“Сараана” Монголын уран сайхны кино энэ сарын 27-ноос Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ, DDISH-ийн кино сангаар үзэгчдэд хүрч эхэллээ. Сүүлийн үед кинонууд кино театрт нээлтээ хийж үзэгчдэд хүрсний дараа төлбөрт суваг буюу IPTV-гээр гардаг болсон. Харин “Сараана” киноны уран бүтээлчид заавал театрт биш гэртээ суугаад шинэ киног гэр бүлээрээ, илүү тухтай шимтэн үзэх боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна. “Мэгүүн энтертайнмент”, “Hollandmark” студийн хамтын бүтээл болох “Сараана” киноны голд дүрд СТА, жүжигчин Б.Хулан, Э.Мөнхтөр, залуу жүжигчин Ц.Эрхэмбаяр нар тогложээ. Киноны уран бүтээлчид “Танд манай кино өнөө цагийн эгэл хүний амьдралын аз жаргал, үнэ цэнэ болоод эх үрийн хайрын тухай өгүүлэхээс гадна эмэгтэй хүний сэтгэлийн нандин уянгыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Хулантай ярилцлаа.
-Киноныхоо нээлтийг кинотеатрт хийлгүй шууд IPTV-ээр үзэгчдэдээ хүргэж байгаа нь сонирхолтой юм?
-Сүүлийн үед уран бүтээлчид бүтээлээ IPTV-д зориулж хийдэг болчихжээ. Манай киноны зохиолч С.Ангараг “IPTV-д зориулж уран сайхны кино хийе” гээд санал тавьсан. Киноны ажил амжилттай болж энэ сарын 27-нд нээлтээ хийлээ.
-Кинонд эгэл амьдралын уянгалаг түүхийг өгүүлнэ гээд байгаа?
-Бидний өнөөдрийн бодит амьдрал дээр өрх толгойлсон маш олон эмэгтэй байгаа шүү дээ. Тэдний л нэг болсон хүүтэйгээ үлдсэн эмэгтэй амьдралд тулгарах олон бэрхшээлийг давахдаа хэрхэн зөв амьдрахын төлөө тэмүүлж байгаа тухай өгүүлэх кино.
-Сараана цэцгийг эмэгтэй хүнтэй зүйрлэдэг гэх юм?
-Хүмүүсийн мэддэгээр Лили цэцэг шүү дээ. Кинонд лили цэцгийн утга агуулгыг тэр чигээр нь гаргахыг хичээгээгүй л дээ. Лили өөрийн гэсэн онцлогтой цэцэг юм байна билээ. Үнэрээ удаан хадгалдаг, зарим цэцэгтэй харьцуулбал илүү удаан насалдаг. Эмэгтэй хүн ч энэ цэцэгтэй адил үзэсгэлэнтэй атлаа тэвчээртэй, ухаалаг. Тэр утгаар нь киног “Сараана” гэж нэрлэсэн болов уу.
-Киноны зохиолч танд киноны гол дүрийн саналыг тавихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Маш их таалагдсан. С.Ангараг бид хоёр их олон жил үерхэж байгаа найзууд юм байгаа юм. “Найз нь ийм нэг зохиол дээр ажиллаж байна. Энэ киноны гол дүрд чи л таарах юм шиг санагдаад байна” гэсэн. Зохиолоо аваад уншихад надад их таалагдсан.
-Өрх толгойлсон эмэгтэйд хамаг бурууг өгдөг хандлага бий л дээ. Гэтэл тэр эмэгтэйчүүд маш их бэрхшээлтэй тулгарч үр хүүхдийнхээ төлөө цуцашгүйгээр зогсож чаддаг шүү дээ?
-Нийгэмд тийм ойлголт их байдаг шүү. Өөрөөсөө болоод л нөхрөөсөө салчихлаа гэдэг ч юм уу, тийм яриа их бий. Миний хувьд амьдрал дээрээ өрх толгойлсон эмэгтэй гээд олон жил явж байна. Гэтэл чухам юу болсон, цаана нь юу тохиолдсон, дотоод сэтгэлд нь юу болоод байгааг мэдэхгүйгээр дур дураараа ярихыг нь би ч өөрөө зөндөө л сонсож байлаа. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэй гээд л ноомойсон, нурмайсан байдаггүй юм. Дийлэнх нь лили цэцэг шиг хүчтэй, эрчтэй байдаг. Би хүүхнүүдийгээ мундаг хүчтэй байна гэж боддог ш дээ.
-Кинонд таны хүүд тоглосон Ц.Эрхэмбаяр өмнө нь “Марко Поло” кинонд Хубилай хааны бага насны дүрийг бүтээж байсан авьяаслаг нэгэн байна лээ?
-Тийм шүү, би мундаг хүүтэй хамтарч тоглосон. Хүүхэдтэй ажиллахад хэцүү байдаг. Үгээ яг бичсэнийх нь дагуу хэлэх гээд ч юм уу, хэт хичээх тал бий бий. Ер нь кинонд тоглоход хүүхэд ч бай, том хүн ч бай энгийн байх тусмаа кино амьд байдаг болов уу гэж боддог. Манай Эрхэмбаяр их хичээж ажилласан. Их хөөрхөн хүү.
-Таны тоглосон кинонуудын аль дүр нь тантай илүү төстэй зан араншинтай вэ. “Болсон явдал” киноны дүр тань тантай төстэй юу?
-(Инээв). Би амьдрал дээрээ наад дүрийн чинь эсрэг шүү дээ. Тэр чинь орилж хашхирсан, ааштай хүүхний дүр. Хүмүүс намайг бодит амьдрал дээр чи тэр дүртэйгээ адилхан зан ааштай юу гэж асуугаад байдаг юм.
-Таны нэг хэсэг кинонд тоглохгүй байж байгаад “Сараана”-д тоглов уу даа?
-Бараг хоёр жил гаран өнжсөн. Хувийн ажилтай байгаад завсарласан. Энэ киноны өмнө Хөх хотод “Одон” телевизийн 14 ангит цуврал кинонд тоглочихоод ирсэн. Хөх хотоос ирээд удалгүй “Сараана“ киноны ажилдаа орсон юм.
“Сараана” киног үзсэн хүмүүс их ам сайтай байна. Ээж, хүү хоёрын амьдралын тухай өгүүлсэн кино гэхээр хар бараан, уйтгартай зүйл гарахгүй л дээ. Их уянгалаг сайхан түүхийг өгүүлдэг. Дэлгэцэнд гараад хэдхэн хонож байгаа ч хүмүүст таалагдаж байх шиг байна.
Ц.Эрхэмбаяр: Ээжээсээөөрхүндэрхлэхэдихсонин байсан шүү
“Сараана” Монголын уран сайхны киноны гол дүрд тоглосон Ц.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Та өмнө нь хичнээн кинонд тоглож байсан бэ?
-Нэлээд хэдэн кинонд жижиг дүрүүдэд тоглосон л доо. Харин “Сараана” кино бол миний гол дүрд нь тоглосон анхны кино минь.
-Монголын кино урлагийн өнөө цагийн мундаг залуу жүжигчидтэй хамтран ажиллахад ямар байсан бэ?
-Хичээлийнхээ хажуугаар зураг авалтаа үргэлжлүүлэхэд зарим талаар хүндрэлтэй байсан ч киноны багийнхан болоод аав, ээж минь их тусалсан. Хулан эгч мундаг жүжигчин байна лээ. Миний дүр бол ээждээ их эрхэлдэг дүр л дээ. Тэврээд үнсүүлээд л. Анх ээжээс минь өөр хүн намайг эрхлүүлж үнсэхэд эвгүй байсан шүү (инээв). Их сонин байсан. Гэхдээ кино багийнхантай хамт байрлаж, хамт ажилладаг байсан болохоор дасаад ирэхэд гайгүй болчихсон.
-Зураг авалтын үеэр аав, ээж хоёр тань дэргэд тань байсан уу. Эсвэл кино багийнхантай хамт байх нь кинондоо илүү ороход дөхөм байв уу?
-Би одоо 13 настай болохоор аав, ээжийгээ дэргэдээ байлгаагүй л дээ. Тэглээ ч тэр хоёр маань ажилтай, зав муутай болохоор кино багийг ахалсан Дуулга ах намайг бүрэн хариуцаж хоол унднаас эхлүүлээд бүх юмыг минь зохицуулж гэр, дугуйлан, сургууль дээрээс минь очиж авч, хүргэж өгч байсан.
-Та Монголын Хүүхдийн ордны драмын дугуйланд сурдаг гэсэн. Хэдэн жил сурч байна вэ?
-Би одоо наймдугаар ангид сурч байгаа. Анх нэгдүгээр ангидаа энэ дугуйланд орсон.
-Урлагийн олон төрөл жанр бий шүү дээ. Тэр дундаас яагаад жүжигчний ур чадварыг сонирхох болсон юм бэ?
-Ээж маань намайг их даруухан болохоор нээлттэй, хүнд өөрийгөө илэрхийлдэг болоосой гээд энэ дугуйланд оруулсан л даа. Дугуйлан дээр маань реклам, кино, зохиомжид тоглуулах сонгон шалгаруулалт их болдог юм. Реклам, клип зэрэгт тоглоод ирэхээр урам ороод гэх үү дээ энэ урлагт дуртай болчихсон. Одоо бол дугуйландаа явах их дуртай. Монголын Хүүхдийн ордны болоод энд тэнд хүүхдээр хөтлүүлдэг арга хэмжээнүүдэд хөтлөгчөөр ажилладаг.
Манай дугуйланд янз бүрийн дүрийн сонгон шалгаруулалт их ирнэ. Тэр сонгон шалгаруулалтад хүүхэд бүр орж шалгуулах боломжтой байдаг юм. Бүгд шалгаруулалтад тэнцэх хүсэлтэй болохоор их олуулаа өрсөлдөнө. Манай ордон дээр болдог сонгон шалгаруулалт их ширүүн болно шүү. Дүр тохироосой гэж их хүсэцгээнэ.
-“Сараана” кинонд тоглоход ямар сэтгэгдэл төрөв. Кино маань уянгын сайхан кино шүү дээ?
-Гоё байсан. Би чинь амьдрал дээрээ ээждээ их тусалдаг л даа. Хоёр дүүтэй, айлын ууган хүүхэд болохоор ээждээ тусалж хоол унд хийхээс эхлүүлээд бүхнийг амжуулахыг хичээдэг. “Сараана” кинонд тоглоход надад их дөхөм байсан гэх үү дээ. Миний бүтээсэн дүр мөн л ээждээ их тусална. Гэртээ өдөр ганцаараа байхдаа хоол унд хийж, гэр орныхоо ажлыг зохицуулна. Хичээлээ хийхийн хажуугаар бас ээждээ нэмэр болох гээд цагийн ажил хийдэг ажилсаг хүүгийн дүр. Би айлын ууган хүү болоод ч тэр үү ээждээ эрхлээгүй их удсанаа киноны зураг авалтын үеэр мэдэрсэн л дээ. Хулан эгчид их эрхэлсэн (Инээв).