Categories
мэдээ цаг-үе

М.Гантуяа: Шашны байгууллагууд улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого газар авах хандлагатай болжээ

– ШАШИН, УЛС ТӨР ХОЁР БОЛ УГТАА ТУСДАА БАЙХ ЁСТОЙ НИЙГМИЙН ҮЗЭГДЛҮҮД. ГЭТЭЛ ШАШНЫ БАЙГУУЛЛАГУУДАД ТАВИХ ТӨРИЙН ХЯНАЛТ СУЛАРСНААС ТЭД ХҮЧИН БОЛОХ ТАЛТАЙ –

МУИС-ийн профессор, Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор М.Гантуяатай ярилцлаа.

-Буддын шашин манай улсад ямар замаар орж ирсэн юм бэ. Түүхчид янз бүрээр л тайлбарладаг шүү дээ?

-Буддын шашин Монголд гурван удаа орж ирсэн гэх буюу гурвантаа дэлгэрсэн гэдэг. Эхний удаа бүр Хүннүгийн үеэс Дундад Азиар буюу одоогийн Пакистан, Афганистаны нутгаар торгоны замыг дамжиж, нүүдлийн болон суурин иргэдийн хоорондох гадаад худалдааг дагаж Энэтхэгээс орж ирсэн. Дараа нь XIII зуунд монголчууд Түвдийг эзлэх үеэр Түвд рүү довтолсон Монголын Годан ноёнтой тэр үеийн Түвдэд илүү хүч нөлөөтэй байсан Бурханы шашны Сажийн ёсныхон номын харилцаа тогтоосон нь Юань гүрнийг байгуулсан Хубилай хааны Хятад газар дахь төр-шашны (хоёр ёсны) бодлогод хүчтэй нөлөөлсөн. Хамгийн сүүлд XIV зууны сүүлчээс Богд Зонхавын үндэслэсэн Шарын буюу Гэлүгбын шашин Түвдэд голлох шашин болж, улмаар XVII зууны эхнээс Монголд хүчтэй дэлгэрч, ХХ зууны эхэн гэхэд нийт монголчууд Гэлүгбын шашинтай болсон байдаг.

-Тэгэхээр бид харийн шашныг авсан юм байна. Гэтэл тэр хутагт хувилгаад нь яагаад Монголоос төрөөд байдаг юм бэ. Богд тодруулна гэхээр яагаад улс төртэй холбогддог юм бол. Аравдугаар Богд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Их хурлын дарга М.Энхболд, гишүүн асан Г.Батхүү зэрэг томчуудын хүүхдээс тодорно гэж айлдсан гэсэн мессэж нэг хэсэг ниссэн шүү дээ. Ер нь хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулна гэдэг зуун хувь үнэний баталгаатай байж чадах уу?

-Хутагт хувилгаад төрүүлэх ёсыг монголчууд өөрсдөө эх нутагтаа дэлгэрүүлсэн гэж хэлж болно. Бурханы шашны гүн ухаан нь монголчуудын нүүдлийн гүн ухаантай маш их авцалддаг. Өөрөөр хэлбэл, байгалиас нийгмээ тусгаарлах тусам хөгждөг суурин иргэншилтэй харьцуулахад байгаль ертөнцтэй нягт харилцаатай оршин тогтнодог нүүдлийн соёлын хүрээнд хүмүүс байгаль эх, тэнгэр эцгээс шууд (ном судраар дамжуулж биш, ертөнцийг шууд ажиглаж) суралцдаг учраас орчлонгийн бүхий л төрөлхтнийг өөр хоорондоо шүтэн барилдаж оршдог гэж үздэг бурханы гүн ухааныг монголчууд анхнаасаа харь суртал гэж ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд гадуурхах үндэс байгаагүй юм. Ертөнцийн тоолж баршгүй тэр олон төрөлхтөн нэгэнт шүтэн барилдаж, харилцан хамаарч оршдог гэсэн үзлээс газар, газар төрсөн тэр олон “дээд төрөлхтөн” хүмүүс ч өөр хоорондоо үйлийн хамааралтай. Тиймээс ч Монголд төрж байгаа онцгой хүмүүс тэдэнтэй өмнө хойд төрлийн холбоотой гэсэн үзэл дэлгэрч XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үеийн Монголын түүх бичлэгт, тухайлбал “Монголын нууц товчоо”-ны түүхийг урагш, хойш залгуулан бичих үйл хэрэгт нэвт шингэсэн байдаг гэдгийг тэр үеийн түүхэн сурвалжууд гэрчилдэг. Нөгөө талаар, Монголд төрсөн онцгой хүмүүсийг Энэтхэг, Түвдийн их мэргэд, хутагт хувилгаадын урьд хойд насны төрөлтэй холбох нь өөр хоорондоо эвлэлдэж, алтан ургаа залгаж, их гүрнээ байгуулж чадахгүй болсон бутралын үеийн монголчуудыг төрлийн холбоогоор нь гэхээсээ үйлийн барилдлагаар нь нэг нэгнээ дээдлэх сүсэг бишрэлээр нэгтгэх оролдлого байсан гэж хэлж болно. Тийм ч учраас халх Монголын нутагт сүүлчийн нэгдмэл байдлыг гурван хэсэгт боловч тогтоогоод байсан Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан гурав нэгдмэл санаагаар Өндөр гэгээнийг Монголын шашны тэргүүнээр тодруулсан нь угтаа алтан ургийн хаадын байгуулсан нэгдмэл Монгол төр улсыг шашны замаар байгуулах далд санаа өвөрлөсөн хэрэг юм. Тэгээд өнөөдөр Богд тодруулахыг бас л тэр утгаар ойлгож, хэн нэгэн улс төрч Монголын төрийн толгойд шашны замаар гарах вий гэсэн болгоомжлол байдаг байх л даа.

-Шашин бол үндэстнийг мөхөөх аюултай гэж хар тамхитай адилтгасан ч байдаг. Аливаа шашин шүтлэгийн эерэг болон сөрөг талыг шинжлэх ухаанчаар тайлбарлахгүй юу?

-Шашныг хар тамхитай адилтгасан Марксын сургаалын утга нь гэвэл, ядарсан зүдэрсэн хүмүүсийн амьдралд бодит материаллаг тусламж үзүүлж чадахгүй болсон тохиолдолд сэтгэл санааг нь тайтгаруулж амьдралд хоосон найдвар төрүүлдэг гэдгээр нь тэгж хэлсэн хэрэг юм. Ромын эзэнт улсын үед хүн гэдэг бүх эрх мэдлээ алдаж, тэмцэх ч чадваргүй болсон боолчуудын хувьд “Ертөнцийн эзэн тусална” гэсэн Христийн сургаал үнэхээр тайтгарал болж түгэн дэлгэрсэн, одоо ч дэлгэрсээр байна. Орчин үед “шашин судлал” хэмээх нийгэм-хүмүүнлэгийн ухааны нэгэн салбар ухаан шашныг тал бүрээс нь судалж, мөн чанарыг нь тал бүрээс нь тайлж байна. Шашин судлалын доторх нэгэн салбар судлагдахуун нь шашны сэтгэл судлал юм. Энэ хүрээнд шашин хэрхэн хүмүүсийн сэтгэл санааг тайтгаруулдаг тухай асуудлыг шинжлэх ухаанчаар илрүүлэн тайлбарладаг. Хүмүүс болон нийгэм нь цаг үргэлж саад тотгор, зөрчил тэмцэл, зовлон бэрхшээлтэй тулгарч байдаг. Гэтэл хүн төрөлхтөний бий болгосон боловсрол мэдлэг, шинжлэх ухааны нээлтүүд нь тэр бүхэнд бэлэн хариулт өгч тусалж чаддаггүй. Учир нь орчлон хязгааргүй, тэрхүү хязгааргүй орчлонд хүн төрөлхтөний мэддэг зүйлээс мэдэхгүй зүйл нь мянга, мянга дахин илүү байгаа. Гэсэн ч тэр үл мэдэх хүрээтэй хүмүүс байнга харьцсаар ирсэн, харьцсаар л байх болно. Тэр харьцаа нь мэдлэгт биш, сүсэр бишрэлд тулгуурлана. Тэрхүү үл мэдэх хүчийг амьд гэж үзэж аргадах харилцаа нь шашны харилцаа болдог. Энэ бол угтаа сэтгэлээ тайтгаруулж байгаа хэрэг бөгөөд амьдралд урам зориг авах сэтгэлийн хүч ч болж болно. Сүсэг бишрэлдээ найдах мухар сүсэг ч болж болно. Ер нь аливаа шашин, ялангуяа бурханы шашин сэтгэлийн хүчийг материаллаг тусламжаас илүүд үздэг шүү дээ.

-Түвдийн шашныг ажиглаад байхад нас барсан хүнээс их цээрлэж, сэжиглэдэг. Төрүүлсэн аав, ээж нь хорвоогийн мөнх бусыг үзсэн байхад хүртэл амьд үлдсэн хүмүүс нь эмээдэг. “Сүнс нь явахгүй байна. Хэн нэгэнд сүнс нь хоргодчихоод авч явах гээд байна” гэх зэргээр айж, янз бүрийн арга дом хэрэглэх юм. Жишээлбэл, 18 настай охины дунд чөмгөөр лүйжин тавиул ч гэх шиг. Энэ бол мунхаг харанхуйн тод жишээ мөн биз дээ. Хүн төрж, үхэх байгалийн энэ жам ёсыг шашин хүлээн зөвшөөрөхгүй байгаатай адил санагдах юм?

-Хүн нас барахад түүний сүнс үлддэг гэсэн үзэл аль ч шашинд бий. Бурханы шашинд там, бирд, адгуус гурвыг доод төрөлхтөн, хүн, тэнгэр, бурхадыг дээд төрөлхтөн гэж үздэг. Энэ насны үйлээсээ хамаарч сүнс нь аль нэг төрөлд эргэж төрнө гэх бөгөөд хойноос нь гүйцэтгэх зан үйлээс хамаарч хурдан удаан хугацаанд төрлөө олох тухай номлодог. Төрлөө олохгүй байх нь муу сүнсний дүрээр хүмүүсийн дунд байсаар байх нөхцлийг бүрдүүлнэ гэнэ. Иймээс төрлийг нь олуулах, үлдэгсдийг нь тайтгаруулах янз бүрийн зан үйл байх бөгөөд зан үйл болгон утга учиртай байдаг. Энэ нь зөвхөн бурханы шашинд төдийгүй бөө мөргөлд ч байдаг зан үйл. Бөө мөргөлийн хатуу тахилгат зан үйлийг бурханы шашны зөөлөн зан үйлээр сольсон гэдэг. Хэдий ийм боловч бөө мөргөлөөс бурханы шашны зан үйлд нэвтэрсэн, харилцан ууссан шинжүүд их бий.

-Уул овоо, газар лус тахих нь мухар сүсгийн зан үйл мөн үү?

-Ер нь тахилга тайлга нь угтаа бас л байгалийн хүчийг аргадаж байгаа үйлдэл юм л даа. Нүүдэлчин монголчууд эртнээс малаа дагаж бэлчээр сэлгэн байгальтай шууд харьцаж, одоогийн залуучуудын ярьдгаар “минимал” боловч нүүдлийн гар даах чанартай, гэхдээ үзэмжтэй хэрэглээг эрхэмлэж ирсэн ард түмэн. Нүүдлийн аж ахуй тэр чигтээ байгалиас хамааралтай. Тиймээс байгаль шүтлэг бол нүүдэлчин монголчуудын унаган шүтлэг гэж хэлж болно. Энэ шүтлэгээрээ монголчууд уул ус, хад чулуу, газар шороо, ан амьтан, мал сүраг, хүн ардаа бүхэлд нь нэг амьтай, нэг сэтгэлтэй гэж үздэг. Тиймээс ч уул ус, хад чулуутай маш болгоомжтой харьцаж, тэдгээрийг хүндэтгэж ирсэн ард түмэн. Өнөөгийн шинжлэх ухаанд хоёр аяганд ус хийж тавиад нэгэнд нь өглөө бүр ерөөл, нөгөөд нь хараал хэлээд байхад хэсэг хугацааны дараа нэг нь рашаан болж, нөгөө нь хор болж хувирдагийг, эсвэл хоёр алимны нэгэнд бүх хүн ерөөл, нөгөөд нь хараал хэлээд байхад нэг нь шинээрээ, нөгөө нь ялзарч эхэлж байгааг туршлагаар тогтоогоод байна. Тэгвэл монголчууд тахилга тайлгаараа уул усыг аргадаж, далд хүчийг нь засч зөөлрүүлж байгаа хэрэг юм. Харин байгалийн унаган төрхийг нь алдагдтал хадаг яндар зүүж, хоол хүнсний үлдэгдлээр булах, газар шороог нь онгичих нь байгалийг гомдоох, хилэгнүүлэх аюултай гэдэг. Мухар сүсэггүй хүн гээд л энэ бүхнийг хийгээд байж болох уу даа. Хөгжингүй орнуудад хүүхэд залуучуудаа байгальтай харьцаж сургах, байгалийг дээдэлж сургахыг чухалчилдаг үе ирээд байна шүү дээ.

-Талийгаачийн алтан савыг нээлгээд байдаг нь хэр үнэний ортой юм бол?

-Энэ нь бурханы шашны зурхайн онолоор тайлбарлагдана. Буддын зурхай гэдэг бол нэг ёсондоо хүний төрсөн цаг хугацаа, газар орныг үндэс болгож амьдралын биоритмийг нь од эрхэс, нар сарны хөдөлгөөн дунд математик аргаар тогтоох үйлдэл юм л даа. Өөрөөр хэлбэл, хүний амьдралд тохиолдох өгсөх, уруудах мөчлөгүүдийг орон газар болон цаг хугацааны уулзвар дээр, бие организм ба сэтгэл санааных нь уулзвар дээр тогтооно гэсэн үг. График үзүүлэлтээр бол өгсөх, уруудах мөчлөг бүх талаасаа тэг цэгт давхацвал хүн үхэх магадлалтай. Нас барагсдыг цагтаа, эсвэл цагаасаа өмнө хойно нас барсныг нь үүгээр тогтоодог. Гэхдээ хүн амьд байх үедээ болгоомжлох цаг хугацааг жил, сараар нь зурхайчид гаргаж цаг тооллын бичигт тусгасан байдаг шүү дээ. Харин үхэх эцсийн мөчлөгийг ёсзүйн хувьд зөвхөн нас барсны дараа л тогтооно. Үүнийг тогтоох монгол зурхайч мэргэдийн бүхэл бүтэн шинжлэх ухаан гэхээр мэдлэг уламжилж иржээ. Үүнийг залгасан өвгөн багш нарын шавь зурхайчид ч байна, худлаа цэцэрхэгчид ч бас байх шиг л санагдана. Тэднийг уламжлалт зурхайн ухаанаар шалгах шалгуур тогтоож болох байх л даа.

-Буддын шашныг нь авснаар Түвд манайд ямар гавьяа байгуулсан юм бэ. Дэлхийг цусанд будаж байж олсон хамаг алтаа Түвдийн сүм хийдийг босгоход зориулж зөөсөн гэлцдэг. Оронд нь монголчуудыг мухар сүсгээр мунхруулсан гэж шүүмжлэх хэсэг байдаг. Харин судлаачийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Архивт үлдсэн эртний данс тооцооны баримт бичгүүд дээр тулгуурлан (1960-аад онд Ж.Самбуу, 1970-аад онд академич Ш.Нацагдорж зэрэг) манай түүхч, эрдэмтэд Түвдээс хутагт хувилгаад, ялангуяа Богдыг Монгол газраа залж ирүүлэх, Хятад, Түвд рүү манай шашны зүтгэлтнүүд зорчиход монгол малчин ардаас гаргуулж зарцуулсан хөрөнгө, мөнгөний тоог их нарийн гаргасан байдаг. Энэ нь явах уналга хөсөг, замын өртөө буудал, хоол хүнс, өөрт нь болон төрөл төрөгсдөд нь барих бэлэг сэлт гээд маш их эд мал, хөрөнгө зоос зарцуулсан дүн харагддаг. Ихэнх нь зарлага болсон байдаг ч тэдгээр хутагт хувилгаадын Монголын шашин-соёлд оруулсан гавьяа зүтгэлийг мартаж болохгүй. Ялангуяа урлагийн их үнэт өв бүтээл болох уран барилга, уран зураг, утга зохиол, гүн ухаан, Буддын мэдлэг ухааны ном судруудаа сурталчлан дэлгэрүүлэх нь Монгол гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах ач холбогдолтой болох юм.

-Монголчууд Далай багшийг үеийн үед шүтэж ирсэн. Гэтэл хятадууд түүнд дургүй байдаг. Сүүлд Далай ламыг ирэхэд манай хоёр орны улс төрийн харилцаанд таагүй нөхцөл байдал үүссэн. Урд хөрш ямар нэгэн байдлаар эсэргүүцлээ илэрхийлж, далд байдлаар эдийн засгийн хориг тавьж, наанадаж хил гаалиа хүртэл хаадаг талтай. Ер нь мөнхийн хөршийнхөө уур, уцаарыг хүргэн байж Далай ламыг авчрах хэрэг байдаг юм уу. Үүнд улс төр ороод байгаа бололтой харагдах юм. Нөгөөтэйгүүр хятадуудтай биднийг сөргөлдүүлэх бодлого яваад байна уу. Далай лам бол улс төр хийдэг хүн. Түвдүүд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр ирсэн. Харин Монголд буддын шашныг дэлгэрүүлснээр тэдний тусгаар тогтнолыг баталгаажуулахад хэрхэн нөлөөлөх вэ?

-Шашин, улс төр хоёр бол угтаа тусдаа байх ёстой нийгмийн үзэгдлүүд. Гэвч сүүлийн үед, ялангуяа хуучин социалист гэгдэж байсан орнуудад шашны байгууллагуудад тавих төрийн хяналт суларснаас шашны зүгээс улс төрийн байр суурь олж авах гэсэн оролдлого нэлээд газар авах хандлагатай болсон байна. Шашны байгууллагууд улс төрийн хүчин болох боломж өөрт нь байдаг талаар эрт үеэс философичид, нийгэм болон улс төр судлаачид, шашин судлаачид янз бүрийн тайлбар дүгнэлтүүдийг хийж ирсэн юм. Ялангуяа аливаа шашин нь сүсэгтнүүдээ бусад шашин шүтэгчдээс тусгаарлахыг чармайж, номлол сургаал, зан үйл, шашны дотоод зохион байгуулалт, дэг жаягаараа тэднийг өөр хооронд нь ялгаж зааглаж байдаг. Түүгээрээ хүмүүсийн дотор шашнаар ялгаварлан гадуурхах, үзэл санааны зөрчил үүсгэх боломж бүрддэг талаар судлаачид тайлбарласан нь бий. Хүн төрөлхтөний түүхэнд нэгэн шашны дор бүх дэлхийн хүмүүсийг нэгтгэх гэсэн (дундад зууны загалмайтны, исламын гэх мэт) шашны аян дайн ч гарч байсан тохиолдол эрт эдүгээд цөөнгүй. Нөгөө талаар, гол төлөв “уламжлалт” гэгддэг шашны нэрийн дор аль нэг улс оронд үндэсний эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнөж байсан тохиолдлуудыг ч дурдахгүй байж болохгүй.

-Түвдийн буддын шашны таван сектор Монголд орж ирж өрх тусгаарлаж байна. Зарим учир мэдэх хүн энэ таван урсгал үзэл бодлоороо нэгддэггүй, таван тийшээ харчихсан гэх юм билээ. Манайд эдгээр шашин орж ирснээр цөөхөн монголчуудыг шашин шүтлэгээр нь талцуулж, хагалган буталгах гэсэн бодлого юм биш үү гэсэн болгоомж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бурханы шашны урсгал чиглэлүүд нь хүмүүсийн ойлгодгоор өөр хоорондоо тэмцэлдсэн, зөрчилдсөн эсрэг талууд биш юм л даа. МУИС, ШУТИС, ХААИС гээд манай их, дээд сургуулиуд өөр өөрийн гэсэн сургалтын хөтөлбөр чиглэлтэй байдаг шиг Буддын сүм хийдүүд, ялангуяа дацан сургуулиуд нь бүгд бурхан, ном, хуврагийг шүтдэгээрээ Бурхан шашинд нэгддэг ч сүм хийд бүхэн дотоод дэг жаяг, сургалтын агуулга, уншдаг судалдаг ном зохиол, дагаж залбирдаг багш мэргэдээрээ ялгардаг. Аль нэг гол сүмээ дагасан салбар сүмүүд нэгэн урсгал болж харагдана. Гэвч манай их, дээд сургуулийн оюутнууд өөр хоорондоо зөрчилддөггүйтэй адил тэдгээр урсгал чиглэлүүд эсрэг тэсрэг биш юмаа. Нөгөө нэгэн зүйл гэвэл, нийт монголчуудын Бурхан шашны удирдагчаар Өндөр гэгээнийг анх тодруулсан үйл явцын цаана аян дайны үр дүнд биш, харин шашин шүтлэг, сэтгэл санаагаараа нэгдсэн Монголын Их гүрнийг сэргээн байгуулах, Манжийн эрхшээлээс ангид тусгаар тогтнолоо хамгаалах монголчуудын далд бодлого нуугдаж байсныг түүх өгүүлнэ. Харин өнөө үед Монголд “уламжлалт биш” гэгдэх олон шашнаас гадна уламжлалт шашны олон урсгал чиглэл гарч, тэдгээрийг дагалдагсдын дотор ялгарал, далд зөрчил үүсч байгаагийн хажуугаар дуугүй өнгөрч болмооргүй байна. Шашны байгууллага нь аль нэг улс төрийн хүчинд үйлчилдэг гэсэн марксист онолд үнэний тал бий. Тиймдээ ч 90-ээд оноос өмнө шашны байгууллагыг төр бүрэн хяналтандаа авсан нь ч үнэн. Энэ үзэл суртлын уриан дор шашны хэлмэгдүүлэлт явагдсан нь ч үнэн. Миний үзлээр шашны хэлмэгдэлтийн цаана улс төрийн гэхээсээ, эдийн засгийн учир шалтгаан байсан гэж боддог. Түүх уншаад байхад, Богд хаант засаг бол олон баян хутагт, хувилгаад, тайж, түшмэд нараар хүрээлүүлсэн баян засаг үүсч байсан бололтой. Харин Ардын засаг тэр их баялгийн эздийг устгаж байж л өөрийн эдийн засгийн хүчин чадлаа бүрдүүлсэн мэт дүр зураг харагддаг. Манжийн үед Монголд үүссэн тэр олон зуун сүм хийд бүгд Манжийн засагт татвар төлдөггүй. Лам нар нь Манжийн цэрэгт татагддаггүй байсан учраас монголчуудыг хүйсээр нь устгах гэсэн Манжийн бодлогын гадна сүм хийд бараадсан эрчүүд Монголдоо үлдэж, сүм хийдийн, ялангуяа хутагт хувилгаадын шавь ардын мал сүрэг өссөн байдаг. Шашны үйл ажиллагаанд тавьдаг эдийн засгийн ийм зохицуулалтыг бүр XIII зууны Монголын Эзэнт гүрний үеэс хэрэгжүүлж уламжилсан. Энэ уламжлалаа Манжийн үед шашны бодлого дээр авч үлдсэн нь монголчуудын манжийн эсрэг далд улс төрийн бодлого байжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *