Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэнтэй холбогдуулан судлаач С.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Энэтхэгээс хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэх нэг тэрбум ам.доллараар нефть нэрэх үйлдвэр байгуулна гэж байгаа. Энэ асуудал дээр судлаачид янз бүрийн байр суурьтай байдаг юм билээ. Харин таны хувьд түүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Үе үеийн Засгийн газарт түүхий нефть боловсруулах үйлдвэрийн тухай төсөл хөтөлбөрүүд яригдсаар ирсэн. Тэгсэн хэрнээ өдий болтол баригдаагүйн гол шалтгаан бол түүхий эдээ шийдэж чадаагүйтэй холбоотой. Тиймээс тэр сайхан төслүүд цаасан дээр үлдчихээд байгаа юм. Газрын тосны үйлдвэр байгуулна гэдэг бол цаг зуурын шинжтэй популист амлалтаар амархан хийчихдэг ажил биш. Энэ удаад Энэтхэгээс авах мөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна гэж шийдвэрлэсэн. Ер нь нефть боловсруулах үйлдвэр дээр судлаачдын байр суурь зөрүүтэй байдаг нь үнэн. Учир нь 1-2 сая тн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжтай нэг үйлдвэр байхад одоохондоо манай хэрэгцээг хангах боломжтой. Хоёр хөрш бол манайхаас боловсруулсан газрын тосны эцсийн бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгцээ шаардлага бараг байхгүй. Хойд хөрш болохоор гаднаас авахаасаа илүү өгөх сонирхолтой. Хятад манайхаас түүхий газрын тос олборлох эрмэлзэлтэй байгаа. Тиймээс үнэтэй газрын тосныхоо нөөцийг дотоодын хэрэглээгээ хангах хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамж ямар байгааг эрдэмтдээ даатгаж, тэднээр судалгаа хийлгэх хэрэгтэй. Манай улс нефтийн үйлдвэр байгуулахдаа түүхий эдийнхээ онцлогийг харгалзах хэрэгтэй. Тэгж байж үндэснийхээ газрын тосны нөөцийн физик, химийн шинж чанарыг судлаж, боловсруулах технологийн горимоо тодорхойлох хэрэгтэй байх. Энд тэндээс янз бүрийн технологи авчраад суурилуулаад үйлдвэр байгуулна гэж байхгүй. Яагаад гэвэл манай газрын тосны химийн найрлага өөр. Тэр нефтийн найрлага, онцлогоос хамаараад технологийн шийдэл тодорхойлогдоно. Үүнийг газрын тосны чиглэлээр мэргэшиж бэлтгэгдсэн монгол инженерүүддээ даатгах хэрэгтэй. Төр өөрөө монгол инженерүүддээ найдаж эх оронч сэтгэлгээ гаргаж ажиллах хэрэгтэй. Энд тэндээс тоног төхөөрөмж авчраад байгуулбал дахиад үйлдвэр барьсан нэртэй шоу болоод үр дүнд нь угсарсан байшин, хэрэглэгдэхгүй хэдэн тоног төхөөрөмж үлдэх магадлал өндөр. Эцэст нь Энэтхэгээс авах зээлийн мөнгийг үнэ цэнэгүйдүүлэх магадлал өндөр. Сая шатахуун, түлшний хомсдол бий болж, нийгэмд эрэлт үүсэнгүүт нефть нэрэх үйлдвэр барих асуудал эрчимжсэн. Улс төрийн ээлжит жүжиглэлт болох вий гэсэн болгоомж байна.
-Яагаад?
-Ер нь эдийн засгийн үр ашгийн хувьд улс орны хэрэгцээндшатахуун үйлдвэрлэх хэмжээний түүхий газрын тосыг манайх олборлож чадахгүй байгаа. Одоогийнхоо олборлож буй хэмжээндээ тохирсон үйлдвэр байгуулъя гэвэл жижиг оврынх байна. Энэ нь байгаль орчин экологид хортой, хоцрогдсон технологийг ашиглаж үйлдвэрлэл явуулна гэсэн үг. Манайд олон газрын тосны үйлдвэр байгуулах санал ирдгийн дийлэнх нь иймэрхүү бага оврын үйлдвэрүүдийг барьж ашиг олох гэсэн хувийн хэвшлүүдийн санал байдаг.
Манай газрын тосны онцлог, химийн найрлага нь өөр, лаа шиг өтгөн л дөө. Тэгэхээр ийм газрын тосыг нэрдэг технологийн арга нь хаана байдаг юм бэ гэдгийг бас харгалзах хэрэгтэй. Түүхий эдээ хаанаас авахаас хамаараад үйлдвэрийн технологийн сонголт яригдах ёстой. Гэтэл түүхий эдийн сонголт ерөөсөө хөндөгдөхгүй байгаа нь судлаачдын анхаарлыг татаад байгаа юм. Тийм байтал үйлдвэрээ түрүүлж яриад байгаа нь популист амлалтын нэг гэж харагдаж байна.Уг нь хамгийн түрүүнд түүхий эд, үйлдвэр байгуулах байршлаа шийдэх асуудал гарна. Том, бага үйлдвэрээ зарчмын хувьд төр шийдчих ёстой. Манай улс үнэхээр газрын тосны үйлдвэр байгуулах юм бол аж үйлдвэрийн хөгжлийн бас том алхам болно. Химийн үйлдвэр хөгжих үндэс суурь тавигдана, аж үйлдвэрийн хөгжил нэг шатаар ахих том алхам болно. Иймд тасралтгүй түүхий эдээр хангах, тасралтгүй боловсруулсан бүтээгдэхүүнийг нь эргэж ашигладаг байх үйлдвэрийн шат дамжлагуудаа бодож аж үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтыг цар хүрээгээр өргөн хүрээнд харах ёстой.
-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь монголчуудын мөрөөдөл байсаар ирсэн. Монгол Улс өнөөдрийг болтол нефть нэрэх үйлдвэртэй болж чадаагүй байгаа нь хоёр хөршийн нөлөө байсан уу?
-Манайх газрын тосны дамжуулах хоолойн хувьд геополитикийн боломжоо алдчихсан байх талтай. Яагаад гэвэл 1990-ээд оны үед манайхыг дайруулаад хоёр хөрш маань хийн хоолой дамжуулах зам тавих тухай яригдаж байсан ч тойруулаад хоёр хөрш манайхтай манайхгүй газрын тосны дамжуулах хоолойгоор холбогдчихлоо. Ер нь өнөөдөр бид хэн нэгнээс өө хайж байхаар өөрсдөөсөө алдаагаа олох хэрэгтэй. Манайх улс төрийн зоримог шийдвэр гаргаж чадахгүй байгаа юм. Газрын тосны салбар бол шатахуун, түлш импортлогч хувийн компаниудын асар их нөлөөнд автчихсан. Төрийн бодлого энэ салбарт нөлөө багатай бараг хэрэгжихгүй байгаа юм. Бензин, шатахуун импортолж байгаа хэдэн компаниудаа торгож ч чадахгүй байгаа биздээ. Нөгөө 17 тэрбум төгрөгөөрөө торгож чадахгүй байсан шүү дээ. Хамгийн гол нь газрын тосны салбар цэвэр стратегийн ач холбогдолтой асуудал хөндөгддөг. Үйлдвэрлэл, зах зээл, борлуулалт, газрын тосны геологи хайгуулын ажил гээд хэвтээ, босоо чиглэлийн асуудлын нарийн уялдааг хангах төрийн бодлого хүчтэй байх ёстой.Аюулгүй байдлын гол асуудлын нэг тул ҮАБ зөвлөлөөр яригддаг стратегийн бодлогын хэсэг шүү дээ. Зүгээр нэг газрын тосны бүтээгдэхүүнээ гаднаас оруулж ирээд үнэ нэмээд зардаг 1990-ээд оны наймааны хууль журмаар одоо яваад байдаг. Ерөнхийдөө хэдхэн компани монопольт байдлаа хадгалж үлдэх гээд улс төрийн намуудад хүчтэй лобби үзүүлж ирлээ.
-Монголд нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр”Роснефть” сүлжээгээ байгуулна гээд ороод ирдэг байх аа. Энэ нь ямар учиртай юм бэ?
-“Роснефть” сүлжээгээ байгуулах хэд хэдэн санал манайд тавьж байсан. “Роснефть”-ийн санал 2006 оноос хойш яригдаж байна. Үүнийг бодож үзэх хэрэгтэй, өрсөлдөөнийг нэмэгдүүлж үнийг буулгах давуу талтай тул дэмжих хэрэгтэй байгааг ард түмэн одоо харин ойлгож байх шиг байна. Импортлогч компаниуд тухай бүрд улс төрийн намуудад нөлөөлөөд дотоодын зах зээлийг хамгаалах нэрийдлээр аль болохоор Роснефтийн колонкуудыг хязгаарлаад байсан тал бий.
-Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал яригдаж байхад Оросоос түүхий эдээ авна гэж байсан биз дээ?
-Манай улс энэ том төслийг унагасан нь харамсалтай явдал болсон. С.Батболдын Засгийн газрын үед Т.Намжим гуайн газрын тосны үйлдвэр байгуулах энэ төслийн ТЭЗҮ-г Тоёота инженеринг компаниар хийлгүүлсэн байсан. Тэр төслийн гол давуу тал нь Японы талаас 85 хувийн санхүүжилтийг шийдчихсэн байв. Үлдсэн хөрөнгийг Монголын Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ нийлж төсөлд хамтарч оролцох санал байсан. Япончууд судалгаа сайтай. Тиймээс оросууд тэдэнд найдаж, түүхий эд нийлүүлэх санамж бичиг байгуулж байсан. Энэ бол хамгийн дорвитой бололцооны төсөл байв. Түүхий эдийн асуудлаа шийдчихсэн бол одоогийн шаталт сайтай шатахуун үйлдвэрлэх тэргүүлэх технологи хоёр хөршөөс түрүүлээд Монголд нутагших боломж байсан.
-Одоо манайх нефть нэрэх үйлдвэрээ байгуулчихвал дотоодынхоо түүхий эдээр хангаж дийлэхгүй гэж үү?
-Манайх бага хэмжээгээр нефть олборлож байгаа. Хамгийн гол нь үйлдвэр барих юм бол тасралтгүй нийлүүлэлт явуулах ёстой. Манайх хүрэн нүүрсний диваажин гэгддэг. Нүүрсээ сайн ашигламаар байгаа юм. Ялангуяа нүүрсийг хийжүүлэх, шингэрүүлэх аргаар нүүрснээс шатахуун гаргаж авдаг технологиуд бий. Бас шатдаг занар байна. Ийм түгээмэл түүхий эдээ боловсруулж, шатахуун гаргаж авдаг технологийг нутагшуулах хэрэгтэй. Өндөр үнэтэй ч нэг нутагшуулчихвал ирээдүйдээ үр өгөөж нь илүү. Тэр тал руугаа Энэтхэгийн зээлийг өргөжүүлэх нь илүү үр дүнтэй.
-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулчихвал ядаж бензин, шатахууны үнэ бууна биз дээ?
-Түүхий эд болон технологийн шийдлээс хамаарна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь хамгийн том дэвшил шүү дээ. Технологи нь нутагшина. Манай түүхий нефть хамгийн сайн чанарынх. Манай нэг судлаач дээж аваад Японы лабораторид очиж шинжлүүлсэн байгаа юм. Үр дүн нь физик, химийн шинж чанараараа тэргүүлэх хэмжээний чанартай гэсэн байдаг. Тийм чанартай түүхий газрын тосоо өөрсдөө боловсруулвал аж үйлдвэрийн хөгжил, газрын тосны салбарын хувьд шинэ үе эхэлэх болно шүү дээ. Зөвхөн үнэ ханшийн хямдыг харж болохгүй юм шүү. Боловруулвал олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах бас бололцоотой.
-Бензин, шатахууны нөөцийг хувийн найман компаниар бүрдүүлэх эрх олгосон. Стратегийн бүтээгдэхүүнийг хувийн хэвшилд даатгадаг жишиг олон улсад байдаг юм уу?
-Дэлхийн практикт стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа нөөцийг бүрдүүлэх эрхийг төр нь өөрөө хариуцдаг. Тэвдсэн үедээ хувийн хэвшлээсээ худалдаж авах болж байна уу. Тиймээс олон улсын туршалгад нөөцийг төр өөрөө бүрдүүлэх ёстой. Манай улсын өнөөгийн нөхцөл байдлын хувьд хувийн хэвшилтэйгээ сайн хамтарч ажиллах хэрэгтэй болчихоод байгаа юм. Гэхдээ төр стратегийн бүтээгдэхүүнийг зохицуулах механизмаа сайн анхаарах хэрэгтэй.
-Шатахуун импортлогчид онцгой албан татварыг тэглэсэн ч бид ашиггүй ажиллана гэж байна лээ. Шатахууны үнийг чөлөөлж болохгүй юу?
-Үнэ хамаагүй чөлөөлөхөд хэцүү. Өөрсдөө хангалттай нөөцгүй, үйлдвэрлэлгүй учраас үнэндээ боломжгүй. 1990-ээд оны үед 20 дугаар тогтоолд 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг төрөөс үнийг зохицуулахаар тусгасан. Үүний нэг нь нүүрс. Гэтэл одоо болтол нүүрсний үнийг чөлөөлөхгүй байгаа шүү дээ. Үүнтэй адил газрын тосны бүтээгдэхүүний үнийг төрөөс чөлөөлдөггүй. Яагаад гэвэл түлш, шатахуун үйлдвэрлэдэг бааз суурь дутмаг байна. Хангамж тогтвортой биш байна. Өдрөөс өдөрт эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байна. Энэ салбар өөрийгөө нөхөн сэлбэх, тэтгэж дэмжих бололцоо нь үүсч байгаа. Харин биеэ даасан болсон цагт нь өрсөлдөөнийг нэмж болно. Яг ингээд хөгжөөд тодорхой бойжоод явж байх үед нь үнийг шууд чөлөөлчих юм бол эрсдэлд унагана. Түлш эрчим хүчний салбар бол эдийн засгийн суурь салбар. Энэ салбар доголдвол Монгол Улсын эдийн засаг өөрөө сууриараа асуудалтай болно гэсэн үг. Ер нь бол 1990 оноос хойш бодлого дэс дараалал алдагдсанаар түлш, эрчим хүчний салбарын асуудал доголдолтой болчихоод байгаа юм. Үүнийг түрүүлж шийдсэн цагт аж үйлдвэрийн салбарууд дагаад хөгжөөд явчихна. Тэрэнд маш их хөрөнгө оруулалт зардал шаардлагатай байдаг.