Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Д.Эрдэнэбаатар: Монгол улс зайнаас удирдах зориулалттай хиймэл дагуулын системтэй болно

Өнөөдөр МУИС-ийн номын санд “Микро хиймэл дагуулын мэдээллийг шинжлэх ухаан, нийгэм, эдийн засгийн салбаруудад үр ашигтай ашиглах боломж” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэг нь жижиг оврын хиймэл дагуул хөөргөх түүнээс ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломжийг тодорхойлох зорилготой юм. Тус хэлэлцүүлэгт Японы Хоккайдо, Тохокү их сургуулийн профессорууд болон МУИС-ын доктор профессорууд ирж илтгэл тавьлаа. Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газар, ЦУОШГ, ШУА, УУХҮЯ-ны төлөөлөгчид оролцов.

Хоккайдо, Тохокү их сургуулиуд өнгөрсөн жил МУИС-ийн эрдэмтэн докторуудын хөөргөсөн “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд хамтарсан юм. Мөн тэд шинээр хөөргөхөөр төлөвлөгдөж буй жижиг оврын хиймэл дагуулыг бүтээхэд хамтрах аж. Жижиг оврын хиймэл дагуул нь агаарын болон бэлчээрийн нөхцөл байдлыг тодорхойлох, мэдээлэл дамжуулах хүчин чадалтай байна гэж МУИС-ын доктор Д.Эрдэнэбаатар хэлэв.

Мөн тэрээр “Одоогийн хиймэл дагуулын салбар дахь технологийг тухайн улс өөрсдийнхөө хэрэглээнд зориулж хийсэн байдаг. Тийм учраас бидний онцлогт таарсан мал аж ахуй газар тариалангийн асуудлыг шийдвэрлэх зориулалттай хиймэл дагуулыг бид өөрсдөө бүтээнэ” гэлээ.

Шинээр хөөрөх хиймэл дагуулын талаар мэргэжилтнүүд “Энэхүү хиймэл дагуул нь ХАА, газар тариалангийн салбарт ургамлын гарц болон болц, өвчлөл зэргийг бүрэн тодорхойлох боломжтой. Мөн бэлчээрийн даац хадлан тариалангийн гарцыг хянаж тодорхойлно. Газрын гадаргаас авсан өндөр нарийвчлалтай зургаар байгалийн нөөцийг тодорхойлох боломжтой нь Уул уурхайн салбарт хэрэгцээтэй юм. Мөн 3D хэмжээтэй газрын гадаргын зургийг гаргаад түүнийгээ олон салбаруудад ашиглана. Жишээ нь барилга хот байгуулалт гэх мэт” гэв.

МУИС-ын доктор Д.Эрдэнэбаатар “Бид 2040 он хүртэл төлөвлөгөө гаргасан. 10 жилийн нарийвчлалтай. Эхний арван жилийн зорилго бол жижиг оврын зайнаас удирдах зориулалттай хиймэл дагуулийн системтэй болох. Энэхүү ажилд МУИС чухал үүрэгтэй. Бид чадварлаг боловсон хүчин бэлтгэх болон шинэ технологийг нэвтрүүлж судалгаа шинжилгээний ажил хийж ажиллана” гэв.

Б.АМАРТҮВШИН



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *