Хавар ирэхүйд хүн бүрийн сэтгэлд хачин гэгэлзсэн, хөнгөн мэдрэмж төрөх нь буй. Тэр гэгэлзсэн мэдрэмжтэй, дууны ая шүлгийн мөртүүд цуг ирэх нь хачирхалтай. Хаврын эхний энэ өдрүүдэд, хайр дурлал, гуниглал баяслыг хөгжөөхөөр яруу найрагч Ц.Хулан шүлгэн цэнгүүнээ та бүхэнд өргөх гэж байна. Түүний дөрөв дэх удаагийн “Хулангийн үдэш” цэнгүүн нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тохиож байна. Энд тэндгүй улстөржсөн, үл итгэлцсэн, бүсээ чангалсан амаргүй энэ нийгэмд хурц тод, цангинасан хоолойгоороо үнэнийг өгүүлэн шүлэглэх найрагч бүсгүй маань эерүү сайхан өнгийг авчирах нь ээ. Түүний “Хулангийн үдэш” яруу найрагийн цэнгүүнийг үзэгчид хүлээдэг болоод удсан. Хоёр жил тутамд болдог энэ арга хэмжээгээ нэг алгассан байсан учраас улам их хүлээлт үүсчээ. 2010 онд зохион байгуулж байсан түүний уран бүтээлийн анхны цэнгүүнд Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай оролцож байсан билээ. Тэрээр энэ цэнгүүнд тэр хүн, энэ алдартан оролцоно гэж зарладаггүй. Зүгээр л “Хулангийн үдэш” болно гэсэн зарыг түгээдэг. Харин тэнд хэн, хэн ирсэн бол гэдэг үзэгчдийн хувьд жинхэнэ хүлээлт байдаг. “Болор цом”-ын тайзнаа нэг дор үзэгдэхээ байсан өвгөн найрагчид Хулангийнхаа үдэшт ирж, шинэ цагийн өнгө болох залуусыг Ц.Хулан онцлон урьдаг. Бас өнөө жилийн хувьд гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа “Хулангийн үдэш”-т ирэхээ цахим хуудсаараа дамжуулан зарласан нь тэдний хамтран бүтээсэн сайхан дуунуудаас нь эгшиглэх нь гэсэн хүлээлт бий болгож байна. Тачигнасан өвлийг давсан монголчуудад хаврын урийг салхилуулан мэдрүүлэхээр “Хулангийн үдэш” болох нь. Энэ боломжийг бүү алдаарай.