Categories
мэдээ цаг-үе

Байгаль орчин, амьтан хамгаалах үйлсийн их эзэн С.Дамдинсүрэнгийнд зочиллоо

“Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан” цол тэмдгээ гардаж аваад магнай хагартал баярласан. Гавьяатын тэмдгээ авсныхаа маргааш эхнэрийгээ дагуулаад нутаг руугаа давхичихсан даа. Хэрлэн голынхоо хөвөөн дээр баяан хөгжмөө тоглоод

“Санаанд нэг л уяа

Саа мөнгөн хэрлэн минь

Саруул уудам талаасаа

Салж ядан мяралзана” гээд л сэнгэнэтэл сайхан дуулаад хэсэг суусан. Тэндээсээ Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очсон. Миний хүн болж хүй цөглөсөн газар Мөнххаан. Нутгийнхаа шүтээн ууландаа очиж байгаа нь тэр.

Одод ярайтал түгсэн өвлийн цэлмэг шөнө ганцаараа зогсоод туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан бодсон. Би байгаль орчны салбарт амьдралынхаа 38 жилийг зориулж байгаа хүн шүү дээ. Сайн, муу хэлэгдэж 38 жил болохдоо ерөөсөө л байгаль, ан амьтан хамгаалсан хүн юм. Адуу янцгаахаас өөр аниргүй, дөрөөн таваг зурсан, шаргал хялгана найгасан талдаа тийм баяр тээгээд очих үнэхээр сайхан байсан. Маргааш нь Монгол төрийн гал голомт Хэрлэнгийн хөдөө арал дээр очлоо. Эзэн чингис хааны нутгийн газрын баялгийг ух гээд төр засаг гаднынханд лиценз өгчихсөн. Газрыг нь хөндөөд эхэлчихсэн үеэр “Хөдөө арал хөдөлгөөн”-ийг байгуулж тэмцсэн. Олон нөхдийнхөө хамт уйгагүй тэмцэл өрнүүлж байж ухуулалгүй авч үлдсэн газар минь юм. Олон жил тэмцэл хийж онгон байгалиар нь авч үлдсэн газартаа хүрээд сэтгэл дотроо ихэд бахтай, баяраа хуваалцах гээд очих сайхан байсан. Хэн нэгэнд яриад, тэмдгээ үзүүлээд суухаас илүү сэтгэл дүүрэх шиг санагдсан” хэмээн “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн С.Дамдинсүрэн ярив. Хотын төвд уулзсан бид ийн ярилцсаар Баянгол дүүргийн III хороололд байх гэрт нь өнжихөөр очсон юм. Тэдний гэр Хотгойдын Чингүнжавын морьт хөшөөний зүүн талын угсармал цагаан байранд байдаг ажээ. С.Дамдинсүрэн гуай “Чингүнжав баатрын “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн энэ үгэнд би их хайртай. Өглөө болгон хажуугаар нь гарахдаа энэ үгсийг хардаг юм” гэсээр бид гэрт нь орлоо. Гэрийн эзэгтэй С.Оюунцэцэг “Та нарыг өглөө эрт ирнэ гэж бодоод хоол, цай бэлдчихээд хүлээгээд байлаа. Манай хүн ажил амжуулж байна гэсээр баахан хүлээлгэчихэв үү” гэсээр угтав. Хоёр ач нь өвөөгөө хаалгаар ороод ирэнгүүт л энгэрт нь асаад сүйд болж байна. Бага ач М.Сүмбэр нь “Би сая ахыг цохьчихсон. Эмээ намайг ахыгаа зодлоо гээд загнасан” гээд л хов хүргэж байна. Өвөө ч ач хүү рүүгээ ирмээд том өрөө рүү яваад орлоо. Том өрөөнийхөө ханын тавилгаар дүүрэн амьтдын баримал өрчихжээ. Бас ач, зээ нарынх нь тоглоом ч гэсэн тарвага, туулайнаас эхлээд төрөл бүрийн амьтан байх аж. Хойморт нь гэрийн эздийн 20 нас хүрээгүй цэл залуухан насыг нь авч үлдсэн гэрэл зураг өлгөөтэй байна. Бид ч үндсэн ажилдаа орж “За, Даймаа ах өөрийнхөө удам судрыг ярьж өгнө дөө. Манайд өнжье булан ийм асуултаас эхэлдэг юм” гэв.

С.Дамдинсүрэн ахын өвөг дээдэс Сүхбаатар аймгийн Уулбаян сумын гаралтай хүмүүс гэнэ. Аав Б.Содномжамцынх нь өвөг эцэг даншиг наадмын заан хүн байсан аж. Нутаг хошуундаа “Агтны банзар Раш заан” гэж хүндлэгдэн дуудагдсан сайхан гүдэс эр хүн байсан гэдгийг түүний аав хүүдээ хуучлан ярьдаг байсан ажээ. Банзар заан Богд хааны өндгөн сүргийг хариулдаг байж. Харин С.Дамдинсүрэнгийн өвөө нь Шагдарсүрэн гэж гавьж хүн байсан аж. Харин түүний аав Б.Содномжамц нутаг усандаа гайхагдсан зураач, барималч хүн аж. Сүхбаатар, Хэнтий аймгийн олон хөшөө дурсгалыг түүний аав бүтээжээ. Түүнийг зургаан настай байхад тэднийх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Хэнтий аймгийн Өндөрхаан хотод шилжин ирсэн байна. Энэ талаар тэрбээр ярихдаа “Би Сүхбаатар аймгийн хүн. Гэхдээ хүмүүс намайг “Хэнтийн Даймаа” гэдгээр андахгүй мэддэг” гэв. Түүний эхнэр С.Оюунцэцэг Хэнтий аймгийн Батноров сумын гарвалтай. Тэд арван жилийн нэг ангийн хоёр юм байна. Насан туршийн амьдралаа арван жилийн сурагч байхаас эхлүүлжээ. Тэдний амьдралын эхлэл нэлээд дурсамжтайгаар эхэлж байсан гэнэ. Даймаа ах сурагч байхдаа зураг зурах авьяастай, ханын самбар хийдэг, аавынхаа мэргэжлийг өвлөж сургуулийнхаа үүдэнд сүрлэг сайхан бугын баримал хийчихсэн. Бас болоогүй цахилгаан хөгжмийн хамтлагтай, урлагийн үзлэгт ангиа төлөөлж ордог цөөн хүүхдийн нэг болчихсон, Зүүн бүсийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 57 килограммд завсаргүй хэд түрүүлчихсэн, УАШТ-д барилдаад хоёр ч хүрэл медалийн эзэн болчихсон гээд ёстой л од байсан гэнэ. Гэтэл есдүгээр ангид ордог жил нь Хэнтий аймгийн Бэрх тосгоноос хэдэн хүүхэд сургуульд нь шилжин иржээ. Тэдний дундаас дүрлэгэр алаг нүдтэй хөөрхөн охин нүдэнд нь тусаад байж. Сэтгэлийг нь татсан охинтойгоо удалгүй үерхэж, өглөө гэрийнх нь үүднээс авдаг, орой хүргэж өгдөг болжээ. Ингэж явсаар аравдугаар ангид ороод удаагүй байхдаа С.Оюунцэцэг жирэмсэн болчихсон байна. Үзэл сурталгүй, хүмүүжил байхгүй гээд л олон хүний өмнө хамтдаа загнуулж, тухайн үедээ олон хүний дургүйцлийг хүргээд авч. Мөн багш нарын хурлаар оруулахад эхнэр нь уйлж, хэргийн эзэн шилэн хүзүүгээ маажихаас өөр зүйл хийж чадахгүй зогсож байсан гэнэ. Энэ үед аав Б.Содномжамц нь хуралд ирж “Миний хүү насан туршийнхаа ханийг олсон нь буруу юм уу. Танай сургуулийн нэр хүндийг манай хүү авч явдаг. Ингэлээ гээд сургуулиас хөөх ёстой юм уу” гэж хэлжээ. Ингэж байж С.Дамдинсүрэн сургуультайгаа үлдэж, эхнэр нь амаржсан байна. Ингэснээр манай хүн өглөө эрт хүүгийнхээ даавууг угаачихаад хичээл рүүгээ гүйсээр аравдугаар ангиа төгссөн түүхтэй юм байна. Тэдний амьдрал ингэж л хүнд хэцүү цаг үеэ туулж, өдгөө хоёр сайхан хүүхэдтэй, таван ач, зээтэй болжээ.

“ЦАХИЛГААН ДАЙМАА”

С.Дамдинсүрэн чөлөөт бөхөөр чамгүй барилддаг байжээ. Зүүн бүсдээ 57 килограммд дийлдэхээ больсон байна. Түүний жинд хөдөөнөөс намхан биетэй бор хүү ирж барилдаад мөнгөн медаль авдаг байсан аж. С.Дамдинсүрэнтэй барилдаад ялагддаг байсан бор хүү Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч, Москва хотноо зохион байгуулагдсан Зуны XXII Олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, Испани Улсын Барселона хотноо 1979 онд явагдсан самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн хошой аварга цол хүртсэн, Монгол Улсын өсөх идэр начин, Ардын багш, гавьяат тамирчин, профессор Цэндийн Дамдин байсан аж. 1970 оны үед “Хэнтийн цахилгаан Даймаа” гэж нэр алдар нь түгж, өрсөлдөгч хүүхдээ хэдхэн секунтэд нам дарчихдаг овсгоотой, хөдөлгөөнтэй хүү байж. Гэсэн ч гурван жил Зүүн бүсийн аварга болсон С.Дамдинсүрэн нэг жинд барилддаг Ц.Дамдиндаа ялагдаж, Ц.Дамдин аймагтаа түрүүлж улсад барилдаад шууд улсын шигшээ багт орсон байна. Саяхан бурхны оронд одсон найзынхаа тухай тэрбээр “Миний найз надтай уулзахаараа чи бөхийн спортоо орхихгүй байх байсан юм. Чамд тив, дэлхийд амжилт гаргах боломж байсан”гэж ярьдаг байсан. Дамдин маань яах аргагүй монгол эр хүний ноён нуруу, андын түшигтэй, уул шиг сайхан эр байсан даа. Бид олон жил гэмгүй сайхан нөхөрлөсөн болохоор одоо ч сэтгэлд амьд сэрүүнээрээ инээж харагддаг юм” гэв. Түүнээс аравдугаар ангиа төгсөөд хэрхсэн тухай нь сонирхоход “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг би Барилга архитектурын ангид орж, эхнэрээ сувилагчийн сургуульд элсүүлээд авсан” гэсэн юм. Тэрбээр эхнэрээ сургуульд оруулахын тулд нэгэн танилаараа дамжуулж, багшийнх нь зуслангийн байшингийн дээврийг хар цаасалж, хонины гулууз мах өгч байсан гэнэ. Гэхдээ эхнэрээ сургуулиа төгсөх болоход мань эр сургуулиа солиод МУБИС-ийн зургийн ангид орчихжээ. Ангиа сольсон шалтгаан нь эхнэртэйгээ хамт төгсөх байсан аж. МУБИС-д сурч байх үеэс биологийн хичээлийг илтэд сонирхох болжээ. Бүр амьтдын төрөл зүйлээс эхлээд судалгаа хийж, ном, сурах бичиг унших болсон байна. Өөрөөр хэлбэл, зураач хэмээх уран бүтээлчид олддог сайхан цаг зав түүнийг амьтны ертөнцийг тухтай судлах, мэдрэхэд хамгийн их түлхэц болсон ажээ.

ХЭНТИЙ АЙМАГТ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ АНХЭХЛҮҮЛЖ 24 ЖИЛ МОАХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖЭЭ

Тэрбээр их сургуульд байхдаа Эвлэлийн хорооны оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан гэнэ. Улмаар сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Эвлэлийн хороонд ажилд томилогдон очжээ. Ингээд Хэнтий, Сүхбаатар аймгийн Эвлэлийн хорооны Залуучуудын байгууллагын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аж. Иргэдийн дунд явуулах үзэл суртлын ажил хийдэг байсан тухайгаа “Сайхан он жилүүд өнгөрсөн дөө, тэр үед. Эвлэлийн ажил гэдэг чинь тухайн үедээ нэр хүндтэй, бүхнээ зориулдаг сайхан ажил байлаа. Ялангуяа сэтгэл, гар нийлдэг нөхөдтэйгөө хамт ажиллана гэдэг юуг ч бүтээж болох боломж” хэмээн дурссан юм. Тэрбээр удалгүй Германд сургуульд явсан байна. Тэр үед түүний дотны найз, одоогийн “Их засаг” сургуулийн захирал Н.Ням-Осор ч мөн ЗХУ-д Консомолын дээд сургуульд явсан байна. Тэр хоёр Хэнтий аймгийн Эвлэлийн байгууллагад арав гаруй жил хамт ажиллажээ. Тэд хүүхэд, залуусыг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гол ажлуудыг зохион байгуулж, байгальд ээлтэй, сэтгэлтэй залуучуудын хүрээг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байж.

Ардчилсан хувьсгалтай золгох үед С.Дамдинсүрэн Эвлэлийн хорооны нэгдүгээр дарга, Н.Ням-Осор хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэнэ. Монгол орон даяар ардчилсан хувьсгалын шинэ салхи сэвэлзэж байх үед хоёр найз Эвлэлийн хороогоо тараагаад өрөөндөө нууцаар хурал хийж, МОАХ, МҮДХ-ийг анх байгуулсан түүхтэй юм байна. Ингээд анхны цуглаанаа хийхэд нь аймгийн залуучууд дэмжээд л бөөн сүр дуулиан болжээ. Гэсэн ч удалгүй Эвлэлийн төв хороо хуралдаж,орон нутагт МОАХ, МҮДХ-ийг үүсгэн байгуулж, хөдөлгөөн удирдсан хоёрыг ажлаас нь халчихсан байна. Гэсэн ч хоёр найз Ардчилсан хувьсгалын анхдугаар хуралд оролцож, Хэнтий аймгийн сум болгонд МОАХ-ны салбарыг байгуулж, С.Дамдинсүрэн Хэнтий аймагт анх МОАХ-ны даргаар тасралтгүй 24 жил ажилласан байна. Түүн шиг 24 жил тасралтгүй МОАХ-ны даргаар ажилласан хүн нэг ч байдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тэр Монголын ардчилагчдын анхдагч төдийгүй энэ үйл хэрэгт залуу нас, амьдралаа зориулсан нэгэн юм. Одоо дурсахад ийм дурсамж задлах ч тухайн үедээ бас л хэцүүдсэн гэнэ. Энэ тухайгаа “Хэнтий аймагт Ардчилсан хувьсгал хийсэн эсэргүү хэрэгтэн С.Дамдинсүрэн, Н.Ням-Осор нар ажилгүй боллоо. Үүнээс болоод Н.Ням-Осор маань эхнэр хүүхдээ аваад Улаанбаатар хотыг зорьсон. Харин би танил талаараа яриулж байж арай гэж аймгийнхаа Ойн ангийн хэлтэст Ан хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод авлаа. Тэндээ хоёр жил ажиллаж байгаад 1993 онд “Төв жуулчин” компанитай хамтран “Хэрлэнгийн хөдөө арал” жуулчны баазыг анх Хэнтий аймагт байгуулсан. Энэ үеэс л овоо болоод ирлээ шүү” гэв. Өдгөө тус жуулчны баазад дэлхийн маш олон орны жуулчин байнга ирдэг, морин болон дугуйн аялал зохион байгуулдаг, ан агнуурын отогтой, Монголдоо дээгүүрт жишигдэх бааз болсон билээ. Тус баазыг анх байгуулж байсан тухайгаа “Би жуулчны бааз байгуулаад мандаж явлаа. Өдөр шөнөгүй гадаадын жуулчид ирнэ. Надтай хамт ардчилсан хувсгал хийж явсан гурван ч найз байлаа. Тэднийгээ ажилд авчихсан. Бид найзуудын гар хэрхэн нийлж болдгийг бусдад үлгэрлэж байлаа. Тэгсэн найзууд маань жуулчдын өгсөн архийг ууснаас болсон уу, бие нь өвдөөд ээлж дараагаараа бурхан болчихлоо. Нэг өдөр эхнэр “Чи энд байгаад байвал архичин болох юм байна. Ерөөсөө жуулчны баазаа зараад хотод очиж амьдаръя. Биеэ бодох хэрэгтэй” гэж хэлсэн. Ингээд л одоогийн “Их засаг” сургуулийн захирал Н.Ням-Осор найздаа жуулчны баазынхаа 50 хувийг зараад хотод ирсэн дээ” гэв.

ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРЛЫГ УХАХААС АВАРСАН ГАВЬЯАТАН

С.Дамдинсүрэнг хотод орж ирээд удаагүй байхад нь Эзэн чингис хааны өлгий нутаг, Монголын түүх, соёлын өв болсон Хэрлэнгийн хөдөө арал тэр чигтээ Хятадын компаниудын эзэмшлийнх болсон гэнэ. Хэзээ мөдгүй эзэн хааны нутгаа сэндийчих дээрээ тулсан байжээ.

Ардын Их хурлын тогтоолын дагуу Сайд нарын зөвлөлийн 541 дүгээр тогтоолоор Байгаль орчны яам 1987 онд байгуулагдахаас бүр өмнө байгаль хамгаалалд олон нийтийн байгууллагаар дамжуулж, иргэдийг өргөнөөр оролцуулах зорилгоор 1974 онд Монголын Байгаль Орчныг Хамгаалах Нийгэмлэг (МБОХН) байгуулсан байдаг. Тэрбээр тухайн үед уг нийгэмлэгт элсэн орж байгаль орчны чиглэлийн олон ажил хийж эхэлсэн байна. Энэ туршлага дээрээ тулгуурлан Хэрлэнгийн хөдөө арлыг аврахаар сэтгэл шулуудсан гэдэг. Улмаар “Хөдөө арал хөдөлгөөн”-ийг байгуулж тэмцэл хийж эхэлжээ. Түүнийг лиценз цуцлах хөдөлгөөн өрнүүлж, компаниудтай тэмцэлдэх үеэр олон саад бэрхшээл тулгарч байсан аж. Тухайлбал, лиценз эзэмшиж байгаа компаниуд шоронд олон жил хоригдсон хүмүүсээр дарамтлуулах гэж оролдох, их хэмжээний мөнгө амлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдаж, элдэв худал гүтгэлэг явуулах зэргээр түүний үйл хэргийг зогсоохыг багагүй хичээсэн байна. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын олон хүнтэй нийлж, Хэрлэнгийн хөдөө арлын байгалийн баялгийг ховх сорох гэж байсан гадаадын компаниудыг зогсоож, лицензийг нь цуцлуулж чаджээ. Үүнийгээ тэр “Тэр бол миний уул усныхаа төлөө хийх л ёстой зүйлийн маань нэг” хэмээн ярьсан юм.

Монгол тарвага сэргээн нутагшуулах төсөл. Хэнтий аймаг. Дэлгэрхаан сум. 2017 он.

ХУУЛЬ БУС АНТАЙ ТЭМЦЭГЧ

С.Дамдинсүрэнгийнх хүү, охинтой. Хүү Д.Мөнхсайхан, бэр Д.Май-Эрдэнэ хоёр нь хуулийн байгууллагад ажилладаг юм байна. Харин хүргэн О.Цацралтөр нь хувиараа бизнес эрхэлж, охин Д.Мөнхдэлгэр нь Гаалийн ерөнхий газарт ажилладаг ажээ. Д.Дамдинсүрэн “Би ганц бэрдээ их хайртай. Миний төрсөн охиноос ялгаагүй байдаг юм. Аавдаа эрхэлж, бүхнээ ярьдаг, зөвлөдөг. Бас миний хуурай дүү З.Эрдэнэбат гэж залуу бий. Надтай тасралтгүй 20 гаруй жил байгаль орчны чиглэлээр ажиллаж байна. Төрсөн дүүгээс минь ялгаагүй ижил дасал болсон. Хүн ер нь сайн хүмүүстэй учрах, ханьсах нь их хувь заяа гэж боддог шүү. Би хувь заяа сайтай хүний нэг” гэв. С.Дамдинсүрэнгийнхэн үе үе халуун ам бүлээрээ нэг дороо цуглаж, цагийг хамт өнгөрүүлдэг байна. Тэрбээр хүүхдүүдээ тойруулчихаад гитар тоглож, дуулангаа гэр бүлийнхнээ жаргалтай байхыг харах дуртай гэсэн юм. Бас ач зээ нараа эрүүл чийрэг болгож өсгөх өвөөгийн үүргээ сайн биелүүлэхийн тулд хамт дугуй унах, гүйх, амьтан хайрлах ухаан суулгахыг хичээдгээ ярьж байсан юм.

Тэрбээр огт зүгээр сууддагүй нэгэн юм. Үүнийх нь хажуугаар утсанд нь дуудлага ч их ирэх юм. Жишээ нь, “Чойрын богдод тавьсан хэдэн тарвага ичээнээс гарч байна гэнэ. Хэнтийн Галшар суманд нутагшуулсан тарвага юу болж байгаа бол. Энэ зун Алтай Таванбогдоос хэдэн тарвага авчирна. Хэдэн суманд нутагшуулна” гээд “Монгол тарвага” төслийнхөө талаар хэн нэгэнтэй ярих юм. Бас “Амьтны эрх хамгаалах” нийгэмлэгээрээ дамжуулан хууль бус антай тэмцэх, таслан зогсоох олон ажил санаачлан хийж, хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь тэрбээр Байгаль орчны багц 18 хуулийг шинэчлэн батлах багт ажилласан. Энэ тухайгаа “Олон эрдэмтэн судлаачтай хамтран боловсруулсан уг хууль Монголын олон зуун мянган амьтны амийг хамгаалж, аварч байгаагаараа ихээхэн онцлогтой. Би БОАЖЯ-ны Л.Гансүх, С.Оюун, Д.Оюунхорол, Н.Батцэрэг гээд үе үеийн сайдын зөвлөлд ажилласан. Үүнийгээ би бас л хийх ёстой ажлаа л хийж ирсэн гэж боддог. Мөн “Ногоон хөгжлийн бодлого”, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” гээд л УИХ-аас баталсан байгаль орчин руу чиглэсэн олон асуудалд гар бие оролцож явна. Үүний хажуугаар хөдөө орон нутаг, байгаль хамгаалагч нарт сургалт, амьтан хамгаалах талаар мэдлэг олгох, иргэний нөхөрлөлүүдээр дамжуулж зэрлэг амьтан өсгөн үржүүлэх гээд завгүй их ажилтай” гэсэн юм. Үнэхээр л тэрбээр байгаль орчин, ан амьтныг үнэн голоосоо хайрлаж, хамгаалах хүсэл зорилготой нэгэн. Тэр өөрийнхөө энэ хүсэл зорилго өөд үргэлж тэмүүлж явдаг юм байна лээ. Эхнэрийнхээ цалин, гэрийнхээ үнэт эдэлийг барьцаанд тавиад, мөнгөөр нь шатахуун хийгээд байгаль, амьтнаа хамгаалахаар сэтгэл шулуудан гардаг түүний сэтгэлийг Монголын төр үнэлсэнд ойр дотны хүмүүс нь их л баяр хөөртэй байна лээ. Ач, зээгээ эрхлүүлж, үр хүүхдүүдээ хүний зэрэгтэй авч яваа С.Дамдинсүрэнгийнд ийнхүү нэгэн өдөр хууч хөөрч өнжив. Тэрбээр “Байгаль орчин, ан амьтан хамгаална гэдэг хүнээс их тэсвэр тэвчээр шаардах хатуу салбар. Байгалиа, амьтнаа хайрлаж чаддаг хүн хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахааргүй болчихдог юм байна” хэмээн ярьж байна лээ. Ороод гарахад зочломтгой, инээд цалгисан,аз, жаргал, хайр халамж дүүрэн эгэл даруухан айл байдаг даа. Олны дунд “Амьтны Даймаа” хэмээн дуудагддаг С.Дамдинсүрэнгийнх тийм л айл ажээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *