Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзлаа

Нийслэлийн удирдлагууд дүүргүүдийн хороодын Засаг дарга нартай уулзалт хийж байгаа билээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нартай уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр болон харьяа агентлагийн хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 28 хороотой, хүн амын нягтаршил ихтэй гээд Улаанбаатар хотын чухал дүүргийн нэг юм. Тиймээс төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, гарсан шийдвэрийг хороодын Засаг дарга нарт танилцуулах, нэгдсэн нэг чиглэлтэй болох зорилгоор төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хороодын засаг дарга нартай нягт хамтран ажиллуулж байгаа юм. Хороодын Засаг дарга нарын үйл ажиллагааг дэмжих, хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог сайжруулах зорилгоор хийгдэж байгаа энэ ажил өндөр үр дүнтэй байна гэж дүгнэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэй хамгийн ойр харьцдаг хорооны Засаг дарга бол ажилдаа хамгийн хариуцлагатай ханддаг хүн байх ёстой. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласан. Тэгэхээр бүх шатанд хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. Энэ зорилтыг бид хэрэгжүүлж ажиллах болно. Тэгэхээр хороодын Засаг дарга нар ажлын байран дээрх хариуцлагаа ухамсарлаж төрийн байгууллагатай уялдаа холбоогоо сайжруулж хариуцлага гэдгийг ажилдаа хэвшүүлж, хэрэгжүүлж ажиллаарай” гэж хэллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Дүнжингарав төв, Чингэлтэй дүүрэгт Оргил худалдааны төв, Хан-уул дүүрэгт Мишээл төв, Сонгинохайрхан дүүрэгт Драгон гэсэн нэгдсэн төвүүдээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч байгаа. Эдгээр төвүүдэд ирсэн өргөдөл гомдлын 55.2 хувь нь хороо болон хорооны Засаг дарга нарын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл эзэлж байна. Тухайлбал 31.3 хувь нь хорооны үйл ажиллагаа муу, төрийн албан хаагчид иргэдэд мэдээлэл дутуу өгөх, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, иргэдтэй харилцах харилцаа муу, хорооны үйл ажиллагаа жигд түргэн шуурхай биш зэрэг гомдлууд эзэлжээ. Харин хорооны Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой гомдол 23.9 хувь байна.

Нийслэлийн төр захиргааны удирдах албан тушаалтнууд хороодын Засаг дарга нартай хамтран ажиллах нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжрах үр дүнтэй гэж үзэж байна. Хороонд гарсан ямарваа нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, иргэдийн цаг завыг алдагдуулж дүүрэг нийслэл гэж цаг алдахгүй байх боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *