Categories
мэдээ улс-төр

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хурал Женевт болж байна

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Швейцарь Улсын Женев хотноо болж буй Олон улсын парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд Монголын парламентыг төлөөлөн оролцож байна. Хуралд дэлхийн 70 орчим парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн хуралдаан “Парламент ба Засгийн газар” хэмээх үндсэн сэдвийн дор явагдаж байгаа юм. Оролцогсод парламентын үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулалтыг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах, Төрийн албан дахь анти-парламент буюу парламентыг эсэргүүцэх хандлага болон ёс зүйн асуудал, Засгийн газрыг бүрдүүлэхэд гүйцэтгэх парламентын үүрэг, Гүйцэтгэх засаглалыг хянан шалгах парламентын үүрэг, үйл ажиллагаа зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд өөрийн орны холбогдох хууль, тогтоомж болон хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг явуулж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож, УИХ-ын үйл ажиллагааны онцлог, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтууд хийж байна.

Тэрбээр эхний уулзалтаа БНСУ-ын Үндэсний ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Сон Гунтай хийв. Ноён Ким Сон Гун 2018 оны хоёрдугаар сард энэ албан тушаалдаа шинээр томилогдсон юм. Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын Тамгын газарт хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийг санхүүжүүлж, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэнд БНСУ-ын талд талархал илэрхийлэв. Төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын программ хангамж, дуу, дүрсний системийг шинэчлэн тоноглосноор хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсныг онцлов.

Хоёр тал цаашид хоёр орны парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Дараа нь Швейцарийн Холбооны Улсын Парламентын доод танхим буюу Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Филип Швабтай уулзлаа. Энэ үеэр парламент хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг дурдаад, цаашид энэхүү эрчийг сааруулалгүй, улам өргөжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг Швейцарийн Холбооны Улсад туршлага судлах чиглэлээр үргэлжлүүлэн явуулахаар тохиров.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *