Categories
мэдээ цаг-үе

Г.Зол-Эрдэнэ: “ААДАР” цомгийн дуунуудыг сонсогчид сайхан хүлээж авсан

Рок, алтернатив “Аадар” хамтлагийн бөмбөрчин Г.Зол-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай хамтлаг байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм бэ. Нэлээд хэдэн жилийн өмнөөс л Монголын хөгжмийн ертөнцөд “Аадар” дуулдаж эхэлсэн?

-Манай хамтлаг байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хамтлагийн бүтэц бүрэлдэхүүнд их өөрчлөлт орсон. Бид 2011 оноос “Аадар” гэдэг нэрийн дор хамтдаа явж байна. Манай хамтлагийн хамгийн анхны бүтээл бол 2013 онд гаргасан “Ясан толгой” гэдэг рок дуу л даа. Өнгөрсөн оны аравдугаар сард анхны цомгоо гаргасан.

-Ямар нэртэй?

-“Аадар”.

-Танай хамтлаг голчлон рок, алтернатив чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа харагддаг?

-Анх тэр чиглэлээр гарч ирсэн. Гэхдээ Монголд рок гэдэг ч юм уу ямар нэг чиглэлээр тууштай явах боломж байдаггүй болохоор одоо тодорхой барьсан чиглэл байхгүй байгаа гэж болно. Тиймээс аль болох олон хүнд сонсгох зорилгоор орж ирсэн онгодоороо л поп хэв маяг руу уран бүтээл туурвиж байна даа. Яг үнэндээ өнөөдрийн энэ үед бас тийм ямар нэг хэв маяг ярьдаг үе өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байгаа. Түүнээс биш 10 жилийн өмнө хамтлагаа анх байгуулахдаа бид металл рок хамтлаг байгуулах зорилготой байсан. Гэтэл тэр бол Монголын хөрсөн дээр буухгүй, сонсогч байхгүй учраас дэмий зүйлд цаг үрж өөрсдийнхөө хөдөлмөрийг үрээд яахав гээд больсон доо.

-Хамтлагийнхаа гишүүдээ танилцуулбал?

-“Аадар” хамтлаг дөрвөн гишүүнтэй. Манай дуучин САлтанзавьяа морин хуур хөгжмийн багш мэргэжилтэй. Завхан аймгийнх. Хөгжим бүжгийн сургуульд сурч төгссөн. А.Бат-Оргил гитарчин, Б.Нямдаваа маань басс гитарчин.

-“Аадар” цомгийнхоо талаар сонирхуулбал содон дуунууд багтсан байна билээ?

-Бид 2013 онд “Ясан толгой” гэдэг дуугаа гаргаснаас хойш буюу дөрвөн жилийн дараа анхны цомгоо гаргалаа. Олон жилийн турш цомог гаргах гэж бэлдсэн болохоор нэлээд шүүсэн. Цомог маань арван дуутай. “Хачин дурлал” дуугаар хүмүүс манай хамтлагийн тухай тодорхой хэмжээний ойлголттой байдаг.

-Нижигнүүлж, дуу шуугиан тарья гэж л “Аадар” гэж нэр өгсөн байх, хамтлагтаа. Нөгөөтэйгүүр монгол нэр өгсөн ч бэлгэдэлтэй юм?

-Тийм шүү. Бид ч монгол нэр өгөхийг хүссэн. Ер нь бол тийм утгаар нь “Аадар” гэж нэр өгсөн. Гэхдээ бид одоогоор аадар шиг нижигнэж шаагиж чадахгүй л байна даа.

-Хөгжмийн урсгал дундаас рок хөгжим сонирхогчид бусдаас өөр харагддаг шүү. Энэ хөгжмийн урсгал хүнд юу өгдөг вэ?

-Ер нь хаана ч очсон, хэн ч дандаа ингэж асуудаг юм. Байнгын асуулт гэх үү дээ. Миний хувьд бусдаас ялгараад байгаа юм нь хөгжимдөө л байдаг болов уу. Амьд гэдэг утгаараа. Очоод үзээд амьдаар нь, бодитоор нь мэдэрнэ гэдэг бусдаас өөр харагдуулаад байгаа юм. Дуртай дуучин, хамтлагийнхаа дууг хүссэн газраасаа интернэтээр татаад сонсож болдог болсон үе. Яг энэ үед биднийг бас нэг илэрхийлээд бусдаас ялгаад байгаа юм нь жинхэнэ амьд хөгжимдөө байгаад байна. Бас харагдах байдал нь ч сүртэй. Сайхан шүү дээ. Энэ нь л гол ялгаа юм болов уу. Би ч өөрөө амьд бодитой гэдэг утгаар нь энэ чиглэлийн хөгжмийг сонирхож сонсож эхэлсэн.

-Амьд хөгжийн хамтлагийн хамгийн гол хөгжим нь бөмбөр. Хөгжмийн ноён нуруу нь бөмбөр. Тэр утгаараа бөмбөрчин хүнээс асар их авьяас билиг шаардахаас гадна бүтэн биеийн хөдөлмөр шаарддаг. Дөрвөн мөчөө ажиллуулдаг шүү дээ?

-Мэргэжлийн хөгжимчид, багш нар яг тэгж хэлдэг юм. Хөгжим дотроос хамгийн хэцүү хөгжим бол бөмбөр гэж. Хүн болгон сураад тоглочихдог амархан хөгжим биш шүү. Дөрвөн мөч зэрэг хөдөлж байхад тархи бас ажиллаж байдаг. Миний хувьд бөмбөр тоглоод найм орчим жил болж байна. Би одоо ч өөрийгөө бөмбөрчин болох болоогүй байна гэж голдог юм. Илүү сурах, дадах юм их байна. Хүн ямар нэг юмыг сайн хийж сурч болох ч төгс хийж сурна гэж байдаггүй гэж боддог юм.

-Амьд хөгжмийн наадмуудад оролцдог биз дээ, танай хамтлаг?

-Бараг ордоггүй юм.

-Яагаад?

-Ер нь тэр зүг рүү явахаас илүү сайн уран бүтээлтэй болж, хүний зүрхэнд хоногшсон сайхан дуу хийх гээд л зүтгэж явна.

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэлд зориулдаг вэ?

-Амьд хөгжмийн хамтлагийн хувьд хамгийн гол зүйл бол бэлтгэл хийх, бэлтгэлийн байр, хөгжмийн зэмсгүүд. Бид өдөрт 2-3 цагийг бэлтгэл хийхэд зориулдаг. Гэхдээ бэлтгэл их хийх тусмаа сайн.

-Хамтлаг, дуучид цомгоо гаргасны дараа тоглолтоо хийх талаар ярьж эхэлдэг?

-Бид яг цомгоо гаргаад цомгийн баяраараа жижиг тоглолт хийсэн.

-Хаана тоглолтоо хийсэн бэ?

-XIII хороололд байрладаг “Hard rock”-д сонсогчдынхоо хүрээнд тоглолт хийсэн. Их сайхан тоглолт болсон. Манай хамтлагийн дуунд дуртай, бидний уран бүтээлийг ойлгодог, амьд хөгжид дуртай залуус нэг үдшийг хөгжмийн хэмнэлд сайхан өнгөрүүлсэн. Том хэмжээний тоглолт хийснээс тэгж багахан орчинд чанартай толголт хийх нь дээр санагддаг. Тэр тоглолтод дуулсан дуунуудыг хүмүүс сайхан хүлээж авсан.

Гэхдээ томоохон хэмжээний тоглолт хийхсэн гэсэн мөрөөдөл байлгүй яахав. Гэхдээ яах вэ 10 жилийн өмнөхөө бодоход бүх техник хэрэгсэл нь бэлэн байгаа ч сонсогчдын сэтгэхүй, сэтгэл санааг бэлдэх хэрэгтэй байна. Ядаж олны дунд нэр хүндтэй, чанартай хэдэн уран бүтээлтэй болох хэрэгтэй. Тэгж байж тэр тоглолтыг ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна.

-Танай хамтлагийг “Хурд” хамтлагийн дүү хамтлаг гэж ойлгоод байдаг?

-Тэгж ярих хүмүүс байдаг. Манай хамтлагийн зарим гишүүн тус хамтлагийн студид ажилладаг. Гэхдээ уран бүтээлийн хувьд ямар нэг холбоо, хамаарал байхгүй ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *