Categories
мэдээ нийгэм

Дуут дохионд албан байгууллагууд нэгдсэн ч гудамжинд явж буй энгийн иргэд цочирсонгүй

Газар хөдлөлтийн гамшгийн үед цуглах байршлыг НИТХ-аар баталж 110 байршлыг зарласан. Өнөөдөр гамшгаас урьдчилан сэргийлэх, зарлан мэдээллэх дохиог өгч тухайн байршилд иргэдэд сургалт сурталчилгаа, заавар зөвөлгөөг өгөх ажил өрнөсөн. Зарлан мэдээллэх дохио дуугарах үеэр иргэд, гамшгийн үед өөрийгөө болон орчин тойрны хүмүүсээ хэрхэн хамгаалан оролцож байгааг сурвалжиллаа.

Энэ үеэр 3-р сургуулийн арын талбайг зорин очиход сургалт дуусч байв.

Сургалтын үед гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах ангийн 2 гал сөнөөх машин ирсэн байлаа. Ингээд 10-р ангийн гал сөнөөгч ахлах ахлагч С.Ганзоригтой цөөн хэдэн хором ярилцав.

-Урьд урьдны сургалтаас энэ сургалтад онцлог тал бий юу?

-Ер нь бол сургалт бүр адилхан л байдаг нээх онцгой зүйл байхгүй дээ. Харин энэ удаад тусгай байршлууд зарласан. Зарлагдсан газруудаар сургалт зохион байгуулагдсан байгаа.

-Иргэд гамшгийн үед ямар арга хэмжээ авах ёстой вэ? Ер нь энэ талаар мэдлэг мэдээлэл хэр байх шиг байна?

-Орчин үед техник технологи хөгжөөд мэдээлэл их амархан тардаг болж. Телевиз радио, сонин сэтгүүл, интэрнет орчинд мэдээлэл их тавигдсан. Хүмүүс нэг үеэ бодвол мэдээлэл сайтай болж. Гамшгийн үед хамгийн түрүүнд ойр байгаа ширээний доогуур орж, толгойгоо 2 гараараа барьж суух ёстой. Байгаа газраасаа яарч сандралгүй тайван гарж, аль болох өндөрлөг байшин барилгагүй зэлүүд газрыг зорьвол аюул багатай байдаг.

-Иргэд гамшгаас урьдчилан мэдээллэх сургалтад хэр идэвхтэй оролцож байна? Гадуур яваа хүмүүст цочироо өгч, хамруулж чадаж байна уу?

-Албан байгууллагын ажилчид л ирж оролцож байна. Гадуур яваа хүмүүсийн оролцоо муу байна. Ойр хавьд байгаа бүх орон сууц, барилга байгууламжид байгаа хүмүүс гарч ирж оролцох ёстой ч идэвх муутай байлаа.

Сургалтад оролцсон Сүхбаатар дүүргийн 10-р хорооны ажилтан Ч.Энхцэцэг:

-Сургалт хэдэн цагт эхлэв?

-Сургалт зарласан цаг буюу 16:00 цагтаа эхэлсэн

-Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна?

-Хүмүүсийн оролцоо бага байна

-Ойр хавьд байгаа хүмүүс сургалтын үеэр ирж оролцож байна уу?

-Ер нь ховор л ирж байна даа. Хүмүүс гамшгийн үед яах ёстойг сургалтаар мэдээд авчихвал дараа нь өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж, гамшгийн үеийг эрсдэл багатай давах магадлал өндөр. Даанч энэ сургалтад идэвх муутай оролцож байгаа нь эргээд гамшиг болсон үед сөрөг үр дагавартай байж болох талтай.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *