр хэлбэл боксын спортод 12-16 насны хүүхдүүд гэдэг жинхэнэ утгаараа тамирчин болоогүй үеийнхэн байдаг. Тэднийг зүгээр л сонирхогчид л гэнэ. Харин 16-аас дээш насныхан гэдэг чинь нас бие гүйцэж яваа, тамирчин гэдэг нэршил рүүгээ ойртсон байдаг. Тийм болохоор дээрх насны хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулахдаа маш анхааралтай, өндөр хяналтан дор явуулах учиртай юм. Тэдгээр насны хүүхдийг тэмцээнд оруулахаас өмнө биеийг нь сайн халааж, даралтыг нь үзэж, толгойны хамгаалалт өмсүүлээд гаргах ёстой. Иймэрхүү зүйл дээр хариуцлагагүй хандаж байгаа нь дасгалжуулагч бид нарын өөрсдийнх нь л хайнга, хариуцлагагүйн алдаа юм шүү дээ. Энэхүү харамсалтай хэрэг Монголд анх удаагаа болж байгаа юм биш. Тэртээ 1970, 1980-аад оны үед тохиолдож л байсан. Ер нь боксын тамирчид тулалдах явцдаа цохилт аваад яг ринг дээр нас барчихдаггүй л дээ. Бэртэл авсан тамирчинг эмнэлэгт хүргэнэ, улмаар хуучин бэртэл, өвчин нь сэдэрсэн ч юм уу, эсвэл өөр ямар нэгэн шалтгааны улмаас ийм харамсалтай зүйл болдог. Монголын боксын түүхэнд миний мэдэхийн зургаан хүн байна уу даа, харамсалтайгаар бурхан болсон байдаг. Гэтэл сая ойрхон хоёр тэмцээнд хоёр хүүхэд амиа алдсанд харамсаж байна. Боксын рингэнд ийм ойрхон хоёр тамирчин амиа алдсаныг сонссон эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа. Тийм болохоор цаашид Монголын боксын холбоо иймэрхүү асуудал дээр анхааралтай хандаж хаана, хаанаа болгоомжтой, хариуцлагатай байх нь зөв.
-12-16 насныхан тэмцээний үеэр бэртэж, зарим нь бүр амиа алдаж байна. Ийм байхад Монголын боксын холбоо энэ үеийнхний тэмцээнийг хориглож болохгүй гэж үү. Цаашид хичнээн хүүхэд бэртэж, гэмтэхийг бид мэдэхгүй шүү дээ…
-Ер нь нас насаар нь тэмцээнд оруулах ёстой. Гэтэл энд нэг алдаа гараад байдаг. Юу гэхээр зарим дасгалжуулагчид тамирчдынхаа насыг дарж орж ирдэг. Үүнийг улс даяар хянана гэвэл боломжгүй. 14 насныхны тэмцээн боллоо гэхэд 15, 16 настай хүүхдүүд 14 настай хүүхдийн гэрчилгээгээр ороод ирдэг. Ингээд хоёр насны зөрүүтэй хүүхдүүд хоорондоо зодолдоно гэдэг чинь өдөр, шөнө шиг ялгаатай шүү дээ. Үүнд хяналт тавьдаг судалгааны баг гэж байх ёстой. Яг 17, 18 нас хүрч байж насны зөрүү арилдаг. Тэрнээс өмнөх насныхан бол нас насаараа л тэмцээнд оролцох нь чухал. Манайханд бас нэг алдаа бий. Тэр нь боксоор хичээллэж байгаа хүүхэд кикбокс ч юмуу, тайбоксоор давхар хичээллээд байдаг. Өөрөөр хэлбэл кикбоксын тэмцээн боллоо гэхэд боксын тамирчин орж тулалддаг тохиолдол их анзаарагддаг. Үүнийг болих хэрэгтэй. Зөвхөн гараараа тулалддаг, нударганы цохилт авдаг хүн хөл техниктэй, хөлний цохилт авна гэдэг өөр шүү дээ. Тийм болохоор бокс бол боксоороо л явах учиртай. Яагаад хүүхдүүд тулааны бусад төрлөөр давхар хичээллээд байгаа вэ гэхээр тэмцээнтэй л холбоотой юм. Яг боксын тэмцээн манайд ховор зохиогддог. Болж өгвөл жилд 12-14 тэмцээн зохион байгуулах хэрэгтэй. Одоо манай улсын боксын нэрийг хэдхэн тамирчид л авч явж байна. Араас нь залгаад гарч ирэх залуу үе тасарчихаад байгаа. Спортын топ төрөл гэгдэх жүдо, чөлөөтийнхөн залуу үеэ их дэмжиж байна. Манай боксын холбоо ч гэсэн үүнээс жишээ авч, илүү сайн ажиллах хэрэгтэй.
-1960-аад оны эхээр боксын спортыг улсаас хааж, хориглож байсан гэсэн. Ямар учраас хориглосон байдаг юм бол?
-Миний мэдэхийн 1964-1968 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд боксыг хориглосон байдаг. Тухайн үеийн Биеийн тамир, спортын газраас “Боксын спорт Монголд ерөөсөө тохирохгүй юм байна, барууны орнуудаас орж ирсэн, хүн гэмтээдэг спорт” гэж хориглосон гэдэг. Гэвч энэ хугацаанд манай багш нар, ахмад үеийнхэн маань нууцаар бэлтгэл хийдэг байсан. Улмаар Ю.Цэдэнбал дарга, манай боксын алтан үеийн төлөөлөл, Б.Олзод багш нар энэ спортыг “Монголд байх ёстой” гэж хөөцөлдсөөр байгаад 1968 онд эргүүлээд нээж байсан түүхтэй юм билээ. Үүнээс хойш манай улсын баг, тамирчид олимп, дэлхийн наадмуудад тасралтгүй оролцож ирсэн байдаг.
-Монголын боксын холбооны үйл ажиллагаа хэр хангалттай явагдаж байгаа вэ?
-Ер нь бол Монголын боксын холбоо өдөр тутмынхаа ажил, үүргийг гүйцэтгээд үйл ажиллагаагаа явуулж л байна. Гэхдээ тэрхүү үйл ажиллагаагаа илүү сайн болгох, энэ спортыг Монголд улам хөгжүүлэх талын ажлыг идэвхтэй хийх хэрэгтэй гэж хардаг. Монголд боксын спорт хөгжөөд далан жил боллоо. Гэвч энэ спортыг нарийн судлах, энд тэнд болж буй тэмцээн уралдаануудын дүн мэдээ, кодыг бүртгэх ажлууд дээр дутмаг хандаж байгаа гэж боддог. Холбооны ерөнхийлөгчийн зүгээс жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү гаргаж өгдөг. Тэрхүү хөрөнгийг холбооны гүйцэтгэх албаныхан боксын спортын төлөө зөв зүйлд зарцуулах нь чухал юм. Гэтэл шаардлагагүй ч гэдэг юмуу, дэмий зүйлд хөрөнгө зарж байна. Үүнээс болоод зарим нэг асуудал үүсэж байгаа гэж боддог. Ер нь холбоо ойрын үед хуралдаж, хуучин дүрэм журмаа шинэчлэн батлах хэрэгтэй байгаа юм. Дэлхийн боксын холбооны дүрэмд тулгуурлаж, Монголынхоо нөхцөлд тохирсон журам батлаад гаргачих ёстой байна. Ингээд тэрхүү журмаараа ажил үүргээ гүйцэтгээд, тэмцээн уралдаан зохион байгуулж хяналт, хариуцлагын асуудлыг бэхжүүлэх хэрэгтэй л гэж боддог.
-Монголд болж буй боксын тэмцээн бүрийг бүртгэх хэрэгтэй гэлээ. Гэтэл мэргэжлийн холбоондоо мэдэгдэхгүйгээр тэмцээн уралдаан энд тэнд зохион байгуулдаг зүйл байдаг гэж албаны хүн ярьж байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулах гэж байгаа бол хэдэн сарын өмнө боксын холбоондоо мэдэгдэж, тэмцээний заавраа батлуулсан байх журамтай байдаг. Ингээд тэмцээн зохион байгуулахдаа мэргэжлийн холбоодын, эмнэлгийн, цагдаагийн, эцэг, эхчүүдийн хяналт дор зохион байгуулдаг. Харин манайд хэн нэгэн хүн хаа нэгтээ дураараа тэмцээн уралдаан зохион байгуулсан тохиолдлыг бий сайн мэдэхгүй юм. Хөдөө орон нутагт битгий хэл сургуулийн, эсвэл хамт олны хүрээнд боксын тэмцээн зохион байгуулах гэж байгаа бол заавал холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэх шаардлагатай.
-Боксын спортоор хэдэн наснаасаа эхэлж хэрхэн хичээллэх ёстой юм бол?
-Боксын спорт өндөр хөгжсөн Орос, Хятад, Куб улсуудад хүүхдийг 8-10 наснаас нь хичээллүүлж эхэлдэг юм билээ. Харин манай улсад 12-оос дээш насны хүүхдүүд энэ спортыг сонирхон, хичээллэвэл илүү ач холбогдолтой юм болов уу гэж боддог. Хэтэрхий багаасаа хичээллэснээр хүүхдүүд алсдаа сонирхолгүй болох, хичээл завсардах зэрэг сөрөг талтай.