Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Диснейн стандартад нийцсэн анимэйшн хүүхэлдэйн кино нээлтээ хийнэ

“Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшин хүүхэлдэйн кино энэ сарын 31-нд нээлтээ хийхээр болжээ. Тус анимэйшн нь Диснэй компанийн стандартуудыг бүрэн хангаж бүтсэнээрээ онцлогтой юм байна. Ocean pictures студийн хамт олон ирээдүй хойч үе, хүүхэд залууст оюуны хөрөнгө оруулалт хийх, дэлхийд Монгол Улсыг сурталчилан таниулах томоохон контент болсныг дуулгалаа.

Хүүхэлдэйн киноны ерөнхий найруулагч Б.Тэнгис ярихдаа:

Бид түүхэн эх сурвалжаас авч, зохиолыг нь өөрсдөө бичээд найруулсан. Монголд орхигдсон салбар бол хүүхдийн контент. Хүүхдүүд дэлхийн форматтай хамгийн сүүлийн үеийн киног үздэг. Үндэсний контентоо хүргэе гэхээр яг тэр түвшинд хийхгүй бол үзэхгүй. Хамгийн дээд түвшинд хийхийн тулд олон жилийн хөдөлмөр зарцуулсан. Нийт 1000 гаруй уран бүтээлчид оролцсон. Одоо үед хүүхэд багачууд анимэйшн их үздэг. Үүнийг дагаад бид дэлхийн шилдэг анимэйшний зэрэглэлээр хийхээр зорьсон. Залуучууд өсвөр үеийнхэн Нууц товчоогоо уншихгүй байна. Үг хэллэгийг ойлгоход хүнд байдаг. Харин бид үг хэллэгийг энгийн хэлбэрт оруулж,ойлгуулахад анхаарч ажилласан. Үүх түүх, ёс заншил, газар шорооны үнэ цэнийг мюзикл дуугаар илэрхийлсэн. Нууц товчооны найман бүлгийн 1146-1206 оны хоорондох үйл явдлыг товчилж хийсэн. Хүүхдийн контент учраас ёс бус үг хэллэг, цус харуулахгүй. Энэ дотор дуу байгаа. Бөртэ хатны дууг Маралжингоо, Эгшиглэн, Агиймаа нар дуулсан. Тэмүүжингийн дууг Харангын Чулуунбат ах дуулсан. Дэлхийн форматад хүргэх гэж хичээсэн.

Хүүхэлдэйн киног хийхэд хүндрэл хэр байв? Хөрөнгө оруулалтаа хэрхэн босгосон бэ?

Мэдээж хүндрэл их гарсан. Хөрөнгө оруулалтыг босгоход хүнд байсан. Бид анх зураг байхаас нь эхлээд хоёр Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, 25 улсын их хурлын гишүүн болоод бизнесмэнүүдтэй уулзан, төслөө танилцуулсан. Чингис хааны тухай ярьдаг бүх л хүн дээр очсон. Гэвч Монгол Чингис хааны өлгий нутаг мөртлөө Чингис хаан дээрээ бүгд өөрөөр ханддаг гэдгийг ойлгож авсан. Гэхдээ сайн санаат олон хүмүүсийн ачаар энэ киногоо дуусгасан. Хонконг, Шанхай, Бээжин, Канны маркетуудаар киногоо авч очсон. Канны ном дээр хэвлэгдсэн. Гадныхан маш ихээр сонирхож байгаа. Хүүхдүүд гадаадын маш олон контентоор дарагдаж байна. Энэ бүхнээр дамжаад гадаадын соёлын дайралт орж ирж байна. Хүссэн хүсээгүй эцэг эхчүүд хүүхдүүддээ үзүүлдэг. Тэгвэл бид монгол хувцастай, уламжлал ёс заншилаа харуулсан контентоор дамжуулж хүргэх юм бол хүүхдийн хөгжилд нөлөөлөх зүйл бол анимэйшн. Дараа дараагийн контентоо хийж эхэлсэн. Энэ удаад түүхэн бус зөвхөн хүүхэд багачуудад зориулсан энгийн гоё контент байгаа. Дэлхий дээр анимэйшн бол 350 тэрбум төгрөгөөр эргэлддэг маш том зах зээл. Дэлхий дахинд монголчууд оюун ухаанаараа хийж чаддаг, бүтээдэг гэдгээ харуулахыг хүссэн. Кино маань англи хятад хэл дээр орчуулагдсан. Өнгөрсөнд байхгүй ирээдүйг бүтээнэ гэдэг хүнд байлаа гэлээ.

Монгол Улсын төрийн шагналт, түүхч Д.Өлзийбаатар ярихдаа:

Би түүхийн зөвлөхөөр хамтарч ажилласан. Монгол агуу түүхтэй улс. Монгол шиг түүх бүтээж үлдээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Таван хуруунд багтана. Дэлхийн хэмжээнд бүтээгдсэн түүхээ өөрсдөө сурталчилах хэрэгтэй. Мэдэж байх ёстой. Энэ бидэнд дутагддаг. Бид түүхээсээ хөндий байна. Яаж судлах, юу уншихаа мэдэхгүй байна. Түүхийн хичээлийн чанар тааруу байна. Иймэрхүү зүйл яриад олон жил боллоо. Монголчуудад түүхээ сонирхдог,үздэг, түүхэндээ хайртай болоход олон төрлийн ажлууд хэрэгтэй. Энэ дундаа хүүхэлдэйн кино. Манай залуу үеийнхэн өсвөр насныхан түүхээсээ хөндий байна. Нууц товчоогоо уншсан нь цөөхөн байна. Нууц товчоо хүнд ном. Тэр бүр ойлгож уншихад хэцүү. Тайлбар хэрэгтэй байдаг. Тэгэхээр хүүхдүүдэд зориулсан дэлхийн стандарт хангасан хүүхэлдэйн кино бүтсэн нь гайхамшигтай. Монголчууд түүхээ мэддэг, хайрладаг, хүндэлдэг байх ёстой. Ингэхийн тулд түүхчид судлаачид бид түүхийг нь хэлж байх ёстой. Залуучууд анимэйшныг асар их сонирхож үздэг болсон. Үүнийг үзсэнээр түүхээ сонирхоно, мэддэг болно. Олон хагарал зовлон тэмцэл дунд бутарсан улсыг нэгтгэж Их Монгол улсаа байгуулсан эхнийнайман бүлгийг тоймлож харуулсан. Монгол Улсын боссон сэргэсэн үе. Бид өөрсдийгөө голдог. Хийж чадах эсэхдээ эргэлздэг. Манай залуучууд хөрөнгөө өөрсдөө босгосон. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүүхэд багачуудад зориулсан томоохон бүтээлүүд гарна хэмээн найдаж байна гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *