Санхүүгийн зохицуулах хороонд өнгөрсөн онд иргэд, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагч нараас нийт 267 өргөдөл, гомдол ирүүлжээ. Эдгээрийн дийлэнх нь буюу 54 хувь нь даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаатай холбоотой байжээ. Үүнд даатгалын компани нөхөн төлбөр олгохоос үндэслэлтэй татгалзсан тохиолдлын тоо нийт өргөдлийн жар гаруй хувийг эзэлсэн байна.
Жолоочийн хариуцлагын албан журмын, тээврийн хэрэгслийн, орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн болон бусад төрлийн даатгалын тохиолдлуудад хамаарах 141 өргөдөл, гомдлыг хянан үзсэний үндсэн дээр даатгагчаас даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 729.1 сая төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн давхар даатгагчаас нийт 1,849.3 сая төгрөгийг олгуулжээ.
Үнэт цаасны зах зээлтэй холбоотой өргөдөл, гомдол нийт өргөдлийн хорин зургаан хувийг эзэлсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн арилжаатай холбоотой гомдлууд байгаа аж. Эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй дур мэдэн үнэт цаас арилжаалсан үйлдлийг Хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 17 брокер, дилерийн компани хийснийг тогтоожээ. Нийт 17 хувьцаа эзэмшигчийн үнэт цаасыг зөвшөөрөлгүй арилжаалсныг хянан шалгаж, гурван иргэний хохирлыг барагдуулсан байна. Түүнчлэн нэг иргэний дөрвөн ширхэг хувьцааг буцаан байршуулах, нэг иргэний 2006 оноос хойших ногдол ашгийг нөхөн олгуулах, 11 иргэний хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ.
Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой нийт 34 өргөдөл, гомдол ирсний ихэнхийг зээлийн хүү, алданги буруу тооцсон, барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй, зээлийн гэрээг тухайн ББСБ өөртөө давуу эрх олгох байдлаар байгуулсан, Зээлийн мэдээллийн санд шинэчлээгүйгээс зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн зэрэг гомдлууд эзэлжээ. Хадгаламж, зээлийн хоршоодод холбогдуулсан 19 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн болон гишүүдийн гэрээний маргаан ижил хэмжээтэй байсан байна. Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, үүрэг даалгавар, чиглэл болон мэдэгдлийг өгч ажиллажээ.