Categories
мэдээ цаг-үе

Биткойн нь төд удалгүй хий хоосон зүйл болж хувирна гэжээ

Дэлхийн зах зээл дээр нийт 1000 орчим криптовалют буюу шинэ төрлийн электрон мөнгө арилжаалагдаж байна. Эдгээрийн нэг жишээ нь биткойн. Криптовалютын онцлог нь төв гэвэл банк эсвэл ямар нэгэн төвлөрсөн институци хариуцаж гүйлгээнд гаргадаггүй. Гүйлгээ, шилжүүлэг хийхэд банк, санхүүгийн байгууллага ямар ч шаардлагагүй гэсэн үг. Зөвхөн гүйлгээнд оролцогчид л хоорондоо харьцана. Биткойныг л гэхэд IT компани, хувь хүмүүс олборлон зах зээлд нийлүүлсээр байна. Хүмүүс биткойныг богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох, өсгөх боломж гэж хардаг байна. Үнэн хэрэгтээ биткойны үнэ цэнээ хадгалж хөрөнгө оруулалт, төлбөрийн баталгаатай хэрэгсэл байж чадах эсэх өнөөдрийг хүртэл эргэлзээтэй.

Биткойны хамрах хүрээ нэмэгдэж, ханш нь өслөө ч төрийн хүчтэй зохицуулалтын өмнө өвдөг сөрхөнө гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар буй. Хятадын “Ардын банк”-ны зүгээс биткойн нь бодитоор ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл, валют болж илэрхийлэгдэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн санхүүгийн байгууллагууддаа хэрэглэхийг хоригложээ. Мөн интернет шилжүүлэг, гүйлгээг хийхдээ биткойн ашиглах бүрэн боломжтой байгаа нь иргэдэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн аж. Энэ шийдвэрээс хойш биткойны ханш гурван мянган ам.доллар руу огцом унасан. Мөн БНХАУ-аас биткойны үнийн хөөсрөл үүсэхээс сэргийлсэн зохицуулалтын арга хэмжээ ч авч эхэлсэн.

БНХАУ-аас гадна Израйлийн эрх баригчид биткойныг хориглосон. Тус улс биткойн арилжаалдаг компаниудыг хөрөнгийн бирж дээрээ үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан юм. Өмнө нь бүртгэгдсэн боловч үйл ажиллагааныхаа ихэнхийг биткойн руу шилжүүлсэн компаниудыг ч биржээсээ гаргасан байна. Энэ тухай Израйлийн зохицуулах байгууллагын захирал Шмуэл Хаусер “Биткойны цаана юу байгааг хэн ч мэдэхгүй. Миний бодлоор энэ хөөсрөл шиг санагдаж байна. Тиймээс олон нийтийг хамгаалахын тулд зохицуулалт шаардлагатай” гэжээ. Түүнчлэн Израйлийн алдарт “Моссад” тагнуулын газраас криптовалютын сүлжээний ард ганцхан хүн байдаг. Тэр л хүн бүхнийг удирдаж, зохицуулдаг болох талаар мэдэгдсэн байна. Үүнд нэмж хэлэхэд биткойныг үйлдвэрлэсэн гэх японы иргэн Сатоши Накамотог хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй аж. Биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй имэйлээр харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болсон байна. Тиймдээ ч түүний цаана ямар нэгэн байгууллага, эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг аж.

Криптовалют тэр дундаа биткойн арилжихыг хориглох тухай хууль гаргахаар БНСУ ч төлөвлөж байгаа аж. БНСУ-ын Хууль зүйн сайд Пак Сан Кы хийсэн мэдэгдэлдээ “Цахим валютууд нь манай улсын засгийн газрын хувьд хамгийн их түгшээсэн, ярвигтай асуудлуудын нэг болоод байна. Бид цахим валютын арилжааг хориглох тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна” гэжээ. Үүнтэй холбоотойгоор биткойн төдийгүй бусад криптовалютын ханш мөн л арван хувиар унажээ.

Түүнээс гадна Их Британийн моргейжийн хамгийн том зээлдэгч банк болох Ллойдс банк харилцагч, зээлийн карт эзэмшигчдийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж, биткойн худалдаж авахыг хориглохоор болжээ. Энэ нь биткойны ханшны тогтворгүй байдлаас үүдэн харилцагчид их хэмжээний алдагдалд орж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэх үүднээс авч буй арга хэмжээ аж. Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй гэмт хэрэгтнүүдийн хууль бус үйл ажиллагааны гол хөшүүрэг болоод буй биткойны хяналтыг сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа юм байна.

Энэ мэтчилэн маш олон орнууд криптовалют тэр дундаа биткойны гүйлгээ, арилжааг олон улсад хуулиар чангатгаж, хориглож болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн биткойны ханш суларч байгаа юм. Эргэн сануулахад өнгөрсөн онд биткойны ханш 20 мянган ам.доллар хүрсэн. Энэ нь бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэдэд ч биткойн худалдан авах нь ашигтай юм гэх ойлголтыг өгсөн юм. Гэсэн ч өчигдрийн байдлаар биткойны ханш найман мянган ам.доллар болтлоо буурчээ. Шинжээчдийн хувьд ханшийн огцом хөөрөгдөл, хэлбэлзэл, хакеруудын халдлага зэргээс үүдэн “биткойн бол дамлах хийрхэл, үнийн хөөсрөл, хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох гэсэн арга” гэж үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх судлаачид ч цөөнгүй бий. Тухайлбал, хөрөнгийн үнийн талаарх шилдэг экспертүүдийн нэг Роберт Шиллер гэх эрхэм “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” гэж нэгэнтээ хэлсэн. Мөн Америкийн хамгийн том банкны нэг болох “JP Morgan”-ий захирал “Биткойн бол луйвар. Манай компанийн ажилтан биткойн худалдаж авсан тохиолдолд шууд ажлаас нь хална” гэж ч мэдэгдсэн удаатай.

Биткойн нь иргэдийг эрсдэлд оруулахаас гадна гэмт хэргийн үүр уурхай болж байгаа нь томоохон улс гүрнүүдийн толгойны өвчин болоод буй. Учир нь биткойныг хууль бус наймаанд маш ихээр ашигладаг болжээ. Тэр дундаа хар тамхи наймаалах, луйвар залилан, мөнгө угаах зэрэг хууль бус үйлдлүүдийг өөгшүүлээд байгаа юм. Энэ нь биткойноор тооцоо хийх худалдааны сайтуудад худалдан авагчийн тухай мэдээлэл үлддэггүйтэй холбоотой. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон биткойноор гүйлгээ хийдэг хар тамхи, мөнгө угаадаг сайтуудыг хааж байсан ч удаатай. Австрали улсаас биткойноор дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ч судалж байна. Ийнхүү криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал маш өндөр. Монголбанкны зүгээс ч үүнээс сэрэмжлэх нь зүйтэй хэмээн удаа дараа анхааруулсан. Биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй байгаагаа ч илэрхийлсэн. Гэтэл манай улсад биткойн олборлохыг улам их уриалах болжээ. Зүгээр сууж байгаад мөнгөтэй болчихъё гэсэн гэнэн бодлоор цахим мөнгийг сонирхох хүн ч цөөнгүй байна. Олныг шууруулаад буй зүйл хэзээ нэг өдөр ихээхэн хор уршиг дагуулах нь ч бий. Эрсдэлтэй болохыг нь мэдсэн хэрнээ танд ухуулан, сэнхрүүлэх нэгэн өөрт оногдох багахан ашгийн төлөө л үүнийг хийдэг . Харин эцэстээ хялбар аргаар баяжина гэдэгт итгэсэн та л золиос болж үлдэнэ. Биткойн нь мөнгөнийхөө үнэ цэнийг баталгаажуулж, хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг та сайтар тунгаах ёстой юм.

Уул уурхайн инженер, эдийн засагч П.Өлзийнаран “Өөрийн байгалийн баялаггүй түүхий эдийн нөөцгүй, эсвэл хууль бус экспорт хийдэг, улс орнууд голчлон идеал төлбөрийн хэрэгсэлд шүтэж байна. Учир нь материаллаг баялагийг чинь авахын тулд гарт чинь агаар атгуулж төлбөрөө хийж байгаа юм. Харин бид зүгээр сууж байхад минь л мөнгө үржинэ гэдэгт итгэж байна. Үүнд л учир бий. Биткойн ирээдүйд Хадгаламж зээлийн хоршооноос ч долоон дор уршигийг тарина шүү. Биткойны ертөнц нурлаа. Таны хуримтлал үзвэл үнс харвал хальс болох болно” хэмээсэн юм.

Биткойныг баталгаагүй, хэзээ нэгэн өдөр хий хоосон зүйл болно гэдгийг хүмүүс хэдийнэ мэдэх болжээ. Үүнийг батлах нэг жишээг дурдахад саяхан Япон улсын хоёр иргэн эх орондоо хуримтлуулсан цахим мөнгө болох биткойныг БНСУ-д очиж бэлэн мөнгөөр худалджээ. Харин мөнгөөрөө нэг кг-ийн жинтэй, нийт 38 ширхэг алтан гулдмай худалдаж авсан байна. 38 кг алт нь монгол мөнгөөр дөрвөн тэрбум 200 сая орчим төгрөг юм. Тэдний хувьд “Солонгос улсад алтны үнэ Японы зах зээлээс дунджаар арван хувиар хямд байдаг. Тиймээс бид энэхүү алтаа худалдан борлуулах зорилготой” хэмээн тайлбарлажээ. Өмнө нь ч гэсэн нэгэн япон иргэн ийм аргаар БНСУ-аас 13 кг алт авч эх орондоо буцсан байна. Одоогоор биткойноор олсон орлогоор худалдаж авсан эд зүйлсийг хил, гаалиар нэвтрүүлэхийг хориглосон хууль, журам байхгүй аж. Үүнийг ч Япончууд соргогоор ашигласаар байгаа нь энэ юм байна. Дээрээс нь криптовалют, биткойн төд удалгүй хий хоосон зүйл болон хувирна гэдгийг мэдэж байгаа учир бодит хөрөнгө болгохоор ийнхүү улайрч байна.

Э.БОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *