Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Х.Нямбаатар “Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууцанд амьдарч байна”

Х.Нямбаатар зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна гэдгээ онцоллоо.

Энэ тухай тэрбээр ярихдаа “C-1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт гуравдугаар сарын 12-нд оролцож, шүүх засаглал ялзраад байна” гэдэг асуудлыг ярьсан. Энэнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх эмзэглэж, мэдэгдэл гаргасан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьсан ч 30 минутын дараа буцаан хаасан. Эндээс хэд, хэдэн дүгнэлт хийж болно. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулахад тэрбумын орлоготой болж чадах уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэмт хэргийн шинж чанартай мэдээллээ ил болго гэсэн. Энэ нь “Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая, нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай шүүгч байна” гэдэг яриатай холбоотой юм. Энэ асуудлыг албажуулаад өнөөдөр Улсын ерөнхий прокурорт хүргэнэ. Хүүхдийнх нь нэр, дансыг ил болгохгүй. Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцэд Монгол Улс нэгдэн орсон байдаг.

Харин тэр шүүгчийн дансыг шалгах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй мэдээллийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.

Мөн тэрбээр “Шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад нэлээд нь “Ривер гарден” хотхонд амьдарч байгаа. Энэ бол нэг тэрбум төгрөгөөс дээш үнэтэй орон сууц. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч хоол, унаа бусад зүйлд цалингаа зарцуулахгүйгээр 30-40 жил цуглуулж, ийм орон сууц авна. Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Шударга ёс гэдэг нь өөрөө шударга шүүх. Аль ч улс оронд ингэж хариулна. Гэтэл өнөөдөр судалгааны байгууллагуудын дүнгээр 80-аас дээш хувь нь Монгол Улсад шударга ёс алдагдаад байна гэж үзэж байгаа.

Одоо энэ асуудлыг ярих цаг болсон.

Шүүх бол шударга гэсэн хэмжүүрийг зүрх сэтгэлдээ тээж ажиллах ёстой хараат бус байгууллага байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд шүүх, хууль хяналтын байгууллагууд томилсон эзэндээ гөлөг мэт үйлчилдэг төрийн албатууд болж хувирчээ.

Өөрсдөө гүйцэтгэх засаглалтайгаа үгсэн хуйвалдаж, томилгоонд оролцдог байдал руу орчхоод байна. Энэ байдлыг яаралтай засахгүй бол болохгүй байна.

Ерөнхийлөгч Шүүх Прокурорыг , УИХ АТГ-ыг, Ерөнхий сайд ТЕГ болон ЦЕГ-ын удирдлагыг томилдог. Ингээд хууль хяналтын байгууллагууд эздээсээ болж зөрчилддөг болсон. Алх цохихдоо томилсон эзнийхээ хэлснээр асуудлыг шийддэг болсон.

Энэ байдлаараа явсаар байвал Монгол Улсад шударга ёс хэзээ ч тогтохгүй болно. Гэхдээ шударга ёсыг хүсэх хүсэмжлэл 80-аас дээш хувь байгаа тохиолдолд хувьсгал руу орно.

Тийм учраас үүнийг ярьж байгаа хүмүүст дургүйцэхээсээ илүүтэйгээр, өөрсдөдөө дүгнэлт хийж, судалгааны дүнг яаж Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж ахиулж чадах вэ гэдэг дээр хууль хяналтын байгууллагууд дорвитой дүгнэлт хийх цаг болсон” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *