Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 105 мянган мал хорогджээ

Хамгийн сүүлийн мэдээллээр өвөлжилт хүндэрсний улмаас 105 мянга 286 толгой мал хорогдоод байна. Үүний тал нь зөвхөн долоо хоногийн хугацаанд учирсан хохирол юм. Цаашид ч нөхцөл байдал хүндрэх эрсдэл өндөр байна.

Өнгөрсөн сарын 18-ны байдлаар 51 мянган мал хорогдсон байв. Харин 2018 оны нэгдүгээр сарын 25-ны байдлаар хорогдсон малын тоо 105 мянга давжээ. Өдөрт хэдэн мянгаараа хорогдож байгаа гол шалтгаан нь өвс тэжээлийн дутагдалтай байхад цочир хүйтэрсэн явдал гэж тайлбарлалаа.

Хорогдсон малын тоо 10 мянгаас давсан дөрвөн аймаг байна. Хамгийн их мал алдсан аймаг бол Ховд. Нийтдээ 27 мянга 740 толгой мал хорогджээ. Дараа нь Баянхонгор аймагт 25 мянга 915 толгой мал хорогдсон бол Завхан аймагт 22 мянга 125 толгой мал хорогдоод байна. Мөн Өвөрхангай аймагт 12 мянга 151 толгой мал хорогджээ.

Богино хугацаанд мал олноороо хорогдож байгаа шалтгаан өвс тэжээлийн дутагдалтай шууд хамааралтай. Сум, аймаг, улсын нөөцөөс өвс тэжээл малчдад хүргэсэн хэдий ч нэг айлд 1-2 боодол өвс ногдож байгаа гэв. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын өвс тэжээлийн нөөц дуусч эхэлсэн. Гэвч хахир хатуу хавар гэх хүндхэн даваа бий. Өвөл нь тарга тэвээргээ алдсан мал хавар олноороо хорогдох эрсдэл тулгараад байна.

Хүнс, хөдөө аж ахуйн яамны бодлогоор малчид ноос ноолуурын урамшуулалдаа эсвэл мал махаар өвс тэжээл солих боломжийг олгосон. Яамтай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд улсын хилээр 14 мянга 518 тонн өвс тэжээл оруулж ирсэн мэдээлэл гаалийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 8257 тонн өвс тэжээлийг малчдад борлуулаад байна. Ингэхдээ 61,6 хувь нь бэлэн мөнгөөр, 27,6 хувьд нь зээлээр, 9,4 хувьд нь ноос ноолуурын урамшуулалд тооцож олгосон бол 0,7 хувийг мал махаар сольжээ. Өөрөөр хэлбэл өвлийн бэлтгэлээ сайн хангаж амжаагүй малчид өвс тэжээлээр тасрахгүй байх боломж байна гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *